Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Комаровын сүүлчийн мөчүүдийн бодит байдал үнэн хэрэгтээ ямар байв?Уншсан12,596

Хэдийгээр энэ осол сансарт нисч, бууж байх үед хүний амь эрсэдсэн хамгийн анхны тохиолдол боловч хамгийн сүүлд бичиж байгаа нь тодорхой зорилготой билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Сансар судлалын түүхэнд гарч байсан хүний амь эрсэдсэн ослуудын тухай бараг бүгдийг өмнө нь бичиж байсан бөгөөд энэ удаа Союз-1 хөлгийн сүйрэл, дотор нь байсан Комаров хэрхэн амь үрэгдсэн тухай зарим нэг зүйлийг сонирхуулъя. Хэдийгээр энэ осол сансарт нисч, бууж байх үед хүний амь эрсэдсэн хамгийн анхны  тохиолдол боловч хамгийн сүүлд бичиж байгаа нь тодорхой зорилготой билээ.

Ингээд ослын тухай.

ӨвөрМонголын радиогоор “Хөөрхий Комаровыг нисэхгүй нисэхгүй гээд байхад нь нис нис гээд түлхэж оруулаад алчихсан” гэж ярьсан тухай цагтаа их шуугидаг байж билээ. Онигоо гэхэд ч хэцүү, хошин шог гэхэд ч хэцүү энэ яриа олон хүний хувьд үнэн бодит зүйл байдаг нь харамсалтай. Одоогийн Хятадын янз бүрийн сурах бичигт бараг л дээрх байдлаар янз бүрийн детальтай бичигдсэн байдаг гэдэг бөгөөд энэ бүх яриа хаа холын Америк улсаас, бүр тодруулбал Жейми Доран, Пирс Байзоуни хэмээх нөхдийн бичсэн Starman хэмээх номоос эхтэй юм. Тухайн үеийн ЗХУ-Хятад, ЗХУ-АНУ-ын харилцаа ямар байсныг санах юм бол үүнд нэг их гайхаад байх зүйл үгүй гэмээр. Гэхдээ л...

Дээрх ном болон бусад үүнээс хуулбарлан гарсан элдэв яриа, нийтлэлд эргэлзээ төрүүлмээр юм дэндүү их. Зөвлөлтийн удирдагчид Коммунист намын нэгэн их хурлын өмнө сансарт том амжилт гаргах гэж яарсан, тэдний хувьд хүний амь нас хамаагүй байсан гэх мэтээс гадна Комаров нь өөрийн орлон нисгэгч Юрий Гагарины амийг аврахын тулд өөрөө нисэхээр шийдсэн... гэх мэтээр тоочиж барамгүй олон аймшигтай зүйлс энд тэндгүй. Сансарт гараад элдэв бүтэх бүтэхгүй зүйл болж үхэх нь тодорхой болох үед Зөвлөлтийн том дарга Косыгин ирж ярилцсан (зарим нь бүр Брежнев өөрөө ирсэн гэнэ), уйлсан, Комаров эхнэр болон охинтойгоо ярихдаа эх орныхоо төлөө янз бүрийн уриа лоозон хашгирсан, бууж байхдаа, шатаж байхдаа зохион бүтээгч нарыг харааж, намайг санаатай алж байна... гэх мэтийн юм хэлсэн гээд эмгэнэлтэй бишсэн бол инээдтэй гэмээр зүйл хэтэрхий их. Бодит байдал дээр юу болсон тухай аль болох товчхон хэлэх гэж оролдоё.

Комаровын Союз-1 нэг хөлөг хөөрсний дараа хоёр нисгэгчтэй Союз-2 хөөрч сансарт залгагдаад, нисгэгчид задгай сансарт гарч хөлгөө солих ерөнхий төлөвлөгөөтэй байлаа. Энэ нь Зөвлөлтийн саран дээр хүн буулгах төлөвлөгөөний маш чухал хэсэг. Америкчуудын адил зорилготой програм энэ үед маш амжилттай явагдаж хэдэн жилээр түрүүлж байсан учир Зөвлөлтийнхэн маш их яарч, янз бүрийн арга хэмжээ авч байсны нэг нь энэ. Алив нэг их хуралд зориулан яарсан сандарсан гэх нь зөөлөн хэлэхэд учир дутагдалтай гэж бодном. Угаасаа тухайн үеийн сансар судлалд яарч тэвдээгүй нислэг гэж ганц ч байгаагүй гэж хэлж болох бөгөөд бүр хэдхэн өдрийн наана цаанатай (анхны хиймэл дагуул хөөргөсөн түүх, Гагарин сансарт ниссэн цаг хугацаа, Шепардын нислэг зэргийг харьцуулан эргэн нэг саная) жинхэнэ өрсөлдөн үзэлцэж байсан үе билээ. Тухайн үед Америкийн сарны програмын нислэг ч гэсэн ямар айхтар яарч тэвдэж байсан, ямар олон аймшигт явдал ёстой л ид шидээр бололгүй өнгөрсөн тухай зөндөө баримт байдаг бөгөөд тэр бүхнийг энд ярих цаг, зай үгүй учир орхиё.

Зөвлөлтөд ч тэр, Америкт ч тэр сарны програмын төлөө дээр доргүй маш их шахалт явагдаж байсан учир яарч сандрах тухайд бол байх л зүйл. Яарч сандралгүй найдвартай бэлэн болсон хөлөг бүтээн нисэхийн тулд ямар их цаг хугацаа, хөрөнгө зарцуулах байсныг төсөөлөх аргагүй бөгөөд хэрвээ ийм шалгуураар саранд хүрнэ гэвэл 20-р зууны сүүлээр л хүний хөлийн мөр дэлхийн дагуул дээр гарах боломжтой байсан гэдэг зарим нэг судлаачдын үг хоосон зүйл биш байх.

Союз-1 хөлөг хөөрөх үед эргэлзээтэй, бүрэн шалгагдаагүй олон зуун техникийн бэрхшээлтэй зүйлүүд байсан нь үнэн бөгөөд сансарт нисэх үеийн бараг бүх л нислэг ийм байсан тухай өмнөх ослуудын үеэр олон дахин ярьсан учир дахиж нуршихгүй орхиё.

Комаровын хөлөг сансарт гараад хөлгийн нарны эрчим хүч гаргах нэг дэлгэц нь дэлгэгдээгүй учир цахилгааны дутагдал, орон зайн байрлал тодорхойлох аппаратын ажиллагаанд доголдол гарч, хэт нарийн техникийн ослын үеэр тохиолддог нэг нэгнээсээ үүсэн олон янзын бэрхшээл дараалан гарсан байна. Байдал тун хүнд болсон учир араас нь нисэх ёстой Союз-2-ын нислэгийг зогсоож, Комаровыг эсэн мэнд буулгахад л хамаг анхаарлаа хандуулж эхэллээ. Юуны түрүүнд орон зайн баримжаа авах техникийг ажиллуулах, дараа нь агаар мандалд орох үед хурд багасгах асуудлыг шийдэх ёстой байв. Комаров хэдэн цагийн турш ёстой үзэж таран байж хөлгийг зөв байдалд (орон зайн баримжааг ямар нэг хэмжээгээр тодорхойлж, хөлөг тасралтгүй эргэлдэн байсныг зогсоож чадсан) оруулж чадсан бөгөөд энэ бол ёстой түгшүүртэй ажиллагаа байлаа. Дараа нь сансрын 1-р хурдыг бууруулж агаар мандалд орох хэмжээний хурдтай болтол тоормослох ажил үлдсэн нь хамгийн аюултай зүйл байсан бөгөөд гар аргаар ийнхүү тоормослох арга ажиллагааны бэлтгэл, техник хэрэгсэл нь тун ч найдваргүй эд байж. Энэ үед нөгөө Косыгин ч юм уу, хэн ч юм уйлж дуулан ярилцаад, сансрын нисгэгчийг баатар эр гэж цоллоод, өнөөх нь ч авгай хүүхэдтэйгээ салах ёс гүйцэтгээд байсан тухай энд тэнд бичих дуртайг нь яана. Юун уйлж дуулах, том даргатай ярилцах!

Амьд үлдэхийн тулд минут секундтэй өрсөлдөн байсан тэр үед хаа хамаагүй дарга цэрэг ч ёстой яамай байна аа гэмээр. Комаров газраас өгөх тусламжийг ашиглан байж хөлгийн хурдыг сааруулж чадлаа. Энэ бол ёстой ялалт байв. Тухайн үед олон хүн дүүрэн амьсгаа авсан бөгөөд Гагарин сүүлд ярихдаа “Ингээд бүх юм сайн сайхан дуусах нь гэж бодогдож байлаа” хэмээн ярьж байсан гэдэг.

Гэтэл бууж явах үед буюу 7-км-ийн өндөрт задрах ёстой үндсэн шүхэр дэлгэгдсэнгүй. Америкчууд энэ үед Комаров ингэж тэгж ярьж байсныг замаас нь барьж авсан гэдэг цуу байдгийг дээр дурдсан. Сансраас агаар мандалд орж ирж байгаа буугч аппарат нь плазмд бүрхэгдсэн учир радио долгион нэвтрэхгүй, холбоо барих боломжгүй үе гэдгийг яагаад ч юм олон хүмүүс таг мартана. Тэрхүү үндсэн шүхэр задран гарах үед холбооны антенн цуг гарч байж холбоо барих боломжтой болдог билээ. Одоо ч бас ийм. Гэтэл үндсэн шүхэр задраагүй орооцолдсон учир антенн гараагүй, ажиллахгүй үед хэний ярьсан ямар яриаг, хэн гээч хүн сонссон юм бол ...гээд хэн хүний ярьсан эргэлзээтэй юмыг алийг тэр гэхэв. Америкчууд саран дээр буугаагүй гэдэгтэй адил л баахан хоосон яриа төдий.

Ийм нөхцөлд ажиллах ёстой нөөц шүхэр гарсан боловч мөн л дэлгэгдэлгүй өмнөх шүхрийн элдэв юмтай орооцолдон... буугч аппарат асар их хурдаар газар мөргөн сүйрсэн билээ. Бодит байдал ердөө л энэ.

Энэ ослын дараа хийсэн маш их судалгаа шинжилгээ, ослын шалтгааныг тогтоох ажиллагаануудын үр дүнгийн тухай зүйлүүдийг харж байхад сансрын техник гэж ямар агуу зүйл болохыг, яагаад тэр үед сансарт ниссэн хүмүүст баатар цол олгодог байсан тухай ойлголт өөрийн эрхгүй төрж таарна. Тэд үнэхээр амь насаараа дэнчин тавьж нисч байсан зоригт баатрууд байжээ. Энд зөвхөн Зөвлөлтийн сансрын нисгэгчид биш Америкийн астронавтууд ч бас хамаарна гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Орчин үед техникийн дэвшил, хүч чадал гэдгийг ямар нэг гар утас, гажет, персонал (дахиад хэлье персонал) компьютер төдийгөөр хэмждэг хүмүүс дэндүү олон болсон үед сансрын тэр агуу нарийн техник, технологийн тухай тайлбарлах гэж оролдоод ч дэмий санагддаг гэж нэгэн сансар судлаач гоморхон ярьж байсныг зурагтаар харж л байлаа.  Нээрээ ч аливаа зүйлийг дэндүү хялбаршуулж, элдэв үнэн худал драмыг бодит түүхэнд чихэн оруулж байж бусдын сонирхол татдаг,мөнгө олдог явдал газар авсан үед тэр их нарийн ажил хийдэг хүмүүс гоморхон уурлах нь арга ч үгүй юм шиг санагдана. Үүний нэг жишээ нь Комаровын осол бөгөөд энэ явдал нь харамсалтай боловч яг үнэндээ хэзээ нэгэн цагт болох л байсан зүйл. Дараа дараа болсон ослууд (Союз-11, Челленжер, Коламбиа) мөн л үндсэндээ адилхан бөгөөд сансар судлалд амжилт олохын тулд төлөх л ёстой байсан төлөөс гэж ойлгож байна. Харин эдгээр ослыг ямар нэг улс төр, хүний амь насыг үл хайрлах байдалтай холбон тайлбарлах нь ихээхэн эвгүй санагддаг билээ. (Энергия сансрын зөөгч пуужин, Буран олон дахин ашиглах хөлөг газарт байхдаа байшингийн дээвэрт дарагдаж сүйрсэн явдлыг харин ёстой цалгар назгай, арчаагүй байдал, төр улсын замбараа цадиггүй явдлын төлөөс гэж хэлж болох байх)

P.S.

Комаров сансарт байх үедээ байнга харааж байсан гэж ирээд л, үүнээсээ аймаар том дүгнэлт хийгээд яваад өгдөг “мундаг” нийтлэлүүд олон бий. Миний бодлоор Оросын ард түмний хамгийн зөв, “уран яруу”, хамгийн товч утга санаагаа илэрхийлэх арга нь тэрхүү бидний “хараал” хэмээн орчуулдаг ширүүн үг хэллэг юм.

Оросуудтай цуг ганц нэгхэн цаг ч гэсэн ажиллаж үзсэн олон хүн үүнийг хараад инээд нь хүрч үнэн ш дээ хэмээн хэлж суугаа байх. Сансарт ажиллах байтугай төмс арилгахдаа ч “нах**” гээд яваад өгдөг ард түмэн шүү дээ тэд. Англи далайчин, Орос тариачин хүний үг яриа гэдэг бол бараг л тусдаа хэл гэдэг нь зүгээр ч нэг яриа биш байх.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]