Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ерөнхий сайд П.Гэндэнгийн сүүлчийн үгсУншсан6,223

Ардын хувьсгалт Монгол Улсын удирдлагад олон жил болсон П.Гэндэнгийн үзэл санаа социализмын загварт харшилсан учир түүнийг Зөвлөлтийн удирдлагууд буруутгах болсон юм.

П.Гэндэн 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын  тэргүүлэгчдийн дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, МҮЭ-ийн Төв товчооны дарга, Улсын банкны Ерөнхий хорооны даргын ажлыг хавсран 12 жил Монгол Улсын төр засгийн удирдах албыг хашиж байжээ.

Түүхчдийн бичсэнээр төрд ажиллах 12 жилийн хугацаандаа Сталинтай 11 удаа уулзахад бодлогын чанартай чухал асуудлуудыг ярилцсан гэдэг.  Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг ил далд, удаа дараа анхааруулж хэлсэн байдаг.

1934 онд Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд болсон нэгэн зоогийн үеэр Сталин “Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” гэж хэлэхэд Гэндэн “Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм“ гэж хариу барьсан тухай уулзалтад оролцсон хүмүүсийн дурсамж яриа байдаг ч тэр үеийн протоколд тэмдэглэгдээгүй. Мөн Гэндэн Оросын удирдагч И.В.Сталинг алгадсан, гаансыг нь авч чулуудсан тухай Лхагваа гуайн “Сталинг алгадсан хүн” номонд дурджээ.

Ардын хувьсгалт Монгол Улсын удирдлагад олон жил болсон П.Гэндэнгийн үзэл санаа социализмын загварт харшилсан учир түүнийг Зөвлөлтийн удирдлагууд буруутгах болсон юм. П.Гэндэн "Баяжихтун” лоозун дэвшүүлж, "Нам бол захиргаадалтын хүч биш улс төрийн жолоодогч байх ёстой" хэмээх санаачилга гаргаж, лам нарыг хоморголох талаар Сталины өгсөн даалгаврыг биелүүлээгүй зэргээр Зөвлөлтийн удирдагчдад ад болж байсан тул 1936 онд албан тушаалаас нь буулган гэр бүлийнх нь хамтаар амраах, сувилах нэрийдлээр ЗХУ-д явуулжээ. Улмаар жил гаруйн дараа 1937 оны наадмаар эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулган баривчилж, арваннэгдүгээр сарын 26-нд буюу анхны Үндсэн хууль баталсан өдрийн ойгоор хойд хөршид дээд хэмжээ гүйцэтгэжээ.

Ийнхүү баригдахаасаа сар гаруйн өмнө буюу 1937 оны 6 сарын 14-нд П.Гэндэн өөрийнх нь албан үүргийг хүлээн авсан Ерөнхий сайд А.Амарт захидал бичсэн ажээ.

Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд хүндэт нөхөр Амар таны энэ завсрын амрыг эрээд өчүүхэн миний бие та бүхний гүн хамгаалал ба Холбоот Улсын гайхамшигтай өршөөлөөр хязгаар нь үзэгдэхгүй хар далайн захад ямарч гачигдалгүй хуучин хэвээр гэр бүлийн хамт сууж байгааг сонсгохын ялдамд таны улс төрийн их хэрэг ба бие лагшин хийгээд өрх хотлоор туйлын бат энх төвшин хөгжиж буй бизээ.

Өчүүхэн мунхаг би дөчин хэдэн жил оршсон зах хязгаар нь үзэгдэхгүй их шар тал нутаг ба сэргэлэн шар нар, салхины цэвэр амьсгал болон мөн элэг махны садан салбар хийгээд та их баригчид удирдагчдаас ёслон салсаар нэгэн жил хагас болов.

Энэ жил хагасын дотор хоцрогдсон үхээнц дорой би өөрийн орон нутаг ба ах дүү нар хийгээд малын үнэр, аргалын утаа зэргийг үргэлжлэн сэтгэл санаанаас гарахгүй өдөр шөнийн зүүд бодол болон байх юм.

Намайг эргэж албан тушаал горилж байна гэж битгий бодоорой. Намайг анх явуулахдаа нэг жилийн хугацаагаар гэсэн боловч одоо жил хагас болоод байна. Буцая гэхээр буцаахгүй гэх юм. Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна. Амралтад сууж буй би байтугай ял хэрэгт холбогдсон хүн ч халдаж үйлдсэн тогтоол тушаалыг сонсохыг хүсдэг, сонсох ч ёстой хэмээн ойлгож явдаг юм.

Ёслогч гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөн” гэжээ.

П.Гэндэнг хэлмэгдсэн гэж үзэж ЗХУ-д 1962 онд цагаатгажээ. Түүний охин 1985 оны үед М.Горбачёвт захидал бичсэний дараа П.Гэндэнг цагаатгасан тухай бичиг Монголд 1987 онд ирсэн байна.

Дашрамд дурдахад 1920-иод оны сүүлээр (1928, 1929) цас ихтэй өвөл Өвөрхангай руу явах замдаа П.Гэндэн машинтайгаа онхолдсон, түүнчлэн 1933 оны нэгдүгээр сард Москва орохоор Улаан-Үдээс галт тэргээр явахдаа галт тэрэгний осолд орж байжээ. Энэ хоёр ослын уршгаар П.Гэндэнгийн баруун хөлний түнх мултарч, эдгэршгүйгээр хазгар болсон байжээ. Галт тэрэгний ослыг хардах үндэс байж болох ч тухайн үед Монголд сууж байсан Оросын томоохон албан тушаалын төлөөлөгч “Осол гарсанд Зөвлөлт Засагт бус Японд гоморхох хэрэгтэй. Сибирьт галт тэрэгний осол гарч байгаа нь япончуудын тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой” хэмээн тайлбарласан байдаг аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]