ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын Археологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.
-Сүүлийн үеийн судалгааны ажлынхаа сониноос манай уншигчдад дуулгахгүй юу?
-2018 оноос хойш сүүлийн гурван жил манай судалгааны багийнхан хэд хэдэн том бүтээл дээр ажиллалаа. “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” хэмээх нэгэн сэдэвт судалгааны бүтээл хоёр боть гаргаад байгаа. Саяхан манай 2 боть каталог Солонгост орчуулагдаад хэвлэгдсэн. Энэ бол Монголын 1241 буган хөшөөний шинжлэх ухааны тодорхойлолт, мэдээлэл, удиртгал багтсан, 900 гаруй нүүр бүхий, бүрэн хэмжээний каталог юм. Манайд археологийн тодорхой нэгэн дурсгалыг бүрэн хэмжээнд эрдэм шинжилгээний хувьд нэгтгэн каталогижуулсан явдал байгаагүй. Энэ туршлага, асар их хэмжээний судалгааны материал дээрээ тулгуурлаад ер нь Монголын буган хөшөөний судлалын үндсэн асуудлуудыг хөндсөн нэг сэдэвт зохиолыг үргэлжлүүлж бичье гээд 2018 онд эхлээд одоо л нэг юм дуусч байна. Одоо манай Буган хөшөөний судалгааны нэгэн сэдэвт зохиолыг Монголд хэвлэгдэхээс нь өмнө Хятад, Германаас орчуулах санал ирээд хэлэлцэж байна.
“Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” хоёр боть каталоги
Энэ номонд бид мэдээж дүр дүрслэл, тэдгээрийн утга агуулгууд, буган хөшөө өөрөө ямар учир утгатай юм бэ гэдгийг тодорхойлж, буган хөшөө ба бусад нэгэн цаг үедээ холбогдох хиргисүүр, дөрвөлжин булшны гэх мэт археологийн олдвор, дурсгалуудын тодорхойлолтуудыг багтаасан. Эхний хоёр боть каталогид Монголын 1200 буган хөшөөний мэдээлэл орсон бол одоо дуусч байгаа нэгэн сэдэвт бүтээлд нэмээд Монголын 74 буган хөшөөний шинэ материал, мөн Шинжааны 100 гаруй буган хөшөө, Тувагийн 100 гаруй, Буриад буюу Өвөрбайгаль, Орос Алтайн 70 гаруй, Дундад Азийн 10, Европын 20 гаруй буган хөшөөг нийлүүлээд 300 гаруй буган хөшөөний материалыг нэмэлтээр оруулж байгаа. Хамгийн гол нь эдгээр их хэмжээний аналитик судалгаанаас гадна бид буган хөшөөний гарал үүсэл, нийгмийн үүрэг байр суурь, урлагийн ач холбогдол зэрэг олон тулгуур асуудлаар өөрийн гэсэн Монголын эрдэмтдийн концепцийг гаргаж тавьсан.
-Буган хөшөөний судлал сүүлийн үед судалгааны маш том чиглэл болж хувирч байна даа?
-Буган хөшөөний судлал чинь өөрөө маш том судлал, судалгааны чиглэл болж хувираад маш их хэмжээний бүтээл гарчихсан. Одоо бидний шинэ бүтээлийн номзүйн жагсаалтаас гэхэд л олон хэлээр гарсан 300 гаруй ном, бүтээлийг харж болно. Ийм хэмжээний эх хэрэглэгдэхүүнийг бид эхний хоёр каталогоос хойш гурван жилийн турш цуглуулсан. Мэдээж ийм хэмжээний материалыг нэг хүн гурван жилд бүгдийг үзэх боломжгүй. Тэгэхээр судалгааны багаараа хамтарч асуудлуудыг нэгтгэн дүгнээд, үндсэн гаргалгаануудаа гаргаж, бичээд дуусгалаа.
-Таны цөөнгүй жилийн хөдөлмөрөө зориулсан Тамирын Улаан хошууны археологийн олдворуудын талаар гойд их сонирхож байна?
-Миний бие 2001 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуу гэдэг газар малтлага хийж, тасралтгүй олон жил ажилласан. Тэр дотроо 2013-2019 онд Монгол-Францын хамтарсан төслийн удирдаж 40 орчим булш малтаж ажилласан, харин 2017 онд БШУЯ-наас захиалгат төсөл аваад 16 булш малтсан. Түүнийхээ үр дүнг 2019-2020 оны турш боловсруулаад бас нэгэн сэдэвтэй том хэмжээний бүтээл гаргасан. Олон зохиогчидтой хамтарч ажилласан л даа. Франц, Германы судлаачид байна, бас Өмнөд Солонгосын судлаачид, тэгээд хамгийн гол цөм нь манай ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид оролцоод том хэмжээний хамтын бүтээл хийгээд хэвлэчихээд, нээлтийг нь хөл хорионоос болоод хийж амжаагүй байсаар хуучруулчихлаа.
Тамирын хөндий, Орхон, Тамирын бэлчир бол Хүннүгийн соёлын хамгийн том төв байгаа. Энэ Тамирын Улаан хошууны Хүннүгийн археологийн олдворуудыг бид орчны бүс нутгийн судалгаа, био-археологи буюу хүнийг биологийн талаас нь судалдаг ухаан, палео-антропологи, мөн паталоги гэж эртний өвчлөлийг судалдаг ухаан, палео-генетик буюу удамшилзүйг судалдаг ухаануудаар хамтатгаж цогц хэмжээнд судалсан. Зарим материалын тухайлбал төмөрлөг эдлэлүүдийн анализууд, зарим нэг эдлэлийн сэргээн засварлалтын судалгаа гээд бүх талыг хамруулсан ийм цогц бүтээл байгаа. Үүнийг дуусгаад байна.
- Хүннүгийн археологийн дурсгалуудын судалгаа бол Монголд их эртний уламжлалтай. Маш их хэмжээний судалгааны бүтээлүүд гарч байдаг. Таны “Тамирын Улаан хошууны Хүннүгийн соёл” гэдэг бүтээл, судалгааны онцлог?
- Хэд хэдэн чухал үр дүнг нэрлэж болно. Энэхүү Тамирын Улаан хошууны оршуулгын цогцолбор газарт 400 гаруй булш байна. Хүннүгийн үеийн Монголын эртний иргэдийн, нэг ёсондоо дундаж давхрагынхны хамгийн том оршуулгын цогцолбор.
Тамирын Улаан хошууны Хүннү булшны малтлага
Оршуулгын газрын зүүн хэсгийг бүхэлд нь малтсан. Нийтдээ 50 гаруй булш малтаад нэн түрүүнд генетикийн судалгаа хийж эхэлсэн. Эндээс маш чухал үр дүн гарсан нь оршуулгын газрын зүүн хэсгийн энэ хүмүүс бол таван үеийн өмнө бий болсон нэг гэр бүл буюу нэг эхнэр, нөхөр хоёроос гаралтай, тэр хоёр хосын хүү, охин хоёроос таван үеийн турш салбарласан 50, 60 орчим хүмүүсийн булш гэдэг нь батлагдсан. Нэг ёсондоо олон удам дамжсан, тухайн бүс нутгаа хянаж байсан сурвалжтан гэр бүлийн оршуулгын газар энэ цогцолборын зүүн хэсэгт байна. Нэг хүнээс гаралтай хоёр үндсэн гэр бүлийн хүмүүсийн оршуулгын цогцолбор газар гэж ойлгож болно. Удамшилзүйн судалгааны үндсэн дээр юу ажиглагдав гэхээр хоорондоо гэр бүл болохгүй, дандаа гаднаас гэр бүл болдог.
Нэгдүгээрт Хүннүгийн үеийн овгийн зохион байгуулалт, бүтэц, оршуулгын газруудын үндсэн шинж чанарыг эндээс бататган тогтоож байна. Энэ бол гэр бүлийн оршуулгын газрууд байжээ. Хоёрдугаарт овог бол ийм нийтлэг гарал үүсэлтэй гэр бүлүүдээс бүрдэнэ. Нийтлэг гарлаараа нэгдэж овог болж байна, нэгдэж оршуулгын газраа хамтдаа байгуулж байна. Энэ бол маш чухал дүгнэлт. Гуравдугаарт, манай Францын талын палео-генетикчдийн судалгаанаас эхийн талын удамшил зүйн митохондрийн ДНК-гийн гол гол үндсэн хаплогруппуудыг, эцгийн талын Y хромосомын хаплогруппуудыг гаргаж ирсэн. Жишээ нь эдгээр булшнуудын нэг гэр бүлийнх нь ДНК-г судлаад үзэхээр Сибирийн скифүүдийн хаплогрупууд эцгийн талаас хамгийн хүчтэй уламжлагдаж байгаа. Гэхдээ энэ гэр бүлийн хоёр дахь үе дээр ийм хаплогруппууд орж ирсэн байгаа юм
-Хүннүчүүд өөрөө хэн юм бэ гэдэг асуудал улам л сонирхолтой болж ирэх нь ээ?
-Энэ судалгааны үр дүнд ямар ч байсан Хүннүгийн бүрэлдэхүүнд Хүннүгээс өмнө манай нутагт байсан скиф хэлбэрийн соёлын эзэд, тухайлбал Чандманийн соёл, Пазирикийн соёлынхон шууд багтаж байсан байна гэдэг нь хөдөлбөргүй батлагдаж байгаа юм. Гэхдээ хүннүчүүдийн удамшлын сангийн гол цөм нь дөрвөлжин булшны оршин суугчдаас өвлөгдөөд дараа нь дундад зууны монголчуудад уламжлагдсан байдаг юм. Хүннүгийн гарлыг ярихад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хүннүчүүдийн үүсч бүрэлдсэн нутаг нь одоогийн Өвөр Монголын баруун хэсэг, Хөххотоос баруун тийшээ Бугат, Алшаа хүртэл, Хатан голын их тохойн хойд хэсэг Бор тохой ба урд хэсгийн хээр тал буюу Ордос гэж газарт анх бүрэлдсэн байна. Эндээсээ одоогийн манай улсын нутгийг, өмнөд Сибирийг хүртэл багтаасан том эзэнт гүрэн бий болсон. Нийтийн тооллын өмнөх (НТӨ) III зууны төгсгөлд, Модун шаньюйгийн үед манай улсын нутаг дээр байсан скиф хэлбэрийн соёлт олон нүүдэлчин ард түмнүүдийг бүгдийг нь бүрэлдэхүүндээ багтаасан. Энэ хүмүүс чинь эцгийн талын эртний удамшлын гендээ скиф талын ген агуулж байгаа ч эд нар чинь ерөөсөө л хүннү хүмүүс байхгүй юу.
Скиф хэлбэрийн соёлоос гаралтай гэж байгаа ч зан үйлийн хувьд хүннүчүүд, өөрсдийгөө хүннү хүн гэж бодож байсан нь ч эргэлзээ байхгүй. Яагаад гэхээр оршуулгаа хийж байгаа зан үйл, тэнд илэрч байгаа шинжүүд энэ бүгд нь хүннү хүмүүс гэдгийг харуулж байгаа юм. Ийм далдлагдсан түүхийг одоо шинжлэх ухааны ачаар тодорхойлж чадаж байна.
Дараагийн чухал зүйл бол, бид оршуулгын газрын хүрээнд таван үе шат бүхий бичил он цагийг гаргаж ирж байна. Энэ бол онц чухал. Энэ оршуулгын газар наад зах нь зуун жил оршсон байна. Үүнээс ч урт байж магадгүй. Хамгийн эртний булшууд болох 1-р булш, 2-р булш, 15-р булшнууд жишээ нь 11-р булшнаасаа 80 жилийн өмнөх, харин 18-р булшнаасаа 60 жилийн өмнөх. Эндээс бид юу харж болох вэ гэвэл нэгдүгээрт, зан үйлийн хувьслыг нь харж болно. Энэ 100 жилийн дотор зан үйл өөрчлөгдөж байна уу? Эд өлгийн зүйлсүүд хувьсаж байна уу гээд. Хэзээ ч урьд нь ийм тодорхой цаг хугацааны мөчлөг, боломж олддоггүй байсан. Бид нарт олддог он цагийн боломж нь үнэмлэхүй буюу нэмэх, хасах 25 жил, 40 жил байсан юм.
Нэмэх хасах 40 жил гээд бодоход 80 жилийн хүрээнд л нэг он цагтай болж байсан. Гэтэл Тамирын Улаан хошууны энэхүү нэг гэр бүлийн таван үеийн 50 гаруй булшны тусламжтайгаар бидэнд 20-хон жилийн заагтай маш нарийн он цаг гарч ирж байна. Энэ бол археологичдод урьд өмнө нь олдож байгаагүй, хэзээ ч тохиолдож байгаагүй алтан боломж, үүнийг бид ашиглаж цаашаа бичил он цагийн судалгааг хөгжүүлнэ. Энэ судалгааныхаа үндсэн дээр хэвлэчихээд байгаа “Тамирын Улаан хошууны Хүннүгийн соёл” гэдэг бүтээлд маань энэ тухай тодорхой дурдсан. Булшныхаа бүх талын баримтжуулалтыг хийсэн, гэрэл зураг, гар зураг, олдвор болгоны товч тодорхойлолт, хэмжээнүүд, дээр нь 3D график сэргээлтүүдийг хийсэн. Нийтдээ 300 нүүр номын 100 нүүр нь каталогийн хэсэг, үндсэн хэрэглэдэхүүн, 200 нүүр нь судалгааны хэсэг байгаа.
-Үнэхээр сонирхолтой, үүнийхээ хажуугаар та бүхэн бас “Монголын археологийн нэвтэрхий толь бичиг”-ийн ард гарч амжсан байх юм?
- Монголын археологичдын холбооны зүгээс 2019 оны төгсгөлөөс авахуулаад хийсэн нэг том ажил бол “Монголын археологийн нэвтэрхий толь бичиг” төсөл. Манай холбооны гүйцэтгэх захирал доктор Ч.Амартүвшин манлайлж удирдсан. Энэ төсөл маань дуусаад саяхан хэвлэгдээд гарчихлаа. 400 гаруй нүүртэй, том хэмжээний бүтээл. Нийтдээ 1200 гаруй толгой үгтэй, Монголын бараг бүх археологичид буюу 70 гаруй археологич зохиогчоор оролцож бичсэн ийм бүтээл байна.
-Сүүлийн үед археологийн судалгааны үр дүн, археологичдын үнэлгээ өгүүлэл хэлбэрт түрж орж байна. Тухайлбал таны нэр орсон нэлээн хэдэн өгүүллүүд олон улсын хянан магадлагаатай сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна л даа?
-Өгүүллийн ач холбогдол, үнэлгээ бол эрс нэмэгдсэн. Тэр дундаа олон улсын хянан магадлагаатай гэж ярьдаг сэтгүүлүүдэд хэвлэгддэг өгүүллүүд маш чухал үнэлгээтэй болсон. Ер нь судлаачдыг түүгээр нь үнэлдэг болчихоод байна. Хуучин манай нийгэм хүмүүнлэгийн ухаанд “our currency is monography” гэсэн хэллэг байсан. Бүтээлийг минь номоор үнэлдэг гэсэн санаа юм л даа. Гэтэл одоо номоор гэхээсээ илүү өгүүллээр нь үнэлдэг болчихлоо. Хянан магадлагаатай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ гэдэг бол олон улсын стандартын дагуу тогтсон хяналтаар гарна гэсэн үг. Хянан магадлагаатай сэтгүүл нэр хүндээ хадгалахын тулд заавал чанартай өгүүлэл хэвлэхийг хичээдэг. Тэгэхээр тэр сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж байна гэдэг бол та бол олон улсын түвшний стандартын хяналтыг давсан байна гэсэн үг болдог. Тийм учраас өгүүллүүдийн ач холбогдол бол ганц байгалийн ухаан биш, манай энэ нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт их ач холбогдол өндөр болчихоод байгаа юм.
Миний хувьд нэлээн олон өгүүлэл хэвлэгдсэн. Өнгөрсөн жил холбоо баригч автораар нэг өгүүлэл хэвлүүлсэн. Өгүүллийн зохиогчдын дунд нь ороод эх хэрэглэгдэхүүн нийлүүлээд, тэрнийхээ хариуд авторуудын бүрэлдэхүүнд ороод явах нь өөр хэрэг. Нэгдүгээр автор юм уу, холбоо барих автороор орох нь бүр өөр хэрэг болдог. Миний хувьд холбоо баригч автораар орсон өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байна. Мөн эх хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн учраас зохиогчоор орсон өгүүллүүд ч цөөнгүй болсон байна. Ийм тохиолдолд тухайн археологийн дурсгалынхаа ерөнхий тодорхойлолтыг бичиж өгдөг ч юм уу, ийм маягийн хувь нэмрүүд оруулсан байх жишээтэй. Онцгойлж дурдвал миний зохиогчоор оролцсон сүүлийн хэдэн өгүүлэл ихэвчлэн Монгол Алтайд хийсэн хүн, малын, бэлчээрийн эртний болон орчин үеийн нүүдлийн системийн тухай судалгааны цуврал өгүүлэл байна.
-Манай уншигчдад энэ чиглэлийн судалгааныхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Монгол, Францын хамтарсан судалгааны баг Баян-Өлгий, Увс аймгийн нутагт 2013 оноос хойш ажиллахдаа тухайн орчны орчин үеийн бэлчээрийн системийг судлаад, малын хүзүүнд GPS зүүж, бүтэн жилийн турш сансраас хянасан. Ямар маягаар бэлчиж байна, жилийн дөрвөн улиралд яаж нүүж байна, тэгээд эндээс нүүдлийн систем гарч ирнэ. Энэ системийнхээ дагуу тухайн бэлчээрийнхээ хэсэг болгон дээр ургамал, усны дээжүүдийг аваад тэндхийн изотопын судалгааг нь хийчихэж байгаа юм.
Үүнийгээ археологийн малтлагаас гарч ирсэн малын болон хүний яснууд дээр изотопынх нь судалгааг хийгээд одооноос 1500 эсвэл 3000 жилийн өмнө амьдарч байсан энэ хүмүүс ямар маягаар нүүдэллэдэг байсан юм бэ гэдгийг тогтоох гээд байна. Одоогийн Монгол Алтайд байдаг шиг өндрийн дагуу, босоо тэнхлэгийн дагуу нүүдэллэж байна уу, эсвэл өөр маягийн нүүдлийн систем байна уу гэдгийг тогтоох юм. Монголын бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн системийг тодруулах ийм маш чухал судалгаа байгаа. Энэ чиглэлд олон өгүүлэл гаргасан.
-Танаас асуухгүй орхиж болохгүй сэдэв байна. Төмөр зэвсгийн түрүү үеийн төмөрлөг, хүрэл эдлэлүүдийн судалгааны талаар?
-Төмөр зэвсгийн түрүү үеийн төмөрлөг эдлэл, тэр дундаа хүрэл эдлэлүүдийн металл анализын судалгааг та асууж байна. Монголчуудын төмөрлөг боловсруулж ирсэн уламжлалт түүхийг тодруулахад их чухал л даа. Төмөр зэвсгийн түрүү үед хэд хэдэн соёл манай улсын нутагт байсан. Төв болон зүүн хэсэгт дөрвөлжин булшны соёл, баруун хэсэгт Пазирикийн соёл, Чандмань соёл. Наад зах нь гурван том соёл байна. Энэ гурван соёл металл үйлдвэрлэлийн хувьд ялгаатай юу, нийтлэг байна уу, металл үйлдвэрлэлийн түүхий эд нь орон нутгийнх уу, эсвэл гаднаас, холоос тээвэрлэж ирсэн байна уу, үйлдвэрлэлийн үндсэн технологи нь орон нутгийнх уу, эсвэл мөн л гадаадынх уу гэх мэтээр олон асуултууд байгаа. Энэ асуултуудад хариу өгөх зорилготой судалгаа байгаа. Одоо миний шавь Н.Баярхүү энэ чиглэлээр Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд докторантурт сурч байна. Энэ сургууль бол олон улсын импакт фактортой өгүүлэлийн тоогоор Хятадад нэгд ордог маш чухал боловч хүмүүс сайн мэддэггүй сургууль байгаа юм.
Ер нь манай хүрлийн төгсгөл, төмрийн түрүү үеийн Монголын өнгөт металлургид зэс дээр тулгуурласан олон төрлийн хүрэл байдаг. Хүнцэлт хүрэл, хар тугалга дээр суурилсан хүрэл, цагаан тулгатай холимог хүрэл гээд хэд хэдэн төрөл бий. Манай хүрлийн энэ төрлүүд ерөнхийдөө орон нутгийн гаралтай байгаа юм.
-Монголчууд тэр эрт үед төмөрлөгөө өөрсдөө нутгаасаа олборлож, өөрсдөө эдлэлээ хийдэг байсан гэж ойлгож болох уу?
-Мэдээж хэрэг. Үүнийг яаж батлах вэ гэвэл нэн түрүүнд Хятадын хүрлээс найрлага нь өөр байдаг. Хоёрдугаарт изотоп буюу цацраг идэвхт шинжээр нь төмөрлөг эдлэлийн газар нутгийн гарал үүслийг тогтоож болдог. Жишээлбэл хар тугалган дээр. Хар тугалга бол хаанаас, ямар нутгийн ордоос гаралтай вэ гэдгийг изотопынх нь хэмжээнээс шалтгаалаад тогтоож болдог. Хүрлийн найрлага бол зэс + тугалга шүү дээ. Хамгийн чухал компонент орц нь зэс. Зэс бол тухай төмөрлөг эдлэлийн 70, 80 хувийг эзлээд үлдсэн 20 болон түүнээс доош хувьд тугалга байдаг. Тэр тугалга, яангуяа хар тугалга дээр бид изотопын судалгааг хийж яг энэ уурхайгаас, энэ бүс нутгаас энэ тугалгыг олборлосон байна гээд гарал үүслийг нь тогтооход чухал.
- Манай түүхийн хүрлийн үеийг бүрдүүлэгч эзэд болох дөрвөлжин булшны соёлынхон, буган хөшөөний соёлынхны тухай сүүлийн үеийн ойлголтууд өөрчлөгдөж байна уу даа?
-Сүүлийн 15 жил дотор нэлээн их хэмжээний малтлага явуулаад, судалгаа хийгээд ирэхээр хүрлийн үеийн тухай бидний ойлголт тэс өөр болчихсон. Урд нь таны хэлж байгаа шиг дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө энэ хэдийг л дурддаг байсан. Одоо бол олон археологийн шинэ соёлууд нээгдсэн. Мартагдсан, түүхээс арчигдчихсан эртний ард түмнийг дахиад шинээр нээгээд, амьдарч байсан гэдгийг нь илрүүлээд байна гэсэн үг шүү дээ. Судалгаа бол нэлээн сайн явсан, бид ерөнхий схемээ зохиочихсон байгаа. Сүүлийн 15 жилийн Монголын болон гадаадын Монголын археологийн чиглэлд ажиллаж байгаа маш олон судлаачдын хамтын хөдөлмөрийн үр дүн л дээ. Үнэхээр том дэвшил гарч байгаа.
Хүрлийн үндсэн гурван үеийг тогтоосон байна. Түрүү хүрэл, Хөгжингүй хүрэл, Хожуу хүрэл. Энэ гурван үеийн өмнөх, хойдох үе буюу чулуун зэвсгийн үеэс хүрэл рүү шилжих завсрын үеийг Энеолит буюу Зэс чулууны үе гэдэг. Зэсийг боловсруулдаг болсон байсан, хүрлийг арай боловсруулж эхлээгүй үе гэсэн үг. Бүр сүүлд Хожуу хүрлийн үеэс Төмөр зэвсгийн түрүү үе рүү шилжих завсрын үеийг нэмбэл ингээд таван үе шат байна.
Таван үе шаттай хөгжлийн ерөнхий схемийг баруун, төв, зүүн Монголд ажилладаг 3 том судалгааны баг хамтарч энэ схемээ зохиож дууссан гэж хэлж болно. Бас гадаадын хамтрагч нар маань маш том хувь нэмэр оруулсан. Археологийн шинжлэх ухааны хувьд бол ерөнхий схемээ зохионо гэдэг нь бүх юмаа системчилж байгаа том алхам.
Одоо анх удаа системтэй болоод хоорондынх нь холбоо дараалал гараад ирж байна. Бид өөрсдийнхөө хийж байгаа ажлыг магтахад хэцүү л дээ. Гэхдээ энэ бол үнэхээр том алхам гэж үздэг. Аль ч газар ерөнхий схемээ зохионо гэдэг бол тухайн улсын археологийн шинжлэх ухаан ямар түвшинд хүрч хөгжсөнийг харуулж байгаа.
Гол гол археологийн соёлуудаа таван үе бүхий хөгжлийн схем дотроо байрлуулаад холбогдох газрыг нь, он цагийг нь, тархалтын хүрээг нь оновчтой тодорхойлоод түүхээ сэргээж байна. Археологийн гол үндсэн дурсгал болох оршуулгын дурсгалуудаараа соёлоо ангилаад хажуугаар нь зэрэгцүүлээд хадны зургийн археологийн дурсгалаа үечлэн схемдээ оруулж өгч байна.
-Манай улс хадны зургийн дурсгалаараа гайхалтай юм даа?
-Монголд 500 гаруй хадны зургийн дурсгалт газар байна. Сая километр квадрат газарт оногдож байгаа хадны зургийн дурсгалаараа Монгол дэлхийд нэгт ордог. Хамгийн их нягтшилтай. Цаашдаа 1000 хүрэх ч боломжтой.
Хуучин бид хадны зургаа ерөнхийд нь хүрэл, төмрийн үеийн хадны зураг гээд 3000 жилийн нэг том хүрээнд багтаагаад, нэг сагсанд хийчихээд байсан.
Одоо бол бид ерөнхий схемээ зохиогоод, дарааллынх нь дагуу соёлуудаа ялгаж байгаад хадны зурагтайгаа холбож байрлуулж байна. Энэ бүлэг хадны зураг бол энэ буган хөшөөтэй холбоотой юм байна, нэг цаг үеийнх юм байна. Энэ нь харин үүнтэйгээ нэг цаг үеийнх юм байна гээд үе үед нь байрлуулчихна. Ингээд археологийн судалгаа маань бүрэн цогц болж байгаа юм.
Оршуулганаас бид хүний яс, малын яс, эд өлгийн зүйлийг олно. Харин хадны зургаас бид тэдний шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, урлаг, уран сайхан, хийсвэр сэтгэлгээ бүгдийг нь харна. Ингээд нийлээд ирэхээрээ археологийн малтлагаас гарсан соёл маань сүнстэй болж байгаа байхгүй юу. Амьдлаг болж байгаа юм. Яс юм уу олдвор бид нарт түүх хүүрнэж чадахгүй шүү дээ. Бид бол тэрийг яриулж болно гэж үздэг. Бусад байгалийн ухаантайгаа хавсарч байгаад ясыг яриулах, олдворыг яриулах нь археологич хүний мэргэжлийн гайхамшиг юм даа. Тэр ясны юм уу олдворын хэзээ ч өгч чадахгүй байгаа narrative гэж ярьдаг хүүрнэлийг бид хадны зургаас олж хардаг. Ямар зан үйлтэй, шашин шүтлэг, ертөнцийг яаж хардаг байсан юм гээд. Үүнийг нь буулгаад тавьчихаар нөгөө олдворууд чинь бүүр “донгодож” эхэлнэ шүү дээ. Ёстой нэг түүхээ хүүрнэж эхэлдэг байхгүй юу.
-Алтайгаас олдсон Хэмцэгийн соёл гэж сүүлийн үед нэлээд сонсогддог болсон. Жишээ нь энэ Хэмцэгийн соёл аль үедээ орох вэ?
-Түрүү хүрлийн үеийн археологийн соёлд орно. Хэмцэгийн соёлын хадны зургийг нь олж тогтоосон, Монгол Алтайд байна. Хүн чулууг нь мэдэж байгаа. Хэмцэгийн соёл бол булштай, тахилын байгууламжтай, хүн чулуутай, хадны зурагтай. Ийм цогц соёл ховорхон байдаг. Он цаг нь түрүү хүрлийн үе гэхээр НТӨ 2600-1800 жилийн үеийг ойлгох хэрэгтэй. Хүннүгийн үеэс манай үед хүрэх хугацаанаас хамаагүй урт хугацаа байгаа биз. Хүннү гүрнээс урагшаа 2600 жил байна шүү дээ. Түрүү хүрлийнхнээс Хүннү хүн маньд ойрхон байгаа биз дээ. Чингис хаан бол бүр ярилтгүй, хүрлийн түрүү үеийн хүнтэй харьцуулах юм бол бараг өчигдөр байсан хүн л байхгүй юу.
Ингээд Түрүү хүрлээ олчихсон, Хожуу хүрлийн үе ойлгомжтой, Түрүү төмрийн үе ерөнхийдөө ойлгомжтой, Зэс, чулуун үе ойлгомжтой. Одоо бид нарт сайн мэдэхгүй байгаа Хөгжингүй хүрлийн үеийн хадны зургаа тогтоох маш чухал ажил байгаа.
Монгол Алтайн Хэмцэгийн соёлын хадны зургийн зарим дүрүүд
-Монголын түүхийн он тооллыг урагшлуулж, тодотгох боломжийн гол түлхүүр яах аргагүй манай археологийн салбарт байна гэж ойлголоо.
-Археологи бол өөрөө түүхийг хүүрнэдэг боловч бас нэг талаараа түүхийн ухаан биш юм. Яагаад гэвэл хэрэглэдэг арга зүй нь шал өөр. Харьцдаг хүрээ нь бүр тэс өөр. Манай археологийн сурвалжууд бол бичгийн бус, хэлгүй эх сурвалжууд байдаг. Таны харж байгаа энэ хүрэл тогоо гэхэд өөрт чинь ямар ч үг хэлж чадахгүй шүү дээ. Үүнийг яаж хэл оруулж, яаж яриулах вэ гэдэг асуудал нэг өөр хэрэг. Бид өдөр тутам байгалийн ухааны хүмүүстэй харьцаж байна, металл судлалын, он цаг тогтоодог цөмийн физикчид, биологичид, генетикчидтэй өдөр тутам харилцдаг. Хүмүүс археологийг түүх гэж ойлгодог нь маш буруу. Зарим оронд археологийн тэнхим нь байгалийн ухааныхаа салбарт байдаг юм шүү.
-Ярилцлагынхаа төгсгөл рүү хоёулаа манай хилээс гараад хойшоо Тувагийн нутагт олдсон Аржан-1, 2-ын олдворуудын тухай ярилцах уу? Манай түүхтэй шууд холбогдоно биз?
-Шууд холбоотой. Манай нүүдэлчдийн эртний соёл иргэншлийн бүс нутаг нь хойшоо Сибирийн тайгаар хязгаарлагдаж байгаа. Сибирийн тайга хүртэл манай соёлын нэг хэсэг гэж ойлгож болно. Сибирийн тайга руу түрж орсон Минусын хотгор гэж бий. Енисей мөрний дунд урсгал юм. Хакас, эртний киргизүүдийн өвөг дээдэс байсан газар. Монголын өндөрлөгөөс энэ хүртэлх яг дунд нь Тува байгаа. Манай улсын хойд хэсэгт Тагны нуруу бий, нуруугаа давахаар Тувагийн нутаг, Енисей мөрний үндсэн хөндий, түүний салбар жижгэвтэр хөндийнүүд, цутгал голууд байгаа. Цаг уурын хувьд манайхтай адил, уул ус сайтай маш таатай нутаг байна, малын сайн бэлчээртэй. Тэндээсээ цаашаагаа дахиад нэг нуруу буюу Зүүн Саяныг давахаар нөгөө түрүүн ярьдаг Минусын хотгор руу орчихно. Тэнд мөн Енисей мөрөн рүүгээ цутгаж байгаа олон голууд байна, тэр голуудын хөндийнүүд малын маш сайн бэлчээр нутаг, их сайн бэлчээртэй, уур амьсгал их гоё зөөлөн, өвөлдөө манайхаас ч дулаан байдаг. Сайхан өргөн хөндийнүүд байдаг. Эргэн тойрондоо битүү модтой уулуудаар хүрээлэгдсэн. Эндээс бол хойшоогоо битүү тайга, тийшээ малчид орох боломжгүй. Манай нүүдэлчдийн соёл иргэншлийн хойд хязгаар бол тэр нутаг юм.
Газарзүйн хувьд ийм. Энд бол маш гайхалтай соёл иргэншил бий болсон. Хүрлийн төгсгөл үе юм даа. Эндээс бий болсон соёл иргэншил явсаар байгаад НТӨ IX-VIII зуун буюу Хүннүгээс нэлээн өмнө цаг үеийн Аржан-1 ба 2 булшнууд бий болсон байгаа юм.
Аржан-1, 2-ын олдворууд юугаараа чухал байна гэхээр скифүүдийн хамгийн эхнийх нь хүмүүс энд байсан гэдгийг баталж байна. Хамгийн анхны скиф хэлбэрийн соёл энд бий болсон гэсэн үг. Европын скифүүдээс ч өмнө. Төрөлх нутаг нь энэ болчихоод байгаа юм.
Тувагийн Аржан-2 булшны малтлага
Скифийн амьтны загварт урлаг гэж нэрлэдэг, амьтны зарим биеийн зарим нэг хэсгийг товойлгож үзүүлдэг урлагийн загвар эндээс хамгийн гайхалтайгаар гарч ирсэн. Аржаан-2 тоногдоогүй булш байсан, нэлээн их олдвортой. Сүүлд Хаадын хөндий гэж нэрлээд байгаа энэ хөндий чинь өөрөө маш олон булштай. Хэдэн арван хаадын булш лав бий.
- Сая таны дурдсан скифийн амьтны загварт урлаг буган хөшөөнөөс хэдий үед үүссэн бэ, харьцуулбал?
-Энэ бүс нутагт Монголын тал нутгийн нөлөө хүчтэй байгаа. Ялангуяа амьтны загварт урлагийнх нь хувьд онцолж болно. Манай буган хөшөө Аржаныхаас хамаагүй эртнийх. Буган хөшөөний хамгийн эртний он цаг нь НТӨ XIII зуунд Монгол Алтайд үүссэн бололтой, эндээсээ маш хурдан түгсэн. НТӨ XIII зууны төгсгөл үе гэхэд Умард Монгол, Хангай нурууны бүс нутагт ерөнхийдөө буган хөшөөний соёл төвлөрч, тархсан байна.
Эндээс 300-гаад жилийн дараа НТӨ X зууны орчимд баруун хойшоо Тагны нуруу даваад Тувагийн үндсэн нутаг руу, Енисей мөрний хөндий рүү буган хөшөөний соёл нэвтэрч байгаа юм.
Нэг ёсондоо манайд тархсан буган хөшөөний соёлоос 400 жилийн дараа тэнд скифийн гэж нэрлэгддэг амьтны загварт урлаг төгс хэлбэрээ олсон. Олоод баруун зүг рүү хүчтэй түгсэн, энэ явцдаа нөгөөдүүл чинь буган хөшөөгөө ч аваад явсан байгаа. Буган хөшөө Төв Азиас гаралтай гэдэг ямар ч маргаангүй болж байгаа юм. Скифийн өмнөх түрүү үед, НТӨ VIII-VII зууны үед нэг тодорхой хүн ам Европ хүртэл нүүсэн. Тэдгээр нь Зүүн Европ, Умард Кавказ, Хар тэнгисийн хойд эрэг дагуу буган хөшөөний соёлд суурилсан шинэ соёлыг бий болгосон байдаг. Түүхчид киммерчүүд гэж нэрлэдэг юм.
Эндээс харахад буган хөшөө маань өөрөө ямархуу глобал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байгаа юм. Евразийн тал нутаг даяар их том нөлөө үзүүлсэн. Скифийн соёл бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь буган хөшөөний урлаг. Буган хөшөөн дээр л анх нөгөө скифийн амьтны загварт урлаг нь бий болчихсон байдаг.
Ярилцсан О.Наранхүү