Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Төмөр мангас"-ууд хаашаа алга болсон бэ?Уншсан832

Сонирхолтой нь 1945 онд дайн дууссан ч зуу, зуун сая төрөл бүрийн буу, их бууны эд анги, танк, нисэх хүчний онгоц, тэнгисийн цэргийн усан онгоцууд үйлдвэрлэгдсээр, эрэлттэй хэвээр байж.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээг хамарсан, хамгийн өршөөл энэрэлгүй дайн байсныхаа хэрээр оролцогч улс үндэстнүүдийн арми, тэнгисийн цэрэг болон агаарын хүчинд төдий чинээ их хэмжээний зэр зэвсэг, эд ангиудыг үйлдвэрлэн дайтаж байлаа. Сонирхолтой нь 1945 онд дайн дууссан ч зуу, зуун сая төрөл бүрийн буу, их бууны эд анги, танк, нисэх хүчний онгоц, тэнгисийн цэргийн усан онгоцууд үйлдвэрлэгдсээр, эрэлттэй хэвээр байж. Аажмаар энэ их зэр зэвсгийн үйлдвэрлэл багассан ч оронд нь илүү орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлд улс орнууд хөрөнгө мөнгөө цацаж эхэлсэн. Тэгвэл дайнаас үлдсэн, сая сая цэрэг эрсийн хэрэглэж байсан тэр их зэр зэвсгүүд, бүр түүнээс ч хэмжээлшгүй ихээр үлдэж хоцорсон байлдааны техникийн сэг, үлдэгдлүүд яасан бол гэх асуултад янз янзын хариулт олддог аж.

Яав л гэж, төмрийн хог болгоод ачуулаа биз гэж та хэлэх байх.

Дайн дуусахад ихэнх улс гүрнүүдийн аж үйлдвэрийн салбар түүхий эдийн асар их дутагдалтай байсан ба ялалт байгуулсан ЗХУ-д л гэхэд хурааж авсан зэр зэвсэг нь төмрийн гайхалтай нөөц болж өгсөн. Үүний дараагаар зэр зэвсгүүдийг хайлуулан үйлдвэрлэлд ашиглалаа. Хайлуулж, далайд хаяагүй зэвсгүүдээ бусад улс орнуудад зарж, заримыг нь ирээдүйд хэрэг болно хэмээн хурааж нөөцлөв.

Гэхдээ л байлдааны талбарт үлдэж хоцорсон аварга том төмөр мангасуудыг (танк, их буу, автомашин, хуягт галт тэрэг, нисэх онгоцуудын жинг хэдэн сая тонноор л ярина) ачиж, зөөж төмрийн үйлдвэрт нийлүүлнэ гэдэг дайны дараахь хүнд бэрх цагт бол төсөөлшгүй бэрх хэрнээ асар их өртөгтэй ажил байв. Тиймээс хэмжээгээр үлэмж том зэр зэвсгүүд, тодруулбал бүх төрлийн хөлөг онгоцуудын ихэнхийг зүгээр л далайн гүнд хаячихсан байдаг. Итгэмээргүй байгаа биз. Эхэндээ үүнийг ойлгоход амаргүй байж мэдэх ч ложистикийн талаас тайлбарлавал та хялбархан ойлгоно. АНУ, Их Британийн жишээг авч үзье. Өөр тивд, эх газарт олон жил хадгалагдсан эдгээр онгоцуудыг мөнгө төгрөг зарлагдан бөөн ажил болж байж АНУ, Британи руу эргүүлэн авчрахын оронд зүгээр л далай тэнгист хаячих нь хамаагүй амар байсан хэрэг л дээ. Номхон далайн Вануату бүлэг арлын нэг болох Эспируту-Санту мужийн Миллион Доллар Пойнт хэмээх газарт Холбоотны хүчнүүд, ялангуяа АНУ яг энэ бодлогыг хэрэгжүүлсэн байдгийг мэдэж болно. Дайн дууссаны дараа АНУ сая сая долларын өртөг бүхий цэрэг дайны зэр зэвсгээ эндхийн далайн усанд хаяснаас болж "Сая долларын цэг" гэсэн энэ хачирхалтай нэрээр нэрлэгдэх болжээ.

АНУ жижиг хэмжээтэй галт хэрэгслээс авахуулаад их буу, танкны сэгийг дээр нь олзонд ирсэн тэнгисийн цэргийн зарим онгоцыг далайн ёроол руу хаясан байдаг. Ингэхдээ нэг бол зориуд живүүлнэ, эсвэл онгоцуудыг ашиглан далайд шинэ зэвсгээ туршдаг байжээ. Эдгээр туршилтуудын ихэнх нь цөмийн зэвсгийн туршилт байсан ба ийм зэвсэг ашиглан байлдааны усан онгоцыг хэд хэчнээнээр нь сөнөөж болохыг туршиж байжээ.

Далайн усанд зөвхөн сум, зэр зэвсэг, бөмбөгүүдийг хаяагүй түүнээс ч аймшигтай зүйлсийг хийж далд оруулсан гэдэг нь саяхан ил болсон юм. 32 мянган тонн химийн зэвсэг, 400 гаруй мянган хэрэглээнээс гарсан тэсрэх бөмбөгийг Холбоотнууд далайн усанд хаяжээ.

Бас нэг жишээ. Дайн дууссаны дараа Норвеги улс л гэхэд Засгийн газар нь шийдвэр гаргаж Германы 168 мянган тонн зэр зэвсэг, галт хэрэгслийг нуур, тэнгисийн хоолойд хаяж, газар нутгаа цэвэрлэжээ. Харин энэ "цэвэрлэгээ"-нд гаргасан зохих зардлыг дайнд ялагдсан Германаар хожим төлүүлж.

Зөвлөлт гүрний хувьд энэ нь бас л асуудал байлаа. Мэдээж хэрэг энэ их зэвсэг, техник, төхөөрөмжүүдийн нэлээдгүй хувийг нь авч хоцрохоо мартаагүй л дээ. Заримыг нь Европ тивийн нууц агуулахуудад булж, (зарим нууц агуулахуудыг илрүүлсэн байдаг бол зарим нь өнөөг хүртэл олдоогүй хэвээр л байгаа юм) заримыг нь Ливийн цөл мэтийн хүний хөл хүрэхээргүй газарт аваачиж хаясан байна.

Хойд Африкийн цөлөрхөг нутаг, ялангуяа Сахарын цөл нь Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн танк, нисэх онгоцнуудын хамгийн том “булш” юм. Аагим халуун цаг агаартай, чийг, хур тунадас багатай Ливийн цөл Англиас, Францаас, Герман, ЗХУ-аас ирсэн зэр зэвсгийг агуулах “төгс” газар гэдгээ батлан харуулсан байдаг.

Оросууд Дорнод фронтод үлдсэн олон техник, зэвсгүүдийг намагт живүүлэх байдлаар арай өөр аргаар хадгалж байв. Өнөөгийн Белоруст “танкны ангуучид” нэртэй адал явдал хайгч эрчүүд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы танкуудыг намгаас гаргаж ирэн засаж янзлаад зараад их хэмжээний мөнгө олж байгаа юм. Тэнхлэгийн гүрнүүд, Холбоотнуудын тулалдаандаа ашиглаж байсан онгоцнуудын зарим нь цөлд осолдож, зарим нь тулалдаж байхдаа сүйрсэн бол заримыг нь зүгээр л тэр чигт нь хаясан юм. Орхигдсон гэсэн ангилалд багтаж буй онгоцууд өнөөг хүртэл сайтар хадгалагдан үлджээ. Тэднийг дахин ажиллуулахад ердөө бага зэргийн тослох материал, гадна талыг нь будах будаг л хэрэгтэй.

Дэлхийн хоёрдугаар дайны явган цэргийн гол зэвсэглэл болох винтовуудыг Засгийн газар агуулахад нөөцөлж байгаад хэдэн арван жилийн дараа олон нийтэд зарсан байдгийн нэгэн жишээ Америкт байна. АНУ-ын Засгийн газар хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж жирийн иргэдэд буу зэвсэг худалдан авах боломжийг нээлттэй болгожээ. Дайны үеийн винтовуудыг иргэний дайнтай болон хөгжингүй орнуудад бага өртгөөр худалдах юмуу тусламж хэлбэрээр тараажээ. Эндээс цугласан хөрөнгө мөнгийг армийг шинэ үеийн винтовоор зэвсэглэхэд мэдээж зарцуулна.

Их дайны жилүүдээс хойш дэгдсэн дайнууд болох Солонгосын хойгийн дайн, Вьетнамын дайнд 1940-өөд оны үеийн Германы Sturmgewehr 44 автомат буу гэх мэтийн зэвсгүүд ихээхэн үүрэгтэй байсан ба өнөө цагт Сирийн дайнд ч сөргөлдөгч талууд Герман, Зөвлөлтийн хуучны зэвсэглэлийг хэрэглэж байгаагаас харж болно.

Одоо их дайны зэр зэвсгүүдийг арай хүмүүнлэг хэрэгт ашиглаж байгаа нэг жишээ байна. Тэнхлэгийн гүрнүүдийн эзэмшиж байсан танк, нисэх онгоц, шумбагч онгоцуудын сайжруулсан хувилбарыг гартаа оруулсан Холбоотнууд олон тооны цэрэг, зэвсгийн музейг бий болгосон юм.

Та одоо Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн бүх зэр зэвсэг, онгоц, техник төхөөрөмжүүдэд юу тохиолдсон бэ гэсэн асуултад хариулж чадахаар мэдлэгтэй боллоо. Дайнаас үлдсэн зүйлсийн зарим нь далайн ёроолд, зарим нь Европын нууцлагдмал агуулахад булаастай байгаа бол зарим нь цөлд зэврээд л хэвтэж байна. Харин үлдсэн багахан хувь нь хүмүүсийн хэрэгцээг хангаж, музей, хувийн цуглуулгад хадгалагдахаас гадна энд тэндхийн дайн тулаанд хэрэглэсээр байгаа ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]