Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Турк гаралтай хосууд Ковид-19-ийг дарах супер баатруудаар тодорч байнаУншсан34,263

Сахинтай 20 жил хамтран ажилласан Майнцын Их сургуулийн хорт хавдрын профессор Маттиас Теобалд Сахиныг “даруу төлөв” хэмээн тодорхойлсон юм.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн магнат Pfizer компани дуулиант мэдэгдэл хийв. Тэд Германы BioNTech компанитай хамтран ажиллаж, коронавирусын эсрэг бүтээсэн вакциных нь судалгаанд оролцсон нийт сайн дурынхны 90 хувийг коронавирусээс амжилттай урьдчилан сэргийлсэн үр дүнд хүрлээ хэмээн мэдээлсэн юм. Ингэснээр BioNTech компани, компанийг үүсгэн байгуулагчдын мэдээлэл олны анхаарлын төвд орж ирлээ. 2008 онд Германы Майнц хотод байгуулагдсан BioNTech компанийг үүсгэн байгуулагчид нь гэр бүлийн хоёр болох турк гаралтай Германы иргэд Угур Сахин, Өзлем Тюречи нар бөгөөд тэд өөрсдийнхөө нэг насны амьдралыг хорт хавдар, халдварт өвчин судлалын салбарт зориулсан аж. Ялангуяа хорт хавдрын дархлалын чиглэлийн судалгаанд олон жилийг голлон зарцуулсан энэ хоёр эрдэмтэн сүүлийн нэг жилийн хугацаанд корона вирусын цар тахлын судалгааны ажилд анхааран ажиллахад хүрч, хүний генетикийн кодыг өөрчлөх замаар энэ тахлын эсрэг тэмцэх боломжийг бий болгож эхэлжээ.

Тэдний бүтээсэн вакцин хүний дархлааны хариу үйлдлийг сэргээдэг, өмнө нь хэзээ ч батлагдаж байгаагүй messenger RNA буюу mRNA технологийг ашиглаж байгаагаараа онцлог. Судлаач Сахин өөрийн бүтээлийнхээ талаар ярихдаа “Вакцин ашиглан ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгосон нь хүн төрөлхтөнд илгээж байгаа эерэг мессеж юм” гэсэн бөгөөд тэдний гаргасан амжилт нь дэлхий дахинд энэхүү аймшигтай өвчнийг даван туулах итгэл найдварыг бэлэглэж байна хэмээн судлаачид үнэлжээ.

АНУ-ын эмийн магнат Pfizer-ийн захирал Альберт Бурла мягмар гарагт CNN сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол өнгөрсөн 100 жилд анагаахын салбарт гарсан хамгийн агуу амжилт болж таарна” хэмээсэн юм. Сахин, Тюречи нар 2001 онд хорт хавдартай тэмцэх эсрэг биетийг бүтээх зорилготой Ганимед эм үйлдвэрлэлийн компаниа байгуулж, 2016 онд энэхүү компаниа 1.4 тэрбум доллараар зарсан. Долоо хоног тутмын Welt am Sonntag сонин судлаач Сахин, Тюречи нарыг Германы хамгийн чинээлэг 100 эрхмийн нэгээр тодруулаад байгаа аж. Ердөө өнгөрсөн жил гэхэд зах зээлд 4.6 тэрбум доллараар үнэлэгдэж байсан BioNTech компани өдгөө 25.7 тэрбум долларт хүрч үнэ цэнэ нь хэд дахин нэмэгдээд байгаа юм.

Хосуудын шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийг нэн тэргүүнд тавьдаг зан чанар, ёс зүйтэй байдал, зөвхөн эмчилгээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэл нь тэднийг дэлхий нийтийн анхаарлын төвд аваачаад байна. 5-р сард хосууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлаа олон нийтэд зориулна гэдгээ Америкийн CNN сувагт ярьж байсан юм.

Туркийн Искендерун хотод мэндэлсэн Сахин дөрвөн настай байхдаа аавынхаа ажилладаг Форд үйлдвэр байх Германы Кёльн хот руу нүүжээ. Тэнд өсч томрон Турк эмчийн охин Тюречитэй учирснаар тэдний эрдэм шинжилгээний хамтын ажил эхэлсэн байдаг юм. Тэд хамтдаа хорт хавдрыг судалж эхэлсэн ба хуримынхаа өдрөөр хүртэл судалгааны лабораторитоо ажиллаж байжээ.

Энэ оны 1-р сард Хятадын Ухань хотод гарсан судалгааны ажлыг олж уншсаныхаа дараа Сахин хорт хавдрын эсрэг mRNA эмийг mRNA-д суурилсан вирусын вакцин болгох “анхны алхам”-аа эхлүүлжээ. BioNTech компани боломжтой гэж үзсэн цөөн хэдэн mRNA нэгдлүүдийг сонгон авч 500 ажилтныг “Project Lightspeed” хэмээн нэрлэсэн төсөл дээрээ ажиллуулсан ба 2-р сард АНУ-ын аварга том Pfizer компанийн судалгаа эрхэлсэн захирал Кэтрин Йансентай доктор Сахин холбоо барьж, төслийнхөө талаар анх танилцуулсан байна. Ингээд 3-р сараас Pfizer компанитай хамтрахаар болж, 6-р сард үүнийгээ олон нийтэд зарласан. Тэдний Ковид-19 вирусын эсрэг вакцин нь эсүүдийг хуурах замаар вирусын хэсэгтэй ижил харагддаг уургийн хэсгүүдийг үйлдвэрлэдэг mRNA генетик материалыг ашиглаж байгаа ажээ. Вакцинд хамрагдсаны дараа тухайн хүний дархлааны систем эдгээр хэсгүүдийг таньж, тэдэн рүү дайралт хийх ба онолын хувьд жинхэнээсээ корона вирусээр өвчилсөн тохиолдолд хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх юм байна.

Сахинтай 20 жил хамтран ажилласан Майнцын Их сургуулийн хорт хавдрын профессор Маттиас Теобалд Сахиныг “даруу төлөв” хэмээн тодорхойлсон юм. “Ямар ч мундаг амжилт гаргалаа гэсэн тэр үргэлж л төлөв даруу, нөхөрсөг зантай байсаар ирсэн” гэж BioNTech компанид санхүүгийн тусламж үзүүлдэг MIG AG компанийн ТУЗ-ийн гишүүн Маттиас Кромэйр Reuters агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурджээ. 

BioNtech/Pfizer вакцин нь тэдний ковид-19-ийн эсрэг хийж буй цорын ганц вакцин биш бөгөөд өөр нэгэн вакцин өдгөө 3 дахь шатны эмнэлзүйн туршилтдаа явж байгаа талаар олон нийтэд мэдээлсэн юм. ДЭМБ-аас зөвшөөрөл авч чадвал BioNTech, Pfizer компаниуд хамтраад 2021 оны сүүлч гэхэд 1.3 тэрбум тун вакциныг үйлдвэрлэх аж. Дээрх компаниуд АНУ-ын Хоол хүнс, Эмийн чанарын эрүүл ахуйн хяналтын газар (FDA)-аас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл хүсэхээр төлөвлөөд байгаа ба ирэх долоо хоног гэхэд хариугаа авах байх хэмээн хэвлэлд ярьжээ.

Түүнчлэн Доктор Сахин New-York Times сонинд ярихдаа “Ковидын эрин үе өндөрлөх цаг ирж байж магадгүй” хэмээжээ.

Дашрамд дурдахад коронавирусын генийн дарааллыг 1 дүгээр сард тайлж уншсанаас хойш уг вирусын эсрэг вакцин гаргах авах туршилтыг олон оронд эхлүүлсэн бөгөөд 3 дугаар сараас хүн дээр турших ажил өнөөг хүртэл явагдаж байна.

Дэлхийн эрдэмтэд клиникийн туршилтын шатанд байгаа вакцинуудыг сайн, муу гэж харьцуулах боломжгүй гэж үзэж байгаа ба дэлхий даяарх олон судалгааны байгууллага болон тэдгээрийн эрдэмтэн судлаачид COVID-19 өвчний эсрэг вакцин бүтээхэд шаардагдах урт цаг хугацааг товчлон цөөн хэдэн сарын дотор бүтээн гаргахаар шаргуу ажиллацгааж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэх ихэнх эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг шинэ коронавирус гарснаас 12-18 сарын дараа буюу 2021 оны дундуур бэлэн болж олон нийтийн хүртэл болно хэмээн үзэж буй бөгөөд судалгааны багуудын үр дүнгээс шалтгаалан энэ хугацаа ойртож эсвэл холдож болох талаар мөн хэлж байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг эхний ээлжинд 2 тэрбумыг худалдан авч буурай болон хөгжиж буй орнуудад нийлүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа. Одоогийн байдлаар BioNTech, Pfizer-ийн хослолоос гадна БНХАУ-ын БНХАУ-ын Sinоvac Biotech, “China National Biotec" групп, “Синафарм” компаниуд тус бүртээ вакцин бүтээх ажилд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд вакцины эмнэлзүйн 3-р шатны туршилтыг өнгөрсөн 6 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад эхлүүлсэн. Мөн Перу, Марокко, Аргентинд 3-р шатны туршилтыг явуулж байгаа. Бразил улсад ч мөн БНХАУ-ын компаниудын вакцины 3-р шатны туршилтыг эхлүүлсэн ч тус улсын Засгийн газрын зүгээс энэ туршилтыг зогсоогоод удаагүй байна. Гэсэн хэдий ч 2021 оны 3-р сар гэхэд Индонези улсад дор хаяж 40 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон тухайгаа Sinovac компанийн гүйцэтгэх захирал Ин Вэйдонг мэдэгдсэн бол ОХУ-д бүтээж байгаа Спутник вакцин 92 хувийн амжилтад хүрсэн гэдгийг өнгөрөгч өдрүүдэд Pfizer-ийн мэдэгдэлтэй зэрэгцэн манай хойд хөршид зарласан.

Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтэд коронавирусын халдварын эсрэг вакциныг амьтанд амжилттай туршиж байгааг зарласан нь энэ оны 6-р сар. Түүнчлэн И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн Улсын Нэгдүгээр Анагаах Ухааны их сургууль, Н.Н.Бурденко цэргийн клиник эмнэлэгт тус тус 76 сайн дурын ажилтан дээр “Гам-Covid-Вак”, “Гам-Ковид” гэсэн хоёр вакциныг эмнэлзүйн туршилт хийсэн ба туршилтад оролцогчдын биеийн байдал сайн байна гэж мэдэгдсэн. Ингээд 7-р сар гэхэд ОХУ-ын хоёр вакцины судалгааны чухал үе шат болох 3-р шатанд хэдийнэ орсон юм. Үүнээс ердөө нэг сарын дараа буюу 8-р сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын эсрэг Оросын анхны вакциныг бүртгэж байгаагаа зарласан. Хариуд нь Европ болон АНУ-ын эрдэмтдийн зүгээс оросуудын богино хугацаанд хүрсэн үр дүнгээс болгоомжилж, эмийн компаниудыг бүртгүүлэх гэж яарахгүй байхыг сануулсан байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]