Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүүгийн эцэгт бичсэн захидал" бол хаяад явсан эрчүүдэд зориулсан бүтээлУншсан6,010

Монгол Улсын ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн 2014 онд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Монгол Улсын ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн 2014 онд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Морин жилийн босгон дээр Ардын уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Танаас илүү ард түмэн их баярлаж байх шиг байна? 

-Ард түмэн уншигч олон минь л баярлаж байвал дээдийн буян тэр шүү дээ. Түүнээс илүү том баяр гэж надад юу байх билээ. Идэр залуу наснаасаа  би ард түмний хүн болсон. Үүнийг өршөөлт ижий аав минь хэлдэг байсан даа. Төрсөн аав минь Зана гэж хүн оточ маарамба, номтой мэргэн хүн байлаа. Аавын үлдээсэн баринтагласан судар манай үр удмыг үеийн үед дааж явна даа. Ээж минь Мажигсүрэн гэж сайхан бүсгүй байлаа. Ижийгийн минь төрх, гоо үзэсгэлэн надаар дамжиж үр хүүхдүүдэд минь хүрлээ. Би чинь Уранчимэг, Саранчимэг гэж хоёр охинтой. Саранчимэгийн охин Сарнай гэж мисс, миний зээ байна. Саяхан "Азийн од модель" гэсэн шагналыг аваад эх орондоо ирлээ. Ингээд бодохоор төрүүлсэн ижий аав хоёр минь яалт ч үгүй хүний дээд байдаг юм байна. Үүнийг 80 настай би ухаарч байна. 

-Та бол Баянгийн унаган хүүхэд санагдана? 

-Хуучнаар Төв аймгийн Авдарбаян сумын хүн. Авдарбаян маш өргөн газар нутагтай том сум байлаа. Газар нутаг нь одоогийн Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн гурван суманд харьяа-лагддаг. Би Баянгийнх гэж явдаг, бас Сэргэлэнгийнх ч гэдэг. Яг төрсөн газар маань Сэргэлэн юм. Манайх Цээл шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг газар зусч байхад би төрсөн юм билээ. Харин аав ээжийн ах дүү нар бүгд Баян сумынх. 

-Түрүүнд төрсөн ижий аавынхаа тухай цухас дурдаад авсан. Одоо өргөж авсан ижий аав буюу өөрөөр нь овоглосон аавынхаа тухай дурсахгүй юу? 

-Шагдар гэж өргөж авсан ачит эцгийгээ би ёстой л амьд бурхан гэж боддог. Өчүүхэн намайг хүний зэрэгтэй болгосон буянтан шүү дээ. Аавынхаа өвөрт очоод, тэр хүний манай Хулангийн хэлснээр хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр нь овоглоод би гэдэг хүн өдий зэрэгт хүрлээ. Өнөөдөр Ардын уран зохиолч хэмээх алдрыг хүртээд байж байна. Энэ бол өргөж өсгөсөн авсан ачит эцгийн минь буян юм. Манай аав бичиг үсэг мэдэхгүй ч гүйх ухаан сайтай хүн байсан. Амьдралын хар ухаанд нэвчсэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн "эрдэнэ хадгалсан авдар" гэмээр өвгөд хөдөө нутагт байдаг даа. Тийм л хүмүүсийн нэг байв.  -Та ингэхэд яагаад үрчлэгдэхээр болсон юм бол оо? 

-Тун айхавтар юм болжээ. Би чинь долдугаар сарын нэгэнд халуун зунаар төрсөн хүүхэд. Намайг гаргачихаад ээжийн хойдох нь цөглөгддөггүй. Үндсэндээ эхэс нь гарахгүй гурав хоночихгүй юу. Тэр халуунд аюултай юм болно биз дээ. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэмэр болсонгүй гэнэ. Гурав дахь хоногийн өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад "Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ  оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна" хэмээн сандрангуй өгүүлжээ. Төрсөн эцэг минь бурхан шашны хүн байсан боло-хоор нэг юм мэдэж л дээ. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах сүйх тэрэгний мухлагт гурав хоноод айлд өргүүлсэн байгаа юм. 

-Эхийнхээ ангир уургийг амласан болов уу? 

-Ээж минь үхэх сэхэхийн дэнсэн дээр байхад би гэдэг амьтан ангир уургаа яаж амлах вэ. Үнээний сүүг хөвөнд дүрээд амлуулж байсан гэдэг. Тэгээд хүнд өргүүлээд угжны хурга гэдэг шиг угжны хүүхэд болохгүй юу. 

-Өргөж авсан аав ээж тань юу ч бодолгүй авчихсан хэрэг үү?

 -Аав ээж хоёр маань өргөж авахдаа бас их сандарцгаасан гэдэг. Авч болох эсэхээ мэдэхгүй. Тэгээд нутгийнхаа тамгатай хутагт дээр аав минь хөтөлгөө морьтой, морь сэлгэж давхисаар очсон байгаа юм. 

-Тэд хүүхэдтэй байсан уу? 

-Хүүхэдгүй байсан. Хэд хэдэн хүүхэд төрөөд халуун хижиг өвчнөөр алдчихсан юм билээ. Аав хутагтаас "Хөгшин бид хоёр голомт залгах хүү өргөж авъя гэж бодож байтал нутгийн нэг айл охин үрээ өгье гээд байх юм. Авах уу, яах вэ" гэж асууж. Хутагт шоогоо гурав хаячихаад "Наад охин үр чинь ямар ч бүстэй хүүхдээс илүү хүн болох юм байна. Нэг л ер бусын хүн буугаад байна. Одоо бушуухан очиж ав. Харин та хоёр 20 нас хүртэл нь зовох юм байна шүү. Хэр баргийн газар тогтохгүй амархан бузартах хүүхэд байна" гэж хэлж. Ингээд улаан нялзрай амьтан Шагдар гэж хүний голомт дээр иржээ.  

-Хутагтын хэлснээр аав ээж хоёроо зовоосон болов уу? 

-Зовоолгүй яах вэ. Гаднаас хүн ирэхээр хөлсчихдөг. Аав ээж хоёр намайг өвдөх бүрт гэрийн бууриа сэлгэдэг байж. Охин өвдлөө гээд л нүүдэг байсан гэдэг. Нэг бууцан дээр хэд хонож байсан юм бол, бүү мэд ээ. Харин арван хэдэн нас хүрч их сургуулийн босго алхсанаар гайгүй болсон доо. 

-Хэдэн онд бага ангид оров оо? 

-1938 онд зургаан настай байхдаа Авдарбаянгийн бага сургуульд орсон. Сургуульд орохынхоо өмнөх жил Хутрангаа гэж бичгийн хүнээр ном заалгасан юм. Аав тэр хүнд хадаг барьж, намайг шавь оруулсан. Багш маань надад анх хулсан үсэгтэй жижиг ном өгч билээ. Монгол бичгийн цагаан толгой, дөрвөн аргын тоо зааж өгөв. Сургуульд орохдоо би Монгол бичгээр түгдрэлгүй уншиж, дөрвөн аргын тоо төвөггүй боддог байсан. 

Хичээлдээ хөдсөн дээлтэй, Монгол гуталтай очно. Гэрт хичээллэдэг байв. Өвлийн цагт бэх хөлдчих нь зовлонтой. Амандаа барьж үлээн гэсгээдэг сэн. 

-Та Монголын анхны эмэгтэй найрагч. Энэ зам мөрийг гаргахад амаргүй байсан байх? 

-Тэгэлгүй яахав. Яруу найраг гэдэг хэн хүний санаж, бодож, төлөвлөөд хийчихдэг амар ажил биш. Тиймээс яруу найрагчид бусдаас арай өөр төрдөг шиг байгаа юм. Мэдээж оюун ухаан, сэтгэхүйгээрээ шүү дээ. Шүлэг зохиолд дуртай болж, улмаар утга зохиолын өргөөнд хөл тавихад аавын минь нөлөө их байсан.

Аав минь сайхан дуулдаг, үлгэр оньсого лут мэддэг хүн байв. Тэрхүү цэцэн билэгтэй хүний дэргэд өсч бойжсон болохоор ухаан саруулссан нь мэдээж. Бүсгүй хүн шүлэг зохиол бичихийн хатууг аль тэртээ 1960-аад онд амсч явлаа. Гэхдээ бурхан тэнгэр, төрүүлж, өсгөсөн ижий аав минь авьяас чадвар харамгүй заяасан юм болов уу даа. Их утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн зам мөрийг бий болгож, уран бүтээлийн галын дэргэд үе үеийн суутнуудтай мөр зэрэгцэж явснаараа бахархдаг.       

-Их Явууд тоогдож, 1960-аад оныхон гэгддэг найрагч нөхөдтэйгөө үерхэж, нөхөрлөж явснаа дурсахгүй юу? 

-Орост Комсомолийн сургуульд сурч байхад Явуу багш Горькийн нэрэмжит сургуульд сурч байв. Манай сургууль Москвагийн захад. Нэг удаа өндөр, жигтэйхэн ганган дэгжин хоёр Монгол хүн манай сургуулиар ирсэн юм. Явуу багш, Дагвын Лувсаншарав гуай хоёр байж. Ингэж их Явууг анх харж билээ. Явуу багш Горький төгсч ирээд ид мандаж байх үедээ Зохиолчдын хороон дээр уран бүтээлийн дугуйлан хичээллүүлж, нэгдэл байгуулсан юм. Түүнд утга зохиолын 1960-аад оныхон гэгддэг П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Шагдарсүрэн, Жан.Шагдар, Жам.Шагдар, П.Пүрэвсүрэн, Р.Чойном, Ш.Цогт бид харьяалагддаг байлаа. Бид хэн нэгэндээ чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг байсан. Уран бүтээлийн жинхэнэ найзууд гэж  60-аад оныхныг л хэлнэ дээ. Амьдралын зовлон жаргалаа адилхан хуваалцана. Тухайлбал, Ш.Сүрэнжавын ээжийг өнгөрөхөд бид л хөдөөлүүлж байв.

 Майн нэгний баярын өдөр Ш.Цогтын ихэр хүүхдийн нэг нь гэнэт бурхан болоход нулимсаа арчиж, найзынхаа зовлонг хуваалцан хүүхдийг нь оршуулж байлаа даа. Ер нь уран бүтээлч, зохиолч найрагч хүмүүс сүрхий шүлэг зохиол бичихээс урьд хүн болох нь чухал. 

-Сонирхож асуухад, Явуу найрагчид анх ямар шүлгээрээ тоогдож байсан бол? 

-Дугуйлан дээр П.Бадарч "Морьд" найраглалаа, Данзаннямын Шагдарсүрэн "Талын нар", Ш.Сүрэнжав "Манай Монгол" зэрэг гал цогтой шүлгүүдээ уншдаг байлаа. Явуу багш "Бүсгүй" гэсэн шүлгийн хоёр мөрийг ихэд олзуурхаж ингээд бичээд байвал болно доо гэж байв. 

"...Харийн дайсан халдахад голомтоо өмгөөлж 

Халхын сайхан эрчүүд буу мөрлөж мордохдоо 

Хатан Туулын усыг рашаан гэж амтлан 

Хайрга чулуун шороог нь алчууртаа боож явсанд нь 

Газар шороондоо би хайртай..." гэх мөрүүдийг минь дахин дахин уншдаг байж билээ.  Явуу найрагч энэ шүлгэнд минь их дуртай, "Дулмаа чиний энэ шүлэг тун аятайхан шүлэг дээ. Газар шорооныхоо төлөө ингэж бичихээс ч өөр яах билээ" гэж хэлж байсан удаатай.       

-Ганц эмэгтэй нь болоод ч тэр үү найрагчид танайд их цугладаг байсан гэдэг? 

-Тэр үед янз бүрийн сэдэвтэй шүлэг, найраглалын уралдаан их зарлана. Нэг уяаны морьд гэдэг шиг бид хойно урдаа ороод л байр эзэлцгээнэ. Нэг удаагийн уралдаанд Ц.Гайтав гуравт ороод би хоёрт орлоо. Тэгтэл Гайтав "Би эмэгтэй хүний ард ороод байхдаа яадаг юм" гэж уурлаад. Зохион байгуулагчид нь "Гайтав гуай уурлах хэрэггүй. Шүүгчдийн дүн л ингэж гарсан. Гэхдээ танд хоёрдугаар байрын шагналыг нь өгчихье" гэж билээ. Манайхан ямар л шагнал урамшуулал авна, тэмдэглэлт ой болно нэгнийдээ цуглана. Ихэвчлэн манайд л цугладаг байсан. Лавшаагаа хийж идээд, шүлгээ уншаад, дуулаад наргина шүү дээ. Уран бүтээлийн маргаан үүсгэх нь ч бий.     

-Дандаа залуучуудтай нөхөрлөж явахдаа хэн нэгэнтэй нь дотно харилцаа тогтоож байв уу? 

-Энэ тухай хүмүүс их сонирхдог юм. Найрагч нөхөд минь намайг залуучуудаас хамгаалж явснаас өөрсдөө сонирхож байсангүй. Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө П.Бадарч "Дулмаатай найз гэж дэмийрч явснаас залуудаа "эргүүлж" байх минь яалаа" гэж хэлээд олны инээдийг барах вэ дээ.

Манайд шинэ шүлэг бичсэн нь түүнийгээ уншаад, ном гаргасан нь баяраа тэмдэглээд бужигналдана. Ганц хоёр хонох ч энүүхэнд. Ар гэрээс нь хань ижил нь утасдана. Намайг дуугарахаар "Цаана чинь эмэгтэй хүн байна" гэж хардана биз дээ.

"Эмэгтэй хүн байхгүй ээ. Энэ чинь Дулмаа байна шүү дээ" гээд бас л бөөн инээдэм, онигоо болдог байлаа. Өнөө  "эмэгтэй хүн биш ээ, Дулмаа байна ш дээ" гэдэг чинь С.Эрдэнэ гуайн үг шүү дээ. Эрдэнээ гуай нэг бүсгүйтэй гадуур сугадалцан явж байгаад гэргийдээ баригдчихаж л дээ. Тэгээд гэргий нь чи өөр хүнтэй явсан гээд зандарсан юм байгаа биз. Энэ үед Эрдэнээ гуай "Тэр чинь эмэгтэй хүн хүн бишээ, манай Дулмаа шүү дээ" гэж хэлээд өөрийгөө авч гарсан байдаг. Сая манай Пүрэвдоржийн наян насны ой боллоо. Түүний тухай бодоход нэг зүйл санаанаас гардаггүй.

Өнгөрөхийнх нь өмнөх намар бид хөдөө хамт явж байсан. Тэгэхэд мань хүн "Ийм сайхан уул усыг, энэ сайхан Монгол орныг орхиод би яаж явах юм бэ" гэж намрын хайлган цагаар моддын чөлөөнд хэлээд уйлж байсныг мартдаггүй. Пүрэвдоржийн тэр үг, нулимс он цаг урсах тусам улам бодогдох юм даа.      

-Үе үеийн найрагчид гэрийн тань босгыг элээгээд зогсохгүй шавь нар тань танайд амьдарч, ажлын гараагаа эхэлсэн байдаг? 

-Тийм ээ. Шавь нар маань манайд ээлж дараалан амьдарч байсан. Бүгд хөдөөний хүүхдүүд болохоор хотод байр сууц олдохгүй хэцүү. Б.Ичинхорлоо Багшийн сургуулийн байрнаас хөөгдөөд манайд ирж байлаа. Хоёр ч жил дараалан  "Болор цом" авчихсан түүнтэй залуучууд уулзах гэж байраар нь очиж, асуудал үүсгэдэг байж. Тийм болохоор байрнаас нь гаргачихаж л дээ.

"Хажуу өрөөнд нь амьдардаг айл маань байраа зараад Солонгос явчихаж" гээд хэн нь ч билээ дээ, нэг нь чемодантай хувцсаа бариад уйлаад ирж байв. Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа гээд ихэвчлэн бүсгүй найрагчид манайд амьдарч байв.

Шүлэг зохиол бичдэг залуучууд "Дулмаа гуай та хэдэн охиноо шүр, сувд шиг нуух юм" гээд уулзуулахгүй болохоор нь агсамнаж ч байсан удаатай. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль гэж манай Ширсэдийн Цэнд-Аюушийн байгуулсан сургууль бий. Уг сургуулийг Монголын Горький гэж боддог. Манай сургуулиас утга зохиолын болоод Монголын сэтгүүлзүйн нэгэн үеийн аваргууд төрсөн.  Сая миний ардын цолны зарлигт "Утга зохиолын шинэ үеийг төлөвшин хөгжүүлэхэд..." гэсэн үг өгүүлбэр байна лээ, үүнд л сургуулийн, шавь нарын маань буян оршиж байгаа юм даа. Ер нь тэгээд манай гэрийн босгыг алхаагүй хүмүүс ховор байх даа. Шавь нараа гал тогооныхоо өрөөнд цуглуулчихаад гэртээ таван минутын шүлгийн уралдаан зарладаг байсан сан. Энэ уламжлалыг надад Намдаг гуай хэлсэн юм шүү.  Таван минутын шүлгийн уралдаанд түрүүлж байсан хүүхдүүд л "Болор цом" аваад эхэлсэн. 

-"Хүүгийн эцэгт бичсэн захидал" найраглалыг асуулгүй өнгөрч боломгүй? 

-"Газар шороондоо би хайртай" хэмээх эх орны тухай шүлэг маань хэвлэгдэж гарсны дараа "Хүүхдээ хаяад явж байгаа эрчүүдэд зориулсан зохиол бичиж өгөөч" гэсэн захидал бараг аймаг бүрээс ирсэн.  Тэгээд энэ найраглалаа 1972 онд бичсэн юм. Ер нь тухайн цаг үеийнхээ дуудлагаар бичсэн гэх үү дээ. Цаг үе л энэ найраглалыг төрүүлсэн. Гол санаа нь хүнд ерөөсөө эцэг нь л хэрэгтэй юм гэдгийг тусгасан явдал. Тиймдээ ч 

"...Эдэлж өмсөх хоёроор хүүгийн чинь би дутаагаагүй ээ 

Эцгээ гэсэн сэтгэлийг нь харин юугаар ч нөхөж чадаагүй ээ 

Энэ л орчлонд хүүд чинь дутсан юм тэр 

Эргэцүүлэн бодож хэлэх миний үг ч энэ ээ" гэж төгсгөсөн. "Хүүгийн эцэгт бичсэн захидал" найраглалаас гадна "Хилийн заставын хар нүдэн бүсгүй", "Амьдрал хайр дээр тогтдог" гээд миний олон дуу ард түмний дунд хит болсон доо. 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 

-Дөрөв. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань бүгд ажил төрөлтэй сайн сайхан амьдарч байна. Том хүү, охин хоёр маань хувийн аж ахуйтай. Бага хүү Ганхуягийг дуурийн гоцлол дуучин, гавьяат гэдгийг манайхан мэднэ. Ганхуяг маань "Тунгалаг Тамир", "Мартагдашгүй намар"-аас аваад олон кинонд тоглосон. Бага охин Саранчимэг Японд амьдарч байгаад ирсэн. Хэлний боловсрол өндөртэй, үндсэндээ англи, япон, орос, герман хэлтэй.   

-Таны анхны хань ямар хүн байсан бол? 

-Өнгөрчихсөн л дөө. Намайг оюутан байхад салаад явчихсан юм. Тэгээд би гурван хүүгээ хүний зэрэгтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн. Бага охин маань хэзээ хойно гарсан. 

-"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны Гэлэг хошуучаас аваад тайз дэлгэцийн олон арван дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн Энэбишийн Ганболд гэж хүнтэй гэр бүл байсан. Ханийнхаа тухай дурсаач? 

-Бид хоёр 1970-аад оноос үерхэж нөхөрлөж, хэн хэндээ хайр сэтгэлтэй явсаар 1980 онд нэг гэрт орсон юм. Энэ хугацаанд хоёулаа гэр бүлтэй байсан ч хоёр биенээ гэсэн хайр минь юунаас ч илүү ариун байсан. Манай хүн чинь надаас 10 дүү шүү дээ. 

-Э.Ганболд гуайг их сайхан хүн байсан гэдэг? 

-Эр хүний дээд нь байсан юм шүү. Зарим нэг хүмүүс олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан гэж буруугаар ойлгодог байж магад. Сайхан залууг чинь хүүхнүүд өөрсдөө "эргүүлдэг" юм. Бид хоёрыг гэр бүл болчихоод байхад "Ганболдтой уулзах гэсэн юм. Гэрээс нь гаргаадах" гэж утастдаг л байлаа. Маш их халамжтай хүн байлаа. Үргэлж гал тогоондоо л байж байна. Д.Цоодол "Гал тогоонд ордоггүйг нь бодохоор Дулмаа эр хүн шиг 

Ганболд хаяад явчихаагүйг нь бодоход Дулмаа эм хүн шиг" гэсэн онигоо гарсан удаа ч бий дээ.   

Н.ГАНТУЛГА

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]