Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сахиуснаас салсны гайУншсан45,777

1970-аад оны үед Баянхонгорын Баацагаан суманд эр эм хоёр малчин байлаа. Эм нь хэдэн хүүхэд гаргасан боловч нэг нь ч амьдарч өсөж чадсангүй, нялхдаа нас баржээ.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

ХАЛТАР ХҮҮ

1982.4.12. “Оргил” амралт. Архангайн Цахир сумын ард өвгөн Жамц ярив. Жамц бол миний туслахаар ажиллаж байсан Дүгэржавын эцэг юм. Дүгэржав одоо Мөнгөн Морьтын нэгдэлд орлогч даргаар ажиллаж байна. Жамцад Дүгэржаваас гадна нэг хүү бий. Тэр сургуулийн багшаар ажиллаж байна.

— Хорь шахам жилийн өмнө манай Цахир суманд Ринчин гэдэг дархан хүн байлаа. Тэднийх 3-4 жижиг хүүхэдтэй юм. Тэгж байтал Ринчин нас барав. Удалгүй эхнэр нь бас нас барав. Тэгээд хэдэн өнчин жижиг хүүхэд үлдэхлээр тэднийг аймгийн тэтгэврийн газар шилжүүлсэн юм байна. Тэр хэдэн хүүхэд тэтгэвэрт байж байтал хөх цэсчүү дээлтэй ахимаг насны нэг хүн ирээд тэтгэвэрт байгаа хүүхдээс нэгийг үрчилж авъя гэж гуйсан гэнэ. Тэгэхлээр захирал нь арваад настай хүү Халтарыг дуудаж “Чи энэ хүний хүү болох уу? Энэ хүн хүүхэд үрчилж авах гэж яваа хүн юм” гэжээ.

Халтар хүү түүнийг харахад аятайхан өвгөн байхлаар: “За би болно” гэж хэлжээ. Тэр хүн хүүд чихэр боов, хувцас хунар авч өгөөд хүүг аваад говь нутагт явчсан гэнэ. Тэр говийн хүн юм. Нэг аймгийн төв буюу сумын төвд суудаг юм гэнэ. Түүнээс хойш олон жил өнгөрлөө. Тэр хүүхдийг ч би үнэндээ мартчихжээ.

Ойрмогхон нэг жил би Мөнгөн Морьт суманд багш хүү Дамдинбазарындаа очоод унтаж байлаа. Манай хүү сургуульдаа хэрэглэх нарийн элс тээж авчрахад засан хүмүүжүүлэх газраас хүн авч туслуулна гэж ярьж байсан юм. Шөнө намайг унтсан хойно манай хүү нэг хүнтэй хоёул ирээд гадаа шороо чулуу буулгаж байх шиг байлаа. Тэд гэрт орж ирээд цай ууж байна. Шоронгийн нэг залуу манайд унтах бололтой ярьж байна.

Миний нойр сэргээд тэр хоёрын яриаг чагнаж байлаа. Нөгөө шоронгийн хоригдол залуу ярьж байна: “Би бол уг нь Архангайн хүн юм. Одоо Дорноговийн хүн болсон юм. Архангайн Цахир сум бол миний уг нутаг юм” гэж ярьж байна. Өөрийн нутгийн хүүхэд байна гэж мэдээд би сонирхож босоод түүнтэй ярилцав. “Чи Архангайгаас яагаад говьд очсон юм?” гэж асуув. Тэр хэлж байна: “Би Архангайн хүүхдийн тэтгэврийн газарт хүмүүжиж байгаад говийн хүнд үрчлэгдэж говийн хүн болсон юм” гэв. Харсан чинь өнөөх Халтар хүү мөн шиг байна. Бие нь өсөж том болсон боловч царайн хэлбэр хэвээр байна. “Чи Халтар мөн үү?” гэсэнд “Мөн” гэв. Түүнтэй ярилцав.

Хамгийн түрүүнд “Чи яагаад шоронд орчихов?“ гэж асуув. Тэр шууд хариулахгүй, “шашин шүтлэгтэй холбогдсон хэргээр шоронд орчихов” гэж хариулав. Дараа нь шоронд орсон учир явдлаа бидэнд дэлгэрэнгүй ярьсан юм.

Халтар говьд очоод урьд ноёны хатан явсан баян авгайн хүү болж чинээлэг сайхан амьдарч байсан гэнэ. 15-16 нас хүрчээ. Нэг өдөр гадаа явж байтал таних хоёр залуу архи ууж байгаатай дайралдав. Тэр хоёр Халтарт нэг нэг хундага архи хийж өгчээ. Түүнийг уучихаад явж байтал нүд нь бүрэлзэж жаахан согтох байдалтай болж байжээ. Нэг айлын гадаа овоолсон түлээ заг мод харагджээ. Тэр овоолготой загийн ёроолд хэдэн хүүхэд суугаад тоглож байж гэнэ. Тэгтэл овоолготой загийн цаанаас нь нэг муухай царайтай хүн түлхсээр байгаад нураав. Тоглож байсан хүүхэд сандран босож зугтаасан боловч нэг хүүхэд босож амжилгүй загт дарагдаж хөлөө хугалжээ. Тэр хүүхдийг аав ижий /нь/ гэртээ аваачаад эмч докторт аваачих юм болж байна гэнэ. Халтар тэр айлд орсон чинь таних айл байжээ. Нэг харсан чинь тэр айлын хатавчинд өнөөх заг нураасан муухай хүн зогсож байж гэнэ. Түүнийг зодож хөөмөөр санагдаж гэнэ. Халтар хананд өлгөөтэй байсан ташуурыг шүүрч аваад “Чи энд юу хийж байгаа юм?” гээд өнөөх муухай хүнийг зодоод хөөж гэнэ. Тэр зугтаагаад явчихжээ. Халтарын эцэг Ринчин хүн малын мөч хугарахад эвлүүлж боогоод эдгээдэг байсан юм байна. Халтар хүү тэр туршлагаар хөлөө хугалсан хүүгийн хөлийг эвлүүлж боогоод эдгээсэн гэнэ. Түүнээс хойш нэг өдөр хүүхэдтэй тоглож явтал өнөөх муухай амьтан хүүхдийн дунд ороод явж байгаа харагджээ. Хүүхэд түүнийг харахгүй байгаа бололтой гэнэ. Халтар түүнийг чулуу шидэж хөөжээ. Олон хүүхдээр бас чулуу шидүүлжээ. Тэр амьтан зугтаагаад явчжээ.

Ер нь Халтар хүү жаахан архи уувал далдын юмыг хардаг болжээ. Халтар далдын муу юмыг хардаг, түүнийг хөөж зайлуулж чаддаг гэж нутгийнхандаа алдаршжээ. Халтарыг нутгийнхан нь гэртээ оруулах дуртай, элдвээр хүндлэх зочлох дуртай болжээ. Халтар төвд ном огт мэдэхгүй боловч түүнийг төвд ном уншиж аль гэж олон хүн гуйдаг болжээ. Тэгээд байж байтал түүнийг сүсэг бишрэлээр ардыг мунхруулав гэж шоронд хийсэн гэнэ. Халтар Мөнгөн Морьтод хоригдол байгаад суллагдаж говь нутагтаа буцсан. Тэгээд тэр яасныг мэдэхгүй, чимээгүй боллоо.

 

ХУВИН БАРЬСАН ХҮҮХЭН

Оюутан Жа. над ингэж ярив. Жа-гийн найз Хүрэлбаатар гэдэг залуу байдаг гэнэ. Тэр Хүрэлбаатар хэдэн жилийн өмнө “Би чөтгөр үзсэн гэж Жа-д ярьсан гэнэ. Тэр чөтгөр бол эрэгтэй эмэгтэй хоёр чөтгөр юм. Тэр хоёр чөтгөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Баян-Уул сум хүрэх замын тэг дунд замын хажууд эвдэрхий жижигхэн цагаан байшин /д/ бий. Тэнд замын жижиг гуанз байсан юм гэдэг. Тэр муу байшингийн зүүн хойно хоёр шороон далан бий. Энэ бол эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг оршуулсан булш юм.

Тэр хоёр хүний түүх ийм юм. Хоёрдугаар дайны үед Чойбалсан хотоос Баян-Уул сумыг хүрэх замд эрэгтэй эмэгтэй олон хоригдол хүмүүс газар шорооны ажлыг хийдэг байжээ. Тэр хоригдлуудын дотор нэг залуу сайхан хүүхэн байжээ. Тэр хүүхэнд нэг харгалзагч залуу дуртай болоод тэр сайхан хүүхнийг хөнгөн ажилд гаргадаг, хоол хүнс сайн өгдөг байжээ. Тэгээд тэр сайхан хүүхэн гуанзанд ажилладаг болсон юм байх. Харгалзагч залуу, тэр хүүхэн /хоёр/ дотно харилцаатай байхыг мэдээд бусад хоригдлууд нь атаархаж тэр хоёрыг нууцаар алчихжээ. Тэгэхлээр тэр хоёрын хүүрийг тэнд оршуулсан юм байжээ. Тэр хоёрын сүнсийг чөтгөр болоод тэр хавьд байдаг гэж хүмүүс ярьдаг юм. Тэгээд тэр замаар жолооч нар шөнө явах дургүй, өдөр хурдхан давхиад гардаг болжээ.

Хүрэлбаатарын ах жолооч, Хүрэлбаатарыг түүний дүүтэй хамт кабиндаа суулгаад ачааны машин жолоодоод Чойбалсан хотоос Баян-Уул сумыг чиглэн явж гэнэ. Өдөр турш яваад шөнө болж нэлээд ядарч явтал өнөөх цагаан байшин дайралдаж гэнэ. Хүрэлбаатарын ах их зоригтой хувьсгалч хүн, чөтгөр байхгүй гэж гүйцэд итгэсэн хүн цагаан байшингийн дэргэд ирээд хоёр дүүдээ хэлж гэнэ: “За хөө, энд нэг жаахан амарч байгаад явъя” гээд мотороо унтрааж кабиндаа суугаагаараа унтаж гэнэ. Хоёр дүү нь ч бас унтах гэж зүүрмэглэж байжээ. Тэгтэл кабины хаалгыг гаднаас хүн цохиж гэнэ. Кабинаа онгойлгоод харсан чинь юу ч байсангүй. Тэгэхлээр дахиад л унтах гэж гэнэ. Тэгтэл дахиад гаднаас балбаж гэнэ. Онгойлгоод харсанд бас юу ч байдаггүй. Тэгэхлээр Хүрэлбаатарын ах жолооч “Хай золиг! Унтуулахгүй нь байна шүү. Явъя хөө” гээд мотороо асаагаад гэрлээ ноцоогоод явах болж гэнэ. Хүрэлбаатар урагшаа харсан чинь машины гэрэлд цагаан дээлтэй, хувин барьсан залуухан хүүхэн өмнүүр нь хөндлөн гараад явах харагдаж гэнэ. Хүрэлбаатар жаахан айгаад юу ч хэлсэнгүй. Тэндээс өртөө шахам газар яваад шөнө дундын үед зам дээр машинаа зогсоож унтах болж гэнэ. Хүрэлбаатар ахаасаа асууж гэнэ: “Ах аа, Байшингийн дэргэдээс хөдлөхөд танд юм харагдав уу?” гэжээ. Ах нь хэлжээ: “Хувин барьсан цагаан дээлтэй хүүхэн харагдсан” гэжээ. Дүү нь бас тийм хүүхнийг харсан гэж ярив. Тэнд хүн амьтангүй цөл газар ганц хүүхэн явж байсан, тэр лав чөтгөр байх гэж Хүрэлбаатар ярьсан юм.

1984.3.25

 

САХИУСНААС САЛСНЫ ГАЙ

1970-аад оны үед Баянхонгорын Баацагаан суманд эр эм хоёр малчин байлаа. Эм нь хэдэн хүүхэд гаргасан боловч нэг нь ч амьдарч өсөж чадсангүй, нялхдаа нас баржээ. Тэгээд одоо эхнэр нь жирэмсэн болоод тэр хүүхдээ хүн болгох гэж нэг мэргэн өвгөнд хадаг мөнгө өгч гуйсан гэнэ. Тэгэхлээр тэр өвгөн төлөг үзээд “Үүнийг хүүхдээ гарахлаар хүзүүнд нь зүүж өг. Үүнээс салж болохгүй” гэж хэлээд нэг зангиа тарнидаж өгсөн гэнэ. Тэр эр эм хоёр хүүхдээ гарахлаар хүзүүнд нь өвгөний өгсөн зангиаг зүүж өгөөд ердөө авдаггүй байжээ. Хүүхэд нь мэнд сайн дөрөв таван нас хүрчээ.

Тэгж байтал тэр хүүхэд нь жаахан ханиад хүрчээ. Аав нь хүүхдээ аваад аймгийн төвд очиж эмчид үзүүлэх болж гэнэ. Хүүхэд зангиатай байх нь эвгүй гэж бодоод зангиаг авч өвөртлөөд хүүхдээ эмчид үзүүлжээ. Эмч эм тан бичиж өгсөн гэнэ. Тэр хүн, хүүхдээ авч гараад аптекад очиж эм аваад шуудангийн машин Баацагаан суманд явах гэж байхлаар түүнд хүүхдээ аваад сууж гэнэ.

Тэгээд шуудангийн машин дүүрэн /хүн/ ачаад нэлээд олон хүн суулгасан Баацагаан сумыг чиглээд хөдөлж гэнэ. Бартаагүй газар, шулуун сайхан замаар явж байж гэнэ. Тэр машин дээр энэ зүйлийг ярьсан Баасанжав хүү явж байж гэнэ. Машин дээр хүмүүс айсан байдалтай гэдэргээ хараад байхлаар Баасанжав хойш харж гэнэ. Тэгсэн чинь машины араас тал биетэй сэгсгэр үстэй хүн шиг нэг муухай амьтан хөөж яваа харагджээ. Суусан хүмүүсийн дотроос шашны ном мэддэг нь тэр номоо уншиж, ном мэддэггүй нь хоёр гараараа нүүрээ таглаад сууж байжээ. Тэр муухай амьтан машины араас цоройн машин дээр гарч ирэв. Баасанжавыг харсаар байтал тэр муухай амьтан өнөөх таван настай хүүг шүүрч аваад гадагш хаяв. Тэгээд тэр хачин амьтан алга болов. Машин дээрх хүмүүс бүгдээр бууж үзвэл тэр хүүхэд бяцарч үхсэн байв.

Сүүлд нь цагдаа ирж байцааж үзээд жолоочийг шийтгэх болов. Машинаа донсолгож хүүхэд унагаж үхүүлсэн гэж жолоочийг яллав. Хэдэн хүн, машин донслоогүй гэж гэрчлэв. Хэдэн хүн, муухай амьтан авирч ирээд хүүхдийг аваад шидсэн гэж гэрчлэв. Шүүхийн дарга нар: “Та нар битгий шашин шүтлэгээр ардыг мунхруулаад бай! “ гэж тэднийг зандраад тэдний мэдүүлэг гэрчилгээг огт хайхарсангүй, жолоочийг хэдэн жил шоронд суулгахаар шийтгэв. Үхсэн хүүгийн эцэг “Гомдолгүй” гэж хэлсэн боловч бас хайхарсангүй гэдэг.

Үхсэн хүүгийн эцэг сүүлд хүнд ярьж байхыг Баасанжав сонссон байна. Түүний ярьсан нь: “Би хүүгээ эмнэлэгт үзүүлэхдээ зангиаг авч өвөртөлсөн юм. Дараа нь машин суухдаа зангиаг хүүдээ зүүж өгөхийг мартсан юм. Миний хүү зангиагүй явсан учраас чөтгөрт алгадуулсан” гэж харамсан ярьж байв.

Цэрэг Баасанжавын ярьсныг оюутан Жанлав над дам ярив.

1984.3.25

 

БАЯНХОНГОРЫН БААЦАГААНД БОЛСОН ХЭРЭГ

Баасанжав гэдэг залуу цэрэг Зүүн хязгаарт очоод нөхөддөө ярьсан юм. Би арваад настай нэг үдэш гаднаа тоглож байв. Эх нь, мөн зэргэлдээ байгаа хэдэн эхнэр хүүхнүүд үнээгээ саацгааж байв. Нэг харвал хэдэн гэрийн зүүн захын гэрийн гадна нэг цагаан морьтой хүн ирээд морио тушиж орхиод гэрт ороод явчив. Тэднийд хүн ирж байгаа юм байна гэж бодоод онц анхаарсан ч үгүй. Жаахан байзнаж байтал тэр гэрийн тооноор нэг муур гараад явчив. Цагаан морьтой хүн ч алга болчихов. Тэр гэрийн /эзэгтэй/ үнээгээ сааж дуусаад гэртээ орж гэрэл ноцоогоод уйлж бархирч гарав. Тэгсэн чинь тэдний гэрт унтаж байсан таван настай хүүхэд үхсэн байжээ. Тэр хүүхэд нь уг нь эв эрүүл байсан юм. Яав ийв гээд авгайчууд гайхацгаав. Би цагаан морьтой /хүн/ танай гэрт орсон, сүүлд нь муур тооноор гараад явчсан гэж хэлэв. Тэгэхэд тэр морьтой хүн, муур хоёрыг надаас өөр нэг ч хүн хараагүй байсан. Эрлэгийн элч ирээд хүүхдийг үхүүлсэн байх гэж настай хүмүүс сүүлд нь тайлбарлаж ярьж байсан. Хэрэв тэр цагаан дээлтэй хүн чөтгөр байсан юм болбол би тийм нэг чөтгөр үзсэн дээ.

Баасанжавын ярьсныг оюутан Жанлав над дам ярив.

1984.3.25

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]