Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үндэсний бөхийн барилдаан хааны таалалд нийцэх ёстойУншсан7,585

М.Мөнгөн арслан нэгэн номондоо "та нарт унаж байгаа тэдгээр “бага, муу” бөхчүүд чинь байхгүйгээр та нар тодрохгүй шүү дээ. Тэгэхээр та нарт унаж байгаа тэдгээр бөхчүүдээ гэмтээж, бэртээхгүйгээр өрөвдөж хайрлаж байх хэрэгтэй. Харгислаж, эрүүл мэндийг нь хорлож болохгүй" хэмээн бичжээ.

Бөх үзэгчийн бодлоос...


Үүнийг бичигч би 1988 оны намар Улаанбаатар хотод анх удаа орж ирээд Спортын төв ордонд болсон нэгэн барилдааныг үзсэнээс хойш хүрч очих боломжтой бараг бүх барилдааныг алгасалгүй үзсээр ирсэн бөхийн хорхойтон байна. Тэр барилдаанд тухайн үеийн МУИС-ийн бөх, улсын начин Ц.Дуламсүрэн түрүүлж, Найрамдлын районы бөх, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэж билээ. Намайг бөх сонирхдог ийм “өвчтэй”-г  миний эргэн тойрныхон бүгдээрээ мэднэ. Надтай адилхан ийм өвчтэй бөхийн хорхойтон олон байгаа байх. Бөхөөр ингэж өвчилсөн, бөх үзэх нь бидний амьдралын цаг хугацааны  нэг хэсэг болсон үзэгч, сонирхогч, дэмжигч, хорхойтон бидэнд бөхийн эргэн тойрон дахь асуудлууд хамааралтай байна. Наад зах нь бид зөв замаар хөгжиж буй, эрүүл саруул орчинтой, эерэг энергитэй, утга учиргүй хар хэрүүл маргаангүй, хөгжөөн цэнгээнтэй орчинд, сайхан шударга өрсөлдөөнтэй бөхийн барилдаанаа үзэж харж баясаж баймаар байна шүү дээ. Бөхийн асуудал чамд ямар хамаатай юм гэхгүй байх гэж найдаж байна.

 

Намайг бөхийн талаар бичихээр хэний захиалгаар ингэж дуугарав гээд хардах байх л даа. Улс даяараа сэтгэлийн бохирдолтой болчихсон юм чинь.  Би бол аль нэгэн нутаг ус, жалга дов, хэн нэгэн бөх, хэсэг бүлгийн өмнөөс  донгодогч бус, бөхийн барилдаан гэх үзвэрийн үйлчлүүлэгч буюу үзэгч, сонирхогч, дэмжигч, бөхийн хорхойтнуудынхаа өмнөөс дуугарч байна. Бөхийн талаар хэлэх зүйлс, дурсамж надад олон байдаг ч өмнө нь нийтэд хандаж нэг ч удаа дуугарч байсангүй. Энэ удаад дуугарах нь зөв гэж үзэж байна. Ойрдоо Монголын нийгэм бүхэлдээ мөнгө, эд хөрөнгө, хов, хагарал, тэмцэл, албан тушаал, авлигал зэргээс өөр ярих хэлэлцэх гэрэл, гэгээтэй зүйлгүй шахам байх шиг байна. Гэхдээ энэ байдал түр зуурынх байх гэж найдаж байгаа. Монгол Монголоороо үлдэж цаашаа явах нь ойлгомжтой. Тэр үед Монголыг тодорхойлох үндэсний гэх зүйлс маань уламжлал, шинэчлэлийг зөв хослуулаад яваасай гэж боддог иргэн хүнийхээ хувьд, дээр дурдаснаар үндэсний бөхийн асуудал надад ихээхэн хамаатай учраас үүнийг бичиж байна.

Үндэсний бөх, бөхчүүд ба бидний бодол, хандлага:

Монгол үндэстний их баяр цэнгэл болох эрийн гурван наадмын нэг нь үндэсний бөхийн барилдаан. Монгол хүн бүр үндэсний бөхийн талаар ямар нэг хэмжээний мэдлэгтэй. Монголчууд бөхөө дээдэлдэг ч гэж ярьдаг. Дээдэлдэг нь ч бий байх, доодолдог нь ч бий байх. Бөх, бух хоёр насны эцэст турж үхдэг ч гэх яриа байдаг. Байнга бяр хүчээр яваад байдаггүй юм гэх агуулгатай л үг байлгүй. Бөхийн барилдаан үзэхэд хамаг хайран цагаа зарцуулж байдаг гээд л,  хэдэн бух мөргөлдөж байгааг юуг нь хардаг юм гэх хүмүүстэй тааралдаж л байлаа. Бөхийн барилдаан огт сонирхдоггүй, ганц хоёрхон дархан аваргын нэр мэдэхээс цаашгүй Монгол эрчүүд ч тааралддаг л юм. Миний л мэдэхээр өнгөрсөн хоёр гурван аравны турш бөхчүүд л ард түмэндээ хүндлэгдэж, бусдаар “тэтгүүлж, тэжээлгэх” ёстой гэх авир гаргаж, албатай юм шиг “намайг хүндэлсэнгүй” гэх хандлага гаргаж яваа нь анзаарагддаг. Бөхөөс өөр тийм  “мэргэжлийн салбар” харагдсангүй. Манайхан чинь хүний дутагдлыг ил тод, нүүрэн дээр нь хэлэх чадвараа алдчихсан ард түмэн  юм чинь, сайн сайхан, муу муухай, алдаа дутагдал, архичин, тамхичин, зодоонч, хулгайч, залилан хийгч,  хүмүүжлийн доголдолтой, ёс зүйтэй, ёс зүйгүй, мэдлэг-мэргэжилтэй, мэдлэг-мэргэжилгүй, боловсролтой, боловсролгүйг нь үл харгалзан  бөхчүүдийнхээ нүүрийг харахаар л айж байгаа юм уу, долигонож байгаа юм уу, эсвэл хүндэлж байгаа юм уу, бүгдээрээ л бөхчүүдтэй  танимхайрч, саймширч харьцдаг нь бөхчүүдэд ч, нийгэмд ч нэг тийм “сонин” ойлголтыг төрүүлсэн юм болов уу гэж боддог. Нөгөө талаас бөхчүүд нь ч “би улсын цолтой бөх юм чинь, бусад хүмүүс хүрч ирж мэндлэх, бөхөлзөх ёстой” гэх хандлагатай. Насаар хавьгүй ахмад хүмүүстэй мэндийн ч зөрөөгүй, толгой дээгүүр нь гишгээд өнгөрөх шахам хандлагыг бөхчүүдийн бараг  үнэмлэхүй олонхи нь гаргана. Бөх барилддаггүй, ердийн, стандарт, жижигэвтэр биетэй, мэдлэгтэй, мэргэшилтэй, боловсролтой, хүмүүжилтэй, ёс зүйтэй, ухаантай, авьяастай, бусад салбарт нутаг, орныхоо нэрийг дотоодод төдийгүй, дэлхийд сайн, сайхнаар гаргаж яваа  хүмүүстэйгээ  манай ард түмэн тэгэж танимхайрч, саймширч байгаа нь харагддаггүй л юм. Манай ард түмний тэрхүү танимхайрах, саймшрах сэтгэл зүйг л бөхчүүд овжиноор ихээхэн ашигласаар ирсэн дээ.

Бөхийн барилдаан бол нэгэн зүйлийн үзвэр:

Монголчуудын олонхи нь үндэсний бөхийн барилдаан үзэх дуртай гэлцдэг. Бөхийн барилдаан харж байгаагаа бөх үзэж байна гэдэг. Тэгэхээр бид чинь өөрсдийнхөө таньдаг, дэмждэг  бөхчүүдээ харах гэж бөхийн өргөөнд очиж байна уу, тэдний хоорондын барилдааныг үзэх гэж очдог бил үү?. Би л лав бөхийн барилдаан үзэгч гэдэг  ажлаа гүйцэтгэхээр очихдоо таньдаг бөхөө харах гэж бус, бөхчүүдийн хоорондын үнэн хүчийг үзсэн, шударга, уран мэхийг уралдуулсан, сэтгэл догдлуулсан, тэнцүүхэн өрсөлдөөнтэй барилдаан үзэх гэж очдог. Тэнд болж буй шударга өрсөлдөөнөөс сайхан энерги авах гэж, хүч тэнцүүхэн тулаанд хэн нь давах бол гэж анхаарал хандуулж, өөрийн мэдэлгүй хажуу талын үзэгчээ түлхэж, суудал дээрээ хайжиганаж яйжигнан тэдний барилдаанаас өөр юуг ч анзаарах сөхөөгүй сууж, стрессээ тайлах гэж бөхийн өргөөнд очдог. Мэдээж таньдаг, дэмждэг, нэг нутаг усны ч юмуу манай талын  бөхчүүдийгээ,  танихгүй, өөр нутгийн буюу нөгөө талын бөхчүүдтэй барилдах үед манай талынх нь давчихаасай гэх сэтгэл хөдлөл, догдлолтой үздэг. Тэр нь тэндээс авах сэтгэл ханамж буюу одооны хэллэгээр кайфыг нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Сайхан барилдаан үзвэл огшиж, нулимс гарах үе ч гарна. Дэмжиж буй бөхийг минь доошоо хийж, орилж хашгирч буй нөгөө талын үзэгчтэй маргалдах, нударга зөрүүлэхдээ тулах явдал ч тохиолдоно.

Бөхийн барилдаан хэнд зориулагдах ёстой вэ:

Томоор сэтгэдэг, ухаантай хүмүүс бол  бөхийн барилдааныг үндэсний өв уламжлалын нэг хэсэг, Монгол үндэстэн гэдгийг тодорхойлж буй цөөхөн зүйлсийн нэг нь үндэсний бөх, бусад үндэстний бөхийн барилдаануудтай харьцуулахад манай үндэсний бөх бол жинхэнэ  урлаг байхгүй юу даа гээд л хэлэх байх. Жижгээр  сэтгэдэг мань мэтийн хувьд  бол харж, үзэж таашаал авч, стрессээ тайлдаг дуртай үзвэрүүдийн нэг нь л юм. Тэгэхээр бөхийн барилдаан бол үзэгч бидний л таашаалыг хангахад гол нь чиглэгдэх ёстой. Хэрэглэгч бол ХААН гэдэг нэг үг байдаг даа. Тэр л жишгээр. Өнгөрсөн хугацаанд тогтсон хэвшлээр бол бөхийн барилдаан нь нэг талаас зөвхөн МҮБХ-ыхоны орлого олох хэрэгсэл, нөгөө талаас бөхчүүд бай, шагнал олж авах боломж гэж л явж ирсэн. Түүнээс бус бөхийн барилдаан нь үзэгчдэд таалагдах ёстой, тэдний сэтгэлийг нь баясгаад гаргая гэсэн бодол, сэтгэлээр барилдаан зохион байгуулж, барилдаж байсан нь ховор л байх. Ялангуяа, тухайн барилдаанд оролцох буюу барилдах эсэх, үнэнч шударга барилдах уу, бууж өгч, буулгаж авч будилаантай барилдах уу гэдэг нь бөхчүүдийн л хувийн шийдэл, тэдний л тааллын асуудал. Үзэгчдэд таалагдсан барилдаан үзүүлэх эсэх нь тэдэнд огт хамааралгүй. Тухайн барилдаанд хэн хэн гэдэг бөхчүүд оролцох, тэднийг үнэнч шударгаар барилдуулах хөшүүрэг тал дээр МҮБХ менежмент хийж, мэдээлэх тогтолцоонд оруулмаар л байгаа юм даа.

Бөх ба нутгархах үзэл:

Бөхчүүдийг нутгаар нь овоглож дууддаг учраас нутгархаг үзэл тэнд л их байна гэж хүмүүс боддог юм шиг байгаам. Нутгаараа, ааваараа овоглуулах, тэднийхээ нэрийг муугаар биш, тэр нутгийн, түүний хүү тэр бөх бяр хүч сайтай, ухаалаг барилдаантай, овсгоотой, овоо шүү гээд л сайнаар гаргахын буруу нь юу байхав. Бөхийн эргэн тойронд нэгнээ дэмжих, өөд нь татах, нөхөрлөх зэргээр  нутгархах үзэл байх нь тийм ч хортой нөлөөлөлтэй биш байх. Харин бусад нутгийнханыг гадуурхаж, хавчлага, дарамт үзүүлэх бол байж болохгүй. Хэн ч яаж ч шүүмжилсэн нутгархаг үзэл арилахгүй нь тодорхой. Хэр хэмжээ, тунгий нь тааруулах л чухал. Зарим аймгийнханыг илүү нутгархаг гэлцдэг. Тэд нутгархая гэж нутгарахсандаа бус, тэднийг бусад нь хавчиж гадуурхаад байгаа учраас, зовлон нэгтэй гадуурхагсад хоорондоо илүү ойртож нягтардаг бичигдээгүй хуулийн дагуу тэр аймгийн бөхчүүд хоорондоо  илүү ойр байгаа нь бусдад тэгж харагддаг юм шиг байгаам.  Хараад байхад нутгарахдаггүй аймаг байхгүй л байгаа юм. Тиймээс харьцангуй олон тоотой, гайгүй амжилттай барилддаг бөхчүүдтэй аймгийнханыгаа гадуурхаад байж болохгүй ээ.

Аймгийн хэмжээнд сумынхыгаа, улсын хэмжээнд аймгийнхыгаа, дэлхийн хэмжээнд улсынхыгаа дэмжиж байх нь хүн төрөлхтний л жишиг байх. Тэгэхдээ жалга довны буюу жижгэрч хуваагдах  үзэл ихэдвэл мэдээж онцгүй. Барилдаан дээр хоёр бөх хайнцвал манай нутаг зүгийнх нь л давах ёстой гээд л, тэрэнд давуу тал олгох ёстой гэж муйхарлаад л, бусад нутгийн бөхчүүдэд дургүй гэх хандлага гаргах зэрэг нь хэнд ч хэрэггүй бөгөөд бусдад лав л таалагдахгүйгээр үл барам ямар ч сайн үр дүнд хүргэхгүй. Бөхийн өргөөнд очоод дэмжээд барилдааныг нь үзэхэд урамтай сайхан барилдаан үзүүлж байгаасай гэж, олон даваа авч нутаг усныхаа нэрийг сайнаар гаргаж байгаасай гэж л мань мэт нь нутгийнхаа бөхчүүдийг чадахаараа дэмждэг. Ер нь нутгийн бөхчүүдээ дэмжихгүйгээр, өөр нутгийн бөхчүүдийг дэмжээд яваа хүнтэй би л лав тааралдаагүй. Боломжтой бол Монголынх гэдэг том агуулгаар нь өөр аймаг, сумын бөхчүүдийг дэмжээд явбал буруутгах зүйлгүй л дээ. Японы сумо бөхийг харж байхад ч тэднийг баруун, зүүнээс гарч байгаагаар нь, тэр нутгийн, тэр дэвжээний гээд л зарлаж байна. Тухайн нутгийнхан нь бөхчүүдээ дэмжиж байгаагаа илэрхийлээд л нэрийг нь бичсэн, амжилт хүссэн утгатай бичиг бариад л, хашгираад л үзэж байгаа харагддаг. Нутаг нутагт бөхөө дэмждэг клубууд ч бий. Тухайн нэг бөхийг дэмждэг фен клуб ч байдаг. Хэр хэмжээнээсээ хэтэрчихгүй болбол үндэсний бөхийн эргэн тойронд нутгархах үзэл тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Нэг нутгаас ойрхон хугацаанд хэд хэдэн бөхчүүд амжилт үзүүлээд ирэхээр бусад нь гадуурхах хандлага манай Монголчуудаас үе үе гарч буй нь анзаарагддаг. Энэ бол харин огт байж болохгүй нутгархах үзэл. Нутгархах үзлийг зөвөөр, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх маягаар ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь санхүүгийн дэмжлэг авах тал дээр энэ үзлийг зөвөөр ашиглах нь чухал. Одоогийн ийм ойлгомжгүй, дүрэмгүй, зохион байгуулалтгүй байгаа цаг үед бүр ч илүү хэрэгцээтэй.

Үндэсний бөхийн шинэчлэл:

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудын амны уншлага болсон, ТББ-ынхаа удирдлагыг бусдад шилжүүлэхгүй гэхээрээ, маргалдах, заргалдах болохоороо байнга хэлдэг зүйл нь Монгол бөхөд төдөн шинэчлэл хийсэн, тийм учраас МҮБХ-ны удирдлагаас ховхрох ёсгүй гэх агуулгатай ярилцлага, нийтлэл цацаад эхлэдэг. 1990 он хүртэл Монгол үндэсний бөхөд шинэчлэл огт хийгдэхгүйгээр, хэдэн зуун буюу мянганаар тоологдох жилийн өмнө анх үүсэхдээ л 1990 оны түвшинд хүрчихсэн байсан гэвэл, түүн  шиг худлаа зүйл үгүй. Үүссэн цагаасаа хөгжсөөр л 1990 онтой золгосон байж таараа. Наад зах нь улсын арслан  М.Мөнгөн нарын бүтээсэн “Хэлтгий заяа” кинон дээр гардагчлан битүү зодогтой байснаа, цээжээрээ задгай болсон, 1960-аад оноос өмнөх наадмын бичлэг дээр гардагчлан шуудагны ар тал нилээд дор буюу хошногоны ац гарсан байснаа, одоогийн шуудагны хэлбэрт шилжсэн  гэх мэт өөрчлөлтүүд гарсаар ирсэн нь ойлгомжтой.  Зөвхөн Р.Нямдоржын үед л үндэсний бөхөд шинэчлэл явагдсан, өмнө нь огт шинэчлэлгүй явж ирсэн юм шиг ярьдаг аа одоо  болих хэрэгтэй байна. Бид ийм улиг болсон, худал, хуурмаг яриаг олон жилийн турш сонслоо. Харин Р.Нямдорж тэргүүтнийг юу ч хийгээгүй гэж хэлж байгаа хүн байвал, тэр 50 шинэчилсэн ажлынхаа жагсаалтыг үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Олон шинэлэг ажил хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн учраас Р.Нямдорж, Д.Данзан нарыг Гавьяатаар өргөмжилсөн байх гэж найдаж байна. Тэгээд өөрчилсөн бүхэн нь дэвшилтэт шинэчлэл мөн үү гэвэл бас тийм биш. Бөхийн барилдааны дөрвийн давааг нэг ба хоёрын даваатай ижилхэн оноолтоор барилдуулдаг болсон, бөхийн малгайг залаатай болгосон, тэмдэгтэй болгосон,  даваа бүрийг цолтой болгож зургаа давбал харцага, найм давбал гарьд цол олгодог,  хоёр шинэ цол бий болгосон, шахааны барьц бий болгосон, даваа бүрийг цаг хугацаатай болгосон, цолыг зөвхөн наадмаар олгодог болсон, тодорхой хугацааны үечлэлтэйгээр цолны хишиг олгодог болсон, цол олгодог барилдаанд олон, цөөн шөвгөрснөөр нь эрэмбэлдэг болсон, цолны нэрэмжит барилдаан бий болгосон, бөхчүүдэд өндөр бай шагнал олгодог болсон, ном, сонин бүтээсэн, “шинжлэх ухаанч, үзэгчийг дээдэлсэн зэрэг гоё гоё нэртэй хэрэгждэггүй урианууд дэвшүүлдэг болсон”  гэх мэтчилэн МҮБХ-ны удирдлагууд болон бөхчүүд, дэмжигчид, үзэгчдийн санал, санаачилгын үр дүнд олон шинэ бөгөөд шинэлэг ажлууд хийгдснийг үгүйсгэхгүй ээ. Бүх шинэ бөгөөд шинэлэг ажлыг Р.Нямдорж л ганцаараа  зүүдэлж сэрээд, санаачлаад байсан гэвэл тэр бас үнэнд нийцэхгүй.  Ер нь ганц МҮБХ-ны бус, аливаа байгууллагын удирдлагад ажиллах гэж амбици гаргаж буй болон ажиллаж буй хүн чинь шинэлэг байдлаар, шинэ менежментээр ажиллах нь заавал биелүүлэх ёстой үүрэг нь шүү дээ. Эдгээр бүх шинэчлэл нь дэвшил байсан уу, ухралт байсан уу гэдэг бол бас эргэлзээтэй асуудал. Лав л шахааны барьц бол ухралт гэж би үздэг. Шахааны барьц бол мэхгүй, хаялцдаггүй хоёр бөхөөс хурдан салж авах, барилдааныг нь хурдан дуусгах гэсэн ганцхан л зорилготой бөгөөд түүнээс өөр агуулга тэнд байхгүй гэж боддог. Зарим нь шахааны барьцыг өндөр том биетэй, мэх муутай цөөхөн бөхчүүдэд зориулж барилдааны дүрэмд МҮБХ-ныхон оруулсан ч гэлцдэг л юм. Монгол үндэсний бөхийн уран барилдаан шахааны барьцнаас шалтгаалж ховордож, улмаар устах тийшээ эргэсэн. Бүх бөхчүүд жингийн илүүдэлтэй болсон. Бөхчүүдийн эрүүл мэндийн байдлыг шахааны барьц үлэмж ихээр доошлуулсан. Үндэсний бөхийнхөн жингээ барьж  жудо, чөлөөт, самбоор хичээллээд аль аль төрөлд нь зэрэг амжилт гаргаад явах боломжгүй болсон. 1990-ээд оноос өмнө чөлөөт, жудо барилдааны дунд жингүүдэд улсын начин, заанууд, хүнд жингүүдэд нь аварга, арслангууд голдуу  барилддаг байсан бол одоо дунд жингүүдэд сумын заан, аймгийн начингууд, хүнд жингүүдэд аймгийн арслан, сайндаа л улсын начингууд  барилддаг болсон. Тиймээс Монголын бөхчүүд их спортын төрөлд дэлхий, олимпын наадамд хүнд жингүүдэд амжилт гаргадаггүй болсон. Энэ бол үндэсний бөхийн “буруу” шинэчлэлтэй ямар нэг хэмжээгээр холбоотой. Олон цол бий болгосноор цолны найраа нэмэгдсэн үү гэхээс буураагүй гэх мэтээр шинэчлэл бүхэн дэвшил биш нь тодорхой. Ийм дэвшил бус, уруудал болсон шинэчлэлийг  бөх үзэгчдийн олонхи хэд хэдээр нь нэрлэнэ дээ.

Бөхийн барилдаан үзэгчийн тав тухыг хангах менежментийн дутагдал: 

Сүүлийн жилүүдэд маргаан, будилаантай барилдааны үеэр хөлийн цэц, засуул, бөхчүүдийн илэрхий буруутай үйлдлүүдэд дургүйцсэн үзэгчид савтай ус, ундаагаа бөхийн өргөөний дэвжээ рүү шидэх явдал хааяа гардаг болсон. Түүнтэй холбоотойгоор зарим барилдааны үед үзэгчид хүссэн ундаа, цайгаа авч орох боломжгүй болсон. Бүтэн 5-7 цагийн турш хоосон суухаас өөр аргагүй. Эсвэл МҮБХ-ныхоны танилуудын бизнес болох задгайгаар савлаж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан, хийжүүлсэн ус, ундааг уухаас өөр сонголт байхгүй. Төр засгийн өндөр албан тушаалд  ажилладаг том дарга нар бөхийн барилдаан үзэхээр болбол жирийн иргэн-үзэгч биднийг шалгаж оруулах гэж гадаад орны хилийн шалганыг нэвтрэхээс илүүтэй хэцүү ажил гардаг боллоо. Өмнөх жилүүдэд том дарга нар хэд хэдээрээ үзэж байхад гайгүй ороод болдог л байсан. Хэдэн арав, зуугаар тоологдох сая хүн амтай улсын төрийн тэргүүнүүд иргэдтэйгээ хамт суугаад бөхийн барилдаан үзэж л байдаг шүү дээ. Тэгээд ч манай дарга нарын хажууд нь хамгаалалтын албаны  гэх хэдэн арван хүн байнга дагаж яваа шүү дээ. Билетнийхээ үнийг төлөөд орж байхад л бие засах өрөө нь хүртэл төлбөртэй. Тэгсэн мөртлөө бохир заваан. Иймэрхүү хүндрэлтэй байдлыг ч засаж залруулмаар байгаа юм.

Цол, эрэмбэ ба цолны найраа:

Бөхчүүдийн хувьд хүрэх, хүсэх зүйл нь цол. Ганцхан улсын баяр наадмаар л цол олгоно. Хичнээн сайн бөх байсан ч улсын наадмаар л цол авахгүй болбол цол ахих магадлал байхгүй. Найраа хийж, жаахан ч гэсэн дэмжлэг авахгүй  л болбол цол авах магадлал туйлын бага. Найраа хийхгүй бол цол ахидаггүй нь жишээ бол аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн начин Э.Элбэгбаяр гэх мэт бөхчүүд. Ш.Мөнгөнбаатар бол улсын начин, харцага, зааны энтэй бөх, Э.Элбэгбаяр бол  улсын начин, харцагын энтэй бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй.  Миний мэдэх өнгөрсөн 30-аад жилийн дотор төрсөн  дархан аварга, аварга, улсын арслан цолтнуудын олонхи нь буюу А.Сүхбат улсын гарьд Д.Баяраагаар, Г.Өсөхбаяр дархан аварга Ж.Мөнхбатаар, аварга Д.Сумьяабазар дархан аварга Д.Цэрэнтогтохоор, аварга Г.Эрхэмбаяр дархан аварга Ж.Мөнхбатаар, аварга С.Мөнхбат улсын заан Ч.Батзоригоор, аварга Ч.Санжаадамба улсын харцага Ө.Бат-Оршихоор, арслан Б.Ганбат дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж, өөрөөр хэлбэл тэднийг хэвтүүлж буюу найрч улсын цолны босго алхаж байсныг бүгдээрээ мэднэ шүү дээ. Яахав үнэхээр чансаатай начин бөгөөд начингаар тогтохгүй зарим бөхчүүд тунаад ч юм уу, найраагүйгээр улсын цолны босго алхах явдал тохиолдоно оо. Тухайлбал, улсын начин Ц.Баянмөнх, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Ш.Зоригт, улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Ч.Ганзориг гэх мэт бөхчүүд улсын цолны босгыг найраагүйгээр алхаж байсныг ч бөх сонирхогчид андахгүй. Үзэгч бидний хувьд цол хүртсэн бөх цолныхоо хэмжээнд буюу цолоо ахиулах хэмжээнд барилдаад л явчихвал хэнийг давж, яаж цол авсан нь тийм ч сонирхолтой биш.

Цолны эрэмбийн хувьд ч МҮБХ бөхчүүдийн эрэмбийг тогтоох үзүүлэлтүүдээ оновчтой, боловсронгуй болгохгүй болбол эрэмбээр нь  бөхчүүдийг хооронд нь хагаралдуулж, талцуулах бодлого явуулж буй мэт байдал анзаарагддагыг нуух юун. Дургүй бөхчүүдээ доош нь хийх арга хэрэгсэл болгож ашиглаад байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаяр нарын хооронд яс хаяж, төрийн наадмыг ч  тодорхой хугацаагаар саатуулах хэмжээнд хүргэж байв.  А.Сүхбатын хувьд 2000 онд 9 давж арслан, 2001 онд 9 давж аварга, 2001 онд 10 давж даян аварга, 2004 онд 9 давж дархан аваргын болзол хангасан байхад, Г.Өсөхбаярын тухайд 2002 онд 9 давж арслан, 2003 онд 9 давж аварга, 2005 онд 9 давж даян аварга, 2009 онд 9 давж дархан аваргын болзол хангасан байдаг. Гэтэл МҮБХ энэ хоёр бөхийн дунд яс хаяж муудалцуулсаар өнөөдрийг хүрсэн. А.Сүхбат нь Г.Өсөхбаяраас бүтэн 5 жилийн өмнө дархан аваргын болзол хангасан байдаг. Хэлмэгдүүлж цолыг нь өгөхгүй байсаар олон жилийн дараа энэ хоёр бөхийн цолыг нэг өдөр олгочихоод тэр өдрийн өмнөх өдөр гэхэд Г.Өсөхбаярын амжилт нь А.Сүхбатынхаас илүү байсан гэх тайлбарыг МҮБХ хийж байсан. Энэ хоёр нэг өдөр улсын начин цол шинээр авч байсан бол тэгж үзэж болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар олон жилийн өмнө гаргачихсан байсан амжилтыг нь нөхөн үнэлж хоёуланд нь дархан аварга цол олгосон шүү дээ. Д.Сумьяабазар, С.Мөнхбат, Ч.Санжаадамба гэх мэт аваргууд улсын наадамд нэг удаа 10 даваад түрүүлэхэд, улсын наадамд хоёр удаа 9 давж түрүүлсэнтэй дүйж улсын аварга цол олгосон мөртлөө, 2001 онд А.Сүхбат 10 давж түрүүлснийг яагаад 2 удаа 9 давсантай дүйж үзэхгүй байгаа юм?. Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй гэдэг биз дээ. Тиймээс улсын баяр наадамд 6 удаа түрүүлсэн Ж.Мөнхбат нь улсын баяр наадамд 10 удаа түрүүлсэн Х.Баянмөнхийн өмнө зогсдог байх аа. Ийм ялгаварлан гадуурхалт байж болдог юм уу?. Ийм ойлгомжтой тайлбарыг МҮБХ тухайн үед нь хийчихсэн бол тэр хоёр дархан аваргын дунд ямар ч зөрчил үүсэхгүй, улсын баяр наадмын гурвын даваанд нэгнээ амлахгүй л байх байсан гэж боддог. Иймэрхүү хандлага улсын арслан Д.Азжаргал, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын эрэмбэн дээр ч анзаарагдаж л байсан. Улсын баяр наадамд 5 удаа үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ, улсын баяр наадамд 1 удаа үзүүрлэсэн Д.Азжаргалын хойно зогсож буй нь яавч зөв эрэмбэ биш. МҮБХ-ныхоны ганц хэлэх тайлбар нь Д.Азжаргал 9 давж үзсэн, Д.Мөнх-Эрдэнэ 9 давж үзээгүй л гэнэ. Бөхөд чансаа гэж юм байх ёстой шүү дээ. Эрэмбэ гэдэг чинь чансааны илэрхийлэл биз дээ. Хоёулаа л үзүүрлэсэн арслан шүү дээ. Таван удаа үзүүрлэх, нэг удаа үзүүрлэхийн хооронд асар их ялгаа байна аа даа. П.Бүрэнтөгс нэг түрүүлчихсэн байх үедээ нэг үзүүрлэсэн Д.Азжаргалын хойно эрэмбэтэй байж л байсан. Тэр бас л зөв эрэмбэ биш байсан. Үзүүрлэх, түрүүлэхийн хооронд асар их ялгаа бий. Үзүүрлэхийн “зовлон”-г хамгийн их амссан бөхчүүд бол Д.Мөнх-Эрдэнэ, Б.Гантогтох нар. Одоо бол П.Бүрэнтөгсийн хувьд нэг үзүүр, нэг 7 давсан амжилтуудаараа Д.Азжаргалын өмнө орсон байх л даа. Тэгэхээр бөхчүүдийг эрэмбэлэхэд давааны тооноос гадна харгалзаж үзэх өөр үзүүлэлт баймаар л байгаа юм. Өнгөрсөн хугацаанд МҮБХ-ны удирдлагуудын тааламж, үзэмжээр явж буй нь олонтаа анзаарагдаж байсан. Удирдлагуудыг шүүмжилдэг талын бөхчүүдийн эрэмбэ нь МҮБХ-г дэмждэг талынхаас  доогуур байх журамтай юм шиг л.

Залуу бөхчүүдийн хувьд аймаг, цэргийн цолны мөрөөдөл. Аймгийн арслан цолтой бөхчүүдийн хувьд улсын цол. Улсын цолтнуудын олонхийнх нь хувьд цолоо ахиулах. Дээд тал нь дархан аварга болох. Цол бол олонхи бөхчүүдийн тухайд эрхэлж буй ажлынх нь чанар, үзүүлэлт. Барилдахаас өөр ажил эрхэлдэггүй бөхчүүдийн тухайд одоо байгаа болон ирээдүйд хүрэх цолоо үнэлж амьдрах явдал түгээмэл байна. Улсын цолтой бол одоо цаг дээр ямар нэг хэмжээгээр үнэлэгдэнэ. Аймаг, цэргийн цол бол одоо цаг дээр бараг үнэлэгдэхгүй. Аймаг, цэргийн цолтон болон  залуу бөхчүүд нь ирээдүйд  улсын цол авах магадлалтай гэж тооцогдвол  аль нэг байгууллага, албан тушаалтан, бизнесменээс жаахан “цалин” олдож магад. 2000-аад оноос өмнөх үед бөхчүүд биеийн болон оюуны ажил хөдөлмөр эрхлэхийнхээ зэрэгцээгээр  барилддаг байсан бол одоо тийм замаар яваад амжилт гаргах нь хэцүү гэлцэх юм билээ. Бөхийн тоо олширсон. Бөх бэлтгэдэг сургууль, дэвжээд ч олон болсон тул цол авах нь ихээхэн өрсөлдөөнтэй болсон. Иймээс шинээр гарч ирж буй залуу бөхчүүдийн тухайд  ирээдүйд хүрэх магадлалтай цолоо барьцаалж амьдрах явдал ихээхэн түгээмэл байна. Энэ тогтолцоо зөв үү, буруу юу гэдэг талаар МҮБХ “юм” бодож байгаа эсэхийг мэдэхгүй.  Иймэрхүү юунд хүрэх нь тодорхой бус, эзэнгүй бөхчүүдтэй  байдал нь олон залуучуудын хувь заяаг бүрхэгдүүлж байгаа юм шиг хааяа бодогддог. Бөх ер нь амьдрах арга, мэргэжил, мэргэшил мөн юм уу?. Бөх барилдаад байгаар нь амьдраад, гэр бүлээ тэжээгээд явах боломж бий юу?. Цаашид хэнд хэрэгтэй, юу бүтээж амьдрах вэ?. Ийм байдлыг үндэсний бөхийн барилдаанаар хичээллэхээр сонирхож буй залууст эхнээс нь сайтар ойлгуулах хэрэгтэй. Цолонд л хүрчихвэл амьдралынх нь бүх асуудал шийдэгдэх гээд байгаа юм шиг ойлголттой залуус их олшрох төлөвтэй. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд л гэхэд 500, 600 гаруй бөхчүүд барилдаж байгаа гэх мэдээлэл бий. Барилдахаас өөр ажил эрхлэхгүй тэр олон залуус улс орондоо, эргэн тойрондоо,  гэр бүлийнхэндээ зориулж юу бүтээж чадах вэ?.  Яаж ийгээд цолонд л хүрч байвал гэх сэтгэхүй нь цолны найрааг дээд зэргээр хөөрөгдөж байна.

МҮБХ-ны удирдлагууд цолны найрааг багасгасан гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ цолны найраа бол хүрээгээ тэлж сумын, аймгийн, улсын бүх цол ханштай болсныг бөх сонирхогчид, Монголын ард түмэн тэр аяараа л мэдэж байна. МҮБХ-ны тэргүүн нь өөрөө ч  цолны найраа хийгээд явж байсныг улсын арслан цолтой нэгэн бөх өөрийн биеэрээ илчилсэн шүү дээ. Найрааны сонгодог нэгэн жишээг хэдэн жилийн өмнөх улсын наадам дээр  Булган аймгийн харьяат улсын гарьд болон  Дундговь аймгийн харьяат улсын харцага цолтой бөхчүүд нь Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан цолтой  хоёр бөхийг тус тус амлан авч урдуураа гүйлгэж тахимдах, шуудагнаас шахаж татах мэхийг арав гаруй удаа дутуудуулан хийж рекетлэн, заналхийлсээр нэг зуу гаруй сая төгрөгний найрааны ханшийг хоёр зуу гаруй сая хүргэж байсан талаар нэгэн сонин дээр хэдэн сарын өмнөхөн бичиж л байсан даа. Ер нь цолны найраа байгаа юу, байхгүй юу гэж ярих нь утгагүй. Найраагүйгээр цол авч буй нь өдрийн од шиг ховор байгааг хүн бүр мэдэж байгаа. Хурдан морьдынхоо амжилтыг тоочиж бичээд болж байгаа юм чинь хэдэн бөхчүүдийнхээ амжилтыг бичиж тэмдэглээд байж болно шүү дээ. Жилд ганцхан тохиодог нэг удаагийн барилдааны амжилтаар цол олгох бус, олон барилдаанд үзүүлсэн амжилтын нийлбэрийг харгалзаж цол олгох тогтолцоонд шилжвэл цолны найраа ч багасаж, үнэлэмж нь ч  илүү бодитой болох нь тодорхой л байгаа юм даа.

Үзэгч бидэнд өрсөлдөөнтэй буюу эн тэнцүү барилдаан л чухал:

Үзэгч бидний хувьд идэр настай, улсын аварга ба сумын заан хоёрын барилдаан сонирхолтой биш. Саяхны нэгэн барилдаан дээр Ч.Санжаадамба аварга, сумын заан цолтой нэгэн бөхийг илт илүүрхэн алах дөхөн давж буй тийм өрсөлдөөнгүй, амтгүй барилдаан үзэгчдэд сонирхолтой биш. Ер нь ганц үндэсний бөхөд ч бус  тийм ялагч, ялагдагч нь тодорхой аливаа тэмцээн, уралдаан үзэгчдэд сонирхолтой байдаг юм уу?. Сумо бөхийн барилдаан жонокүчи, жонидан, санданме, макүшита, жюро, макүчи гэх 6 зиндаатай байгаа нь ойролцоо хүч, техникээр нь ангилж барилдуулж буй нь тэр. Чөлөөт, жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн наадамд өмнө нь тухайн улсын аварга цолтой бөхийг оруулдаг байснаа өөрчлөөд тивийн аваргад эхний байруудад шалгарсан буюу олон улсын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож тодорхой тооны босго оноо цуглуулсан тамирчдыг оруулдаг болсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгох, үзэгчдэд эн тэнцүү барилдаан үзүүлэх гэсэн дэлхий дахины хүсэлд нийцүүлсэн нь тэр байх. Дэлхийн чөлөөт, жудо бөхийн холбооныхон дүрмийн энэ шинэчлэл, өөрчлөлтийг хийхийн өмнө Тайландын ч юм уу, Лаосын улсын аварга бөх нь олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  ирээд  Япон, Солонгос, Орос, Иран, Франц, Монголын бөхчүүдтэй оноолт таараад эхний хэдхэн секундэд цэвэр шидүүлж, даруулчихаад явдаг байсан. Энэ нь мэдээж үзэгчдэд ямар ч сонирхолгүй. Манайд яахав сумын заанаар хязгаарласан, аймаг, цэргийн арслангаар хил тогтоосон барилдаан байгаа ч тэнд бас л тэнцүү өрсөлдөөн цөөхөн. Үзэгч бидэнд 1964 оны луу жилтнүүд буюу дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ц.Баярсайхан, улсын заан Ч.Бямбадорж, улсын харцага Ч.Даваадорж тэргүүтнүүдийн олонхийнх нь хоорондын ч юмуу, зургаан залуу заан гэгддэг байсан Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар, Б.Ганбат нарын хоорондынх шиг гал гарсан барилдаан үгүйлэгдэж байна. Дундажаар 120-150 килограмм жинтэй бөхчүүд тэврэлдэж зогсож байгаад, шахааны барьцнаас нэгнээ дарж унах барилдаан сонирхолтой биш. Мэдээж бөхчүүд үе үеэрээ байгалийн жамаар төрж байгааг ойлгож байна. Гэхдээ иймэрхүү өрсөлдөөнтэй  байдлыг хэрхэн бий болгох вэ?  гэж  үзэгчдэд сонирхолтой байх талаас нь бодож үндэсний бөхийн барилдаанд менежмент хийж болохгүй юу?.

Бөхийн тоо ба барилдааны чанар, агуулга:

МҮБХ-ноос үндэсний бөхийн барилдааныг “мундаг” “том болгож”  харагдуулах менежментийн  гол арга барил нь аль болох олон бөх оролцуулсан барилдаан зохион байгуулах явдал бололтой байдаг. Гиннесд бүртгүүлэх 6000 гаруй бөхийн барилдаан, ардын хувьсгалын тэг, таваар төгссөн ойн баяраар 1024 бөх, бусад ойн болон нэрэмжит барилдаануудад ач холбогдол өгөхөөрөө л аль болох олон бөх барилдуулж байвал л “сайн” “нэр хүндтэй” барилдаан гэж үздэг бололтой юм билээ. Олон бөх барилдуулснаар барилдааны чанар сайжрах уу? гэвэл, үгүй. Харин ч сонирхолгүй барилдаан олширно. Энд мөн л үзэгчийн байр сууринаас хандахад барилдах бөхийн тоо нь чухал бус, барилдааны агуулга, чанар нь бидэнд чухал. Тэгэхээр МҮБХ нь тооны хойноос хөөцөлдөх менежментийн аргаар явах бус, үзүүштэй сайхан барилдаан гаргах менжментийн аргыг бодож олохоор хичээж ажиллах хэрэгтэй байна. Улсын наадам, цагаан сар, улс тунхагласны,  дөрвөн уулын хишиг гэх мэт барилдаануудад ойролцоо зиндааны  шигшмэл 128, 64 бөх барилдуулж байвал үзэгчдэд хичнээн тааламжтай. Байнгын үзэгч бидэнд төдийгүй гадаад, дотоодын аялагч, жуулчдад ч сонирхолтой байх нь эргэлзээгүй.

Бөх ба тэдний орлого:

Ялангуяа мэргэжлийн спортынхон орлого олох боломж нь нэр хүндтэй баг, клубт элсэж өндөр цалин, урамшуулал авах,  рекламд оролцох явдал зэрэг юм шиг байдаг. Хөл бөмбөг, сагсан бөмбөг мэтийн дэлхий нийтэд түгээмэл тархсан спортоор гайгүй амжилт гаргаж буй тамирчдын орлого олдог гол аргын нэг нь зарим үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг сурталчилж, рекламд оролцох гэлцдэг. Манайд бол иймэрхүү хандлага бага юм даа. Харин “том” болж харагдах гэсэн компаниудын захирлуудыг дагаж тэдний бие хамгаалагч ч юм уу, эмблем ч юм уу хэлбэрээр явах нь нэг хэсэг түгээмэл байсан. Одоо тэр хандлага цөөрч байна. Бөхчүүд нь танил тал, холбоо сүлбээгээрээ дамжуулж төрийн өмчтэй компани, цэрэг, цагдаагийн байгууллага мэтэд харьяалагдаж цалинжиж амьдрах явдал түгээмэл байгаа нь бөхийн барилдааны үед бөхчүүдийн харьяалалыг зарлаж буйгаас тодорхой харагддаг. Энэ бас л зөв биш хандлага. Бөхчүүд давааныхаа байгаар ч юм уу, амьжиргаагаа хангах өөр зөв хэлбэрийн санхүүжилтийн тогтолцоогүйгээс л ийм байгаа юм. Уг нь гадаад орнуудын үндэсний бөхийн хөгжлийн жишээнээс суралцаад, зөв менежмент нэвтрүүлээд явбал боломж байгаа л даа. Бөхийн орлого, санхүүжилтийн зөв тогтолцоо нь зөв хөгжлийн үндэс болно гэж үзэж байна.

Бөх ба сэргээш:

Мөн л сүүлийн жилүүдэд МҮБХ сэргээшийн шинжилгээ гэдэг асуудлыг гарган ирж бөхчүүдийнхээ нэр хүндэд халдах, сэтгэл санаагаар дарамтлах, хагарал үүсгэх явдал бий боллоо. Ер нь сум, аймгийн цолтой ч юм уу, огт танигдаагүй нэгэн залуу бөх сэргээш хэрэглээд л гэнэт аймаар бяр хүч ороод улсын цол аваад л, улсын наадамд түрүүлээд л явчих  тохиолдол байх уу?. Тийм их бяр хүч оруулаад, нэг хоёр өдрийн дотор цооруулаад явчихдаг сэргээш ч гэж байна уу?. Тэгээд ч олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үед тамирчдын цус, шээснээс илэрвэл сэргээш хэрэглэсэн гэж үздэг эм, хүнсний нэмэлтэд агуулагддаг бүх төрлийн  бодисуудыг үндэсний бөхчүүдээс илрүүлэх шинжилгээ хийж буй нь зөв үү?. Хайран цаг, мөнгөний гарз биш үү?. Ядахдаа манай улсад түүнийг нь шинжилдэг дотоодын лаборатори байхгүй. Тэр олон төрлийн сэргээшүүдийн дотроос  манай бөхчүүд хэрэглээд байгаа нь гэх аюултай ч юм уу, асар их бяр хүч оруулдагыг нь ч юм уу ялгаж шинжлүүлж бас болно шүү дээ. Тэдгээрээс нь илэрвэл торгуулийн арга хэмжээ авдаг ч юм уу, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах  гэх мэтээр журамлаж болох л юм. Тэгээд л яс, булчин, холбогч эдүүдийн бэртлийн үед хэрэглэсэн гэх чилийсэн палийсан ч гэлүү эм, тан, харшлын эсрэг эм,тариа, хүнсний нэмэлт уурагт бэлдмэл дэх бодисуудын үлдэгдэл бөхчүүдийн цус, шээсэнд илрэхээр л сүрийг бадруулж бүтэн жилийн хэрүүл, маргаан болгоно. Энэ сэргээш  гэгчийнхээ шинжилгээг ийм хэрүүл маргааны бай болгохгүйгээр, бөхчүүддээ болон тэдний багш дасгалжуулагчдад хандаж маш сайн ухуулга, зааварчилгаа өгч, хэрэв хэрэглэвэл тухайн бөхийн эрүүл мэндэд ийм тийм сөрөг нөлөөтэй гэдгийг нь баримттайгаар үзүүлж заагаад, сэргээштэй тэмцэхийн гол агуулгыг бөхчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах тийш хандуулмаар байна шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд сэргээш хэрэглэсэн гэх дархан аварга А.Сүхбат, улсын начин Ду.Батбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал, улсын заан Б.Соронзонболд нарыг хэр чансаатай, мундаг бөхчүүд вэ гэдгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ шүү дээ. А.Сүхбат аваргын тэр гайхалтай, сэтгэмжит, уран хурц, дайчин барилдааныг сэргээшийн үр дүн гэхэд итгэх хүн байх уу?. Бөх үзэгч миний л хувьд хэрэв бөхөд тийм авьяас, чадвар, сэтгэмж, уран мэхний техник суулгадаг  сэргээш байдагсан болбол бүх бөхчүүддээ байнга санал болгож,  байнга л уулгаж баймаар байна шүү дээ. Уран хурц, уулга алдуулсан барилдаан үзэхийн тулд. Хамгийн хачирхалтай нь тэр сэргээш гэгч нь илэрсэн бөхчүүдэд оноож буй шийтгэл нь баяр наадмын комисс гэх хэдэн хүний үзэмжийн асуудал. Ямар ч шийтгэл оноохгүй байж болно, барилдаанд оролцуулахгүй хэдэн сар байлгаж болно, цолыг нь хүчингүй болгож болно гэх мэт.  Амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй үе, олон жилийн хөдөлмөрөө зарцуулж байж улсын цолд хүрсэн зарим бөхчүүдийн цолыг нь сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар хурааж бөхчүүдийн өөрсдийнх нь, гэр бүлийнх нь, аав ээжийнх нь, ах дүү хамаатан садных нь, нутаг усныханых нь сэтгэл зүйд үлэмж их дарамт учруулж тоглох явдал ч гарч байна. Тухайлбал, Говь-алтай аймгийн харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат Н.Адьяабат нарыг сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр улсын начин цолыг нь хураах шийдвэр гаргасан учраас тэдгээр бөхчүүд өнөөдрийг хүртэл барилдаж чадахгүй л явцгааж байна. Энэ хоёр бөх чинь сэргээшийн үр дүнд орсон гэнэтийн бяр чадлаар бус, нэг дэвжээний, нэг нутгийн том цолтнууд болох дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарыг “хэвтүүлж” бусдын жишгээр л улсын начин цолыг хүртэцгээсэн шүү дээ. Б.Суманчулуун, Н.Адьяабат нарыг хэр чансаатай аймгийн арслангууд байсан, улсын начины энтэй барилддаг эсэхийг нь бөх сонирхогчид андахгүй. Улсын начин цолтой бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлвэл Б.Суманчулуун, Н.Адьяабат нар нилээд дээгүүр эрэмбэнд зогсох начингууд гэдгийг ч бөх сонирхогч үзэгчид санал нэгтэйгээр хэлнэ дээ. Иймээс энэ хоёр бөхийн улсын начин цолыг нь сэргээж олгох хэрэгтэй. Хүнээр ингэж тоглож болохгүй. Улсын цол бол тэдний энэ амьдралынх нь хамгийн том мөрөөдлүүдийн нэг нь  байсан гэдэгт би л лав эргэлзэхгүй байна.  Өнгөрсөн зуны баяр наадмаар улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн харьяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нараас сэргээш илэрсэн гэж зарлаад тэднийг бас л нуман тулгуурт оруулчихсан тарчилган зовоож байгаа бололтой. Цол хүртсэнээсээ хойш бөхийн өргөөнд болсон нэг ч барилдаанд харагдсангүй. Наадмын үеэр тэдний барилдааныг харж байхад сэргээш хэрэглэчихсэн нь илт мэдрэгдээд өрсөлдөгч бөхчүүдээ авч чулуудаад л, эвдэж хэмхэлчих гээд л байгаа юм анзаарагдахгүй л байна лээ. Өмнө нь ямар цолтой, ямар хэмжээтэй бөхчүүдтэй хэрхэн барилддаг, тэр л янзаараа, хэр хэмжээндээ л барилдаж буй нь харагдаж байсан.  Б.Баатарцол, Б.Ганзориг нарын тухайд  хав барьцнаас ч, сэрвүүгээс ч, зайнаас баруун, зүүн хөлд барьцтай, барьцгүй ороод л сайхан барилдчихдаг аймаг, цэргийн арслангууд байсан. Улсын начин цолны хэмжээнд хангалттай барилдчихдаг л залуус. Наадмын даваануудад давсан бөхчүүдийг нь харахад ч  ер нь бөхчүүд улсын начин цол хүртэх үедээ давдаг л жишгийн бөхчүүдийг давсан байна лээ. Цолны эрэмбэ, нутаг усны харьяалал, багш шавийн барилдлага зэргээс нь харахад. Тэгэхээр цаашид энэ мэтчилэн допинг, сэргээш гэж түүнтэй холбоотой ертөнцийн бүхнийг хамж ирэн бөхчүүддээ нааж тоглодог байдлаа МҮБХ засаж залруулаад, зааглаж ялгаад явах нь зүйтэй.

Бөхийн ёс зүй ба бөхчүүд холбогддог гэмт үйлдэл:

Бөхчүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал их байна. Энэ нь тэдний ухамсар доогуур байгаатай л холбоотой байх. Уг нь бөх бол нэг талаас оюун ухааны, нөгөө талаас бие бялдарын хөгжил шаардана. Энэ хоёр хослож байж л амжилт гаргана. Одооны бөхчүүд оюун ухааны хөгжлийг нь орхигдуулаад зөвхөн булчиндаа анхаарал хандуулаад байгаа учраас ёс зүйн доголдолтой холбоотой асуудлууд их гарч байна. Ард түмнийхээ хайр хүндлэлийг даахгүй байна. Бөхчүүдийн амжилт уг нь өөрт нь л хамаатай юм шүү дээ. Сайн сайхан амжилттай барилдаж байвал өөрт нь л тустай. Бөх үзэгч бидэнд ч юм уу, ард иргэдэд түүний амжилтын үр дүн ямар ч хүртээлгүй.  Шалихгүй ямаан омогтой бөхчүүд ч олон байна. Саяхны нэгэн барилдааны үеэр аймгийн начин цолтой нэгэн намхан нуруутай бөх, аймгийн арслан цолтой өөрөөс нь хавьгүй том биетэй нэгэн бөхийн нүүр лүү цохиод авч байгаа бичлэг сошиалаар явж л байсан. Олны нүдэн дээр онцгүй л харагдаж байна лээ. Зарим бөхчүүдийн тухайд  бусдаас жаахан илүү хүч бяртай байгаа нь бусдыг дээрэлхэх ёстой өгөгдөл гэж ойлгож байна. Олонхи бөхчүүдийн ёс зүй ямархуу доод түвшинд хүрснийг тэдний бусадтай харьцаж буй байдал, хүндлэх, мэндлэх харилцаа, биеэ авч яваа байдлаас нь эхлээд л мэдэрч болно. Жаахан амжилт гаргахаараа сагсуурч, түүндээ хөл алдана. Ингээд л архидах, агсамнах, зодоон цохион хийх, залилан үйлдэх маягаар л бөхчүүдийн хийдэг муу,  болж бүтэхгүй үйлийн цуваа үргэлжилнэ. Хаа нэгтээ баар, ресторанд томоохон зодоон цохион болжээ гэхэд л улсын начин цолтой нэгэн бөхийн нэр тэнд байнга шахам л явж  байна, бөхчүүд оролцсон залилангийн асуудал гарвал улсын заан цолтой нэгэн бөхийн нэр олонтаа сонсогдоно. Зүгээр л наад зах нь барилдаж давж, унаж чадахаа байчихаад байна. Саяхны нэгэн барилдаан дээр аварга Ч.Санжаадамба өөрөөсөө цолоор ч, бие бялдараар хавьгүй бага зиндаатай сумын цолтой залуу бөхийг тумбарайдаж байгаад толгойгоор нь шидэж байсан. Санаатайгаар хүнийг толгойгоор нь хатуу шалан дээр шидэхэд хүн бэртэл, гэмтэл авах магадлалтай гэдэг ойлголт Ч.Санжаадамба аваргад алга байна шүү дээ. Дараа нь аймгийн хурц арслан Н.Золбоог нааж этэх мэхээр өвдөг шороодуулчихаад дээрээс нь нитгэрч байна лээ. Тэрбээр иймэрхүү үйлдлийг хэдэн жилийн өмнө улсын наадам дээр улсын харцага Ц.Содномдоржтой барилдах үедээ ч, заалны барилдаанд одоогийн улсын арслан П.Бүрэнтөгсийг аймгийн цолтой байх үед нь барилдаж давчихаад ч гаргаж л байсан. Энэ мэтээр олон жишээ дурдаж чадна. 1990-ээд оны дунд үеэс улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ унагасан бөхчүүдийнхээ дээрээс нь хүчтэйгээр дарж унаад, нитгэрэх үйлдлийг хийдэг болсон. Нэг удаа өрсөлдөгч аймгийн начин цолтой бөхөө ихээхэн чанга хаях гэж байж өөрөө цаана нь давж унаад өөрийнхөө хамраа халзалж байсан тохиолдлыг ч би дэргэдээс нь хараад сууж л байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн тэр зуршил нь нутгийн дүү нар болох саяхан ид барилдаж байсан болон одоо ид барилдаж байгаа улсын гарьд Д.Рагчаа, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нарт нилээд эрчимтэйгээр халдварласан байгаа юм. Өөр нэгэн ёс зүйгүй үйлдлийн жишээг дурдахад саяхны нэгэн барилдаан дээр улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва нар хоорондоо барилдаад, П.Бүрэнтөгс нь давчихсаны дараа тахим авч өгөхдөө нэг нь гэдийж зогсоод л, нөгөө нь хол зайнд тонгойж зогсоод л, “ирж тахимаа өг”, “очиж тахимаа өгөхгүй, ирж л ав” гэх хандлага гаргаж байсан нь их л онцгүй харагдсан.  Үзэгчид тэдний тэнэглэлийг хараад шоолж жаахан инээлдэх шиг болсон. Цаашид ийм том цолтой бөхчүүд тийм тэнэг үйлдэл гаргахгүй байх нь зүйтэй.  Муу үлгэрлэл болно. Ерөнхийдөө ийм хандлага олонтаа анзаарагддаг болсон.  Хориотой буюу өрсөлдөгч бөхөө бэртээж гэмтээх мэх хийх явдал ч үе үе тохиолддог. Түүнд нь МҮБХ-ныхон, хөлийн цэц, засуулууд бас л үзэмжээрээ хандана. Тухайлбал, өнгөрсөн зуны улсын наадмын барилдааны тавын даваанд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржын хүү, улсын гарьд Н.Ганбаатар Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Б.Ганбаатартай барилдаж байх үедээ, ямар нэгэн мэхний үйлдэл хийхгүйгээр,  гарыг нь мушгиад унагачихад хөлийн цэц, засуулууд нь тахим ч өгч авалцуулахгүйгээр, тэргүүнийхээ хүүд шууд даваа өгөөд л явуулчих жишээтэй. Түүнчлэн том цолтой нь сугандаа багахан зай гаргачихаад бага цолтой бөхөө мөлхүүлэх шахам тонгойлгож, тохойлдож, тойруулж тахим авах явдал олонтаа анзаарагддаг. Ялангуяа, Д.Рагчаа гарьд, аварга Г.Эрхэмбаяр нарын бөхчүүд  байнга шахам л тийм үйлдэл гаргадаг. Өрсөлдөгч бөхөө зүрхийг нь үхүүлэхгүй, өрөвдөж, хайрлаж байх ёстой. Бөхийн барилдаан бол харгислал, дайн, тулаан биш. Дэвжээн дээр арслан, бар шиг  эрэмгий, ширүүн байдаг ч, дэвжээнээс буугаад найз нөхөд, танил тал, хамгийн гол нь хүн хүнээрээ байх ёстой шүү дээ. Хүч, бяр, мэх, техникээр дутуу байсны улмаас хохирогч болох ёсгүй. Барьцгүй шахам, барьцтай ч нисэлттэй байдлаар хийсэн мэхний үед санамсаргүйгээр ч юм уу, биеэ татаж авч чадахгүйгээр өрсөлдөгчөө чанга унагачих тохиолдол байдаг л юм. Өөрийнхөө зиндааны нөхдүүдтэй барилдаж байх үед надад ч бас өрсөлдөгчөө чанга унагаагаад гомдлын үг сонсох тийм зовлон тохиолддог л байлаа. Өрсөлдөж барилдсан нь өрсөлдөгчийн буруу биш шүү дээ. Ч.Санжаадамба бол тэдгээр бага цолтнуудыг тэгэж дарамталж байгаа нь хурдан унаж өгсөнгүй, чадахгүй байж урдаас барилдах гэж сарвалзлаа л гэсэн сануулга байх шиг байна лээ л дээ. Харц, хөдөлгөөнийх нь байдлаас анзаарахад. М.Мөнгөн арслан нэгэн номондоо  бичсэнээр та нарт унаж байгаа тэдгээр “бага, муу” бөхчүүд  чинь байхгүйгээр та нар тодрохгүй шүү дээ. Тэгэхээр та нарт унаж байгаа тэдгээр бөхчүүдээ гэмтээж, бэртээхгүйгээр өрөвдөж хайрлаж байх хэрэгтэй. Харгислаж, эрүүл мэндийг нь хорлож болохгүй.

Бөх ба үндэсний их баяр наадмын тухай хууль:

2003 оноос өмнө Монгол үндэстэн бөхийн барилдаан, морины уралдаан, сур харваагаа хуульгүйгээр явуулж чадаад ирсэн байгаа юм. Бодвол хуульгүйгээр явуулж чадахаа байгаад л “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийг санаачилж бий болгосон байх.  Энэ хуулийг санаачилахад МҮБХ нилээд оролцоотой байсан  гэж би харддаг. Ер нь Монгол үндэстэн баяр наадам цэнгэлээ хийхэд заавал хууль хэрэгтэй юм уу. Цаасан дээр бичсэн хууль Монгол үндэстний их баяр цэнгэлийн эргэн тойрон дахь бүх харилцааг иж бүрэн зохицуулна гэж байхгүй шүү дээ. Ялангуяа үндэсний бөхийн эргэн тойронд энэ хуулиас хамаараад сайжруулж, дэвшил хийж болохгүй байгаа олон зүйл ажиглагддаг. Уг хууль үндэсний бөхийн наад захын харилцаануудад зохицуулалт хийж чадахгүй байгаагийн нэгэн жишээ нь дараах заалт. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2.-т “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.”  гэж заасан. 2016 оны улсын баяр наадамд 1024 бөх барилдсан. Тавын давааны дараа 32 бөх үлдсэн. Б.Баатарцол, Б.Ганзориг начингууд тав даваад, зургаагийн даваанд өвдөг шороодсон. Шөвгийн 16-д үлдээгүй. Хуулийн дээрхи заалтын дагуу бол Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээшийн шинжилгээ авах ёсгүй. Тэд ч хуулийн энэ заалтыг мэдэхгүй байгаа учраас сэргээшийн шинжилгээ өгсөн байна. Тэгэхээр Б.Баатарцол, Б.Ганзориг нарт үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага тооцох ямар ч үндэслэл алга. Дашрамд дурдахад үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа наадаан цэнгээнийг зохион байгуулахад ямар ч хуулийн хэрэг алга гэж боддог. Дүрэм, журмаар зохицуулаад явж болно шүү дээ. Олон зуу, мянгаар тоологдох жилийн турш бичигдээгүй хуулиар, бичигдсэн дүрэм, журмаар, одоогийнх шиг хэл ам, хэрүүл тэмцэлгүйгээр, байсан ч  багатайгаар яваад ирж болсон л байна. Одоо Улсын Их Хуралд дархан аварга цолтой хоёр бөх, аварга цолтой нэг бөх байгаа энэ үедээ үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болгуулах хэрэгтэй. Нөгөө амьдралд хэрэгждэггүй болон хэрэггүй, нийтэд бус хэсэгхэн хүмүүст ашигтай гэлцдэг хуулийн нэгэн жишээ нь энэ хууль. Хүчингүй болгуулж чаддаггүй юм бол үндэсний бөхтэй холбоотой харилцаануудыг төгөлдөржүүлж авах хэрэгтэй. Дараагийн удаа Монголын ард түмэн гурвын гурван аварга цолтой бөхийг парламентэд илгээгээч бил үү, үгүй ч билүү?. Олон бөх УИХ-д илгээсэн сүүлчийн тохиолдол ч байж магад шүү дээ. Үзэгч, сонирхогч, хорхойтон бидэнд, улмаар Монголын ард түмэнд шударга сайхан өрсөлдөөнтэй, өс хонзонгүй, байнга хэрүүл тэмцэл хийж байдаггүй  бөхчүүд болон удирдлагатай үндэсний бөхийн барилдаан хэрэгтэй байна.

Энэ мэтчилэн үндэсний бөхийн барилдааны эргэн тойронд байгаа “бөх ба улс төр” “бөх ба бизнес” “бөхчүүдийн хоорондын харилцаа” “наадмын бэлтгэл” “даага нэхэх” “шагнал урамшуулал” “алагчлал, гадуурхлын жишээнүүд” “хөлийн цэц, засуулын асуудлууд” “орчин үеийн дэвшилтэт технологиудыг шүүлтэнд ашиглах эсэх” “бөх барилдуулах аргачлалыг боловсронгуй болгох” “дархан мэхний хомсдол” гэх мэт олон асуудлуудыг  хөндөж, засаж залруулж сайжруулах санал хэлж болмоор л байна. Бөхчүүд болон тэдний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд хэлцэлтэй байж учраа олоод тулгамдаж буй асуудлуудыг нийтийн, нийтлэг эрх ашгийн үүднээс шийдээд, бөхийн холбоо мөн л юм бол бөхчүүд нь нэгдэж, холбогдоод, томхон цолтой, зангарагтай, нүүрний буянтай, байнга зовлонтой царай гаргаад байдаггүй, зовхи нь өөдөө  удирдлагатай болоод  явмаар байна шүү дээ.

Бөх үзэгч  Ц.Өлзийтогтох

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 28. 19:29
Зочин

бөхийн цолыг хаана хэрхэн дуудддаг вэ

8 сар 27. 8:09
Зочин: С.Эрхэмбаяр Математиийн багш. Докторант.

Энэ бичлэгнад их сайхан сэтгэгдэл төрүүллээ. Үндэсний бөхмйн барилдааныг нэг их мэддэггүй хүн л дээ би. Үнэхээр л байгаа, байх ёстой үндэсний бахархал, хүндлэлийг яаж хадгалж явах талаар зөвхөн бөхийн барилдаанаар дамжуулан зохистой үнэн зүйлсийг бичсэн байна.

7 сар 6. 13:48
Зочин

Ёстой үнэнийг бичиж ээ. Амжилт хүсье. Бөхөнцөрүүд энийг уншдаг ч болоосой. Дуракууд бараг бичиг үсэг мэдэхгүй байх оо

5 сар 17. 13:16
erderee

unasan bukh tug toirohoo bolii

2018, 8 сар 8. 0:26
Зочин

minii muu naiz saihan zaluu daanch nuguuhn ajilgaagui edgeeh gej gadagshaadotogshoo ihl yvsandaa muu naiz min uuniig dotnii naiz nadaas uur hen medehev

2018, 8 сар 8. 0:25
Зочин

Buyantaa chi doping kheregleseer baigaad boov chin bosokhoo baisan bizdee

2017, 11 сар 22. 11:25
Зочинi u

unasan bukh tug toirohoo bolii

2017, 11 сар 22. 10:44
сонирхогч

Нэг талыг барисан, нутагархсан, баруун аймгийн талыг барисан гол муутай явцуухан бодолтой хүн юм аа даа

2017, 10 сар 25. 12:38
Зочин

Unasan бөх туг тойрдогоо болимоор байна

2017, 3 сар 12. 1:37
Зочин

sanjaadamba barildaj chaddaggvi zovlogo hvn tseverhen hayaj chadahgvi barildaj bga ni yamar ch uram baihgvi bvrentogos pvrevdavga hoer bol gonshigonuur hvvhenvvd de

2016, 12 сар 27. 21:33
Ззочиночин

Яг л зөв

2016, 12 сар 15. 0:13
Зочин

Арай хэтэрхий нэг талаа барьсан нийтлэл байна даа явуургүй .

2016, 12 сар 21. 2:53
Зочин

яг үнэн 2002 онд Сүхбатаас илэрсэн юм бол хариуцлага тооцож цолыг нь хураагаачээ

2016, 12 сар 14. 15:29
Зочин

Одоо энэ заалны барилдаанд бөхчүүд сэргээшийг маш ихээр хэрэглэдэг юм байна. Гуя руугаа шаачихаад л гардаг гэнэ.

2016, 12 сар 14. 14:01
Зочин

Сайхан бичжээ золиг чинь.

2016, 12 сар 14. 13:25
Зочин buhhuu

Jinhene uzegch sudlaach nuhur bichsen baina. Uursduduu dugnelt hiih tsag boljee. Bugdeeree. Buhchuud, buhiin holbooniihon.

2016, 12 сар 14. 13:22
Зочин

Нэг талыг барилгүй үзэгчийн өнцөгөөс бичсэн нь сайшаалтай. Бөхийн холбооны гавьяатангууд зөвхөн өөрсдийгөө өмөөрөх өнцөгөөс бичээд яриад байна. Үзэгчдийн хайртай бөхийг муулаад дарамтлаад түүгээрээ амьдраад байхаар хэн ойлгох билээ. Ер нь эв нэгдэл үйлчлэгчийн үйлчлүүлэгчээ татах чадвар, харьцааны соёл бөхийн холбооны дарга нарт эрс дутаж байна. Социализм ханхалж байна. Хүчээр өөртөө дүгнэлт хийгээрэй. Хоцрогдож байна гэхүү дээ. Мэдэхгүй байж болноо. Буруу мэдээд түүндээ итгээд байх юм.

2016, 12 сар 14. 13:48
Зочин

Зөв л юм бичиж, бөхийн улаан хорхойтон биш учраас дуусан уншиж барсангүй. Гэхдээ хорхойтон биш ч гэсэн А.Сүхбатыг доош хийж Өсөхбаярыг өөд татахгээд байгаагий нь аль хэдийнээс л мэдрээд байдаг байсан, сүүлд дархан аварга өгчихөөд хэрүүл маргаан болоод байхад нь бүр зэвүү хүрээд байдаг шүү.

2016, 12 сар 14. 13:21
ЗочинMONGOLHUU

NYAMDORJ GEDEG MANGASIIG BUSHUU TURGEN ZAILUUL

2016, 12 сар 14. 13:17
Зочин

Yun hudlaa hudlaa yum saraachee ve? Doping gedeg zuil buur Sukhbat-aas ehtei. Huch niigemlegiin Huhuu , Sukhee geed shtangnii 2 bagsh bii dee. Ter 2-oor zaalgaj hereglesen ni Sukhbat, Gantogtokh ..... geed huvurnu

2016, 12 сар 14. 12:58
Зочин

Undesnii buhiin asuudal munkhbat bayanmunkh avarguudin hoorondin ursulduunuus uussen yum bilee munkhbat avarga hegjuun aarhuu hun baij bayanmunkh avarga buuj ugduggui hun baij gej oilgoh ni unend niitsne tegeed l ene asuudal ni jalga dovni asuudal bolj yarigdah bolsoor unuu tsagt irsen yum bilee

2016, 12 сар 14. 12:57
Зочин

Хамгийн түрүүн үзэгч түмнээ хүндлэх. Хэн ч үзэхгүй бол бөх юу ч биш л болно. Бөх гэхээр бөччүүд өөрийгөө гэж боддог юм шиг. Арай өөр зүйл бас байгаа

2016, 12 сар 27. 16:58
Зочин

энэ байдлаараа явбал удахгүй бөхч үгүй, үзэгч байхгүй болно.

2017, 5 сар 26. 15:22
ЗочинЗолбоо

Сайн анзаарч сэтгэл гаргаж яг байгаагаар бичиж. Ингэж нарийн дүгнэлт хийдэг хүн цөөхөн дөө

2018, 5 сар 31. 21:04
Зочин

Энэ хүн хэдийгээр бөхийн хорхойтон ч Увсын бөхчүүдийг өмгөөлж хамгаалсан хэт нэг талыг барьж, нутагархах үзлийг дэвэргэсэн өөрөө баруун аймгийн хазгай хэлтэй нөхөр байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]