Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүн улс ба Киданы тагнуулчдын тухай түүхээсУншсан8,376

Сайн тагнуулч бүтэн армитай тэнцдэг гэлцдэг. Тагнуулчдын тухай өгүүлэл маань энэ удаад эртний Сүн улс, Тангуд, Киданы үед очиж байна.

Сайн тагнуулч бүтэн армитай тэнцдэг гэлцдэг. Тагнуулчдын тухай өгүүлэл маань энэ удаад эртний Сүн улс,  Тангуд, Киданы үед очиж байна.

 

Хятад улс. XI зууны эхний хагас. Хагас зуун жил орчмын тэртээ киданчуудын түрэмгий улс Ляотай дөнгөн данган эвлэрээд байсан Сүн улс баруунаас довтлох тангуудуудын дайралтад өртөөд байсан юм. Энэ дайн хэсэг намжин, эргээд шинэ эрч хүчээр сэлбэгдэн гурав дахь арван жилээ үдэж байлаа. Сүн улсын цэрэгтэй бараг ижил түвшинд хүрсэн тангудууд авьяаслаг цэргийн жанжнууд болон удирдагчидтай болоод байв. Тийм учраас цэргийн шууд тулгаралт Сүн улсад ялалт байгуулах боломж олгохгүйгээс гадна хүчээр илүүрхэх байдлыг өгөхгүй байсан юм. Сүн улсын удирдагчид стратегиэ өөрчилжээ. Цаазаар авахуулах ял сонссон хэний ч танихгүй нэгэн гэмтнийг гэнэт өршөөн хэлтрүүлэв. Түүний толгойг мулзалж, Буддын шашны лам дээл өмсүүлээд зогсолгүй зөгийн баланд дүрсэн лаван бөмбөлгийг хүчээр залгиулаад тангууд нар руу илгээжээ. Хуурамч лам мэдээж хэрэг тангудуудад баривчлагдсан бөгөөд яргалалд өртсөн байна. Тэр үеэрээ мань нөхөр сэжигтэй зүйл залгиснаа хүлээжээ. Түүнд тэр даруй туулгах тан өгсөн аж. Гарч ирсэн зүйлийг нээж үзээд тангудууд Сүн улсын хааны илгээлтийг олж уншив. Хаан тэрхүү илгээлтдээ Сүн улсын талд нууцаар үйлчилдэг тангудын түшмэд, жанжнуудад хандаж талархал илэрхийлсэн байна. Тангудын хаан үүнд үнэмшсэн бөгөөд урван тэрслэгчдийг хатуу шийтгэхийг тушаажээ. Сүн улсад ийнхүү хэрэг болсон нэр нь тодорхойгүй тэр гэмт этгээд амиа золиослогч тагнуул байсан юм.

Амиа золиослогч тагнуул гэж хэн болох, өөр ямар төрлийн туршуулууд байдаг, тэд яах гэж хэрэг болдгийг Сүн улс болон тангудуудын тулгаралтаас 1500 жилийн тэртээ Хятадын стратегич Сүнь Зы бичсэн байдаг. Түүний бичсэн “Бин фа” буюу “Дайн тулааны урлаг” нэртэй бүтээл нь өдгөө ч цэргийн эрдэмд суралцаж байгаа хүмүүсийн ширээний ном хэвээр байгаа юм. Энэ бүтээлд “Энэрэн нигүүлсэл, шударга ёс гэдгийг мэдэхгүй хүн тагнуулуудыг ашиглаж чадахгүй” гэж бичсэн байдаг нь үнэн хэрэг дээрээ бол нарийн мэдрэмжтэй, ур ухаан сайтай хүмүүсийг туршуул болгон дайсан руу илгээвэл амжилт олох боломжтойг илтгэнэ.

Сүнь Зы болон Хятадын бусад гүн сэтгэгч жанжнууд аливаа дайн нь хоосролыг авчирна гэдгийг ойлгож байж. Аливаа дайн их хэмжээний зардал шаардаж, хор хохирол нь асар их байдаг нь тодорхой зүйл. 100 мянган цэргийг нэгэн тугийн дор жагсаавал ард нь 700 мянган гэр бүл эцэж, туйлддаг гэдэг. Иймээс ямар ч хамаагүй үнээр дайн дажнаас зайлсхийхийг хүсч байсан нь тодорхой юм. Тийм учраас маш чухал мэдээллийг олж ирсэн ганцхан туршуул бүхэл бүтэн армитай дүйцэж байжээ. Аливаа дайны үед тагнуул, туршуулуудын гүйцэтгэх үүрэг маш чухал байдаг. Энэ бол цэрэг, армийн түшиц болдог суурь багана билээ. Зөвхөн шалгарсан эрс л тагнуулч болох боломжтойг Сүнь Зы өгүүлжээ.

Сүн улс Тангудын эсрэг тагнуулын арга хэрэглэсэн түүхийг өгүүлсэн бол одоо киданчууд Сүнгийн эсрэг хэрхэн туршуулын ухаан зарсныг дурдая. Сүн улс Киданы Ляо гүрэнтэй тэмцэлдэж байх үед киданчуудын гарт Сүн улсын Засгийн газрын туршуул Чин Гуй орсон байна. Түүнийг хангалттай урамшуулж,  тархийг нь угаагаад буцааж илгээсэн аж. Мань хүнийг оргон зайлж дөнгөсөн мэтээр ойлгуулахыг хичээж зар  тараав. Эх орондоо буцаж очоод Чин Гуй хааны ордонд алба хашихаа үргэлжлүүлсэн бөгөөд өндөр чадвар, билэг авъяасынхаа хүчээр маш хурдан тушаал дэвшин удалгүй ерөнхий захирагчийн суудалд заларсан байна. Тиймээс Сүн улсын бүх удирдлага эцсийн дүндээ Киданы нууц туршуулын гарт төвлөрчээ.

Киданы удирдагчтай зөвшилцсөн төлөвлөгөөний дагуу ажилласнаар Чин Гуй тус улсын цэргийн хүчирхэг байдлыг нөхөн сэргээх бүх ажлуудыг зогсоосон бөгөөд дайнд бэлтгэх асуудлыг намжаасан байна. Тэрбээр мөн Сүн улсын гарамгай жанжнууд болон эх оронч үзэлт түшмэдүүдийг суудлаас нь ховхолжээ. Ингэснээр тэр Хятадыг Умард ба Өмнөд гэсэн хоёр улсад хуваагдахад хүргэсэн юм.

Сүн Зыгийн сургаалийг дагагчид түүний дэвшүүлсэн санаануудыг баяжуулж иржээ. Японы сэтгэгч Сорай XVIII зуунд тагнуулчдыг бөө, тэнэмэл гуйлгачин, лам, худалдаачин, эмч домч, шивэгчин эмэгтэйн дүрээр илгээвэл зохилтойг тэмдэглэж байв. Өдгөө хүүхэд, залуусын үзэх дуртай нинжа нарын тухай киноны баатрууд ч дээд зэргийн туршуулууд байсан гэдэг. Тэд Х зуунд бий болсон гэж үздэг билээ. Японыг нэгтгэх феодалын дайны үеэр нинжа нар нэрд гарсан юм. 1460 оноос эхтэй тэр дайн бараг 150 жилийн туршид үргэлжилсэн билээ. Нинжа нарын талаар домог мэт зүйл яригддаг. Хар өмсгөлтэй, ар нуруундаа богино шулуун сэлэм зүүсэн, дээр нь олон тооны хүйтэн зэвсгээр өвч зэвсэглэсэн эдгээр дайчид тухайн үед тагнуул, туршуулын үйл ажиллагаа явуулахаас гадна хөлсний алуурчдын хувиар амь зогоодог байжээ. Японыг нэгтгэх дайны төгсгөл үед Токугава Иэясу гэгч ноён тэдний туслалцааг ихээр авсан мэдээ бий. Цэргийн ерөнхий жанжин буюу шогуны суудлыг булаалдахдаа тэрбээр гол өрсөлдөгч болох Тоётоми Хидэёриг үгүй хийгээд нинжа нар эргээд өөрийнх нь эсрэг хэрэглэгдэж магадгүй гэдгийг ойлгосон байна. Тийм учраас Токугава тэр үед хамгийн хүчирхэг байсан Кога болон Ига гэдэг нэртэй нинжа нарын хүчирхэг хоёр бүлэглэлийг хооронд нь тэрсэлдүүлжээ. Үүний улмаас 1604 он гэхэд нинжа нараас маш цөөн тооны хүн амьд үлдсэн билээ. Үлдсэн цөөхөн хэд нь түүнд үнэнч байхаа андгайлсан тул амьд үлдсэн түүхтэй аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]