Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансрын нисгэгч Комаровын эмгэнэлт үхлийн нууцУншсан20,262

Байдлаас үзвэл ямар эрсдэлтэй юманд явж байгаагаа Комаров мэдэж байсан бололтой. Нисэхээсээ нэг сарын өмнө Комаров уйлж байсныг УАХХ-ны ажилтан байсан, Комаров, Гагарин нарыг сайн мэдэх В.Русаев нотолсон байдаг.

1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ой тохиож байлаа. Энэ цаг үед ЗХУ, АНУ хүйтэн дайны лагерьт дэлхийг хувааж, сансрыг эзэмшихийн төлөө ид өрсөлдөж байлаа. Оросууд 50 жилийн ойдоо томоохон сюрприз барьж, Америкийг ардаа хол орхисноо харуулах хэрэгтэй байв. Зургаан жилийн өмнө Гагарин сансарт гарч, түүнээс нэгхэн сарын хугацаагаар хоцорч америкчууд Алан Шепардыг сансарт амжилттай нисгэсэн ч Ерөнхийлөгч Ж.Кеннеди саран дээр хүн буулгана гэдгээ зарлачихаад байсан тул зөвлөлтүүдэд алгуурлах цаг мөч байсангүй. Нислэг бүр чухал ач холбогдолтой, олсон амжилтаа бататгаж аажмаар саранд хүрэх хэрэгтэй энэ үед Союз-1 хөлгийг оросууд хөөргөлөө. Өмнөх жил нь Зөвлөлтийн сансрын эцэг Королев таалал төгсөөд байсан тул энэ нислэг түүнийг залгамжилсан Василий Мишиний хувьд том сорилт байлаа.  

1967 оны 1 сарын 17-нд НАСА Аполло төслийн бэлтгэл ажлыг бараг дуусгаж, газар дахь хамгийн сүүлчийн туршилтыг амжилтгүй хийгээд байв. Америкчуудыг цочирдуулсан ослын дараа НАСА капсулыг дахин шинэчлэх шаардлагатай болж, харин энэ боломжийг оросууд ашиглахаар ухаангүй яарч байв.Энэ яарсан алхам л аймшигт үр дүнд хүргэх байлаа

 

1967 оны дөрөвдүгээр сарын 23-ны 03.35 цагт дэлхий орчмын тойрог замд “Союз-1” сансрын хөлөг хөөргөснийг Зөвлөлтийн төв хэвлэл байсан “Правда” сониноос тэр өглөө нь оросууд мэдэж авсан юм. Хөлгийн бүхээгт 40 настай коммунист, космонавт, ЗХУ-ын баатар Владимир Комаров байлаа. Тэрээр гурван жилийн өмнө 1964 онд Константин Феоктистов, Борис Егоров нарын хамт “Восход” хөлгөөр дэлхийг 16 удаа амжилттай тойроод эх дэлхийдээ эсэн мэнд бууж ЗХУ-ын баатар цол хүртсэн нэгэн байв. Гэтэл ердөө маргааш нь л Правда сонин Владимир Комаровыг нас барсан тухай мэдээлж, зургийг нь гашуудлын байдалтай нийтлэв. ТАСС-ын албан ёсны мэдээнд “Газраас 7000 метрийн өндөрт шүхрийн оосор орооцолдсоноос хөлөг асар хурдтайгаар доошилсон нь Комаровын үхлийн шалтгаан болсон байна. Түүний энэ цаг бусын үхэл Зөвлөлтийн ард түмэнд тохиолдсон том гарз юм” гэсэн байв. Эмгэнэлт явдлын тухайд үүнээс өөр албан ёсны тайлбар гарсангүй.

Баатрынх нь хувьд Комаровын шарилыг Кремлийн хананд нутаглуулав. Нисэгч хийгээд сансрын буугч төхөөрөмжөөс ердөө үнс л үлдсэнийг Оренбург мужийн нутгаас олсон ба оршуулах үед нь авсан гэрэл зураг ч үүнийг батлав. Энэ явдлын дараа Зөвлөлт даяар цуурхлын давалгаан дэгдэв. “Комаров нислэгийн үед ухаан алдсан, холбоо барихгүй байсан, хөлдсөн, дэлхий дээр буух замд нь бүхээгт гал гарсан гэх мэт. Комаровын хамгийн дотны анд нөхөр “Союз-1” хөлгийн орлон нисэгч асан Юрий Гагарин “Комсомольская правда” сонины сурвалжлагч Ярослав Головановын асуултад “Энэ бол эмгэнэлтэй тохиолдол. Шүхэр ажиллаж эхлэх ёстой тэр агшин хүртэл бүх юм ном ёсоороо байсан. Хөлгийн дотор хүний амьдрах нөхцөлийг хангах системд ямар нэг гэмтэл гарсан тухай Комаров ер илтгээгүй. Радио холбоо тогтмол, сайн ч сонсогдож байсан” хэмээн хариулсан нь худал байв.

Тун удалгүй бүх зүйлс ил болж эхэллээ. Үнэн хэрэгтээ хөлөг бүр тойрог замд орох үедээ л нарны панел нээгдээгүйгээс хүч хүрэлцэхгүй болж, нисгэгч Комаровын амь нас аюулд учирсан аж. Түүнд зөвхөн шаардлагатай системийг үлдээж, бусад бүх товчлуурыг унтраах үүрэг дэлхийгээс өгсөн байна. Ингээд чүү ай хөлөг дэлхийг 13 тойрсны дараа агаар мандалд автоматаар оруулах системд гэмтэл гарчээ.

Эцсийн арга гар жолоодлого боловч бас л найдваргүйд тооцогдож, сансарын нисгэгч Комаровын эхнэр Валентина Яковлеваг салах ёс гүйцэтгүүлэхээр нислэгийг удирдах төвд дуудсан байлаа. Зөвлөлтийн Ерөнхий сайд А.Косыгин өөрийн биеэр нисгэгчтэй салах ёс гүйцэтгэж ярив. Ерөнхий сайд нулимс унагаад, нисгэгчийг “жинхэнэ баатар” хэмээн нэрлэж, чи нам төр, улс орныхоо өмнө их үйлс бүтээлээ, чамайг хэзээ ч мартахгүй гэж хэлжээ.

Нисгэгч хэрэв агаар мандалд хэт их өнцгөөр орвол шатаж үхнэ. Хэт бага өнцгөөр орвол дэлхийн мөнхийн дагуул болон хувирна. Удалгүй сансарын нисгэгч өөрийн туршлагатай, чадварлаг нэгэн болохоо харуулж хөлгөө гар жолоодлогоор удирдан агаар мандалд тохиромжтой өнцгөөр амжилттай оруулсан боловч хувь тавилан нь Комаровт үхэл заачихсан байжээ. Эсрэг тийрэлт авах хөдөлгүүр (тормос) ажиллаж эхэлсэн боловч капсул 7000 метрийн өндөрт хүчтэй эргэлтэд орж үүнээс болж шүхэр дэлгэгдсэнгүй. Халалтаас үүдэн кабелууд тасарч Комаров капсул дотроо амьдаараа шатаж үхсэн байжээ. Зургаан жилийн өмнө анх удаа сансарт хөөрөөд эргэн буухдаа Гагаринд ч мөн үүнтэй төстэй зүйл тохиолдсон. Комаровыг бодвол Гагарин азтай байж, газрын гадаргаас 4500 метрийн өндөрт Гагарин капсулаас аюулгүй зайд шидэгдэж, шүхэр амжилттай дэлгэгдсэн байдаг.

Харамсалтай нь Комаровыг ямар ч аз ивээсэнгүй ба сүүлд нь ил болсон баримтууд бүр ч эмгэнэлтэй, аймшигтай байсан нь Комаров гарцаагүй үхнэ гэдгээ нисэхээсээ өмнө мэдэж байсан явдал юм. Нэгэн зэрэг гурван алдаа гаргасан Мишин Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд багтаж саранд хүрэх боломжгүй хэмээн намын төв хороонд илтгэв. Василий Мишин уг ослын дараагаас эхлэн согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсон гэдэг. Жилийн дараа Гагарин нисэх онгоцны дадлагын нислэгийн үед ослоор амь үрэгдэв. Королев, Комаров, дараа нь Гагарины үхэл нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, Зөвлөлтийн сансрын технологийн хөгжүүлэлт зогсонги байдалд орох эрсдэл учрав. Улмаар Америкийн сансрын хөтөлбөр амжилт олж Саран дээр түрүүлж хүн болгов.

Комаровын үхлийн талаархи ярианд эргэн ороё. Хөлгийн бүхээг дэх халуун огцом ихэссэнээс нисгэгчийг шатсан гэсэн таамаг сүүлд нь батлагдсан. Тухайн үедээ үүнийг ихэд нууцалж байлаа. Гэвч Комаровын үхэл мартагдсангүй. Бодит байдал дээр Комаровын орилж хашгирах дууг дэлхий дээр байгаа хүмүүс радио холбоогоор сонссон байдаг. Тэрбээр эрсдэхийн өмнө найдваргүй хөлөг бүтээсэн зохион бүтээгчдийг, түүнийг хаашаа ч зайлах газаргүй үхэх зам руу илгээсэн нам төрөө хараан зүхсэн байдаг.

Нислэгийг удирдах төвтэйгээ Комаровын ярьж байсныг Америкийн тусгай албад хальсанд бичиж авчээ. Америкийн сансар судлаач Жеймс Оберг үүнийг баталсан. “Тэр бичлэгээс үзэхэд амиа алдахаас өөр замгүй болсныг Комаров бүр тойрог замд явахдаа л мэдсэн” гэж Оберг хэлжээ. Америкийн тусгай албаны ажилтан байсан Перри Феллоуз нэрээ нууцалж (Уинслоу Пек) байж “Рампартс” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Туркт байрладаг радио тагнуулын баазад байхдаа Комаровын орилж хашгиран амь тэмцэх дууг өөрийн чихээр сонссон гэжээ. "Сүүлийн хэдэн минут зүрх шимширмээр байсан. Үхэхийг хүсэхгүй байна гэж сансрын нисгэгч хашгираад, амь насыг нь аврах талаар ямар нэг юм хийхийг гуйгаад байсан. Бичлэгийн төгсгөлд нисэгч амиа тасартал хашгираад байсан. Түүнийг шатсан байх гэж би бодсон” хэмээн Феллоуз ярьжээ.

Комаровын хашгирч байгааг буулгасан хальс байгаа талаар сансрын хөлгийн Байконур буудлын Хяналт хэмжилтийн цогцолборын орлогч дарга Борис Покровский ч баталж ярьжээ. Түүний хэлснээр хожуу ч гэсэн Германы тагнуулын албаар дамжуулан ТТГ-аас олж авсан хуулбар бичлэгийг тэрээр өөрөө аж. “Тэр ямар нэг юманд сэтгэл нь зовоод байгаа юм байна гэсэн дүгнэлтийг Комаровын хэлсэн хэдхэн үгнээс хийж болохоор байсан. Тэгснээ радио шуугианыг нэвтлэн “би үхлээ” гэх үг дуулдсан. Шүхрийн талаар ер үг хэлээгүй” гэж Покровский “Дэлхий дээрээс сансар эхэлдэг” номдоо бичсэн байна. “Союз-1” хөлгийн нислэг бүр эхнээсээ л нэг биш байсныг өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үед л хүмүүс мэджээ.

 Зөвлөлтийн зохион бүтээгчид, сансрын нисгэгчид өнгөрсөн зууны 80-аад оны эцэс, 90-ээд оны эхнээс л энэ талаар “дуугарч” эхэлсэн аж. “Союз-1” хөлөг айхтар том хөтөлбөртэй байсан байна. Түүнээс хэдхэн хоногийн дараа Быковский, Хрунов, Елисеев нарын суусан “Союз-2” хөөрөх байжээ. Хоёр хөлөг сансарт залгагдах ёстой байлаа. Төлөвлөгөө ёсоор бол Евгений Хрунов, Алексей Елисеев нар задгай сансарт гарч, “Союз-1” хөлгийн бүхээгт шилжин сууж Комаровтой хамт эх дэлхийдээ эргэж ирэх байв. Ийм маягаар Зөвлөлтийн сансрын нисгэгчид ирээдүйд Сар руу хийх нислэгийг төлөвлөж байсан аж. Гэтэл эхнээсээ л бүх юм төлөвлөснөөр явсангүй. Хөөрснөөс нь хойш “Союз-1” -д гарсан гэмтэл зөвхөн мэргэжилтнүүдэд ойлгомжтой байсан нь мэдээж. Нарны зай хураагуурт гэмтэл гарч байсан нь хөлөг аливаа үйлдэл хийх, залгагдахад эрчим хүч дутагдаж байсныг харуулна. Хөлгийг бас нисгэгч нь л гар ажиллагаагаар залуурдахаас аргагүй болсон аж.

Гагарин Комаров нар

Хүмүүсийн яриагаар бол Комаров сансарт тойрог замд дөнгөж орж явахдаа л харааж, үглэж байжээ. “Союз-2” хөлгийг нисгэх тухай бодохын ч хэрэггүй боллоо. Комаровыг буцааж ирүүлэх шийдвэр нэгэнт гарчихав. “Союз” хөлөг найдваргүй болсон нь хөөрөхөөс өмнө тодорхой болсон байжээ. Америкт тухайн үедээ цагаачлаад байсан, Зөвлөлтийн сансрын хөлгийн томоохон мэргэжилтэн Виктор Евсиков “Хөлгийг нарийвчлан туршаагүй, туршиж шалгая гэхээр хугацаа шаардлагатай байгааг Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ) мэдэж байсан юм билээ. Түүнийг хөөргөх гэж дөрвөн удаа оролдоод бүтэлгүйтсэн байв” гэж бичсэн бий. Василий Мишин ч өөрөө энэ хөлгийг хөөрөхийг чадлаараа эсэргүүцээд дийлээгүй аж. Түүний үгийг ч нам нь сонссонгүй. “Хөлгийг хөөргөхийг Коммунист нам тушаасан” гэж Евсиков бичсэн юм. Ийн яарсан нь улс төрийн шалтгаантай байв. “Сансраар хөөцөлдөх” үйлсэд ЗХУ ямар ч үнээр хамаагүй АНУ-аас түрүүлэх ёстой байлаа. Зөвлөлтийн нэрд гарсан зохион бүтээгч Борис Черток нас ахисан хойноо “Комаровт тохиолдсон эмгэнэл бол манайхны алдаа байсан. Хөлгийг бид хэт яарч хөөргөсөн. “Союз”-ыг найдвартай болтол нь бэлтгэж чадаагүй байсан юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн гэдэг. Байдлаас үзвэл ямар эрсдэлтэй юманд явж байгаагаа Комаров мэдэж байсан бололтой. Нисэхээсээ нэг сарын өмнө Комаров уйлж байсныг УАХХ-ны ажилтан байсан, Комаров, Гагарин нарыг сайн мэдэх В.Русаев нотолсон байдаг. Русаевтай ярилцаж байгаад Комаров “Би буцаж ирэхгүй” гэж хэлжээ. Тэгэхэд нь, “Чи тэгвэл нисэхээс татгалзахгүй яасан юм бэ” гэвэл “Тэгвэл миний оронд Гагариныг үхэл рүү явуулчих гээд байна. Бид Гагаринд санаа тавих хэрэгтэй биз дээ” гэсэн байдаг аж.

Комаровыг амь үрэгдсэнээс хойш сарын дараа Гагарин “Комсомольская правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Бид цаашид ажиллана, амьдарна. Бид Эх орон, нам, Зөвлөлтийн ард түмнийхээ тушаалыг үг дуугүй биелүүлнэ. Гэхдээ Комаровын үхлийн талаар улс орныхоо хамгийн өндөр албан тушаалтантай би уулзах ёстой. Уулзаж чаддаггүй юм аа гэхэд тухайн үед Брежнев юу мэдэж байсныг нь мэдэж авах болно. Юу хийхээ би мэднэ” хэмээжээ. Үнэхээр Брежневтэй Гагарин уулзаж чадсан ч Гагарин удалгүй өөрөө харамсалтайгаар эрсэдсэн билээ.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]