Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван сайхан уулын домогУншсан379

Хангай нутагт шунахай ховдгоороо шулам болсон нэгэн баян байдаг байжээ. Шунахай баян дэрсхэн гурван сайхан охинтой юмсанж.

Хуучин цагт Өмнөговь аймгийн төв Даланзадгадад нэгэн хоолны газрын хойморт гурван уулын наад талд гунхсан сайхан гурван хүүхнийг бүжиглэж байгаагаар дүрсэлсэн зураг байдаг байв. Одоо чухам байгаа эсэхийг мэдэхгүй. Нутгийнхан бол андахгүй л байх. Үүнийг өгүүлэхийн учир нь говийн хүн зоны шүтээн хайрхан болсон Гурван сайхан уулын эзэн ногоон торгон дээл өмсөж цацагт цагаан тоорцог малгайгаар гоёсон гурван бүсгүйн тухай өвгөд дээдсээс уламжлан ирсэн домгийг та бүхэндээ хүүрнэх гэснийх.

Эрт дээр цагт юм гэнэ. Хангай нутагт шунахай ховдгоороо шулам болсон нэгэн баян байдаг байжээ. Шунахай баян дэрсхэн гурван сайхан охинтой юмсанж. Охид нь өсөж торнин олны хараа булаасан онцгой сайхнаараа хошуу нутагтаа гайхагдсан гоо үзэсгэлэн төгөлдөр нас бие гүйцсэн бүсгүйчүүд болоход баян аав нь охидоо хадамд гаргахаар шуурхай бэлтгэж хошуу нутагтаа баян чинээлгээрээ нэрд гарсан гурван хөгшин ноёнд гэргий болгохоор сэм тохирчихоод байгааг нэг өдөр ээж нь охидууддаа хэлчихжээ. Хүсэл хайрын жигүүрээ дэлгэж яваа тэдний онгон зүрхийг хүйтэн хөлдүү чулуугаар хайрах шиг болж хүнд хэцүү зовлон хүлээж байгааг гэнэт ойлгосон охид аав ээжээсээ нууцхан зөвлөлдөж алс холын говь нутагт очиж амьдрахаар шийдэж гэнээ.

Баяжихаас өөрийг боддоггүй аавыгаа ховдог шунахай баядад өөрсдийг нь гэргий болгож өгөхөөр болсонд хязгааргүй гомдож нэгэн шөнө гэрээсээ сэмхэн гарч хамгийн хурдан морьдоо унаж өндөр өндөр уулыг давж, өргөн өргөн говийг гатлан явж өмнийн цэлгэр говьд ирж амьдран суужээ. Алсаас ирсэн гурван сайхан бүсгүйн тухай мэдээ говь нутгийнхны дунд дорхноо тарж хамгийн захын айл өрхөд хүртэл түгжээ. Энэ үед алс зүүн зүгийн говь талаар, нутгийн баячуудын адуун сүргийг өдөр шөнөгүй манаж, хээрээр гэр хийж хэцээр дэр хийж амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт гэдэг гурван сайхан залуу өнөөх гурван сайхан охидын тухай мэдээ тэдний чихийг нэгэн адил дэлсжээ. Нэгэн удаа гурван залуу сүргийн бэлчээрт уулзаж элдвийг ярилцан хүүрнэлдэж хол нутгаас босож ирсэн хүүхнүүдийн тухай ярианд шилжжээ. Гурвуулаа тэр хүүхнүүдтэй уулзаж учрах нэгэн санаатай болохоо мэдэж цаг болзон адуун сүргийнхээ дотроос хамгийн сайхан морьдыг шилж унаад шөнийн манаанд гарах цагийг тааруулан явахаар тохиролцжээ. Түүнээс хойш орой бүр гурван залуу гурван хүүхнийд очиж хайр сэтгэлээ илчилж, ханилан сууж амьдрах тухайгаа ярилцдаг болжээ. Энэ мэт учран уулзсаар байгааг баяны даалгавартай нэгэн зарц мэдэж эдний нууц ажлыг эзэндээ ховолчихож гэнэ.

Адуун сүргийг нь эзгүйдүүлж ардаг хурдан хайртай морьдыг ээлжлэн унаж байгааг мэдсэн баяны хорсол туйлдаа хүрч адуучин гурвыг барьж ирээд арав арав банздаж, хоёр хөлд нь хүнд гинж уяж, хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгочихсон учир хайртай амрагууддаа очиж уулзахаас нэгэнт өнгөрчээ. Шархны халуун, сэтгэлийн гунигт хатсан гурван хөвгүүнийг мөрөөдсөн гурван сайхан охин аагим халуун зуны цагт аадрын ариун хураар цээжийг нь дэвтээж, хөхөө өвлийн цангинам үед хөвөн зөөлөн цасаараа хучдаг болж гэнээ. Энэ цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийн үнэнчийг илтгэн адуучин гурван хөвгүүн Өлзийт-Овоо, Цогт-Овоо, Цагаан-Овоо гэж гурван ижилхэн толгод болж мөнхөрч гэнэ.

  Говьд идээшсэн гурван сайхан хүүхэн гурван сайхан уул болон сүндэрлэж жил бүрийн дулаан урин цаг ирэнгүүт хамгийн түрүүн ногоон торгон дээлээ өмсөн гунхалдаж, улирлын сэрүүн намар цаг болонгуут цагаан эсгий тоорцгоо духлуулан гангалцгаадаг нь холоос ирэх ёстой хонгор хөвгүүдээ угтаж байгаа нь тэр гэнээ гэж нутгийн хөгшид өгүүлдэг юм.

Арц гангын анхилам үнэр ханхалсан, ариг цэнгэг булгийн ус жирэлзсэн ариун цэнгэг агаарын амт сэнгэнэсэн, аргаль янгир сүрэг сүргээр бэлчээрлэсэн Гурван сайхан уулаа нутгийнхан говийн сайхан хангай гэж нэрлэсэн нь жинхэнэ оносон нэр юм.  Говийн талархаг гадарга дээр тогтсон өндөр уулсын нэг болохоор хамгийн түрүүн хур тунадас унаж эрт зун болохын зэрэгцээ бас хамгийн анхны цас энэ уулыг хучдаг аж. Гурван сайхан уулаас зүүн тийш Цогтцэций сумын нутагт Өлзийт-Овоо, Цогт-Овоо, Цагаан-Овоо гэдэг хоорондоо нэлээд хол зайтай гурван ижилхэн толгод байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]