Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Альпийн нуруунд болсон аймшигт осолУншсан17,697

Эверест-Жомолунгма оргилд гарах гэсэн хүмүүсийн асар урт дараалал үхлийн бүс буюу 7500 метрийн өндөрт бий болсноор одоогоор 10 гаруй (5-р сарын 30) хүн амиа алдаад байгаа тухай мэдээ энд тэнд харагдана.

Нийтлэлч Чалчаа саарал.

Эверест-Жомолунгма оргилд гарах гэсэн хүмүүсийн асар урт дараалал үхлийн бүс буюу 7500 метрийн өндөрт  бий болсноор одоогоор 10 гаруй (5-р сарын 30) хүн амиа алдаад байгаа тухай мэдээ энд тэнд харагдана. Энэ харамсалтай мэдээг харж байхад аливаа өндөр уулын оргилыг эзлэх, түүн дээр гарах  гэсэн хүмүүсийн тэр “тэнэг” боловч агуу зорилго, үйл хэргийн  харамсалтай олон төгсгөл санаанд орж байна.

Northwand (North Face гэх нь ч бий. Ийм нэртэй олон уул бий) буюу хойд талын ханан хад гэсэн утгатай нэр бүхий уул Альпийн нуруунд бий. Энэ оргилын нэр нь Айгер (Eiger). Өөр нэгэн алдарт оргил болох Юнгфрау оргилтой зэрэгцэн байх оргилын өндөр нь ердөө л 3967 метр. Гималайн нурууны 8000 давсан хайрхнуудын хажууд жижигхэн дов гэмээр энэ уул нь олон зоригт уулчны амийг авч одсоноороо алдартай билээ. Википедиад бичсэнээр бол 1935 оноос хойш энэ уулын оройд гарах гэсэн 64 уулчин амиа алдаад байгаа юм байна.

Энэ удаа Айгерийн оргилд хамгийн хэцүү буюу урд өмнө хүн гарч байгаагүй хойд талаас, эгц хадан хясаа бүхий талаас нь гарах гэсэн Герман Австрийн нэгэн багийнхны үхлийн тухай ярих гэсэн юм.

Тони Курц

1936 он. Удахгүй болох олимпийн тоглолтын өмнө Герман үндэстэн, тэдний холбоотнуудын урам зоригийг сэргээх чухал ялалт хэрэгтэй тийм цаг үе байлаа. Ийм чухал ялалт олон жил хойд талаас нь гарч чадаагүй Айгер оргилд гарах явдал байж болно гэж Гитлерийн Германы суртал нэвтрүүлгийн баг үзэж байв. Уулын оргилд гарах цаг үе ч сайхан таарч байсан учир олон улс орны уулчид 6 дугаар сарын эхээр энэ уулын бэлд цугларсан байлаа.  Айгер оргилд  хойд талаас нь гарах гэсэн Германы хоёр уулчин болох Тони Курц, Андреас Хиндерштоссер  нар авиралт хийж эхэлж байх үедээ хуучин таних боловч жаахан таарамж муутай Австрийн хоёр уулчин мөн адил маршрутаар оргилд гарах гэж байгаатай таарсан байна. Хэсэг ярилцсаны дараа хамтарч нэгэн баг болон цаашаа авирах нь зөв гэж шийдэн авиралтаа үргэлжлүүллээ. Ингэж явсаар Улаан хад хэмээх хамгийн хэцүү хэсэгт хүрч ирсэн бөгөөд 30 гаруй метрийн өндөр бараг л тэв тэгшхэн хадан ханыг давах хэрэгтэй болж хаданд авирахдаа хамгийн сайн Андреас Хиндерштоссер  зүтгэсээр байж даван олс дээсээ бэхэлж чадсан байна. Үүний тусламжтайгаар багийн бусад гишүүд дээш авирч хадан ханаа давсан бөгөөд цаашид хэрэг болж магадгүй гэж олсоо авчээ. (Энэ үед олон баг Айгерт хойд талаас гарах гэж байсан бөгөөд магадгүй өөрийнх нь олс дээсийг өөр багууд ашиглаж оргилд гарч магадгүй гэж айснаас авсан байж ч магадгүй юм)

Андреас Хиндерштоссер 

Баг дээшилсээр байх үед нарны тусгалд мөс хайлж энд тэндээс чулуу унаж эхэллээ. Энэ бол Айгерийн зан. Битүү манан будантай байснаа гэв гэнэт л нар гарч мөс нь хайлан чулуугаар бороо оруулж эхлэх бөгөөд 5 минутын дараа бороо цасаар шуурах нь энгийн үзэгдэл. Иймэрхүү чулуун борооны үед Австрийн уулчин Вилли Ангерер чулуунд цохиулж гэмтлээ.  Багийнхан тэндээ хонож, гэмтсэн нөхөртөө чадах чинээгээрээ анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд өглөө болоход бүгд л дээшээ зүтгэсэн чигээрээ. Уг нь оргил хүрэх тун жаахан үлдсэн байсан боловч Ангерерийн бие муудаж ухаан алдаж эхэлснээс буухаас өөр аргагүй байдалд хүрэв.  

Уруудсаар өнөөх арай чүү гэж давсан хадан хана хүрээд энэ талаас олс бэхэлж зүүн буух ямар ч боломжгүй гэдгийг гэнэт мэдсэн байна. Хуучин олс нь байсан бол нэг нэгээрээ бэхэлгээтэй олсны тусламжтайгаар цуваад буухад ядах юмгүй боловч олс байхгүй ийм үед хадны дээд хэсэгт ганц олс бэхлэн түүнээсээ бүгдээрээ зүүгдэж буухаас өөр аргагүй боллоо. Цаг агаар огцом өөрчлөгдөж цас бороо холилдож эхэлсэн бөгөөд харагдах орчин гэж үгүй болж энд тэнд цас нуран байх байх дуу л сонсогдоно.

Ингээд олсноосоо дүүжлэгдэн буухад бэлтгэн, Хилдерштроссер сүүлчийн бэхэлгээг хийж байсан бөгөөд энэ үед гэнэт дээрээс цас нурж бэхэлгээгүй байсан Хилдерштроссер хад руу хальж нөгөө гурав нь дүүжлэгдэн үлдсэн байна. Австрийн Эдуард Райнер хамгийн дээр нь байх боловч дороос нь зүүгдэх хоёр хүний жингээр олс цээжийг нь бяц дарснаас нэгэнт үхсэн байлаа.  Хамгийн дор байсан Вилли Ангерер ч бас үхсэн бол харин дунд нь байх Тони Курц амьд.

Аврах багийнхан тэр даруй хөдөлж үйл явдал болсон газар очсон боловч яаж ч чадалгүй байсаар шөнө болгоод буцлаа. Өглөө эргэн ирэхэд Тони амьд хэвээрээ төдийгүй өөрийн зүүгдэж байсан олсыг өөрийнхөө доогуур тас огтолж хаяад (Ангерерийн цогцсыг доош хаясан) өөрөө дээшилж Райнер дээр хүрсэн байв. Тэрээр өөрт үлдсэн жаахан олсыг задалж аврагчид хүрэх хэмжээний нарийхан дээс хийх гэж оролдож байсан бөгөөд 6 цагийн турш, баруун гар нь хөлдөж ажиллагаагүй болсон байсан ч хийх гэсэн юмаа хийж аврагчдад дээсээ хаяж өглөө. Аврах багийнхан нэгэнт дээсний үзүүрийг бариад авсан хойно түүнийхээ үзүүрт жинхэнэ олс уяад Тони түүнийг нь буцааж татсаар өөрийн зүүгдэж буй олстой уяж буух боломжтой болох бөгөөд хүн болгон л Тони аврагдлаа гэж бодож байв. Аврагчдын авчирсан олс хэрэгтэй хэмжээнээс арай богино байсан учраас аврагчид хоёр олсыг холбож уртасгасан байсан нь аймшигтай алдаа байжээ. Олс холбосон тэр хэсэг карабины дотор багтахгүй  гацлаа. Олс наашаа ч үгүй цаашаа ч үгүй...

Энэ айхтар явдлын нэг онцлог бол: Гималай болон бусад өндөр оргилуудын оргилд гарах гэж явсан хүн хаа хол тэр уулынхаа хавьд үхэж үрэгдсэн тухай л жирийн хүмүүс сонсохоос биш үзэж харж мэдэх боломжгүй. (цуг байсан уулчдыг тооцохгүйгээр) 

Харин Айгерийн бэлд амралт сувиллын маш том төв байрлах бөгөөд жижиг хотын хэмжээтэй газар. Тэнд байгаа бүх хүмүүс Айгерт болж байгаа аймшигт явдлыг яг л дороос нь эхнээс дуустал харна. 

Аврах ажиллагаа ч гэсэн бас өвөрмөц. Уулын нүхэлж гаргасан туннелийн дагуу галт тэрэг явах бөгөөд энэ хонгилын нэгэн үзүүрийг  яг  тэрхүү аймшигт эгц босоо хаданд гаргасан байдаг байна. Аврагчид хэргийн газар очиход ямар ч саадгүй тун хурдан очих боловч сүүлчийн тэр хэдхэн метр газрыг туулан олс хүргээд өгчих ямар ч боломж үгүй.

Хөлдөж тамирдсан, баруун гар нь бараг ажиллахгүй болж, бүтэн өдөр шөнөжин дүүжлэгдсэн Тони тэр гацааг гаргах гэж эцсээ хүртэл үзсэн боловч чадсангүй. Ойрхон байх аврагчид түүний “одоо чадахгүй нь, чадал хүрэхгүй нь...“ хэмээн хэлэхийг сонссон байна. Энэ үгээ хэлснээс хойш хэдхэн минутын дараа Тони амьсгал хураажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]