Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жон Кэлхуны хулганууд дээр хийсэн туршилтын хачирхалтай үр дүнУншсан35,782

АНУ-ын эрдэмтэн Жон Кэлхуны (John B.Calhoun) 1968-1972 онд хийсэн нэгэн туршилт түүнийг алдаршуулсан ба туршилтын нэр “Universe-25”. Энэ нь түүний хулгана дээр хийсэн 25 дахь туршилт байсан учраас ингэж нэрлэж.

Нэгэн эр талийгаач болон диваажинд хуваарилагдан иржээ. Диваажин болсон хойно тансаг, нарийн  хоол унд, хурд хүчтэй машин, элдэв архи дарс гээд сайхан бүхэн байх ба охид бүсгүйчүүдийн туяхан нарийн, үзэсгэлэн төгөлдрийн тухай яриад ч хэрэггүй гэнэ. Жаргаж байгаа эр нэгэн удаа бурхнаас тэр там гээч нь ямар байдгийг ганц нүдээрээ боловч хамаагүй, цухас харъя гэж гуйжээ.  Бурхан ч зөвшөөрсөн ба мань эр өөрийн найз нөхдийг айхавтар тамын тогоонд түлэгдэж, гарах гэхээр нь чөтгөр төмөр сэрээгээ гэдсэнд нь зоон дахин тогоо руу унагах мэтээр зовж шаналж байгааг харах юм бодтол харин өөрийнхөөс нь илүү сайхан, олон хүүхнүүдээр хүрээлүүлсэн, илүү тансаг хоолтой,  архи дарс, машин тэрэг.... гэдгийг бүр тоохоо больсон нөхдүүд сууж байх юм гэнэ. Ганц ялгаа гэвэл найз нар нь бүгд л уйлж суужээ. Сэтгэлээр унаж, уур нь хүрснээс уйлахад ойрхон болсон залуу бурхнаас ингэж асууж гэнэ,

 

-Хөөш бурхан! Хөөш чи!  Яахаараа тамд байгаа нь надаас илүү жаргаж, сайхан хүүхнүүдтэй наргиж байдаг билээ. Ер нь би диваажинд байгаа юм уу, эсвэл тамд байгаа юм уу? Чи бурхан уу, худалч чөтгөр үү? Найз нар минь яагаад тийм сайхан газар уйлаад байгаа юм бэ?

-Залуу минь би бурхан мөн, чи ч диваажинд байна. Найз нар чинь харин тамд байгаа ба тэд диваажинд илүү сайхан хүүхэн, машин, хоол унд байдаг гэж ойлгосон учраас л уйлж байгаа юм гэжээ.

Онигоо бол онигоо. Гэхдээ там, диваажин хоёр ялгарах аргагүй болж болох тухай нэгэн эрдэм шинжилгээний туршилт хийгдсэн байдаг ба сонирхолтой, аймшигтай энэ туршилтын тухай танилцуулъя.

“Universe -25” эрдэм шинжилгээний туршилт

АНУ-ын эрдэмтэн Жон Кэлхуны (John B.Calhoun) 1968-1972 онд хийсэн нэгэн туршилт  түүнийг алдаршуулсан ба туршилтын нэр “Universe-25”. Энэ нь түүний хулгана дээр хийсэн 25 дахь туршилт байсан учраас ингэж нэрлэж.

1968 онд Жон хааш хаашаа 2 метрийн урттай, 1,5 метр өндөр дөрвөлжин хашаа барьсан ба энэ хашаа дотор нэг бүр нь 15 хулгана амьдрах боломж бүхий 256 жижиг үүр, хулгана амьдрахад таатай нөхцөл болох +20С градусын дулаан, хоол унд хязгааргүй хэмжээгээр байнга хангагдах, усны хүрэлцээ хангалттай, гаднаас ямар нэг махчин амьтан орж ирэх аргагүй, өөрсдөө ч гарах аргагүй, элдэв өвчин тарахаас сэргийлсэн хяналт бүхий тийм орчинг бий болгосон байна.  Хүсвэл хулгана өөрөө ч үүр барих боломжтой, хулганы энэ диваажинд 3840 хулгана “орон байраар” хангагдах нөхцөл нь бүрдсэн, 9500 хулгана нэгэн зэрэг хооллох, 6144 хулгана нэгэн зэрэг ус уух боломжтой, долоо хоног болгон (явцын дунд залхсан ажилчид сардаа нэг цэвэрлэж байсан тохиолдол бий гэдэг) цэвэрлэгээ хийгдэх..., зэрэг амьдрах бүх л боломжийг дээд зэргээр хангасан байлаа.

Ингээд туршилтаа эхлүүлэн анхны 4 хос буюу 8 хулганыг энэ байранд тавьжээ. Эдгээр амьтад тун удалгүй диваажинд дасаж, энэ үеийг Кэлхун 1-р үе гэж нэрлэсэн ба удалгүй хулганууд үржиж эхэлсэн байна.

Анхны зулзага, гөлчгий төрж эхэлсэн үеэс 2-р үе эхэлжээ. Энэ үед дээд зэргийн таатай нөхцөлд байгаа хулгануудын тоо 55 хоногт хоёр дахин нэмэгдэж байсан боловч  туршилт эхэлснээс хойших 315 дахь хоногоос өсөлтийн хурд буурч байгаа нь тодорхой болж. Одоо 145 хоног тутамд тоо толгой нь хоёр дахин өсөж байлаа. Энэ үеийг 3-р үе гэж тооцсон ба хашаан дотор ойролцоогоор 600 гаруй хулгана аж төрөн, амьдран сууж байжээ.

600 хулгана дотор хэсэг бүлэг, анги давхарга үүсэн, нийгмийн тодорхой харилцаа гэмээр байдал бий болсон байна. Нийтэд хүртээмжтэй сул талбай ч өмнөхтэй харьцуулахад ямар нэг хэмжээгээр бага болжээ.

Чухам энэ үеэс эхлэн “гологдогсод” хэмээх бүлэг бий болсон ба энэ нь “энэ диваажинд” байр сууриа олж чадаагүй залуу хулганууд бөгөөд тэднийг хазуулсан ором, ноолорсон үс, цус гарсан байдал, гэмтэж уруулсан сүүл зэргээр ялгаж байв. Диваажинд хулганы амьдрах хугацаа урт болсон ба хууччуул өөрийн байр сууриа хамгаалах учир залуу хулганууд  шахагдан, тухайн нийгэмдээ адлагдаж “гологдогсод” бий болсон билээ.”

Гологдогсод” улам бүр хашааны төв рүү шахагдах ба сэтгэл санааны хувьд дарамтад орсон эдгээр хулгана дайчин, түрэмгий чанараа алдаж, өөрийн "жирэмсэн" эм хулганаа хамгаалах, нөхөн үржихүйн ажил хийхээ больж эхэлсэн. Харин ч өөр хоорондоо уралцах нь их болсон байна.

Ийм нөхцөлд төрөх дөхсөн эм хулгана тохиолдлын болон элдэв довтолгооноос хамгаалах хамгаалалтгүй болсноо мэдэрч, сандарч тэвдэж эхэлсэн ба удалгүй өөрсдөө маш догшин ширүүн зан гаргах боллоо. Гэхдээ энэ догшин зан чанараа гадагшаа биш харин дотогшоо буюу өөрийн зулзагануудад гаргаж, тэднийг урж тастан, идэх зэргээр авирлан дараа нь хашааны захын дээд хэсэгт тус тусдаа бүгэх болжээ. Энэ бүхний үр дагаварт төрөлт эрс багасаж, нялх болон залуу хулганы үхлийн хувь огцом өслөө.

Удалгүй 4-р үе буюу Кэлхуны нэрлэснээр үхлийн хэсэг эхэллээ. Энэ үед бас нэг өвөрмөц бүлэг гарч ирсэн ба тэднийг “гангацуул” гэж нэрлэсэн байна.  “Гангацуул” нь ямар нэг зүйлийн төлөө тэмцэлдэхгүй, зодолдож, алалцахгүй, нөхөн үржих  сонирхолгүй, идэвхгүй амьдралаар амьдардаг хэсэг юм.  Тэд ууж, идэж, унтаж, өөрийн арьс үсээ цэвэрлэх гэсэн үндсэн ажилтай ба ямар нэг зөрчил, “нийгмийн үүрэг” гүйцэтгэхээс хол хөндий амьдарна. Гангацуул нь бусдаасаа илүү цэвэрхэн, ямар нэг зодоон цохионы ул мөр болох шарх шалбархайгүй байдгаас ийм нэртэй болсон ба тэд хувиа бодсон, өөрийгөө хайрлах нь дэндсэн тийм л нөхдүүд байв.

Цаг явах тусам эр эмийн ажил, орон байрын төлөөх тэмцэл... зэрэг бүх л юмнаас хол, ер нь өөрөөсөө өөр юу ч сонирхохгүй “гангацуул” болон  хашааны дээд хэсэг, захад ганцаар бүгэх “ганц бие” эм хулганы тоо нэмэгдсээр удалгүй тэд ихэнх нь болж эхэлсэн байна.

Туршилтын төгсгөл хэсэгт хулганы дундаж нас 776 хоног болсон ба энэ нь нөхөн үржих чадвараа алдах дээд наснаас 200 хоногоор илүү юм. Нялх, залуу хулганы үхэл 100 % болж, жирэмслэх нь маш цөөрсөөр 0 % болж, нийт хулганы дунд гомосексуализм буюу ижил хүйстнээ эмлэх, урьд үзэгдээгүй догшин ширүүн авир гаргах, канибализм буюу нэг нэгийгээ идэх нь улам бүр газар авч байлаа. Энэ бүхэн хангалттай хоол хүнстэй, амьдралын таатай орчинд болж байгаа гэдгийг бүү мартаарай.

Ингээд 1780 хоногийн дараа туршилтаа зогсоох үед хашаанд 112 хулгана үлдсэн байсан ба тэд бүгд нөхөн үржих чадалгүй болсон хөгшин хулгана байв. Туршилтын үр дүн тодорхой болсон нь ойлгомжтой байлаа.

3-р үеийн явцад цаашид сүйрэл болохыг урьдчилан ойлгосон  Кэлхун өөрийн хамтран зүтгэгч Мардены хамт зарим нэг туршилт давхар хийж эхэлсэн ба хашаанаас  “гангацуул” болон “ганц бие” эм хулгана нараас 4 хос, 8 хулгана сонгон авч шинээр байгуулсан хашаанд хийсэн байна. Энэ хашаа нь бас л амьдрах бүх л боломжоор хангагдсан, өргөн уужим зайтай байлаа. Гэтэл эрдэмтдийн хүлээж байсан тэр үйл явдал огт болоогүй бөгөөд “гангацуул” болон “ганц бие” эм хулганууд өмнөх хашаанд байсан зан чанараа тэр чигээр нь хадгалж байсан ба ямар ч нөхөн үржилт байхгүй учир энэ хашаанд байсан бүх хулгана хөгшрөн үхэж дууссан байна. Нэг бус нэлээд хэдэн ийм бүлэг байгуулсан нь бүгд л адилхан үр дүнтэйгээр дуусжээ.

Анх хамгийн багадаа 3840 хулгана ямар ч бэрхшээлгүйгээр амьдарч болох хулганы энэ диваажинд тавьсан 4 хос 8 хулгана ердөө л 2200 хүртэл өссөн ба түүнээс хойш тоо толгой нь огцом буурсаар 0 болсон нь энэ.

Туршилтын үр дүн, дүгнэлтийн тухай маш олон зүйл байдаг ч жирийн хүнд тэр дүгнэлт биш харин энэ өсөж үржин, дараа нь үхэж үрэгдсэн тэр процесс нь л сонин байх болов уу. Яагаад ч юм хулгана гэдгийг хүн гэдэг үгээр, хулганы тэр хашааг хүний нийгмээр сольж бодох хүн олон байгаа биз ээ.

Хулганы диваажин байгуулсан байтал тэр нь там болжээ. Магадгүй анхнаасаа диваажин биш там байсан юм болов уу? Эсвэл там диваажин хоёр ийм адилхан байдаг юм болов уу? Эсвэл...

Нийтлэгч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]