Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы армийн заналт дайсан нь япончуудУншсан29,935

Арми болон флотын хоорондын зөрчил угаасаа тааруухан эдийн засгийг улам бүр сульдуулан доройтуулж байсан ба энэ хоёр байгууллага хамтран ажиллах, адилхан зэвсэг техниктэй байхыг үзэн ядна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Аливаа улс орны доторх байгууллага хоорондын тэмцэл өрсөлдөөн гэж байдаг л зүйл. Гитлерийн Германы үед нисэх хүчин, армийн удирдлагууд нэгэн ажиллагаа явуулах гэж хоорондоо бяцхан гэрээ хийж байж тохиролцдог, АНУ-ын тэнгисийн усан цэргийг “байлдагч аа” гэж дуудвал багадаа л 2-3 шүднээсээ салтал “шанаа” авдаг гэх мэтийн зүйл зөндөө. Гэхдээ энэ бүхэн нь Дэлхийн 2-р дайнаас өмнөх Японы арми болон флотын хоорондох харилцааны хажууд ёстой хүүхдийн тоглоом байжээ.

Армийнхан Японы үндсэрхэг үзлийг дээдлэн шүтдэг, Яматогийн үзэл сурталд үнэнч, хуучин чиг хандлагыг дээдэлдэг хүмүүс байсан ба цэрэг офицерууд нь тушаал өгвөл банзай гэж орилоод өөрөөсөө хэд дахин хүчтэй дайсны өөдөөс дайран орж хэдэн хэсэг тас татуулахаас огт буцахгүй, сэтгэл санааны хувьд эзэн хааныхаа төлөө үхэхэд дээд зэргээр бэлэн болсон хүмүүс. Ингэж утгагүй байдлаар үхэхийгээ ч аз жаргалд тооцно. Тэр тусмаа муусайн хятадууд, Сибир дэх оросуудыг устгах, бүр үндсэн дайсан болсон флотын новшнуудыг хяргах хүсэл оргилсон тийм л хүмүүс байж. Жинхэнэ самурай гэдгээ харуулж, эзэнт гүрний түшиг тулгуур бол арми юм гэдгийг ойлгуулахын тулд ямар ч баатарлаг үйл хэрэг, шившигт үйлдэл хийхээс сийхгүй энэ армийнхан ихэнхдээ хөдөөний залуу эрчүүд байдаг бол офицерууд нь урьд өмнө самурай яваад хоосорч үгүйрсэн  нөхдүүдийн үр сад байх нь элбэг. Тэдний хувьд улс орныг хэн нэг улс төрч, эдийн засагч... биш харин эзэн хаан, арми л ямар ч хяналтгүй захирч байх ёстой байв.

Харин флотынхон нь илүү либерал үзэл бодолтой, ямар нэг үндэсний үзэл бодлоос илүү ган, нефть, техникийн үзүүлэлтийг шүтэн дээдэлдэг хүмүүс ба армийнхныг “бужигнаж бөөгнөрсөн ухаан мэдрэлгүй солиотнууд” гэж үзнэ. Флотын удирдлага Өмнөд тэнгист дайн хийж нефтийн өөрийн гэсэн нөөцтэй болох, энэ нутгаас англи-америкчуудыг хөөж явуулах сонирхолтой улсууд байлаа. Ихэнхдээ хот газрын, орчин үеийн техник технологийн ойлголттой ажилчин хүмүүсийг эгнээндээ авах ба офицерууд нь хөрөнгөтөн гэр бүл, эртний удамтай самурай нарын боловсролтой үр садууд голлож байжээ.

Японы тэнгисийн явган цэргүүд

Арми болон флотын хоорондын зөрчил угаасаа тааруухан эдийн засгийг улам бүр сульдуулан доройтуулж байсан ба энэ хоёр байгууллага хамтран ажиллах, адилхан зэвсэг техниктэй байхыг үзэн ядна. Хэдийгээр арми болон флотын зэвсэг техникт харилцан өөр шаардлага тавигдах боловч Японы хувьд бараг адилхан онгоцыг хоёр өөр газар, хоёр дахин их хөрөнгөөр тус тусдаа зохион бүтээж, хийж байлаа. Армийнхны Ки-27 сөнөөгч онгоц нь флотын А5М-тэй бараг 90 хувь адилхан боловч тус  тусдаа, өөр төсвөөр, зургаар хийгддэг гэдгийг Халх голын дайнд Японы армийг бут ниргэсэн Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчин ойлголгүй, нэг л онгоц гэж бодож байсантай адил жишээ өч төчнөөн. Флот нь ”армийн сармагчингуудаас” өөр гэдгээ харуулж өөрийн гэсэн танк, зэрэг зэвсэг зохион бүтээж, тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл бий болгож байсан бол армийнхан нь флотын хулчгаруудаас илүү гэдгээ харуулан өөрийн гэсэн далайн явган цэргийн анги байгуулан Хятадад буулгаж, өөрийн гэсэн бэсрэг шумбагч онгоц, бүр онгоц тээгч хүртэл хийж байжээ. Ийм замбараагүй явдлыг даах эдийн засаг байдаг бол тун цөөхөн л байх байсан болов уу. Тэр тусмаа дайны үед.

Армийнхан Япон хүний ер бусын хүч чадал, авьяас билгийг харуулахын тулд Хятадын их нутагт дуусашгүй гэмээр дайн эхлүүлж, Хятадын удирдлага зохион байгуулалт сул, зориг тэвчээр, үзэл бодлын хувьд муухан, тооны хувьд олон цэрэг бүхий өрсөлдөгчөө дарж чадахгүй, больж ч чадахгүй тэр үедээ давхар Монголын Халх голд бас нэг дайн эхлүүлж хамраа тас цохиулсан түүхтэй.  Флотынхон үүнд нь үнэн сэтгэлээсээ баярлаж байсан бөгөөд ялагдсан армийнхны шившгийг ашиглан сүр хүч, нөлөөгөө нэмэгдүүлсний үрээр ЗХУ-тай харилцан үл довтлох гэрээ байгуулан Өмнөд тэнгист дайнаа эхлүүлэхээр сэтгэл шулуудсан юм. Чухам флотынхны эхлүүлсэн энэ дайн юунд хүргэснийг бид сайн мэдэх билээ.

Японы арми флотын хоорондох зөрчил ямар байсныг ганцхан жишээгээр харуулж болох юм. Тэр нь Японы флотын удирдагчдын нэг болох алдарт Ямамото нь байнга өөрийн флотын усан онгоц дээр амьдардаг байсан бөгөөд тэрээр далай тэнгист хайртайдаа биш харин өөрийг нь алж хядах гэж байнга оролддог армийнхнаас хол, өөрийн “дошин” дээрээ тайван ажиллаж амьдрах гэсэн сонирхолтой нь холбоотой байжээ.

Хятад болон Азийн олон улс оронд Японы армийн хийсэн бузар хэргийг хүн төрөлхтөн мартаагүй бөгөөд зөвхөн 731-р отрядын тухай санахад л хангалттай юм. Харин флотын хувьд бол... хэрээ мэдэхгүй том дайн өдүүлсэн, ялагдсан л гэх байх даа.

Харин манайд ямархуу бол? Нэг нь зам тавих гэж баахан сүр болж болж арай чүү хийгээд сар болж байхад нөгөөх нь хоолой тавина гээд тэр замыг нь хорсолтой гээч нь эвдэж хаяад шороогоор булсан болоод орхидог явдал дэндүү их болохоор... адилхан ч юм шиг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]