Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жо Байден Украины асуудалд болгоомжтой хандахыг Путинд сануулавУншсан1,488

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт болох ардчилсан орнуудын чуулга уулзалтад оролцох улс, орнуудад урилгаа хүргүүлээд байгаа. Харин үүнийг ОХУ, БНХАУ-ын тал ихээхэн эмзгээр хүлээж авч байгаа.

Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хил дээр их хэмжээний зэвсэг техник, цэргийн хүч хуримтлуулж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж, улмаар ирэх 2022 оны эхээр Украины хил рүү халдан довтолно гэсэн шуугиант мэдлээллүүд сошиал сүлжээнд хүчтэй тархаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Украины талаас ч хилийнхээ орчимд, Донбассын эргэн тойронд цэргийн ангиудаа татан байрлуулж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Зарим мэдээллүүдэд ОХУ-ын 90 мянга орчим цэргийн албан хаагч зэвсэг техниктэйгээ Украны хил орчимд төвлөж байна гэсэн Украины талаас 120 мянга гаруй цэргийг татан байршуулаад байгаа гэнэ.

Нөхцөл байдал ийн хурцадсантай холбогдуулан томоохон гүрнүүд, улс орнуудын удирдагчид ч мэдээлэл хийж байгаа юм. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төлөвлөгөөнд маш хэцүү саад бэрхшээл учруулж чадахаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдсэн байна.

“Ноён Путиныг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд маш хэцүү саад бэрхшээл учруулж чадах олон талт арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа” гэж Байден өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Гэхдээ тэр ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэнгүй, ямартай ч Украинтай холбоотой үгсийг олон нийтэд ил болгосон байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Швед улсын нутаг дэвсгэрт АНУ, ОХУ-ын гадаад хэргийн сайд нар уулзсан ч үр дүнд хүрээгүй юм. Энэ уулзалтын үеэр АНУ эдийн засгийн хориг тавихаар сүрдүүлсэн тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлж байв. “Хэрвээ хориг тавьбал бид ч бас хариуг нь өгнө. Бид зүгээр өнгөрөөхгүй” гэж Лавров уулзалтын дараа хэлж байжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр хэлэхдээ тус улсын засаг захиргаа ОХУ-ын эсрэг ямар хориг тавихыг Европын холбоотнуудтайгаа тохиролцсоны үндсэн дээр шийдэхийг мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаа ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны систем SWIFT-ээс салгаж магадгүй гэнэ. Хэрвээ ингэвэл Оросын компаниуд дэлхийн санхүүгийн системээс тусгаарлагдах юм. Өрнөдийнхөн ийм хориг арга хэмжээг 2014-2015 онд Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэх үеэр хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байсан гэдэг. Хэрвээ ийм арга хэмжээ авбал “дайн зарласанд тооцно” хэмээн тухайн үеийн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев анхааруулж байжээ.

Украины нөхцөл  байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ, ОХУ-ын талууд Байден, Путин нарын виртуал уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болсон байна. Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков талууд уулзалтын товыг тохиролцсон тухай Баасан гарагт мэдээлжээ. Гэхдээ яг хэзээ гэдгийг хэлэхээс татгалзсан байна.

Үүнээс гадна ирэх долоо хоногт Жо Байден Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихаар тохиролцсон тухай Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн үед ОХУ-ын зүгээс, АНУ болон өрнөдийн гүрнүүдтэй харилцах харилцаа, мөн АНУ, БНХАУ-ын харилцаа нэлээн хурцадмал байдалд ороод буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт болох ардчилсан орнуудын чуулга уулзалтад оролцох улс, орнуудад урилгаа хүргүүлээд байгаа. Харин үүнийг ОХУ,  БНХАУ-ын тал ихээхэн эмзгээр хүлээж авч байгаа.

Тухайлбал АНУ-аас Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбоотой тус улсад суугаа Хятад, Оросын Элчин сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд АНУ-ыг “хүйтэн дайн”-ы үеийн сэтгэхүйгээсээ салаагүйн илрэл нь уг чуулга уулзалт болж байгааг онцолж, хоёр туйлт харилцааг улам дэвэргэж байна гэж буруутгав. Мөн үзэл санаанд суурилсан зөрчил нь ямар хохирол дагуулдгийг олон нийтэд сануулах зорилгоор уг мэдэгдлийг хийж буйгаа онцолжээ. АНУ-ын удирдсан өнгөт хувьсгалын үр дүнд хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнууд одоо хүртэл сэргэж чадахгүй байхад Хятад гэх мэт орнууд өөрийн замыг олсноос үүнийг харж болно хэмээсэн байна.

Вашингтонд суугаа Хятадын элчин сайд Цинь Ган болон ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов нарын АНУ-ын “National Interest” сонинд өнгөрсөн Баасан гаригт нийтлүүлсэн “Ардын ардчилсан эрхийг хүндэтгэх нь” гэх нийтлэлдээ Ардчиллын чуулган нь улс орнуудын хуваагдлыг нэмэгдүүлж, тэднийг улам холдуулах үйл явдал гэдгийг тодотгожээ. Мөн энэ нь орчин үеийн дэлхийн хөгжил дэвшилтэй зөрчилдөж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд, ОХУ, Хятад улсаас чуулганыг хүчтэй эсэргүүцэж буйг тэмдэглэсэн байна.

АНУ-ын төрийн департментын албан ёсны сайт дээр чуулганд оролцогчдын нэрс өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн. Үүний дараа чуулганд ОХУ, Хятад, Сингапур зэрэг улсууд уригдаагүй эсрэгээрээ Тайвань багтсанд Бээжин, Москвагаас ардчиллын үнэт зүйл гэгдэх энэ үйл ажиллагаа нь шинэ зөрчлийг үүсгэж байна гэж мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ энэ чуулган дэлхийд хуваагдлыг үүсгэж, сөрөг уур амьсгалыг авчирч байна гэсэн байна.

Элчин сайд нарын мэдэгдэлд, “Ардчилал бол аль нэг орон эсвэл бүлэг орны онцгой эрх биш бүх хүн төрөлхтөний нийтлэг эрх. Үүнийг олон замаар хэрэгжүүлж болно. Ямар ч загвар бүх улсад таарахгүй. Мөн ямар орон дэлхийн өргөн хүрээтэй олон төрлийн улс төрийн засаглалыг шүүх эрхгүй бөгөөд нэг улсын улс төрийн системийг өнгөний хувьсгалаар дамжуулан бусад нь дэглэмээ  өөрчилж хуулбарлах ёсгүй. Түүнчлэн албадлагаар үүнийг хэрэгжүүлэх нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл төдийгүй мэдээж ардчилсан үйлдэл биш” хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]