Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хөөрхий хөвүүд минь, тэдний аав нар энд байхгүй нь харамсалтай"Уншсан2,390

АНУ-ын Тэнгисийн цэргийн Хурандаа Фрэнсис Фентон өөрийн хүү нэгдүгээр зэргийн цэрэг Майкл Фентоны оршуулгад оролцож байна.

(Photo credit: LIFE Magazine archives).

АНУ-ын Тэнгисийн цэргийн Хурандаа Фрэнсис Фентон өөрийн хүү нэгдүгээр зэргийн цэрэг Майкл Фентоны оршуулгад оролцож байна. Окинава, 1945

Энэхүү зураг нь үе удмаараа цэрэг байсан Фентоны гэр бүлд Окинавагийн ойролцоо тохиолдсон эмгэнэлт агшныг илтгэдэг. Хурандаа (хожим бригадын генерал болсон) Фрэнсис Фентон 1917 оны 8-р сард тэнгисийн цэргийн корпуст элсчээ. Тэрээр дэлхийн хоёр дайнд хоёуланд нь оролцсон бөгөөд Номхон далайн тулаанд гавьяа байгуулснаар Америкийн Конгрессийн хүрэл одонгоор шагнагдаад байв.

Хурандаа Фентоныг гялалзсан амжилт үзүүлж байх зуурт 1943 онд түүний хүү Майкл тэнгисийн цэрэгт элсэн оржээ. Мэргэн буудагч хүү Майкл Фентон Окинавагийн ойролцоох тулаанд оролцохдоо нэгэн жижигхэн байшинд эцэгтэйгээ богинохон мөч уулзалт хийжээ. Энэ нь тэдний эцсийн уулзалт байсан бөгөөд 1945 оны 5-р сарын 7-ны өдөр Sugar Loaf-аас холгүйхэн Японы дайралтын эсрэг цохилт үзүүлэх үеэр 19 настай Майкл Фентон амь үрэгдсэн юм. Гашуудалт мэдээг хүлээн авсан эцэг нь хүүгийнхээ өнгөрсөн хэсэг рүү нисч очин, төрийн далбаагаар бүтээсэн шарилынх нь өмнө сөхрөн суух агшинд дайны гэрэл зурагчид тааралдаж энэхүү зургийг авч үлдээсэн байна. Хожим нь энэ зургийг Номхон далайн тулалдааны үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм дүр зураг хэмээн хэвлэлүүд тодорхойлсон байдаг. Хурандаа Фентон дээш босохдоо тулаанд үрэгдсэн цэргүүдийн шарилыг харангаа “Хөөрхий хөвүүд минь. Тэдний аав нар энд байхгүй нь харамсалтай” гэж хэлжээ.

Оршуулгын дараа Хурандаа Фентон штабтаа буцаж ирээд Сан Диего дахь эхнэр Мэридээ зурвас бичжээ.

Мэри Фентон нөхрийнхөө захидлыг авахаас өмнө хүүгийнхээ талаар эмгэнэлт мэдээг дуулчихсан байжээ. Тэнгисийн корпусын командлагчаас Майклын нас барсныг мэдээлэх цахилгаан шуудан хэдийнэ ирчихсэн бөгөөд маргааш нь түүний нөхөр эцэг Фентон хоёр дахь удаагаа Хүрэл одонгоор шагнагдах болсон тухай мэдээ араас нь иржээ. Хатагтай Фентон хожим хүү Майкл нь үүргээ нэр төртэй биелүүлж эх орондоо амь насаа өргөсөнд бахархаж буй талаар сэтгүүлч нарт ярихдаа хүүгийнхээ бичсэн сүүлийн захидлыг хүлээн авахад “амь биеэ эх орондоо зориулав” гэсэн байсныг мөн дурджээ. Энэ нь хүү Фентон тохиож магадгүй гунигт хувь тавиландаа бэлтгэлтэй байсныг илтгэжээ. Хурандаа Фентон болон түүний том хүү дайнаас амьд үлдсэн. Хожим нь Майклыг дахин оршуулсан бөгөөд одоо тэрээр Хавайн Хонолулу дахь Номхон Далайн Үндэсний Дурсгалын оршуулгын газарт тайван нойрсож байна.

Ц.Лхагвадулам

https://rarehistoricalphotos.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]