Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүчээр барилдвал амь насанд аюултай, бүх цэргийн жанжин Г.Дэмид дээр очоорой"Уншсан44,212

Намайг талбайд гаргаад зогсоочихов. Надтай үзүүр түрүү булаалдаж барилдах Булганы “хурандаа” М.Бэх-Очир гарч ирдэггүй, би хүлээгээд л байлаа.

"ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ШУУРГАНД ӨРТСӨН АРСЛАН" өгүүллийн хэсгээс

Сайн ноён хан аймгийн Баатар бэйс, Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Идэр сумын харъяат, “урт гарт” хэмээн ард олондоо алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагваа овоо тахилгын наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлж, Ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж, хоёронтаа үзүүрлэж, арав гаруй удаа шөвгөрч, аваргын энтэй барилдаж, үзэгч олон, наадамчин түмнээ баясгаж явсан алдарт бөх юм.

М.Лхагваа нь Улиастайн Хамбын хүрээнд шавилж сууж байхдаа ах М.Намбарыгаа бараадаж овоо тахилгын наадмын аманд гарч “нүүр хагарч” барилдах дур сонирхолтой болж, улмаар Улиастайн наадмаар түрүүлж, Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны анхны хошуу наадмыг манлайлж барилдааныхаа амжилтын дээжтэй золгосон бөх.

Ардын хувьсгалын түүхт 10 жилийн ойн баяр бол (1931 оны наадам) алдарт арслан Маамын Лхагваагийн Гандантэгчилэн хийдэд шавилан сууж байхдаа ардын төрийнхөө баяр наадмын дэвжээнд анх зодоглож, эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийн тоосон дунд орж, тэдний бие бялдар, хүч чадлын гайхамшгийг шүтэн биширч явсан үе юм.

Залуу бөх М.Лхагваа их ойн энэ жилийн баяр наадмаар анх зодоглохдоо Өвөрхангайн “мээтэн” хэмээх О.Аюур арслан, Арвайхээрийн Ц.Банди заан, Төв аймгийн “ягаан” Н.Самдан, Архангайн “Хуягтын майга” хэмээх Л.Банзар нарын арван засаг, уул тайллагын наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлж, ардын засгийн анхны жилүүдийн баяр наадмаар хүч сорьж явсан ирээдүйн арслан, заан цолтой нэрт хүчитнүүдийг өвдөг шороодуулсаар хүчит 1024 бөхөөс Булганы Сайхны “хурандаа” М.Бэх-Очиртой их ойн жилийн баяр наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарч “Монгол Улсын заан” цол хүртсэн билээ.

М.Лхагваа арслан

Энэ жилийн наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарч үлдсэн залуу бөх М.Лхагвааг лам нарын талаар баримталж буй нам засгийн бодлого шийдвэрээр далайлгаж цэргийн бөх М.Бэх-Очирт хүчээр буулгаж тахимыг өгүүлсэн байдаг.

Улсын заан цол хүртэж ард түмнийхээ танил болсон залуу заан М.Лхагваа энэ жилийн наадмын дараахан нам, засгийн бодлого шийдвэрт өөрийн ажил үйлсийг зохицуулан зөрүү захтай лам дээлээ тайлан “хар” болж улсын хэвлэлийн комбинатад ачигч хийж байгаад сайн дураараа ардын цэрэгт явж, улмаар цэргийн ерөнхий сургуульд элсэн суралцсан гэдэг.

Гандан хийдэд шавилж суудаг лам бөх түрүүлж болдоггүй үе

Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат: Завханы “урт гарт” хэмээх М.Лхагваа арслан их сайхан бөх байсан гэдэг. Би их хожуу танилцсан. Гурав дахиа түрүүлсэн жилийн наадмын дараа М.Лхагваа арслан манайд ирлээ. Тэрбээр “Би Гандангийн лам байхдаа Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарлаа. Намайг талбайд гаргаад зогсоочихов. Надтай үзүүр түрүү булаалдаж барилдах Булганы “хурандаа” М.Бэх-Очир гарч ирдэггүй, би хүлээгээд л байлаа. Тэгтэл жанжин штабын дарга Малж гэдэг хүн дуудаж байна гэхээр яваад очлоо. Тэр дарга “Хүчээр барилдвал амь насанд аюултай. Маргааш бүх цэргийн жанжин Г.Дэмид дээр очоорой” гэлээ. Би ч “за”л гэлээ. Ингээд хурандаа М.Бэх-Очир түрүүлэв.

М.Бэх-Очир арслан

Маргааш нь Г.Дэмид жанжин дээр очтол “Өнөөдрөөс эхлээд Гандангийн Лхагваа биш болно доо. Ном хэр сурч байна, Хийморийн сан, Дөрвөн уулын сан уншиж чадах уу” гэж байна. Би “чадна” гээд Дөрвөн уулын санг уншлаа. Гэтэл Г.Дэмид гуай “Овоо ойтой юм байна. Өнөөдрөөс эхлээд цэргийн Лхагваа болсон шүү” гэлээ. Ингэж Г.Дэмид жанжны бөх болж хэдэн жилийн дараа Зөвлөлтөд цэргийн сургуульд явлаа. Төдөлгүй Г.Дэмид жанжин эсэргүүн болж би дуудагдаж ирсэн. 1939 оны наадмаар үзүүрлэснийхээ дараа шоронд орж ардын төрийнхөө баяр наадамд хүч үзэх ид сайхан үеэ алдсан даа” хэмээн гэж хуучилж байсан.

Засуул Ш.Лүгдэв гуай, М.Лхагваа арслан хоёр их найз улс. Ш.Лүгдэв гуай М.Лхагваа арсланд “Цаад Ж.Мөнхбат чинь аварга цолоо өг” гээд Ж.Самбуу гуай, Ю.Цэдэнбал дарга хоёрт хэлснийг ярьжээ. Тэгээд М.Лхагваа арслан “хөөрхий залуу хүн над шиг болчихвий” гэж санаа зовохдоо манайд ирсэн нь тэр юм билээ.

Их шөвөгт шалгарч “Төрийн цагдаа” бөхөд өвдөг шороодов

Залуу заан М.Лхагваа тахимдаа хүний гарыг барагтай л бол хүргэдэггүй Өвөрхангайн “мээтэн” хэмээх О.Аюур арсланг тахимдаж хаяж, Мөнгөнморьтын Л.Чимэд арсланг арагшаа унаж үзээгүй ид үед нь суйлж унагаснаар энэ үеэс бөхчүүд, ард олныхоо дунд “урт гарт” хэмээн алдарших болсон.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар Гандантэгчилэн хийдэд шавилан суудаг лам бөх түрүүлж болдоггүйн “зовлонг амсаж” үзүүрлэсэн М.Лхагваа Ардын хувьсгалын 11 (1932 оны наадам) жилийн ойн баяр наадмаар залуу заан хэмээн цоллуулан барилдахдаа найм давж их шөвөгт шалгарч арслан цолтой бөхийн эрэмбийн амжилт үзүүлж, Архангайн Лүнгийн “цагдаа” хэмээх Д.Содном заантай тунаж өвдөг шороодсон юм.

Сахил санваар хүртэж лам явсан бөх төрийн цагдааг хаяж болохгүй гэж тахимыг өгүүлсэн ч гэсэн яриа бас байдаг.

Хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарахад...

Цэргийн ерөнхий сургуулийн сурагч М.Лхагваа 1932 оны Архангайн Тариатын хүрээ, Хөвсгөл аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослого, хөдөлгөөнийг дарахад идэвхтэй оролцож, гарамгай сайн байлдсан тул Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.

Ардын төрийнхөө баяр наадмыг манлайлав

Залуу заан М.Лхагваа цэргийн ерөнхий сургуулийг амжилттай дүүргэж морин цэргийн дарга болж, сургуулиа онц сайн дүнтэй төгссөн гэж Цэргийн яамнаас “нагаан буу”- гаар шагнуулж байв.

Сахил санваар хүртэж Гандантэгчилэн хийдэд шавилж сууснаасаа болж сүүлийн хоёр жилийн баяр наадмаар үзүүлсэн амжилтдаа сэтгэл дундуур яваа улсын заан, цэргийн залуу дарга М.Лхагваа Ардын хувьсгалын 12 жилийн ойн баяр наадмаар (1933 он) дунд шөвөгт Булганы Ж.Лувсанбалдан заанд амлуулж, их шөвөгт “Баргын” хэмээн алдаршсан шинэ заан Ш.Гилэгтэй тунаж, үзүүр түрүү булаалдахаар Сэлэнгийн “боохой” хэмээх алдарт арслан Д.Данзантай үлдэж, залуу насны аа, бяр чадал, барилдааны ур чадварын илүүгээр “аархаж” өвдөг шороодуулснаар 26 насандаа ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж “Монгол Улсын арслан” цолыг гуйж биш гуядаж хүртлээ.

Хоёр жил дараалан баяр наадмын манлай бөхчүүдэд

Ардын хувьсгалын 14, 15 жилийн ойн баяр наадам бол улсын залуу арслан М.Лхагвагийн хоёр жил дараалан зургаа давж, дунд шөвөгт шалгарч тухайн жилийн баяр наадмын манлай хүчтэнүүдэд өвдөг шороодож тахимаа өгч явсан баяр наадмууд билээ. Ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмаар долоогийн даваанд барууныг манлайлан босч алдар цолоо дуудуулан Мөнгөнморьтын Л.Чимэд зааныг амлаж барилдаж өвдөг шороодсон бол 15 жилийн ойн баяр наадмаар долоогийн даваанд зүүнийг манлайлан босч алдар цолоо дуудуулан Дорнодын “хумбаан хар” хэмээх Л.Балсан зааныг амлан барилдаж өвдөг шороодсон юм.

“Урт гарт” Маамын Лхагваа арсланг өвдөг шороодуулсан Мөнгөнморьтын Л.Чимэд заан Ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмаар, Дорнодын “хумбаан хар” Л.Балсан заан 15 жилийн ойн баяр наадмаар тус тус түрүүлж улсын арслан цол хүртэцгээсэн байдаг.

Ардын төрийнхөө баяр наадмаар хоёр дахь удаагаа үзүүрлэв

Улсын залуу арслан М.Лхагваа цээж мөр өргөн, бүсэлхийгээрээ нарийн, харцага сайтай, дунд зэргийн нуруутай, бөхийн галибар төрх сайхантайн дээр гараа, дэвээ, шавааг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, баруун зүүнгүй сугадаж тонгордог, суйлдаг дархан мэхтэй, хурдан шаламгай барилдаанаараа гайхагдсан бөх байв.

Ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж улсын арслан цол хүртсэнээс хойш төдий л дээгүүр барилдаж амжаагүй явсан М.Лхагваа арслан Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадмын зургаа, долоо, наймын даваануудад цолны эрэмбээр хамгийн түрүүнд босч нэр сонсохдоо Аравжаргалант сумын “нахиу” Д.Гонгор, Чойбалсан сумын “хумбаан хар” Л.Балсан, “гулзгай” У.Дамчаа нарын улсын арслан, заан цолтой алс зүүн хязгаар Дорнод нутгийн бөхчүүдийг амалж барилдааны сурц, мэхийн урнаар илүүрхэж өвдөг шороодуулсаар цэргийн залуу бөх Б.Түвдэндоржтой үзүүр түрүү булаалдаж үзүүрлэсэн билээ.

Энэхүү Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадам нь өнгөрсөн он жилүүдийн наадмаас цөөн 512 бөх барилдуулсан даруухан наадам болж өнгөрсөн ч үзүүр түрүүний бөх будилж баяр наадмын түүхэнд үлдсэн учир тэмдэглэлт их ойн жилийн наадам шиг дахин дахин сөхөгдөж яригдсаар байдаг юм.

Халимаг нь өвс шүргэснийг толгой нь газар хүрлээ гэж үзсэн

Монгол улсын ахмад заан Я.Дорлиг: Энэ жилийн баяр наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарч үлдсэн М.Лхагваа арслан залуу бөх Б.Түвдэндоржийг барьж авангуут баруун зүүнгүй ээлжилж тонгороод дөрвөн хөллүүлчихлээ. Хүмүүс хаясан хаяагүй гээд шуугилдаад явчихав. Дахин өрөөд ганцхан ухасхийж Түвдэнг хонгодож хөөснөө сугадаж тонгорлоо. М.Лхагваа арслангийн халимаг газар шүргээд явчихлаа. Түвдэн ч нүүгэлтсэн “амьтан” гулдайгаад өглөө.

Хүмүүс үзүүр түрүүний бөхийг үзэх гэж дотогшоо дайраад худалч хүнд томхон гэрийн буйрын чинээ газар л үлдсэн байсан. М.Лхагваа арслан ч дэвээд л хүмүүс “М.Лхагваа арслан түрүүллээ” гээд бужигнаад явчихсан. Чимээ нь маршал “Түвдэндорж түрүүлсэн, Лхагваагийн толгой хүрсэн” гэж дуулдана. Хүмүүс “Лхагваа давсан” гээд хашгиралдлаа.

Яармагийн дэнж өвс ихтэй, одоогийнх шиг наадмын талбайн зүлгийг тайрч тэгшлэх биш. М.Лхагваа арслан офицер халимагтай учир халимаг нь газар шүргэсэнийг толгой нь газар хүрлээ гэж үзсэн. Тэгээд л Б.Түвдэндорж түрүүлчихсэн юм шүү дээ.

Түвдэн ташаан дээр нь сарвалзаж ирээд унасан

Монгол улсын аварга Ж.Цэвээнравдан: Би энэ жилийн наадмаар барилдалгүй, бөх үзэж суулаа. Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдааныг бүр ойрхноос харсан. М.Лхагваа арслан Б.Түвдэндоржийг хонгодож хөөснөө тогтоон, барьцаа лавшруулан баруун сугадаж тонгороход Түвдэн бүр ташаан дээр нь сарвалзаж ирээд унасан. Гэтэл М.Лхагваа арслан цалгиа ихтэй хүн болохоор тэр жинтэй хүнийг хүч гаргаж тонгорохдоо халимаг нь газар хүрчихсэн юм. Түүнийг нь М.Лхагваа арслангийн толгой газарт хүрлээ гээд унасанд тооцсон.

М.Лхагваа арслан хэлмэгдүүлэлтийн бараан шуурганд өртөв

Гучаад оны их хэлмэгдүүлэлтэд зөвхөн нам, улс төрийн ажилтан, лам хуврагаар зогсоогүй нэртэй бөхчүүд ч хүртэл өртсөн сөн. Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадмын дараахан 1939 оны долдугаар сарын 28-нд ДЯЯ-ны орлогч сайд, Улсыг аюулаас сэргийлэн хамгаалах газрын дарга, хоёрдугаар комиссар Жамбалдоржийн баталсан тогтоолоор М.Лхагвааг “Цэргийн яамны Жанжин штабын дарга Малж, ЗХУ-д элчин сайд байсан Дэндэв, ДЯЯ-ны орлогч сайд Лосол нарын үүсгэсэн эсэргүү байгууллагын гишүүн” гэсэн зохиомол хэрэгт ял тулган баривчилж 1939 оны есдүгээр сарын 13-нд долоон жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.

Ийнхүү Монгол наадмын дэвжээнээ алдраа дуурсгаж, ард олныхоо хайр хүндэтгэл хүлээж, ид бяр хүч нь жагсаж явсан Маамын Лхагваа хэмээх эгэлгүй нэгэн сайхан бөх амь амьдралаараа хохирч чилийсэн долоон жилийг торны цаана өнгөрүүлж 1946 онд суллагдсан юм. Харин БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссын 1957 оны долдугаар сарын 18-ны гуравдугаар тогтоолоор түүний хэргийг цагаатгасан билээ.

Бяр хүч нь тэгширсэн насандаа барилдсансан бол...

Тэрбээр барилдах ур ухаан арвижиж, бяр хүч тэгширсэн 33-38 насандаа ардын төрийнхөө баяр наадамд зодоглож чадаагүй. Арслангийн энэ насан дээр аварга хэмээх эрхэм цол хүртсэн зарим хүчтэнүүд маань хэрхэн барилдаж явж вэ? Ардын төрийнхөө их баяр наадамд Ж.Цэвээнравдан, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат нарын дөрвөн аварга 33 насандаа, Д.Хадбаатар аварга 35 насандаа, Ч.Бээжин аварга 36 насандаа түрүүлж, их аварга Б.Түвдэндорж 36, 37, 38 насандаа гурван жил дараалан, Х.Баянмөнх аварга 34, 36, 38, 39, 44 насандаа таван удаа манлайлж, Ж.Цэвээнравдан, Д.Хадбаатар, Ч.Бээжин гурав 33, 35, 36 насандаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртэж явжээ. Хэрэв М.Лхагваа арслан энэ он жилүүдэд ардын төрийнхөө баяр наадамд зодоглосон бол...

Цагийг эзэлсэн эгэлгүй нэгэн хүчтэн гэдгээ харуулж...

Шоронгийн хүнд хүчир хөдөлмөрт нухлагдсан хэдий ч М.Лхагваа арслан цагийг эзэлсэн эгэлгүй нэгэн хүчтэн гэдгээ харуулж 1946, 1947, 1948, 1950, 1951 оны баяр наадмаар тав давж шөвгөрч “олныг баясгагч, бат суурьт, харилтгүй хүчит” хэмээх чимгүүдийг нэмж хүртэж наадамчин олноо баясгаж явжээ.

Ардын хувьсгалын жилүүдэд улсын цол хүртсэн ахмад бөхчүүддээ Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд урин оролцуулж хүндэтгэл үзүүлж, наадамчин олны сонирхол татсан улсын цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж явуулахад “урт гарт” хэмээх М.Лхагваа арслан 55 настайдаа түрүүлж наадамчин олноо баясгаж байсныг бид мэднэ.

Эх сурвалж: Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]