Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталин-Гитлерийн энхтайвны талаархи тохиролцооУншсан7,108

Зөвлөлт-Германы дайн эхлээд удаагүй байхад буюу 1941 оны 7 сар гэхэд Зөвлөлтийн талын нөхцөл байдал туйлын хүнд болжээ. Баруун фронтоос ээлж дараалсан ялагдлын гунигт мэдээ ирсээр байлаа.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар

Зөвлөлт-Германы дайн эхлээд удаагүй байхад буюу 1941 оны 7 сар гэхэд Зөвлөлтийн талын нөхцөл байдал туйлын хүнд болжээ. Баруун фронтоос ээлж дараалсан ялагдлын гунигт мэдээ ирсээр байлаа. 1941 оны 7 сард Сталин Германы элчин сайд Вернер фон дер Шуленбургээр дамжуулан энх тайван байгуулах санал тавьж Гитлерт ханджээ. Үүний зэрэгцээ НКВД-ын тусгай бүлгийн дарга Павел Судоплатов Молотовын зөвшөөрлөөр Москвад байрлах Болгарын элчин сайдаар дамжуулан Германы Засгийн газартай холбоо барихыг оролдсон бөгөөд энэ нь маргааныг тайван замаар шийдэхэд оройтоогүй гэдгийг ойлгуулах ёстой байв. Гэсэн хэдий ч бүтэлгүйтсэн байна.

Москвагийн дэргэд Улаан армийн цэргүүд бүслэгдсэн хүнд байдалтай, Германы генерал Готын танкууд тулж ирээд байсан 1941 оны 10-р сард Сталин Бериягаар дамжуулан Германы эрх баригчидтай хэлэлцээ хийхийг дахин оролджээ. ЗХУ-ын удирдагч германчуудтай энхийн гэрээ байгуулах боломжийг тал бүрээс нь судлан авч үзсэн юм. Үүнийг 1953 онд эдгээр хэлэлцээг хариуцаж байсан Маршал Жуков, Сталины орчуулагч Валентин Бережков, Берия нар баталсан. Бережковын өгүүлснээр Германд Брест шиг энх тайвны гэрээг санал болгожээ. Баруун Украин, Баруун Беларусь, Бессарабиа, Балтийн орнуудыг Германд шилжүүлэх, түүнчлэн Германы цэргийг Зөвлөлтийн нутаг дэвсгэрээр Ойрхи Дорнод, Персийн булан руу чөлөөтэй шилжүүлэх асуудлыг оруулсан байна. Гэсэн хэдий ч Гитлер энх тайвны бүх санаачилгыг үл тоомсорлосон юм. Фюрер гарт нь ороод ирсэн цахилгаан дайны ялалтдаа мансуураад тоосонгүй.

Риббентроп, Сталин, Молотов нар Москвад 1939 он

Зөвхөн ЗХУ төдийгүй Герман улсын холбоотон Япон улс Зөвлөлт-Германы дундуур орж ирэн энхтайван тогтоох хүсэлтэй байлаа. Энэ явдал 1943 онд Анкара хотод Европ дахь Японы тагнуулын газрын дарга нарын Бага хурлын үеэр болсон юм. Тэнд шийдвэр гарсан бөгөөд зорилго нь Зөвлөлт-Германы дайныг зогсооход туслах явдал.

Япончуудын төлөвлөгөө юу байв? Хэрэв тэд Москваг хэлэлцээрт ятгаж чадвал үр дүн байхгүй байсан ч ЗХУ-ын холбоотнууд болох Англи, АНУ зэрэг орнуудын дунд үл итгэх үрийг тарьж, улмаар санал зөрөлдөөнд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь Япон болон Герман хоёуланд нь ашигтай байв. Гэсэн хэдий ч Японы зуучлал бүтэлгүйтэв. Зөвлөлтийн тагнуулын ажилтнууд 1942 оны 2-р сард Германы тагнуулын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, Зөвлөлт-Германы эвлэрлийн асуудлыг хэлэлцэх Сталины саналыг Гитлерт гардуулжээ. Энэ санал нь 1942 оны 5-р сараас харилцан гал зогсоох, ЗХУ, Германы хооронд шинэ хил байгуулах, үүний хариуд Сталин зэвсэгт хүчээ татах, Англи, АНУ-ын эсрэг Германтай хамтарсан шинэ арга хэмжээ авах зэрэг багтжээ. Гэхдээ энэ баримт байсан эсэх дээр маргаан дагуулдаг.

Германы зарим улс төрчид 1942 оны 8-р сар гэхэд асуудлыг бодитой харж эхлэв. Энэ нь юун түрүүнд гадаад тагнуулын газрын дарга Шелленберг, рейхсфюрер Гимллер нартай холбоотой бөгөөд тэд Гитлерийн эсрэг эвслийн нөөц боломжийг судлан Герман одоо ялалт байгуулж байгаа үедээ ЗХУ-тай тусдаа энх тайвны гэрээ байгуулах нь илүү ашигтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэсэн хэдий ч Гитлерийг үүнд итгүүлэхийн тулд тэд Риббентропыг зайлуулах шаардлагатай байв. Шелленберг Англи-Америкийн талтай холбоо тогтоож, Гадаад харилцааны сайдыг огцруулах ажлыг зохион байгуулж, тус улсын гадаад бодлогыг өөрчлөх болно гэж бодож байжээ. Харамсалтай нь гадаад тагнуулын газрын дарга нарын боломж хязгаарлагдмал байв. Риббентроп бүгдийг үгүйсгэсэн байна.

Холбоотнууд Хойд Африкт 1942 оны 12-р сард газардсаны дараа фашист Муссолини гэнэтийн дипломат ажиллагаа явуулж Америк, Британийн эсрэг хамтарсан дайныг үргэлжлүүлэхийн тулд ЗХУ-тай холбоо байгуулах санал гаргаж байв. Сталинградын тулалдаанд Вермахтыг бут ниргэсний дараа л Риббентроп сэрж, Стокгольм дахь Германы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Питер Клейстээр дамжуулан Зөвлөлтийн агентуудтай хэлэлцээр хийхийг оролдов. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн тал авч хэлэлцсэнгүй. Одоо хөзрийн тамга тэдэнд байгаа шүү дээ.

Магадгүй Сталиныг Гитлертэй хэлэлцээр эхлүүлэх гэж ятгах сүүлийн оролдлогыг япончууд хийсэн байх. Учир нь япончуудын хувь заяа нүднийх нь өмнө харагдаж байжээ. Японы Харбин дахь Ерөнхий консул Миякава Зөвлөлтийн Элчин сайд Якоб Маликатай 1945 оны 2-р сарын 15-нд уулзалт хийж Зөвлөлт-Германы хооронд зуучлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч нэгэнт Зөвлөлтийн цэргүүд Европыг чөлөөлөх ажил ид өрнөж байсан үе тул авч хэлэлцсэнгүй. Геббельсийн өдрийн тэмдэглэлээс харахад дайны төгсгөлд Гитлер Москватай энхийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэнгүй, харин ч эцсийн найдлага болгон дэмжиж байж. 1945 оны 3-р сарын 5-нд тэрээр “Фюрер Зөвлөлт Холбоот Улстай тохиролцох, дараа нь Англи улстай дайныг үргэлжлүүлэхийг эрэлхийлж, хүч олох талаар бодож байна. Англи үргэлж Европт асуудал үүсгэдэг байсан" гэж бичиж үлдээжээ. Гэсэн хэдий ч Гитлер өөрөө ийм хувилбар гаргах боломжтой гэдэгт итгэх боломжгүй юм. Аливаа хэлэлцээг Win-win буюу Хож-хож гэсэн зарчим дээр явуулдаг. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Халх-Ойрад ч бас ингэж чадаагүйгээс болж Манжийн эрхшээлд орж байсан гашуун түүхтэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]