Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Агаарын тээвэр бол хамгийн аюулгүй унаа гэдгийг хүн болгон л мэднэ. Хамгийн энгийн баталгаа нь 2008-2017 оны хооронд болсон ослын улмаас эрсэдсэн хүмүүсийг тооцож үзвэл агаарын тээврээр үйлчлүүлэх 7,9 сая хүний нэг нь л үрэгдэх магадлалтай юм байна. Энэ нь хэн нэг хүн авто осолд өртөж нөгчих боломжоос 62 дахин бага юм байна шүү.
Тэгвэл дандаа ийм байсангүй ээ. Бүр огтын ийм байсангүй.
1946 он. Дэлхийн их дайн дуусаж агаарын тээвэр ид хөгжиж байсан тэр цаг. ЗХУ-д Октябрийн баяр болох гээд хөлтэй болгон хөдөлж, далавчтай болгон нисэж, нааш цааш сүлжилдэн байлаа. Бараг бүх нислэг Москва орж их баярын жагсаалыг үзэх гэсэн хүмүүсийг зөөсөн онгоцууд байсан бөгөөд гол нисэх буудал болох Внуковод цаг агаар гурван хоногийн турш муу байсан болохоор олон онгоцуудыг хаа холын нөөц буудалд буулгаж байв.
Тэгтэл цаг агаарын агентлагаас гэнэт “Внуковад 15-17 цагийн хооронд онгоц буух боломжтой болно” гэсэн мэдээ ирлээ. Олон онгоцнууд энэ цагт амжин буух гэж Внукова руу зүтгэсэн бөгөөд зорьсон газраа ирэхэд цаг агаар тийм ч сайхан байсангүй.
Ашхабадаас ниссэн шуудангийн онгоц Внуково нисэх буудалд хүрэлцэн ирсэн ч шууд бууж чадсангүй. Бараг хоёр цагийн турш агаарт эргэлдсэн онгоц эцэст нь нэг буух зөвшөөрлийг 18.07 цагт аваад яаран огцом эргэхдээ хурдаа алдаж шууд л газар унаж, багийн таван гишүүн бүгд амь үрэгдлээ.
18 цаг 27 минут. Бас л удаан хугацаагаар эргэлдсэн, Берлинээс ирсэн онгоц мөн буух гэж оролдох явцдаа цагаас эрт хэт доошилсноо мэдэн буцан өндөр авах гэж хошуугаа огцом дээш татсанаас хурд алдан буух зурвас дээр уналаа. Онгоц дотор байсан 20 хүнээс 13 нь газар дээрээ нас барсан байна.
Вильнюсаас нисэн ирсэн Ли-2 онгоц 18 цаг 55 минутын үед 5 дахь удаагаа буух гэж оролдож үзжээ. Өмнөх олон удаагийн оролдлого, агаарт удаан эргэлдсэн зэргээс болж өөр тийш нисэх шатахуунгүй болсон онгоцонд өөр арга байсангүй. Ядаж байхад радиокомпас нь буруу ажиллаж байсан бөгөөд буух үед шатахуун дуусан, шүхэрчилсээр газарт хүрсэн ч замдаа таарах шонгийн мод дайран задран унажээ. Харин энэ явдлаас болж онгоц дотор байсан ганцхан хүн л амь насаа алдсан байна.
Ингэж Москвагийн нисэх буудалд ганцхан цагийн хугацаанд гурван онгоц осолдсон айхтар явдал болсон бөгөөд энэ бол дахиж давтагдаагүй, харамсалтай үйл явдал байсан юм.
Дахин давтагдашгүй гэж л хэлмээр..., гэтэл.
Москвад болсон явдлаас хойш сар хагасын дараа. 1946 оны 12-р сарын 25.
Хятадад иргэний дайн болж, АНУ Чан Кайшид бүх л талаар тусалж дэмжиж байсны нэг илрэл нь иргэний агаарын тээврийн “China National Aviation Corporation”-г байгуулсан явдал байлаа. Хятадын нэрээр нэрлэгдсэн энэ компанийн бүх онгоцнууд Америкийнх, зорчигчид нь ч бас Америкийн иргэд, багийн дарга нь ч бас Америк. Хятад гэвэл 2-р нисгэгч нар л байж.
Мөн л америкчуудын хувьд чухал баяр болж байсан (Christmas), буух газрын цаг агаар муу гээд яг л Внуковод болсонтой тун ижил нөхцөл байдал бий болжээ. Зарим онгоц бууж чадахгүй тойрон эргэлдсээр нэг л мэдэхэд Шанхайн тэнгэрт дөрвөн онгоц буухаас өөр аргагүй байдалд орсон буюу шатахуунгүй болжээ. Ядаж байхад нисгэгч нар нь радио-маяк гээч юмыг хэрэглэж огт мэддэггүй байв.
Нанжин хотоос хөөрсөн С-47 онгоц гурван удаа буух гэж оролдоод дийлэлгүй дөрөв дэх оролтоо хийлээ. Шатахуун дуусаж байсан учир буухаас өөр зам үгүй. Бууж явах үед шатахуун бүрэн дуусаж нэг хөдөлгүүр ажиллахаа больсноор онгоц хажуулдан уналаа.
Энэ айхтар ослыг харж байсан Куртисс С-46 онгоц бас л шатахуунгүй учраас буухаас өөр аргагүй. Буух явцдаа хэт эрт доошилсноос нисэх буудлаас нэлээд зайтай сургуулийн барилгыг мөргөн унажээ.
Энэ хоёр осол болсны дараа ойрхон байх бас нэг нисэх буудал дээр дээрхтэй төстэй осол болсон мэдээ авсан диспетчерүүд бүр хөдөлж чадахаа байсан байна. Учир нь Шанхайн тэнгэрт дахиад нэг онгоц шатахуунгүй болж байлаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг үнэн байсан уу яасан, дахиж осол гарсангүй, бүх онгоцууд эсэн мэнд буулаа. Энэ өдөр Шанхай орчимд нийтдээ 72 хүн агаарын ослоор амиа алдсан бол газарт байсан гурван хүн мөн эдгээр ослын хохирогч болсон гэдэг.
“Арван мянган нислэгт ганц л удаа осол гарах магадлалтай” болох хүртлээ иргэний агаарын тээвэр олон хохирол хүлээж, өч төчнөөн хүнийг амийг авч одсон ба зарим үед ганцхан цагийн дотор гурван осол болж, тэр нь бас өөр газарт давтагдан байж өнөөгийн ийм цаг үед хүрч ирсэн бөгөөд аюулгүй байдлын дүрэм бол хүний амиар, цусаар бичигдсэн байдаг юм шүү гэдэг үгийг зарим нэг “сүртэй ш д” ярих дуртай хүмүүс ойлгож аваасай, үгүйдээ цээжилж аваасай билээ.