Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

301 хүнтэй онгоц тэр чигээрээ шатсан хачин түүхУншсан36,764

Онгоц буух үед нисгэгчид, зорчигчид бүгд амьд сэрүүн байсан боловч газардаж зогссон онгоцны хаалгыг хэн ч онгойлгосонгүй.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энэ явдал бол агаарын тээвэртэй холбоотой хамгийн хачирхалтай, хамгийн байж боломгүй гэмээр осол гэгддэг билээ.

1980 оны 8-р сарын 19-нд Саудын Арабын Эр-Риядаас Lockheed L-1011 TriStar онгоц хөөрч байлаа. Сүүлд олдсон онгоцны хар хайрцгийн бичлэгт тодхон үлдсэн дуу хоолойн бичлэгээр бол бараг шинэхэн шахам энэ онгоцны дарга Мухаммед Али Ховитер дуу аялан онгоцоо хөөргөж байх үед онгоцны бүхээгт утаа мэдрэгдсэн гэсэн түгшүүрийн дохио гарчээ. Энэ дохиогоор бол ачааны хэсэгт ямар нэг утаа гарсан бололтой. Нисэх онгоц дотор утаа гарна гэдэг маш аймшигтай зүйл бөгөөд нисэхийн биш жирийн хүнд ч энэ нь ойлгомжтой зүйл. Гэтэл дарга дуу аялсан чигээрээ утаа мэдрэгдсэн хэсгийн агаар сэлгэх төхөөрөмжийг унтраан нислэгээ үргэлжлүүлэв. Удалгүй өөр нэг газарт бас утаа гарлаа гэсэн дохио дуугарахад мань эр “буцаж таарах нь ээ дээ” гэсэн үгс хоёрдугаар нисгэгчдээ хэлэн байсан гэдэг. Гэсэн ч эргэсэнгүй. Онгоц чиглэлийн дагуу ниссээр байх ба онгоцны дарга дуугаа аяланхан байхдаа борт инженер Брэдли Кертисийг ийм нөхцөлд юу хийх ёстой гэж бичсэн байгааг заавар дээрээс олохыг тушаасан байна. Брэдли Кертис нь тэвдэж сандарсан үедээ уншиж байгаа юмаа ойлгохгүй байх буюу дислекс хэмээх өвчтэй хүн байж. Олон жил онгоцтой холбоотой ажиллаж байсан хүн юм болохоороо утаа гарна гэдэг аюултай зүйл гэдгийг сайн ойлгож байсан учраас мань хүн сандарч тэвдэж эхэлсэн бололтой.  ”Ийм нөхцөлд яах ийх тухай ямар нэг заавар алга, би өөрөө очиж шалгаж үзье” гэсээр борт инженер нисгэгчийн бүхээгээс гарахад нь хоёр нисгэгч "тийм заавар байхгүй байх ёсгүй" хэмээн үзтэл байж л байлаа.

Борт инженер эргэн орж ирээд онгоцонд гал гарсан нь үнэн гэдгийг хэлсний дараа л дарга онгоцоо эргүүлж, буцан буух шийдвэр гаргасан байна. Анх түгшүүрийн дохио дуугарснаас хойш энэ шийдвэр гарах хооронд 4 минут өнгөрчээ. Нэг бүтэн дуу лав аялж амжсан бололтой.

Онгоц эргэж байх үед үйлчлэгч орж ирэн “Онгоцны сүүл хэсгээр гал орж ирлээ, зорчигчид айж сандран үймж байна" гэхэд онгоцны дарга микрофоноор зорчигдод хандан бүгд суудалдаа сууж, үймж сандрахгүй байхыг анхааруулсан байна.

Харин нисэх буудлын диспетчерүүд юу болж байгааг мэдэнгүүтээ буух зурвасыг чөлөөлж галын машин дуудах зэргээр хийх ёстой бүх л зүйлийг хийж байх тэр үед буух гэж бэлтгэж байгаа, бүхээгт нь гал утаа орж байгаа уг онгоцны нэг хөдөлгүүрийн удирдлага гацжээ. Сүүлд хийсэн мөрдөн шинжилгээгээр цахилгааны утасны хуванцар тусгаарлагч галд хайлснаас болж утас нь тасран хөдөлгүүрийн хүчийг тохируулах боломжгүй болсон гэдгийг тогтоосон байдаг.

 Хэдийгээр хүч нэмж хасч болохгүй болсон ч хөдөлгүүр зүв зүгээр нэгэн хэмээр жигд ажиллаж байгаа учир оролдохгүй байвал зүгээр гэж борт инженер хэлэхэд дарга хүлээж авалгүй шууд унтраах хэрэгтэй гэх мэтээр маргалдаж эхэлж. Энэ үед үйлчлэгч дахин орж ирэн сүүл хэсэгт гал бүр ихээр гарч байгаа тухай, галын хороор унтрааж дийлэхгүй байгаа тухай яаран хэлэхэд дарга өөдөөс нь зорчигчдыг айж сандрахгүй байлга, бүх галын хорыг ашигла гэсэн үгээ л дахин давтсан байна.

Онгоц яг буухын өмнөхөн үйлчлэгч дахин орж ирэн “Буунгуут зорчигчдыг онгоцноос яаралтай гаргах эсэх” тухай асуухад борт инженер Кертис “Газарт буусан хойно л тэгнэ дээ” гэж. Үйлчлэгч онгоны даргаас асуусан асуултаа давтахад дарга “Байраа эзэл” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Онгоцны даргын хачин үйлдэл зөвхөн үүгээр дууссангүй бөгөөд яг онгоц бууж байх мөчид тэрээр “Зорчигчдыг онгоцноос яаралтай гаргахгүй гэж дамжуул” хэмээн хэлсэн байдаг. Нисгэгчдийн яриаг бичих хар хайрцагт бичигдэж үлдсэн юм энэ. Ойлгоход бэрхтэй энэ ярианаас хойш тэдний хооронд ямар яриа болсныг хэн ч хэзээ ч мэдэхгүй билээ. Харин диспетчерийн сонссон сүүлийн үг нь “Зорчигчдыг онгоцноос яаралтай гаргах гэж оролдоод үзье” гэсэн даргын үг байв. Онгоц дотор ер нь юу болоод байсан юм бол? Яагаад оролдоод үзье гэж?

Онгоц буух үед нисгэгчид, зорчигчид бүгд амьд сэрүүн байсан боловч газардаж зогссон онгоцны хаалгыг хэн ч онгойлгосонгүй. Яахаа мэдэхгүй гал сөнөөгч нар 20! гаруй минут хүлээж байж буюу онгоцны хөдөлгүүр зогссоны дараа л хаалгыг нээлээ. (Зарим нь онгоцны хөдөлгүүр зогссоноос хойш 23 минутын дараа хаалга нээсэн гэх нь бий) Онгоцон дотор угаартаж нас барсан 301 хүн байсан бөгөөд аврагч нарын нээсэн хаалгаар орсон хүчилтөрөгч галыг өдөөн асааж онгоцыг гал тэр чигээр нь нөмрөн авсан байна. Одоо аврагч нарыг аврах хэрэгтэй болжээ.

Ийнхүү 301 хүнтэй онгоц газарт буусан хойноо, өчнөөн олон гал сөнөөгч машин, гал сөнөөгч нарын дунд байсаар байгаад угаартаж, шатаж дууссан байна. Онгоц хоорондоо мөргөлдөх, техникийн гэмтлээс, цаг агаараас, нисгэгчийн буруутай үйлдлээс... гэх зэргээр олон янзын шалтгаанаас болж сүйрдэг бол энэ удаагийн явдал нь хамгийн зайлж болох, хүний амь нас хохирохгүй байж болох хамгийн боломжтой нөхцөлд болсон, хамгийн... хамгийн...

Ердөө л хаалга онгойлгохгүй яагаад ч юм таг суусаар ийм юм болжээ. Нисэхийн дүрмээр бол зорчигчдыг яаралтай буулгах шийдвэрийг зөвхөн дарга гаргадаг бөгөөд үйлчлэгч нарт тийм эрх байдаггүй гэнэ. Магадгүй тэд даргын тушаалыг хүлээсээр байгаад үхсэн бололтой. Харин дарга яагаад тушаал өгөөгүй юм бол? Яагаад бууж байхад “Зорчигчдыг онгоцноос яаралтай гаргахгүй гэж дамжуул” гэж хэлсэн юм бол?

Энэ осол нь “Оросын тэнгэр дэх нисэх багийнхны уучилшгүй алдаа буюу тэнэглэл” нийтлэлд бичсэн тэр явдлаас яагаад ч дутахгүй юм шиг санагдана. Онгоцны бүхээгт утаа бий боллоо гэсэн дохио дуугарч байх үед  дуулан нисэх онгоцны дарга гэдэг...

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 26. 20:28
мэргэн

яагаад гэвэл капитан нь хар тамхи хэрэглэсэн хэтэрхий их тайщширсан гэсэн онош аль хэдийнэ гарсан шд.нэг хэсэг нуусан мшдээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]