Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Муу сурлагатай Масаши Кишимото "Наруто"-гоор дэлхийд алдаршсан түүхУншсан1,158

Масаши Кишимото гэх хэний ч хараанд өртөхөөргүй япон залууг “Наруто” манга (комик) цуврал нь Японд төдийгүй дэлхий дахинаа алдаршуулсан юм. Өнөөг хүртэлх бүх манга бүтээлүүдээс хамгийн олон хувь хэвлэгдсэн “Наруто”-г дэл­хийн өнцөг булан бүрт сая сая хүн үздэг аж.

Масаши Кишимото гэх хэний ч хараанд өртөхөөргүй япон залууг “Наруто” манга (комик) цуврал нь Японд төдийгүй дэлхий дахинаа алдаршуулсан юм. Өнөөг хүртэлх бүх манга бүтээлүүдээс хамгийн олон хувь хэвлэгдсэн “Наруто”-г дэл­хийн өнцөг булан бүрт сая сая хүн үздэг аж. Долоо хоногт нэг шинэ анги гардаг анимэг (хүүхэлдэйн кино) үзэгчдийн дийлэнх нь өсвөр насныхан. Тэр бүү хэл насанд хүр­сэн эрчүүд хүртэл “Наруто”-гийн цув­ралыг алгасалгүй үздэг, шинэ ангийг нь тэсэн ядан хүлээдэг аж.

“Наруто”-гийн зохиолч Масаши Кишимото бага ангид байхдаа ганц сатаардаг зүйл нь тухайн үед Японд алдартай байсан “Doraemon” телевизийн шоу байжээ. “Doraemon”-ий нөлөө их байснаас тухайн үеийн япон хүүхдүүд шоуны баат­руудыг дуурайлган зурах дур­тай байж. Түүний бүх найз уг шоунд “орчихсон” байв. Бүгдийг нэг бүрчлэн нямбай хийдэг Масаши зурахдаа сайн байсан тул найзууддаа яаж адилхан дуурайлгаж зурахыг заадаг байв. Тэр үеэс Масаши зурах дуртай болж, нуугдаж тоглохдоо ч хүртэл зураг зурж суудаг болжээ. Акира Торияамагийн алдартай бү­тээл “Доктор Сламп”-ийг үзэх хүрт­лээ Масаши нэг хэсэгтээ л “Mobile Suit Gundam”-аас салж чадаагүй аж. “Доктор Сламп” түүний хувьд жинхэнэ супер шоу байсан бөгөөд баатруудыг нь зурж эхэлжээ.

Түүнийг бага сургуулиа төгсөх үед гарсан Акира Торияамагийн өөр нэг алдартай бүтээл “Луугийн бөмбөг” Масашигийн оюун ухааныг бүрэн эзэмдэж, түүнийг манга буюу комикт “оруулсан” юм. Түүнээс хойш Масаши болон түүний ихэр Сэйши өөрсдийн анимэ баатартай болохыг мөрөөдөх болсон гэдэг. (Масашигийн ихэр Сейши мөн манга зохиогч бөгөөд хамгийн ал­дартай бүтээл нь 666 Сатан юм)

Японы анимэ мастер Акира Торияама түүнд хамгийн их нө­лөөл­сөн гэдэг. Хожим Масаши түүнийг өөрийнх нь бурхан байсан хэмээн дурссан байдаг юм. Тэрүед Масашигийн ганц дуртай зүйл нь “Луугийн бөмбөг”-ийн баатруудыг дуурайлгаж зурах байв. Эцэг эх нь түүнийг 190 иенээр видео тог­лоом худалдаж авахыг хэзээ ч зөв­шөөрөхгүй байсан тул Масаши найзын­­хаа тоглоомыг гуйдаг байв.

Тэр үед Масаши Акира Торияама шиг манга зохиолч болохоор шийд­сэн байв. Түүний энэ шийдвэрт ман­гагийн хорхойтнууд үргэлж талархаж яв­даг. Түүний анхны манга бүтээл нь “Hia­tari-kun” буюу “Сүүдрийн нинжа” нэртэй байв.

Акира Торияамагийн анимэ баат­­­­­­­руудын дүрслэлийг Масаши бүр бага ангид байхдаа л биширдэг бай­­­­жээ. Гэвч тухайн үед ангийнх нь бүх хүүхдэд байдаг байсан “Нинтендо” видео тоглоом Масашид байгаагүй юм. Эцэг нь видео тоглоом гэдэг үг л сонсвол “Явж хичээлээ хий” гэдэг байв. Масаши эцгээ залхтал нь гуйж байж Акира Торияамагийн “Луугийн эрэлд” хэмээх тоглоом авахуул­­сан нь түүний анхны видео тоглоом байв. Гэвч ахлах сургуульд бэйсбол Масашигийн амьдралын салш­гүй хэсэг болж зургаа бараг мар­таж эхэлж байв. Үнэндээ хичээл, спортын бэлтгэлийн хажуугаар зураг зурах цаг түүнд гарахаа больжээ. Масаши ч комик баатруудыг зурах нь жаахан хүүхдийн тоглоом гэж бодох болсон байв.

Харин нэгэн удаа Кацухиро Оотомогийн “Акира” хэмээх алдар­тай хүүхэлдэйн киноны зурагт хууд­сыг гудамжинд олж харснаас хойш Масаши түүн шиг зураач болох дийлдэшгүй хүсэлд автаж зургаа өдөр болгон зурах болжээ. Кацухирогийн зураг түүний ертөн­цийг бүрмөсөн өөрчилсөн билээ. Масаши Кацухирогийн сти­лийг ойлгохын тулд олон сарын судал­­­­гаа хүртэл хийж үзжээ. Гэвч ойл­­­гож чадсангүй. Харин олж мэдсэн зүйл нь түүнийг гайхашруулсан.

Бүтээл бүхэн яг л хүний ДНК шиг дав­­­тагдашгүй, дуурайж болохгүйг тэр ойлгосон аж. Масаши хэдийгээр Оотомо, Торияамагийн зурагнуудын гай­­­хамшиг нь юунд байгааг ойл­гож чадаагүй ч эффект, дизайн, жижиг деталуудаар бусдаас ялгардгийг олж харсан юм.

Масаши тэгэхэд уран бүтээл давтагдашгүй ганцхан байдаг, харин бусдыг дуурайж, хуулбарлах нь ямар ч утгагүй гэдгийг ухаарчээ. Тэр өдрийг хүртэл Масаши ямар нэг байд­­лаар бусдын бүтээлээс санаа авч, дуурайлгаж зурдаг байснаа ан­заа­­раагүй юм. Масаши зураг зурах өөрийн гэсэн арга барил олж авахаар уйгагүй хичээсэн ч энэ тийм амар байсангүй. Түүнд энэ нь боломжгүй мэт санагдаж байжээ. Уран бүтээлч болгоны арга барил давтагдашгүй гэдэг итгэл үнэмшил түүнийг өөрийн арга барилаар зураг зурахад сургасан юм. 11-р анги төгсөх жилээ Масаши анхныхаа 31 хуудас манга (комик)-г бүтээв.

Манга бүтээл нь сайн болсон эсэхийг мэдэхгүй байсан тул ихэр Сейшид үзүүлжээ. “Гоё биш гэж үү?” гэхэд Сейши “Муухай болж!!” гэж унтрааж орхисон ч Масаши түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөжээ. Ааваасаа асуухад мөн л адилхан зүйл хэлсэн боловч Масаши ан­х­­ны бүтээлээ нэгэн сэтгүүлийн урал­даанд явуулсан юм. Харин урал­­­даанд ялж чадаагүй түүний бүх баяр хөөр нь алга болж комикоо шүүгээндээ хийгээд мартаж орхижээ. Гэвч Масаши комик зохиогч болох мөрөөдлөө орхисонгүй. Комик зо­хио­лын уралдаанд ялахын тулд сайн зурах ёстой гэж өөртөө хэлжээ. Түү­ний дараа хэд хэдэн комик зохио­сон боловч аль нь ч сайн болсонгүй. Масаши бусдынх яагаад сайн, өөрийнх нь муу байгааг өөрөөсөө асуудаг байв. Энэ үед Масаши ахлах сургуулиа төгсч, ангидаа  39 сурагчийн сүүлээсээ хоёрдугаарт би­чиг­­­дэв. Комикоо сайн зурж чадахгүй, хичээлээ ч олигтой сураагүй Масаши коллежид элсч чадахгүй нь бүгдэд тодорхой байсан юм. Маса­ши комик зургаа ч орхилгүй хамгийн алдартай комик зохиогч болох мөрөөдлөө биел­үүлсэн юм.

Масаши Кишимотод амжилт авчирсан “Наруто” комик зөв­хөн Японд л гэхэд 126.5 сая ширхэг худалдаалагджээ. Уг цув­рал 1999 онд анх хэвлэгдсэн цагаас хойш албан ёсны эрхтэйгээр дөр­вөн анимэ,  30 гаруй видео тог­лоом болон гарчээ.

Өсвөр насныхнаас авахуулаад эрийн цээнд хүрсэн эрчүүд хүр­тэл “орчихдог” “Наруто”-гийн шү­­­тэн бишрэгчид дэлхийн өнцөг бу­лан бүрт бий.

Алдартай одууд Холливудын жүжигчин Жонни Депп, дуу­чин Робби Вильямс, Холливудын нэрт найруулагч Квинтин Тарантино, сагсан бөмбөгийн од Коби Брайнт нар ч бас Нарутогийн шүтэн биш­рэгчид аж. Нарутогийн шүтэн биш­рэгчдийн дийлэнх нь өсвөр нас­ны хүүхдүүд. Гэвч уран зөгнөл, хийс­вэр дүрслэлүүд нь маш хүчтэй “Наруто”-д донтсон хүүхэд бодит байдал, хийсвэр дүрслэл хоёрыг ялгаж салгахаа больсон тохиолдол гарч байв.

2012 онд ОХУ-д дуртай хүүхэл­дэйн киноноосоо хамааралтай болсон 14 настай хүү амиа хор­лосон тохиол­дол гарч байв. Хүүгийн зол­гүй үхлийн дараа эцэг эх нь түүнийг, “Наруто”-г байнга үздэг байсан хэмээн  ярьсан юм. “Наруто”-гийн гол баатруудын нэг Итачигийн үхэл хүүд том цохилт болсон байжээ.

Комик зохиолууд ялангуяа “Наруто” Японы поп соёлын салшгүй хэсэг болсон бөгөөд “Наруто” болон түү­­­ний баатруудын адилаар хув­цас­лаж, үс зүсээ янзлуулдаг нь Японы за­луус, өсвөр насныханы дунд тү­гээ­мэл аж. “Наруто”-гийн шүтэн бишрэгчдийн хамгийн их асууд­аг асуулт нь зөгнөл хэрхэн дуусах бол гэдэг юм. Гэвч “Наруто”-гоос уйдах боломжгүй юм.

Н.ЭНХТУЯА

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]