Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хартман VS ПокрышкинУншсан9,723

...Гэвч өмнөх нийтлэлийг хэрвээ анхааралтай уншсан бол, дахиад хэлэхэд анхааралтай уншсан бол энэ нь тийм ч их гайхаад байх зүйл биш байсныг ойлгох байлаа.

Монголын болоод дэлхийн түүхийн чиглэлээр анхны төрөлжсөн сайт болох "Толгойлогч.мн"-ийн хувьд олон эрдэмтэн судлаачид, түүх сонирхон бичигчидтэй хамтран ажилладаг ба саяхнаас цэрэг дайны асуудлаар голчлон бичдэг нэгэн судлаачийн нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж эхэлсэн юм.

Болж өнгөрсөн үйл явдал цорын ганц байх бөгөөд харин түүнийг хожим хойно олон талаас нь, олон үзэл бодол, байр сууринаас тайлбарлаж, харьцуулан жишдэг. Тиймээс ч манай сайт түүхийн аливаа асуудалд олон ургальч байр сууринаас ханддаг бөгөөд судлаачид, түүхийн хорхойтнуудын төрөл бүрийн эх сурвалжид түшиглэн бичсэн нийтлэл, өгүүллийг ямар нэгэн цензургүйгээр нийтэлж уншигчдын хүртээл болгодог гэдгийг энд онцлоё.

Tolgoilogch.mn


Хартман VS Покрышкин

 

Өмнөх нийтлэл: Хартмантай харьцуулахад Покрышкин хэн юм бэ?

Энэхүү нийтлэл нь “Хартмантай харьцуулахад Покрышкин хэн юм бэ?” Гэсэн Зөвлөлт Германы асуудыг харьцуулсан нийтлэлийн үргэлжлэл бөгөөд уг нь Хартмантай харьцуулахад Покрышкин хэн юм бэ?-2 гэсэн нэртэй байх ёстой байсан боловч өмнөхтэйгээ адилхан харагдан, нэг л зүйл гэж андуурагдаж магадгүй учир өөрөөр нэрлэлээ.

Эрих Хартман -352, Баркхорн-301...гээд Германы асуудын унагасан онгоцны тоог хараад зарим нэг нь “шоконд” ордог. Үүнийг бичигч ч гэсэн 1990-ээд онд анх Вальтер Новотныгийн 258 онгоц унагасныг уншаад тэгж байсан нэгэн билээ. Тиймээс тэрхүү “шоконд” орсон хүмүүсийг сайн ойлгож байна.

Гэвч өмнөх нийтлэлийг хэрвээ анхааралтай уншсан бол, дахиад хэлэхэд анхааралтай уншсан бол энэ нь тийм ч их гайхаад байх зүйл биш байсныг ойлгох байлаа. Ядаж гарчиг нь асуултын тэмдэгтэй байгааг анзаарсан бол. Уг нь нийтлэлээ бичиж байхдаа өнөөх л Германы асуудын унагасан онгоцны тоог тооцох аргын талаар, өнөөх алдарт 21 асуулт бүхий анкетын талаар, нэг онгоцыг хэдэн хүн унагасан болдог талаар, 4 моторт онгоц буудвал 4 онгоц унагасан тооцдог... гэх мэт утгагүй, улиг болсон хэрүүл явах байх даа гэж бодож байлаа.

Гэтэл харин би гэдэг хүн хаа хаамаагүй тоо хаанаас ч юм гаргаж ирсэн, бүр хятад хүн болж ч хувирч байх шиг. Дэлхий дахинаар энэ тооны талаар 40-50 жил маргалдаж байхад гэв гэнэт үнэн худал нь мэдэгдэхгүй тоо гаргаж ирсэн гэхийг юу ч гэмээр юм мэдэхгүй. Эх сурвалжаа гаргаж ир гэж ч шаардаж. Ямар эх сурвалж? Би орчуулагч биш учир ямар эх сурвалж шаардаад байгааг мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр эх сурвалж хэрэгтэй бол ядаж Google байна даа. Хэддүгээр зуун билээ дээ, юм шалгах шиг амархан юм хаа байхав.

Тэрхүү нийтлэлд 2 янзын агаарын тулалдааны төсөөлөл, 2 маш сонирхолтой тоо баримт л дурдагдсан байсныг эргэн харах хэрэгтэй болох нь.

Агаарын тулалдааны төсөөлөл: ...Эхний тулалдаанд  ЗХУ хэдийгээр 4-5 онгоц алдсан ч хуурай замын дайсандаа цохилт өгөх үүргээ биелүүлж чадлаа... Германы нисгэгч нар ямар ч хохиролгүйгээр хэд хэдэн онгоц унагаалаа...

Хоёр дахь тулалдаанд ...Германы анги нэгтгэл авсан тушаал, өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсангүй боловч ганц ч онгоцоо алдсангүй... Дээрх төсөөлөл, эдгээр ишлэлээс Зөвлөлт болон Германы нисэх хүчний том асуудын гол ялгаа, тулалдаж буй хоёр улсын агаарын тулалдааны номлол харагдаж байна. ЗХУ-хувьд нисэх хүчин бол зөвхөн тушаал биелүүлэх гэсэн зарчим. Тухайн нөхцөлд Ил-үүдийн ажиллагааг л хангах. Зөвлөлтийн сөнөөгч онгоцны нисгэгч гэж хэн бэ? гэдэг талаар ингэж хэлсэн байдаг: Сөнөөгч байна гэдэг бол дайсны бөмбөгдөгчийг буудаж унагаахыг хэлдэг юм биш, тэр тусмаа дайсны сөнөөгч нартай хөөцөлдөж байхыг ч хэлэхгүй. Хамгийн гол нь өөрийн бөмбөгдөгч, дайрагчийг үүргээ биелүүлэх нөхцөлийг л хангах, дайсны довтолгооныг тасалдуулах.

Харин Германы асууд яаж тулалдав?

Ил-үүд бөмбөгдөж байхад хаа нэгтээ харж л байсан ба Ил-үүд бүгд буцаж гэрийн зүг яаран эмх замбараа алдахыг хүлээж байгаад яг тохиромжтой үед гэнэт гарч ирэн маш үр дүнтэй хоёр ч довтолгооноор хэд хэдэн онгоц унагаж чадлаа. Тэдгээр асуудад өөрсдийн цэргүүдийг Ил-үүдийн дайралт яаж самарч байгаа огт хамаагүй ба халхлах группын сөнөөгч нарын л хийх ёстой ажил. Хоёр дахь тулаанд ч гэсэн мөн адил. ЗХУ-гийн сөнөөгч нар тооны олноор яаж ийж байгаад Ю88-ын бөмбөгийг өөрийн цэргүүд дээр биш хээр хаяхаас өөр аргагүй болгож чадсан нь тэдний ялалт. Гол үүрэг нь тэр.

Харин Герман асуудад бөмбөгдөгчид үүргээ биелүүлж чадахгүй байдалд орж байгаа нь бас л хамаагүй, Оросуудын хэн нэг нь хоцорч анхаарал алдвал хэзээ ч авлахад бэлэн байх л чухал. Оросын сөнөөгч нарын тавьсан урхинд орж унагаагдан олзлогдсон Германы ас Мюллерийн (92 ялалт) байцаалтад хэлсэн үг Германы асуудын үүрэг зорилгыг маш тодорхой харуулсан байдаг. Мюллер: Миний хувьд улс төрөөс хол бөгөөд Гитлерийн үйл хэрэг, үзэл бодол надад ямар ч хамаагүй. Бас Оросуудыг үзэн ядах ямарваа нэгэн зүйл байхгүй. Миний хувьд хамгийн гол нь ялалт, үр дүн. Газрын цэрэг хаах ... зэрэг ажиллагааг хаалтын групп л мэдэх хэрэг. Би бол боломжтой гэж үзвэл тулаанд орж, ялах, шаардлагагүй гэвэл тулалдаанаас гардаг нэг бодлын “тамирчин”  хүн. Гол нь л өндөр амжилт гаргах.

Одоо зарим нөхдүүдэд ойлгоход хүнддээд, хаанаас авсан нь мэдэгдэхгүй ,үсэгтэй холилдсон тэр тоог жаахан хасаад, анхааралтай харая. Уг нь хаанахын ямар ч хэлээр аятайхан шиг  Google-дээд үзэхэд гараад ирэх тоо. Хэдийгээр байлдааны нислэг бас нэг чухал үзүүлэлт боловч энэ удаадаа зарим нэгэндээ тааруулаад  хоёр үзүүлэлтийг л  үлдээлээ.

-Хартман 825 агаарын тулалдаан хийж 352 ялалт

-Кожедуб 120 агаарын тулаан хийж 62 ялалт

-Покрышкин 156 агаарын тулаан хийж 59 ялалт.

Ойролцоогоор бол Хартман 2,3 тулалдаанд нэг онгоц, Кожедуб 1,9  тулалдаанд нэг онгоц,  Покрышкин 2,6 тулалдаанд нэг онгоц унагааж байжээ. Одоо нөгөө айхтар 352-59 тооны зөрөөний учир жаахан ч гэсэн ойлгогдох ёстой болов уу. Энд би ЗХУ-ын Гулаевыг онцолсон бөгөөд тэрээр 49 агаарын тулалдаанд 55 ялалт буюу 0,89 тулалдаанд нэг онгоц унагаж байж. Хартман хэд билээ?

Дараагийн тоо.

1941 онд Германы 1000 гаруй сөнөөгчийн өөдөөс эсрэг талын 10 000 гаран бай буюу онгоц байна.  Нэг онгоцонд 10 онгоц. Хэрвээ чи чадалтай бол 10 онгоц ч унагаж болох нь. 1944-1945 онд Оросын 5000 гаруй сөнөөгчийн өөдөөс 4500 орчим онгоц буюу бай тулан байна. 1 онгоцны өөдөөс нэг . Энэ нэг нэг онгоц агаарт өөд өөдөөсөө таарах, нэгийгээ буудаж унагаах магадлал ямар вэ? Өөрөөр хэлбэл 1941 онд Германы ас тэнгэрт гараад чадал нь хүрвэл хэд л бол хэдийг унагах боломжтой байсан бол (Хартманд хамаагүй, тэр 1943 оноос тулалдаж эхэлсэн) 1944-1945 онд Покрышкинд буудаад унагая гэвч дайсны онгоцтой  таарах магадлал тун бага байж. Покрышкин 1944-1945 онд нийт 6 онгоц унагасан байдаг. (өөр шалтгаан бас бий)

Одоо тэр 352-62-59 гэсэн тооны утга учир, яагаад хоёр гүрний шилдэг нисгэгч нарын унагасан онгоцны тоо ийм зөрүүтэй байсныг тайлбарлаж дууссан байх. Минийхээр бол Покрышкин Хартмантай харьцуулахад хамаагүй цөөн онгоц унагасан боловч магадгүй түүнээс ч илүү аюултай өрсөлдөгч. Хэлэх гэсэн санаа маань ердөө л энэ байсан билээ.

Хэдийгээр түүх, болон спортод тэгсэн бол гэж ярих нь бодит байдлаас улам бүр холдуулдаг гэх боловч энэ удаа бас нэг жаахан “Хэрвээ” хийе. Хэрвээ Покрышкин Германы ас, харин Хартман Оросын нисгэгч байсан бол хэдий хэмжээний онгоц унагах байсан бол? Хартманы тулалдааны арга барилыг бодохоор мань эр Покрышкиноос дутахгүй онгоц унагаасан боловч хорооны бусад нөхөд болон бөмбөгдөгч, дайрагч онгоцны нисгэгч нарт нэр нүүр муутайхан л нөхөр байх байсан болов уу. Харин Покрышкины хувьд ядаж  250-300 байх байсан биз.

Маш хүнд 1941-1942 онд буюу агаарт Германууд бүрэн ноёрхож байх үед гавьяагаа байгуулсан хүн шүү дээ. Өөрөө ч “41-42 оны тулалдаанд орж үзээгүй хүн тулалдаан үзээгүйтэй адил (сайн уу Кожедуб!)” гэдэг хүн.

Агаарын тулалдааны хоёр номлолыг авч үзлээ. Чухам аль нь илүү үр дүнтэй, сайн эд вэ? гэдэг асуултыг агаарын цэргийн түүх сонирхогч нар янз бүрээр ярьдаг. Чухам тэрнийх нь сайн, нөгөөх нь муу гэх арга алга. Оросууд хэдийгээр 1944 оноос чөлөөт агналтыг зөвшөөрч эхэлсэн боловч тэд хэзээ ч Германы асуудын эдэлдэг шиг эрх дарх эдэлж байсангүй, үргэлж л газрын цэрэг хаах ажилтай холбогдож байсан гэдэг.

Зарим нэг хүн ЗХУ ялсан биз дээ, тэгэхээр Зөвлөлтийн арга барил зөв байсан гэх байх. Мэдэхгүй юм. Тэрхүү Гитлерийн Германы агаарын цэргийн хүчийг нугаслахад Англи-Америкийн цэргийн нисэх хүчин Улаан армийнхаас дутуугүй, магадгүй илүү их үүрэг гүйцэтгэсэн болохоор тийм ,үгүй гэж чадахгүй нь. (Агаарын цэргийг ярьж байна шүү гэдгийг дахин хэлэе.)

Германы бас нэг ас 104 онгоц унагасан Адольф Галланд баруун фронт дээр том дарга хийж байхдаа Англи-Америкийн хэд дахин давуу хүчний өөдөөс ингэж байлдаж барахгүй, бүх л сөнөөгч нарыг Агаараас эсэргүүцэн хамгаалах системд харьяалуулах хэрэгтэй гэж Герингтэй муудалцаж байж. Өөрөөр хэлбэл ЗХУ-ын агаарын цэргийн номлолтой төстэй байдлаар тулалдая, дур зоргоороо ан хийж байдаг нөхдийг нэгтгэе гэсэн санаа. Өмнөх асуултын хариулт нь энэ байж ч магад.

Одоо зарим нэг намтар. Хаа газрын том асууд бараг бүгд л анхны тулалдаандаа бүтэлгүйтэж байсан байдаг.

Хартман анх өөрийн ангидаа очих болоход хүргэх унаа байсангүй. Аз болж хэд хэдэн Ю-87 (Рудель энэ онгоцоор байлдаж байсан. Энэ хүн бол бүх нисэх хүчний хамгийн алдартай хүн бөгөөд дараа нь энэ хүний тухай ярих зай гарах байх гэж найдаж байна)сул байсан ба эдгээрийг унаад явах болжээ. Цуг явсан хоёр нь тасраад яваад өгөх ба араас нь Эрих нисэх гэхэд машинд ямар нэг гэмтэл байгааг мэдэрсэн байна.  Сөнөөгч хүн маань шумбан бөмбөгдөгч онгоцыг сайн мэдэхгүй байснаас тэр юм уу, эсвэл тоормос ажиллахгүй байснаас болж  мань хүн онгоцоо зогсоож чадахгүй явсаар дарга нарын байрлаж байсан байрыг цөм мөргөөд яваад орж. Ичиж үхэх шахсан Хартман онгоцноос бууж байхдаа л мотороо унтраасан бол онгоц зогсох байсан байна ш дээ гэж бодсон гэдэг.

Дараа нь анхныхаа тулалдаанд нисч явахдаа Оросын онгоцнуудтай таараад, хөтлөгч нь довтлох өндөр, зай авахаар маневрлах үед нь Хартман хажуугаар нь хамаг хийгээ өгөн гарч Оросын онгоц руу шууд дайрсан байна. Хөтлөгчийн тушаалыг ч биелүүлэлгүй “оноо авах” гэж  яарсан буудалт нь байнаасаа холуур өнгөрсөн бөгөөд нэг л мэдэхэд мань эр баахан ногоон онгоцны дунд орсон байлаа. Бүгд л өөрийг нь буудах гэж эргэж байгааг мэдэрсэн мань эр эцсийн арга болох үүл рүү  орж амь аврагджээ.

Энэ үед хөтлөгч холбоогоор доош бууж ирэхийг тушаасан ба үүлнээс гарч ирээд байраа эзэлбэл чамайг хамгаалахад амар байх болно гэж хэлсний дагуу үүлнээс бууж иртэл бас нэг онгоц дайрахаар ойртож ирэхээр нь дахиад л үүл рүү зүгтсан байна. Яг энэ үед холбоо ч тасалдаж эхэлсэн ба үүлнээс гарах болохоор л нэг онгоц дайрах гэхээр нь зугтаасаар бензинээ дуусгаж онгоцоо хээр элэглүүлэн буулгасан байна. Хамгийн инээдтэй нь тэр хөөгөөд байсан, зүрхийг нь авах шахсан “оросын онгоц” нь  өөрийг нь хамгаалах гэсэн хөтлөгч нь байсан гэдэг.

Кожедуб буудлынхаа орчим эргүүл хийхээр агаарт гарч байхдаа хөтлөгчөөсөө хоцорч. Өнөөхөө хаана байгааг олох гээд чадаагүй нөхөр шинэ машинаа бага сага туршиж үзэж байхдаа буудал руу нь хоёр сэрвээтэй 6 онгоц ойртож явахыг харжээ. ПЕ-2 юм байна гэж бодох үед буудал дээр тэсрэлт болж эхэлсэн ба Мессер 110-ууд бөмбөгдөж байгаа нь тэр. Анхны тулаандаа орох гэж байгаа эр дотроо ингэж бодсон гэдэг. Эхлээд хамгийн урд оролт хийх гэж байгаад 2-ыг унагаад эргэлтэн дээрээ  дараагийн хоёр... гэх мэтээр 6 онгоцыг бүгдийг нь. Буудуулж үзээгүй нөхөр 6 онгоц нэг далайлтаар унагана гэж тооцно гэдэг нэг юм хэлж байх шиг.

Ингээд 6 онгоц унагахаар шийдсэн Кожедуб яг  дайрахын өмнө “дайрахын өмнө эргэн тойрон хар, чамайг дайрч байж болно” гэсэн үгийг санаж хоёр тийшээ хартал  хос ясан хэдрэг   (мессершмит 109)яг дайрч байна гэнэ. Хэд хэдэн сум онох нь мэдрэгдсэн ба нурууны хуягтаа наалдан арай чүү гэж довтолгооноос зайлтал нисэх буудлыг хамгаалж байсан Зөвлөлтийн зенитүүд манай нөхрийг балбаж эхлсэн байна.  6 дайсан устгахаар бэлдэж байсан Кожедуб маань ганц ч буудаж чадалгүй, харин өөрөө сарампай болтлоо буудуулж ичиж зовсондоо гэмтсэн онгоцоо хаяхгүй заавал буулгана гэж шүд зуун буусан гэдэг. Покрышкины анхны унагаасан онгоц нь Су-2 (өнөөх алдарт Су27, 30,35,57-гийн өвөг эцэг нь, хөнгөн бөмбөгдөгч ) байж. Өөрийн онгоцыг унагааснаа мэдээд ганцаараа дайсны нисэх буудал очиж баахан буудаж, буудаж буцахдаа намайг нэг нь буудаад унагачихаасай гэж Миг дотроо бодож  явсан тухайгаа   “Дайны тэнгэр”-тээ бичсэн нь бий. Германы хамгийн агуу асуудын нэг Герхард Баркхорн анхны 119 нислэгтээ ганц ч ялалт авч байгаагүй төдийгүй өөрөө 2 удаа буудуулж унаж байсан байна.

 

P.S

Анхны нийтлэлийн дараа ийм юм бодогдлоо. Монголчууд бид цэрэг дайны талаар маш их сонирхдог юм байна, гэхдээ бидэнд аливаа нэг дайны талаар, бодит, аль нэг талыг бариагүй, уриа лоозон биш жинхэнэ мэдээлэл, дүгнэлт  маш их дутагдаж байдаг бололтой.

Өөрийн бас нэг дуртай сэдэв болох хуягт техникийн талаар,танкын хаад болох Курт Кнеспил,  Михэл Витман, Отто Кариусын тухай юм бичих болвол бас айхтар юм болох нь ээ. Хартманы тухай бичээд Хятад, фашист болсон, Кариусын тухай бичээд нохой болох биз. Зарим нэгэнд нь зөвлөхөд эртхэн google  хараад, аль болох олон зүйл ухаад, тэр айхтар тооноос цочдоггүй, шоконд ордоггүй болоорой. Би биш ч өөр нэг нь энэ тухай бичихэд ,мэдээлэл хүлээж авч чаддаггүй юмаа гэхэд, доор нь ядаж өмнөөс нь нүүр улайхааргүй коммент бичдэг байг.

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]