Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Саддам Хусейн Кувейт руу халдан довтолсон шалтгаанУншсан19,056

Элчин сайд нь зүгээр л нэг ээлж өнгөрөөх үг хэлсэн нь Америкийн гадаад бодлоготой ийм ихээр зөрсөн байна гэж үгүй л байж таараа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1990 онд Садам Хусейны цэргүүд Кувейтын нутаг дэвсгэрт нэвтэрч орсноор Ойрхи Дорнодод одоо хүртэл үргэлжилж байгаа хямралын эхийг тавьсан гэдэг. Иракийн арми Кувейтын нутагт халдан орж АНУ болон түүний холбоотнуудын “уурыг“ хүргэн улмаар салам цохиулан Кувейтээс хөөгдөн гарч, бүр дараа нь Саддам дүүжлүүрийн шонд өлгүүлж үгүй болсон түүхийг энэ удаа яриад яахав. Харин яагаад Саддам Хусейн ийм хачин юм хийв ээ? АНУ болон бусад барууны улс орнууд нь Ирак Кувейт руу түрэмгийлэн орсон энэ үйлдлийнх нь эсрэг ийм хатуу, өөрийнх амь насанд ч халтай байх үр дагавартай үйлдэл хийх магадлалтай, боломжтой гэдгийг бодоогүй, тооцоогүй тийм тэнэг эр байсан юм гэж үү? Юу л бол.

Кувейт улс 1961 онд тусгаар тогтносон боловч иракчууд энэ нутгийг өөрийн нэг хэсэг гэж үздэг байлаа. Хууль бусаар тасдуулсан, алдагдсан энэ нутгаа авна гэж тэр үед эсэргүүцэж үзсэн боловч Их Британи тэргүүтэй улс цэрэг зэвсгийн хүчээр айлгаж байсан учир яаж ч чадсангүй.

Цаг хугацаа явсаар удалгүй Иран улсад исламын хувьсгал гарч АНУ-ын эсрэг үзэл бодолтой Ойрхи Дорнод дахь нэг хүчирхэг улс шинээр бий болсон үед Ирак нь Ираны эсрэг тулах Америкийн гол холбоотон болж хувирсан юм.  Америкчуудын түлхээсээр тэр үү ямар ч байсан гэв гэнэт Иран - Иракийн газар нутгийн маргаан маш эрчтэй болж муудалцсаар 1980 оны 9-р сард Иракийн арми Ираны нутагт цөмрөн орж олон хүний аминд хүрч, найман жилийн турш үргэлжилсэн Иран - Иракийн дайн эхэлсэн билээ. Америкчууд өөрийн гол холбоотон болсон Саддам Хусейнд зэвсэг техник нийлүүлж, тагнуулын мэдээгээр хангаж, их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож байсан ба хамгийн сонирхолтой нь химийн зэвсэг хийхэд хэрэг болох материал технологийг нийлүүлж байсан явдал юм. Дараа нь чухам ийм химийн зэвсэгтэй гэж Саддам маань буруудсан бөгөөд буруутган алсан улс нь АНУ гэдэг нэг хачин явдлыг энэ удаа дурдаад л өнгөрье.

Ирантай хийсэн энэ дайнаар Ирак улс ихээхэн доройтож эдийн засаг, иргэдийн амьдралын төвшин нь уруудаж, гадаад дотоодын улс орноос авсан олон тэрбум долларын өрийн дарамт нь бүр нэрмэж байлаа. Байдал энэ хэвээрээ бол удахгүй Хусейны суудал ч ганхаж мэдэхээр. Улс орны дотоод байдал муудан тогтворгүй болох үед гадаад байдал хурцдах хэрэгтэй болдог үе гэж бий. Дахиад Ирантай дайтах гэж үү? Үгүй ээ одоо ийм дайныг Ирак улс дийлэхгүй. Харин...

Иран - Иракийн дайны үеэр Кувейт улс нь АНУ-ын холбоотны хувиар, Ираны нөлөөлөл нэмэгдэхээс айж байсан учир Иракийн талд байж 15 тэрбум орчим долларын зээлийг Саддамд өгчээ. Дайн дуусаад нэг их удалгүй Ирак - Кувейтын харилцаа хурцдаж эхэллээ. Кувейтын нефтийн компаниуд Иракийн нефтийг хулгайгаар олборлож байсан тухай Саддам сануулж, энэ бүхнийхээ төлөө бүх зээлийн өрийг хүчингүй болгох, дээр нь нөхөн төлбөр болгож 3 тэрбум орчим доллар шаардаж байсан бөгөөд хэрүүлийн алим болсон тэрхүү нефтийн орд нь үнэхээр Иракийн нутагт байсан гэдэг. Кувейтчүүд налуу өрөмдөх шинэ технологи ашиглан Иракийн газар нутагт байх нефтийг олборлодог гэж Саддам уурлана. Дашрамд хэлэхэд Кувейтын энэ мундаг технологийг АНУ-д бий болгож,  нийлүүлж байсан юм. 

Кувейт гэдэг бол АНУ-ын Ойрхи Дорнод дахь хамгийн чухал түншийн нэг гэдгийг Саддам мэдэхийн сайнаар мэднэ. Гэхдээ АНУ нь Ирак улс Кувейт хоёрын хоорондох маргаанд оролцохгүй гэсэн итгэл Саддамд бий болсон байжээ. Найман жилийн дайны турш АНУ-тай хамт байсан, тэдний тусламжийг асар ихээр авч байсан учраас ч ингэж бодсон юм биш. 1985 оны 7-р сарын 25-нд Саддам Хусейн АНУ-ын Ирак дахь Элчин сайд Эйприл Глэпситэй (April Catherine Glaspie) уулзахдаа Кувейттэй муудалцаж байгаа шалтгааны тухай болон маргааныг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэхээс өөр аргагүй болсон тухай, ийм нөхцөлд АНУ ямар бодлого баримтлах тухай бараг шууд үгээр асуусан гэдэг. АНУ-ын Элчин сайдын хариулт нь “АНУ-ын Ерөнхийлөгчөөс надад Ирактай харилцах харилцааг сайжруулах даалгавар, заавар өгсөн байгаа. Бидний хувьд арабуудын хоорондын маргааны тухай буюу Ирак улс Кувейтын хоорондох хилийн маргааны тухай ямар нэг үзэл бодол алга. Энэ сэдэв бол АНУ-д хамаагүй юм“ гэсэн зүйл байжээ. Дипломат байтугай энгийн үгээр ч энэ нь юу гэсэн үг болох нь ойлгомжтой.

Саддам Хусейн Кувейт рүү дайрч орж болно гэсэн “зөвшөөрөл” авсан гэж ойлголоо.

Иракийн арми Кувейтын нутаг руу орох үед АНУ-ын удирдлага ямар айхтар шийдэмгийгээр Саддам Хусейныг буруутгаж Кувейтыг чөлөөлөх олон улсын нэгдсэн ажиллагаа болох “Цөлийн шуурга“-ыг зохион байгуулан Иракийн армийг бут цохисон зэргийг бодохоор АНУ-ын Элчин сайдын хэлсэн дээрх үгтэй огт нийцэмгүй. Элчин сайд нь зүгээр л нэг ээлж өнгөрөөх үг хэлсэн нь Америкийн гадаад бодлоготой ийм ихээр зөрсөн байна гэж үгүй л байж таараа. (Саддамыг хүний хэлсэн үг ойлгохгүй тийм тэнэг амьтан гэж бодоогүй гэж дараа нь Элчин сайд хэлсэн байдаг )

Тэгээд яагаад ийм юм болов оо гэдэг талаар олон экспертүүд янз бүрийн тайлбар хэлдгээс хамгийн үнэн байж болох зүйл нь Саддам Хусейныг урхинд оруулсан явдал гэдэг санаа юм.   

Ойрхи Дорнодод Ираны эсрэг тулж байх чадалтай улс орон юм уу, Америкийн цэргийн бааз байрлаж байх нь АНУ-д яах аргагүй хэрэгтэй байлаа. Гэхдээ шууд очоод цэргийн бааз байгуулах юм уу, Иракт улайм цайм цэргийн тусламж үзүүлэх нь Арабын ертөнцийн олон улс орны дургүйг ихээр хүргэх төдийгүй дэлхий нийтэд ч бас нэг сайхан харагдахгүй нь ойлгомжтой. Харин ямар нэг улс орны түрэмгийлэлд өртсөн Арабын улсыг хамгаалах гэж цэрэг армийг Ойрхи Дорнодод байрлуулах гэдэг бол шал өөр зүйл. Үүний баталгаа болгож “Цөлийн шуурга”-ын дараа Иракийн арми маш их хохирол амсаж, бараг сүйрч байсан боловч гүйцээлгүй амьтай голтой үлдээж, Саддам Хусейныг дахиад 12 жилийн турш  төрийн тэргүүн байхыг “зөвшөөрсөн” (хүссэн үедээ аваад хаяна гэж бодсон, хүссэн үедээ ч аваад хаясан) явдлыг зарим нэг нь сануулна. Энэ баталгаа нь хэр зөв бодитой эсэхийг мэдэхгүй ч огтын худал зүйл лав биш санагдана.

Ингэж Иракийн арми Кувейтэд халдан довтолж, түүнийг олон улсын цэргүүд бут цохин хөөн гаргасан гурван өдрийн дайн гээч зүйл болсон нь цаашдаа Ойрхи Дорнодын олон улс орны ирээдүйд одоо хүртэл нөлөөлж байгаа зүйлийн эхлэлийг тавьсан гэдэг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]