Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Данзанравжаагийн амийг хорлосон эр эм хоёрт туссан үйлийн үрУншсан27,263

Данзанравжаа хутагт өс өвөрлөөгүй боловч, Эрлэг номун хаан үнэн мөнийг олж, тэдний сүнсийг тамтаггүй тэнэг, зөнөг хүмүүсийн хувь заяанд хувилгасан нь тэр ажээ.

Мал мэт усан тэнэг ах, дүү эр эм хоёр Жаал гэцэл гэдэг  айлд амьдарч байгаад энэ зууны эхэн үед өнгөрцгөөжээ. Хүний санаанд багтамгүй элдэв гаж авир үзүүлдэг тийм лайтай амьтас байжээ. Хамгаас жигтэй нь гадна дотноос хүн амьтан ирж, хөл хөсөөн болохоор тэдний хуял мунаг хөөрч хөдлөн хоорондоо үйл борооны явдал үйлдэх гэж сүйд болдог ажээ.

 

Хачин муухай араншинг нь мэддэг гэрийнхэн нь тэднийг хорьж, хоргоон, уяж хүлдэг ч нас биед хүрсэн тэд үл дийлдэн зоргоороо болдог аж.

Хувцас хунар өмсгөвч тайлж шидчихээд, эхээс унасан чигээрээ явцгаадаг тэднээс айл амьтан сэжиглэн хол зайдуу нутаглана. Дэргэд нь байсан хэн ч залхаж, зайлахаас аргагүй тэдний эцэг, эх хөгширч доройтон, амь зуулгын хэдэн мал нь цөөрч, амьдрахад хүнд болжээ. Яг энэ үед нь долдугаар ноён гэгээн Лувсандамбийжанцан тэднийд морилон очжээ. Гэтэл хүн мал хоёрыг үл ялгах шахам нөгөөх хоёр ноён гэгээнээс ихэд айн балмагдаж, орь дуу тавин зугтаажухуй.

Ноён гэгээн тэдний хойноос харамсан гашуудан харж байснаа, бараа бологч Гэндэн сойвондоо “Урд насныхаа үйлийн үрээр энэ хоёр ийм тэнэг болж төрсөн. Одоо лайгаа эдэлж дууссан биз” гэжээ. Үүнээс хойш тэд нэг их удалгүй орчлонгоос хагацсан ажээ.

Энэ хоёр бол говийн догшин ноён хутагт Данзанравжаад хортой архи өгч бүрэлгэсэн шулам авай ижий, Сундлаач хэмээх Лувсан нарын хойд төрөл байсан гэдэг.

Данзанравжаа хутагт өс өвөрлөөгүй боловч, Эрлэг номун хаан үнэн мөнийг олж, тэдний сүнсийг тамтаггүй тэнэг, зөнөг хүмүүсийн хувь заяанд хувилгасан нь тэр ажээ.

Тавдугаар ноён хутагт эр, эм хэний боловч харааг булаахаар сайхан эр байсан гэдэг. Иймээс хөгшин, залуу эхнэрүүд ойртож дөтлөхийг санаархаж, элдэв ааш аяг үзүүлэн сээтэгнэнэ.

Тэднээс нэлээн зоримог увайгүй Говь мэргэн вангийн бага эхнэр, олонд “шулам авай” хэмээн хочлогдсон нэгэн бээр байжээ. Тэр эм их найрагчтай нөгцөх гэж оролдсоор гэгээнтэнг нөхөдтэйгээ сархад зооглон суухад нь ороод очжээ. Өнгө зүсээ гээн, өтөлж яваа ч сэхүүн, сээтгэр үзэгдэх түүнийг Данзанравжаа хутагт тогтоож харснаа хэзээний буцашгүй шударга зангаараа “Бусдын өтөлж хөгширснийг байтугай өөрийн өсөх настай, өнгө зүстэйг эс анзаарах болов, би. Мэргэн ахайтан та болгоох биз” гэжээ.

Дур тачаалын мунхагт автан явсан эм доромж муу үг сонсуут, сэтгэл нь мөс болж өс санан хонзогнож, хорлохын балагт автжээ.

Нутгийн эрчүүд дотроос Лувсанг сонгон авч, түүгээр хор найруулсан ваартай архи бэлгийн хамт өгчилгөжээ. Ийм хүн ирэх ёстойг Данзанравжаа эртнээс мэдэж, бараа бологч нартаа “Баруун өмнөөс хар буур унасан, ямаан дах тохсон хүн ирнэ. Түүнийг хүндэтгэл үзүүлэн угтаж, зочны гэрт морилуулаад надад хэл” гэжээ.

Ноён гэгээний хэлсэн хүн үд хэвийхийн алдтай иржээ. Аанай л халамцуухан байсан их хутагт авчирсан архинаас том аяганд мэлтгэнэтэл дүүргээд “Заа, хө. Энэ сархадыг чинь тавин лангийг нь авснаараа чи уух уу? Таван төрлөө мэддэгээрээ би уух уу?” хэмээн асуухад Лувсан уйлан хайлан хамаг үнэнээ тоочиж, “Битгий уу” хэмээн ятгажээ. Данзанравжаа Лувсанд “Энэ явдалд чи хамаагүй” хэмээн тайтгаруулах үгс хэлээд “Муу хүний зорилго гүйцдэг нь зүдэг хорвоогийн бас нэг жам аа” гээд архийг дуустал ууж орхижээ.

Энэ үедээ Равжаа хутагт дөнгөж 53 нас сүүдэр зооглож байжээ.

Түүх судлаач С.Оч "Үдшийн хууч" номоос

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 8. 6:41
Orosoo Monkhtogoo

Ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]