Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германчууд Т-34”-ийг, оросууд Барс танкийг судалсан түүхУншсан34,388

“Тигр” танк нь 2000 метр түүнээс дээш зайд буй зөвлөлтийн танкийг сөнөөж чадвартай хэдий ч дайсны танктай 1000 метрийн зайд ойртсоны дараа тулаанд орох нь илүү үр дүнтэй зохион бүтээгчид нь үзэж байв.

Дэлхийн II дайны үед танкуудыг хөнгөн, дунд, хүнд гэж ангилаж байв. Хамгийн алдартай дунд танк бол яахын аргагүй зөвлөлтийн “Т-34” байлаа. Гучин тонн жинтэй “Т-34” танкийг адил төрлийн бусад танкуудтай харьцуулбал галын хүч, хуяг, туулах чадвар сайтай байснаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэхэд хялбар технологи, хийцтэй, эдийн засгийн хувьд хямд өртөгөөр бүтээж байсан нь давуу тал болж өгчээ.

Аугаа Эх орны дайн эхлэх үед Улаан армийн анги, нэгтгэлүүдэд ийм загварын 1066 нэгж танктай байв. 1941 оны 6 дугаар сарын эхээр дорнодын цэргийн тойргын 29 дүгээр танкийн дивиз 4 нэгж шинэ “Т-34” танкийг зэвсэглэлд хүлээн авчээ. Тойргийн командлагчид шинэ танкийн байлдааны боломжийг харуулах зорилгоор 6 дугаар сарын 22-нд полигон дээр буудлага хийхээр төлөвлөж байтал дайн эхэлжээ. Ингээд эдгээр дөрвөн шинэ танк хамгийн анх удаа германы эсрэг тулаанд орсон юм.

 

Дайны эхэн үед уг шинэ танкийг дайсны эсрэг тэр бүр үр дүнтэй ашиглаж чадаагүй. Германчуудын хүчтэй довтолгоон зөвлөлтийн цэргийн удирдлагад зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлэх, амс хийх боломж олгохгүй байсан явдал хамгийн гол шалтгаан болж байлаа. Улаан армийн зарим дарга нар танкийн анги, салбарыг тулалдаанд, ялангуяа хориглолтод хэрхэн ашиглах талаар дадлага, туршлага бага байлаа. “Т-34” танкууд явган цэргийн ямар ч дэмжлэггүйгээр дайсны эсрэг сөрөг дайралтад орох тохиолдол олон гарч байсан учир олон танк, хүн хүчний хохирол үзсэн юм.
Дайны эхний хэдэн сард германы цэргийн давшилтын хурд хоногт дунджаар 20-30 км, зарим газарт 60 км-т хүрч байсан. Энэ хугацаанд германы байлдааны мэдээгээр зөвлөлтийн 15 мянга гаруй хөнгөн, дунд танкууд, хуягт тээвэрлэгчийг устгах буюу олзолж авсан гэнэ.

Германы цэргүүд оросын “Т-34” танктай анх тулж, тулалдсан тухай германы 2 дугаар танкийн группын командлагч асан хурандаа генерал Хейнц Гудериан ингэж өгүүлжээ. “Эхний тулаануудыг дүгнэж үзэхэд зөвлөлтийн “Т-34” танк нь манай сайжруулсан “Панцер-3, 4” загварын танкуудаас давуу талтай болох нь ажиглагдсан. Тийм учраас миний бие тусгай комисс гарган тулааны явцад олзлогдсон хэдэн бүтэн “Т-34” танкийг яаралтай судлаж, илтгэлийг германы жанжин штаб руу яаралтай явуулах тушаал өгсөн юм,” гэжээ.

Х.Гудерианы танкчид зөвлөлтийн “Т-34” танктай 1941 оны 7 дугаар сарын 2-нд анх удаа нүүр тулсан юм байна. Германы армийн зэвсэглэлд байгаа 37 мм-ийн танк эсэргүүцэх пушкаар буудахад сум нь хуягыг нь оноод ойгоод явчихдаг, оносон ч гэсэн танкийн “дух”-ны хуягыг нэвтэлж чадахгүй байжээ.

Зөвлөлтийн танкийг судалсан комиссын илтгэлд “Танкийг 16-45 мм хүртэл зузаантай хуягаар хийж тодорхой өнцөгөөр налуулж өгсөн, өндөр цэцтэй 76,2 мм-ийн их буутай, танкийн өргөн гинж нь ямар ч замд дээр хөдөлгөөн үйлдэх боломжтой болгосон, 500 морины хүчтэй хөдөлгүүрийн хүчин чадал нь бүх жинтэйгээ гайхалтай нийцэж байна,” гэжээ. Уг илтгэлийг германы цэргийн удирдлага “ноц”-той хэмжээнд авч үзлээ. Тийм учраас олзлогдсон хэдэн танкийг герман дахь танкийн үйлдвэрт авчран цаашид гүнзгийрүүлэн судлах шийдвэр гаргажээ. Эдгээр “Т-34” танкуудтай тухайн үеийн германы засгийн газрын зэвсэглэл, дайны бүтээгдэхүүн хариуцсан сайд Алберт Спеер (Albert Speer) өөрийн биеэр үзэж танилцсан юм. Алберт Спеер нь зөвлөлтийн дунд танкийг давж гарах дунд, эсвэл хүнд танк зохион бүтээх, мөн танк эсэргүүцэх их буу, сум галт хэрэгслийг нь сайжруулах ажлуудыг нэн даруй эхлүүлжээ.

Хайнц Гудериан

Сонирхуулахад германы арми нь зөвлөлтийн “Т-34” танкаас бүрдсэн батальонтай байлаа. 1943 оны 3 дугаар сард Харьковын төлөөх тулалдаанд германчууд ялж, нэгэн тракторын заводыг эзлэн автал дотор нь засварт оруулахад бэлдсэн гэмтэлтэй 100 гаруй нэгж танк байж таарав. Эдгээр танкуудыг германы техникчид засаж 25 нэгж “Т-34” танк гаргаж аваад “Дас Райх” гэдэг танкийн дивизийн нэг батальоныг бүрдүүлжээ. Энэ батальоныг гуравдугаар рейхийн хамгийн алдартай танкчин гауптшарфюрер Эмиль Зейбольд удирдаж байлаа. Түүний удирдсан батальон зөвлөлтийн 69 нэгж танкийг устгасан гэж байлдааны мэдээнд бичигдэн үлджээ.

"Тигр" танкийг судалсан нь

Аугаа Эх орны дайны эхний жилүүдэд германы цэргүүд ихэвчлэн давшиж байсан бол 1943 оноос стратегийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж давших нь багасаж, ихэвчлэн хориглох тулаан явуулах болжээ. Германы хориглолтыг сэтлэхэд оросын танкууд гол үүрэг гүйцэтгэж байсан тул германчуудад танкийг устгах найдвартай зэвсэг хэрэг боллоо. Ингээд 1942 оны сүүлээр Германы “Хеншель” зэвсгийн компанийн инженер-зохион бүтээгч Эрвина Адерсын удирдлагаар 55 тонн жинтэй, 100 мм-ийн зузаан хуяг бүхий хүнд танк бүтээж “Тигр” гэж нэрлэв. Уг танкийг зөвлөлтийн танкийн “эрлэг” болох 88 мм-ийн танк эсэргүүцэх их буугаар тоноглов. Танк бүтээхэд ойролцоогоор 800 мянган марк зарцуулж байсан нь тухайн үед бүтээж байсан ямар ч танкнаас хоёр дахин үнэтэй байлаа.

1942 оны 8 дугаар сарын 29-нд германчууд “Тигр” танкны туршилтын загварыг Ленинградын ойроцлоо Харьков хотыг эзлэх тулалдаанд анх оролцуулжээ. “Тигр” танк нь 2000 метр түүнээс дээш зайд буй зөвлөлтийн танкийг сөнөөж чадвартай хэдий ч дайсны танктай 1000 метрийн зайд ойртсоны дараа тулаанд орох нь илүү үр дүнтэй зохион бүтээгчид нь үзэж байв. Гэхдээ туршилт үргэлжлэн явагдсан. 1943 оны 1 дүгээр сард Ленинградын районд тулалдаж байсан германы 502 дугаар батальоны нэгдүгээр рот зөвлөлтийн давшилтыг няцаах тулалдаан оролцож байлаа. 1 дүгээр сарын 10-нд германы энэхүү танкийн рот туршилтын 7 нэгж “Тигр” танк хүлээн авч, тулаанд оруулжээ. 1 дүгээр сарын сүүл гэхэд 5 танкаа алдсаны гурван нь гэмтэл авч ажиллагаагүй болонгуут нь экипаж нь өөрсдөө шатаажээ. Тухайн үед Ленинградын районд цаг агаар дулаарч, намгархаг газарт их хэмжээний ус тогтсон ба зам гэж тэр чигтээ шавар, шавхай болж хувираад байлаа.

Волховын фронтын командлагч генерал К.А.Мерецков дайсны хүнд танкийг хэрхэн олзлон авсан талаар ингэж өгүүлжээ. Бүслэлтийг сэтлэх зорилгоор явуулсан манай цэргийн давшилтыг зогсоох зорилгоор германчууд шинэ “Тигр” хүнд танкийг тулалдаанд оруулсан юм. Энэ аварга “амьтан” манай цэргүүдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн учир манай давшилтыг зогсоож чаджээ. Гэвч зөвлөлтийн цэргүүд 14,5 мм-ийн танк эсэргүүцэх буугаар дайсны танкийн дуран харааг нь буудаж сөнөөсөн, мөн нөгөө хүнд танк чинь газарт шигдээд “таг” зогссон тул экипаж нь танкаа хаяад зугтаажээ. Гэхдээ энэ танк оросуудын гарт тийм ч хялбар орчихсонгүй. Германчууд шинэ загварын танкаа дайсанд алдахгүйн тулд улайран тулалдаж эхэлжээ. Бүр хэд хэдэн удаа явган цэргүүд нь сөрөг дайралт хийх гэж оролдсон байдаг. Тулааны дараа К.А.Мерецков уг танкийг татан гаргаад туршилтын талбайд авчаачих тушаал өгчээ. Германы шинэ хүнд танк олзлогдсон мэдээ авсан Ленинградын фронтын командлагч маршал Г.К.Жуков өөрийн биеэр “Тигр” танкийг үзэж танилцав. Дараа нь зөвлөлтийн танкийн мэргэжилтнүүд уг танкийг бүрэн судлаад өөрийн зэвсэглэлд буй төрөл бүрийн буугаар буудаж хуяг нь хэр тэсвэртэй болохыг янз бүрийн байдлаар туршиж үзлээ. Ингээд тэд германы “Тигр” хүнд танкийн сул, давуу талыг тодорхойлоод яаж устгах талаар цэргүүддээ тодорхой зааварчилгаа өгсөн байдаг билээ.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 19. 17:28
baldan

tegeed bi ter tanknuudig unj humusin ugzgiig ushigluj ehlew

2016, 6 сар 24. 2:06
Зочин

bas ch boloogvi ee IS 2 tank vvnii daraa bvteegdsen 122mm iin ih buu tiger tanknii huygiig cholootei newtelj bsan tiimees germanchuud Tiger 2 tankiig bvteesen ih biy ni Panther tanktai tostei gehdee ilvv zuzaan huygtai 88mm iin ih buu ni shine torliin sumaar buudaj bsan ni orosuudad tom tsohilt bolson

2016, 6 сар 24. 2:01
Зочин

tiger E zagwar ni hamaagvi zuzaan huygtai bsan uchir ni orosiin 85mm iin ih buu tiger 1 zagwariin huygiig cholootei newtelj bsan

2016, 6 сар 13. 1:37
Зочин

tegeed uunii daraa saijruulsan t34-85 garsan bolgoo

2017, 7 сар 7. 0:34
Зочин

Т-34-85 танкаар Tiger, Panter ийг барахгүй IS-2 T-44 T-44-100 танкууд Su-100 гэх мэт танкууд барна даа Tiger H1 Tiger E Pander D Танкыг

2016, 6 сар 10. 14:15
Зочин

Caixan copy & paste xiijee. Ner oryylaarai

2016, 6 сар 10. 11:16
saka

goy

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]