Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Афганистаны Мона Лизаг эрэн сурвалжилсан ньУншсан39,688

1985 онд National Geographic сэтгүүлийн тэргүүн нүүрэнд “Афган охин” хэмээх нэгэн зураг гарснаар ихээхэн алдаршиж XX зууны сүүлийн хагасын хамгийн алдартай фото зургийн нэгэн болж байсан түүх бий.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1985 онд National Geographic сэтгүүлийн тэргүүн нүүрэнд “Афган охин” хэмээх нэгэн зураг гарснаар ихээхэн алдаршиж XX зууны сүүлийн хагасын хамгийн алдартай фото зургийн нэгэн болж байсан түүх бий. Ер бусын өвөрмөц харц, дайн дажны хөлд зовж шаналан яваа, амьдралын хатуу нугачаанд дарагдан буй уг охины зураг Афганистан улсад өрнөж байсан олон дайны нэгэн нүүр царай болж байж билээ. Гэхдээ энэ зургийн эзэн нь чухам хэн гээч хүн болох тухай ямар ч мэдээлэл тухайн үед гараагүй бөгөөд уг зургийг авсан фото сурвалжлагч нь ч зураг дээрх охиныг нэр усыг нь мэдэж чадалгүй өнгөрсөн байна. Ийм байдлаас болоод зарим хүн энэ зургийг “Афганистаны Мона Лиза” гэж ч нэрлэдэг байлаа.

Гэрэл зурагчин Стив Маккари 1984 онд Пакистан дахь афганы дүрвэгсдийн лагерийг зорин явж байхдаа нэгэн тоос шороо боссон жижиг зөрөг зам дээр энэ охинтой таарч тэр зургийг авч байж. Тэр үед бүсгүй гэрэл зургаа анх удаа авахуулж үзэж байгаагаа зурагчинд ярьсан гэдэг.

Ингээд 1985 онд дээр дурдсан сэтгүүлд уг зураг гарсны дараа өөр бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Афгантай холбоотой аливаа мэдээ, тоймдоо энэ зургийг оруулж байснаар улам бүр алдаршиж нэр нь үл мэдэгдэх охиныг дэлхий дахинаараа мэддэг болжээ. Гэрэл зурагчнаас энэ бүсгүйг олж өгөхийг гуйсан, охинд мөнгө төгрөг өгөх гэсэн, бүр эхнэрээ болгох, үрчилж авахад нь туслаач... гэсэн захиа өдөр болгон ирж байсан гэдэг.

Маккари энэ алдарт зургийнхаа эзнийг хайж олох гэж 1990-ээд онд хэд хэдэн удаа оролдон бүтэлгүйтсэн ч шантралгүй зүтгэсээр 2002 онд амжилтад хүрсэн байна. Гэхдээ энэ оролдлого маш хэцүү бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд Пакистан дахь дүрвэгсдийн лагерийн бараг л бүх эмэгтэйчүүд “Энэ зургийн эзэн нь би байна” гэж зүтгэж байсан нь эрлийг улам бүр будлиулж байсан гэдэг. National Geographic-ийн баг, Маккари нар эрэн хайж сурвалжилсаар Афган дахь ууланд уг бүсгүй байж магадгүй гэсэн сургаар мөрдсөөр нэгэн бүсгүйг олж авчээ. Бүсгүйн өнөөгийн болон өмнөх зургийг Вашингтон дахь Холбооны Мөрдөх товчооны шинжээчдэд явуулж байж 1984 оны алдарт зургийн эзнийг олсноо мэдсэн буюу “Афганы Мона Лиза” нь Шарбат Гула нэртэй эмэгтэй болохыг мэдэж авчээ.

Шарбат Гула 1992 онд Афганистанд буцан ирэхдээ өөрийнх нь зураг дэлхий дахинаар тархаж алдаршиж байгаа тухай огт мэдсэнгүй төдийгүй өөрийнхөө зургийг ч хараагүй байв. 17 жилийн дараа уулзсан зурагчин бүсгүй хоёр удаан ярилцаж суусан боловч энэ эмэгтэй яагаад өөрийнх нь зураг тэгж их айхтар алдаршиж, тухайн үеийн Афганы амьдралын нүүр царай болсон гэдгийг огт ойлгож чадахгүй байсан юм гэнэ лээ. Тэр үед энэ эмэгтэй шашин шүтлэгт гүн автсан, дөрвөн охин төрүүлсэн ч гурав нь л мэнд үлдсэн, үргэлжийн дайн дажны хөлөөс зугтсан, дутагдаж гачигдсан зовлон үзсэн эмэгтэй болсон байв. Тэрээр амьдралдаа ганц л удаа аз жаргал гэдгийг үзсэн нь хүний эхнэр болж байх үеийнх нь хуримын ёслол байсан гэдэг.

Зурагчин бүсгүй хоёр маань дахин уулзалдсаны дараа хоёр дахь зургаа авахуулахаар тохирлоо. Нөхөр нь хижабыг нь тайлж зураг авахуулахыг зөвшөөрсөн нь ёстой л итгэмээргүй зүйл байж. Энэ зураг мөн л дэлхий дахинд тарсан ба дайны хөлд үрэгдэж явсан ч цэл залуугаараа байгаа охины зураг, өнөөгийн тэр эмэгтэйн зураг хоёр дэндүү ялгаатай байв. Энэ хоёр нэг хүн мөн үү гэж хэн хүнгүй дуу алдахаар хоёр дахь зураг нь өмнөх шигээ алдаршаагүй ч дайны аймшиг, түүнд өртөн сүйрч байгаа амьдралыг харуулсан бас нэг мундаг зураг болсон юм.

Он жилүүд өнгөрсөөр. Дэлхий дахины танил болсон бүсгүй маань одоо хаана яаж амьдарч байгаа тухай дахин сонирхож үзэхэд “хорвоо хүний зовлонд цадах болоогүй” л бололтой.

Талибаны засаглалын үеэр Шарбат дахиад л нутгаасаа дайжин Пакистаны дүрвэгсдийн лагерьт очсон ба удалгүй Пакистан Афганы дүрвэгсдийг яаралтай буцах хатуу хугацаа тогтоож, энэ хугацаанд гарч яваагүй хүмүүсийг баривчлан хорих болсон гэдгээ зарласан байжээ. Тэрээр нутагтаа эргэн очих гэсэн боловч төрсөн нутаг ус нь Исламын улс бүлэглэлийн гарт орсон гэдгийг сонсоод явж чадаагүй ба очих газаргүй болсон бүсгүй аргаа барахдаа 2016 онд Пакистаны иргэн болох гэж оролдож, хуурамч бичиг баримт ашиглаж үзээд бүтэлгүйтэж шоронд орохдоо тулсан байна. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байснаар бол энэ эмэгтэй 1000-5000 долларын торгууль төлөх, төлж чадахгүй бол 7-18 жил шоронд хоригдох дээрээ  тулж байж. Ийм мөнгө түүнд хаанаас байх билээ.

New York Times нь Шарбат Гулагийн баригдаад байцаагдаж байх үеийн зургийг олж авснаа нийтлэхэд өчнөөн зовлон үзсэн эмэгтэйн нүд яг л өнөөх ер бусын харцыг цацруулсан хэвээр.

Хамгийн сүүлийн мэдээгээр Шарбат Гулаг Афганистанд шилжүүлэн өгсөн, Афганы засаг захиргаа Кабул хотод байр өгсөн гэх боловч зарим мэдээгээр бүсгүй хаана амьдарч байгаа тухай ямарваа нэг мэдээлэл байхгүй, амьд эсэх нь ч мэдэгдэхгүй байгаа юм гэнэ.

Дайн дажны хөлд үрэгдэж яваа бүсгүйн амьдрал хаашаа эргэхийг дэлхий дахинаар харсаар.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]