1968 оны 1-р сарын 22-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Чон Хиг буудаж алах гэсэн Умард Солонгосын тусгай албаныхан цагдаагийнхантай буудалцсаар үхэж дуусаж байв. Яг энэ үеэр арай хойгуур нутгаар АНУ-ын "Пуэбло" хэмээх жирийн эрдэм шинжилгээний онгоц шиг гадаад төрхтэй боловч дотроо хамгийн орчин үеийн компьютер болсон тагнуулын хөлөг онгоц Хойд Солонгосын усан хилд дөхөж ирсэн байна.
Энэ өдөр цаг агаар тааруухан, манан будан татсан өдөр байсан бөгөөд Америкийн тагнуулын хөлөг онгоцыг хоёр жижиг хурдан завь ажиглан дагасаар байлаа. "Пуэбло" юу ч болоогүй юм шиг Хойд Солонгосын эрэг орчмын газраар хил давчихалгүй шиг хэрэн хэсэж радио долгионыг барьж шүүсээр.
Гэтэл 23-ны өдөр хамаг юм эхэллээ. Өглөөний 11 цагийн үед ойртож ирсэн Хойд Солонгосын байлдааны зориулалт бүхий жижиг завь "Пуабло"-г хаанахын ямар улсын хөлөг болохоо мэдэгдэхийг шаардсан байна. Америкчууд ч яаран сандран далбаагаа мандуулсан ба энэ үедээ ийм далбаатай Америкийн усан онгоцыг Израйлийн байлдааны онгоц, хурдан завь яаж шүүрэн шанага болгосон саяхны түүх санаанд нь орсон л байж таараа. Гэхдээ солонгосчуудын цаана ЗХУ бий. ЗХУ өөрийн усан хилийн ойролцоо яваа онгоцонд бас л дургүй боловч тэд хил давах хүртэл тэвчээр гаргаж ямар нэг аюул занал учруулдаггүй. Солонгосчууд ч гэсэн тэгэх байх.
Солонгосчууд "Пуэбло"-г хурдаа сааруулж зогсохыг шаардан, шаардлага биелүүлэхгүй бол гал нээнэ гэв. "Пуэбло" ч зогсохгүй, цаг хожих гэж мэрийнэ. Жижиг завь дээр нэмэгдэн торпед харвах завь нэмэгдсэн бөгөөд тэд одоо пулемёт болон хөнгөн их буугаар буудаж эхэллээ. "Пуэбло"-д хоёр ширхэг 12,7 мм-ийн пулемёт байсан боловч хөлгийн ахмад Бучер тэрийг ашиглах гэж бодсонгүй, бүр боолтыг нь ч аваагүй ба юун түрүүн SOS дохио илгээж Америкийн ойр байх онгоц тээгчээс тусламж хүслээ. Хүслээ ч гэж зогсоо зайгүй тусламж шаардсан дохио явуулж байв.
Солонгосын тал одоо 57 мм-ийн их буугаар буудаж эхлэх үед яах ч аргагүй болсон "Пуэбло"-гийн ахмад өөрийн байгаа байрлалаа дахин шалгаж үзэхэд Солонгосын хилээс 15 миль буюу БНАСАУ-ын усан хилээс гадна байв. Энэ үед "Пуэбло"-г дөрвөн байлдааны завь хөөн байсан бол дээрээс нь нэмэгдэж байлдааны тийрэлтэт онгоцнууд дээгүүр нь дүнгэнэж эхэллээ. Ямар ч тусламжгүй цор ганцаараа, энэ олон чононд ээрүүлж байгаа "Пуэбло"-гийн хөлгийн тавцан дээр солонгосчуудын буудсан сум тусаж нэг усан цэргийг шархдуулав. Одоо байдал нэгэнт тодорхой болсон ба ирэхгүй байгаа тусламж дуудсан радио долгион явуулахаас гадна нууц техник хэрэгслийг яаралтай устгах хэрэгтэй боллоо. Хэдэн арван тонн радио электроникийн том аппаратууд, код тайлах, унших машинууд, авдар авдраар тоологдох нууц баримт сэлт, Хойд Солонгосын болон ЗХУ-ын цэргийн радио холбооны олон зуун мянган кассет, лент аудио бичлэг зэргийг устгах хэрэгтэй ба "Пуэбло"-д энэ бүхнийг хийхэд гурван гал түймрийн үед хэрэглэх сүх, хоёр нууц баримт зүсэн устгах машин, бас бус тамхи татдаг нөхдүүдийн зиппо зэрэг л байв.
Хөлгийн ахмад хамгийн түрүүнд нууц бичиг баримт, аудио бичлэгүүдийг ялган авч уутанд хийгээд юун түрүүнд далайд хаяж, устгах тушаал өглөө.
Энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Америкийн 7-р флотын нисэх онгоц тээгч үйл явдал болж байгаа газраас 500 орчим милийн зайтай байв. Аюултай нөхцөлд орсон тухай "Пуэбло"-гоос мэдээ аваад Task Force 71-ын удирдагч нь жижүүрийн "Фантом"-ыг яг одоо агаарт гарч Солонгосын тэр консервын савнуудыг бяцалж хаяхыг тушаажээ. Харин ийм тушаал авсан нисэх онгоц тээгч USS Enterprise-ын дарга шилээ маажин зогсоно. Нисэх онгоц тээгч дээр байгаа онгоцны тал нь янз бүрийн үйлчилгээ засвар хийх шаардлагатай байгаа, харин жижүүрийн дөрвөн ”Фантом нь” агаар-агаар ангиллын пуужинтай байж байдаг. Тэрийг нь тайлж аваад агаар- далайн хөвөө ангиллын пуужин тавихад хамгийн багадаа 30 минут.
Өөр бусад хөлөг болох USS Higbee, USS Collet ба USS O’Bannon дэндүү хол, тусламж болгон очуулах F-105 тандерчиф төөрсөн ч юм уу, хөөрөөгүй ч юм уу таг. Ахмад Бучер удалгүй ямар ч тусламж ирэхгүй, нэмэргүй, бууж өгөхгүй л бол үхэх нь гэдгээ ойлголоо. Хөлөг онгоцыг зогсоох тушаал өгсөн бөгөөд хөлгийн цорын ганц хамгаалах зэвсэг Браунинг пулемёт боолттой чигээр. Сүүлд ахмадын хэлснээр бол энэ буутай харьцаж чадах ганцхан хүн хөлгийн тавцан дээр байсан юм гэсэн.
Зогссон хөлөг дээр Солонгосын найман усан цэрэг гарч ирэн шууд толгой дээгүүр буудан сүрийг үзүүлсэн ба тэд радиотехникийн өрөөнд хамгийн түрүүнд бууж өгсөн ахмадыг дагуулан орлоо. Өрөөний шалаар дүүрэн нууц баримт материал, аудио лент шалаар нэг тарах ба зарим нэг уут саванд хийсэн юм харагдах боловч хашлага давуулж хаясан ганц ч зүйл байгаагүй гэдэг. Тэр ч битгий хэл эвдэрсэн байх ёстой радио холбооны нууц машин нь бүрэн бүтнээрээ төдийгүй телетайп нь нууц кодоор дохиогоо өгч авсаар л ажиллаж байв. Эвддэггүй юм аа гэхэд зүгээр унтраачих хүн ч олдоогүй бололтой.
"Пуэбло"-г Вонсанд аваачсан ба Америкийн нэг усан цэрэг алагдаж, 10 хүн янз бүрийн хэмжээгээр гэмтэж шархтан нийт 82 хүн олзлогдсон байна.
Одоо дипломатуудын дайн өрнөв. Америкчууд Хойд Солонгос, түүний удирдлагыг дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн усан хилийн тухай зарчим баримтлаагүй, олон улсын бүсэд байхад нь буудсан, олзолсон тухай дэлхий даяар мэдээлж асар их хилэгнэж байгаагаа зарлаж байв. Хариуд нь солонгосчууд ингэж хэлсэн юм гэдэг. Генерал Пак Чун Гук “Солонгосын усан хил нь нөхөр Ким-ийн заасан тэр л газраар хиллэх болно. Одоо ийм бүс нь 50 миль”. Тиймээс улсын хилд халдан орсон Америкийн тагнуулын онгоцыг түрэмгийлэгч гэж үзэж байгаа, албан ёсны уучлал гуйсан цагт л "Пуэбло"-гийн багийн гишүүдийг суллах болно гэж солонгосчууд мэдэгдлээ.
Олон улсын усан хилийн тухай зарчмыг ингэж дураараа тайлбарлаж байгаа нөхдийг юу гэж хэлэх ёстойг мэдэхгүй юм. Зэрлэгүүд гэх үү юу гэх вэ. Яах вэ нэг зөвтгөж болох зүйл нь энэ олон улсын гэрээг Хойд Солонгос улс соёрхон батлаагүй явдал. Нээрээ нэмээд хэлэхэд энэ олон улсын усан хилийн тухай гэрээг бас соёрхон батлаагүй, хэрэгтэй цагтаа өөрийн хүссэнээр зөрчиж байдаг нэг улс тэр үед байсан нь АНУ.
Хэсэг хугацааны дараа "Пуэбло"-гийн ахмадын тагнуул хийсэн, хил зөрчсөн гээд муу муухай бүхнийг хийсэн тухайгаа бичсэн гэмшсэн захидал гарч ирсэн ба уг захидал нь дэндүү чухче үзэл санаа шингэсэн захиа байснаас харахад хэн бичиж бэлдсэн нь тодорхой. Харин гарын үсэг нь ахмадынх. Багийн бүх л гишүүд цаазын тавцан дээр гарах эсэх байдалд орсон үед ийм зүйл хийхээс өөр аргагүй байсныг заавал хэлэх хэрэгтэй болов уу. Ингээд 11 сарын дараа америкчууд албан ёсоор уучлал гуйж, олзлогдсон цэргүүдээ буцаан авлаа. Хөлөг онгоц Солонгост үлдсэн бөгөөд одоо музей болон байдаг юм гэсэн. Гэхдээ "Пуэбло" одоо хүртэл Америкийн тэнгисийн цэргийн байлдааны нэгж хэвээр бүртгэлтэй ба бүртгэлээс хасвал солонгосчуудад ялагдсан, бууж өгсөнтэй адил хэрэг хэмээн байлгаад байдаг юм байна. Саяхан дээрх олзлогдож байсан цэргүүд байлдааны хөлөг онгоцоо буцаан авах хэрэгтэй гэж Трампт ил захидал илгээж байна лээ.
Энэ хэрэг явдлын үр дагавар. Америк улс 160 жилийн дотор анх удаа өөрийн цэргийн зориулалттай хөлөг онгоцоо олзлуулсан нь энэ бөгөөд Англи, Герман, Япон, ЗХУ зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдэд ч ингэж ялагдаж байгаагүй. Харин нөхөр Ким их эд ээ. Америкийн тухайн үеийн хамгийн дээд зэрэглэлийн нууц аппаратууд, дохионы нууц үг ЗХУ-ын гарт орсон явдал. Үүнийг ямар нэг мөнгө, материаллаг зүйлээр тооцох арга байхгүй болов уу. Хэнд ч дийлдэшгүй гэж байсан Америкийн тэнгисийн цэргийн флотуудын үнэн нүүр царай ил гарсан байдал эндээс харагдана.
Нийтлэлч Чалчаа саарал
админ , пидда минь голтоо юум бичээрэй дээ чинийхийг олон хүн уншиж байгаа шүү
Одоо энэ онгоц Хойд Солонгосд музей болсон байдаг юм билээ зураг хөргийг нь харсан .Очвол үзэх юм шүү.
Энэ сайтын админ нь улаан коммунистуудын үр төл байдаг болтой
Сайхан мэдээлэл байна. Баярлалаа
syyldee orosiin niitleliig orchuulaad bgaam shig sanangdlaa. genet tanil ongo torkh. ivanyyd bidniig tarxiig saixan ygaadag bj bilee.
умшихаа больчооч динэг бүгэснүүдээ
unen hellee huuchin bid awdag baisan medeeleluud oros shvltureer shvgdeg baisan ym