Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 5 (төгсгөл)Уншсан3,450

Дорлигийнд бүгсэн нууц хүн, өөрийгөө Улиастайн Говориловын хүү гэж “Даугава” гуанзныханд ярьжээ. Эцэг Говориловтой түнш явсан, одоо германы худалдаачдын “Востоваг пүүсний Гунтер, Говориловын хүүг Харбинд байгаа “Оросыг төвхнүүлэх нийгэмлэгийн” генерал Мицеевский адъютантаар ажилладаг гэж тодорхойлж байна.

Зохиолч Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" роман нь Монголын тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадвар алдар гавьяаг тод томруунаар харуулсан онц сонирхолтой ном билээ. Өнгөрсөн зууны сүүл, 70, 80, 90-ээд оны үед зохиолч Лха.Дарьсүрэнгийн ганц "Онцгой эрх" ч биш адал явдалт, онц сонирхолтой зохиол  бүтээлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан юм. Түүний бүтээлүүдээс "Танихгүй танилуудын золголт" хэмээх туужийг цувралаар хүргэж байна.

Өмнөх нь: Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 1

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 2

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 3

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 4


Зундуй ажлаас тарангуут Зүүн сэлбийн цаахан байдаг хашаа байшиндаа ирээд хоол унд янзлахаас түвэгшээж авдраасаа хөх чисүү тэрлэг гаргаж өмсөөд дэрэн дороос шүрэн толгойтой эрхи авч сугандаа бөхлөөд хашаанаасаа гарч ногоочны хашааны хойгуур орж гэлдэрсээр Баруун гаалийн араар гарахдаа ахаа бодлоо. Тэр хоёр Баруун хороо, Хүрээ зах орохдоо энэ замаар явдаг байсан.

Зундуй эх эцгээсээ ердөө хоёулаа төржээ. Эцэг нь Яндагийг том хүү гэж өхөөрдөөд гурван нас хүрээгүй байхад гаанс бэлдэж төхөөрчээ. Тэгээд тогооны шим балгах тоолондоо аягандаа архи үлдээж Яндагт өгч согтоогоод энхрийлж эрхлүүлдэг байлаа. Яндаг том болсон хойноо нанчидын таван халуунаар ходоодоо эрхлүүлж, Хүрээ хот доншуучлахдаа олсон борлуулснаа гашуун усанд сэгсрэх дон шүглэжээ. Яндаг гамингийн үед арав таван янчаан олж архидахын эрхэнд хушуу худалдаж, хов хөөж, ул шагайх арга бодож олжээ. Тэгээд нэг өдөр Магсаржавыг барихаар очсон гаминтай нийлж савсаганаад Хатанбаатарт үүдэн шүдээ цөм цохиулснаас хойш эмсгий Яндаг гэгдэх болсон. Харин Бароны сургаар Цэрэн гүнтэй нийлж түүний ятгалгаар Хүрээ хотоор цуурхал тарааж баахан донгоссоны ачаар архи олж уудаг байв. Эцэг нь үүнийг мэдээд нэг өдөр Яндагийг барьж аваад хэд алгадсанаа “Төр түмэнд хэрэггүй адгийн шаар, мөрөөрөө үхдэг болоосой” гэж үглээд гаансаараа толгойг нь цоо цохижээ. Яндаг чингээд зогссонгүй Ардын намын сургаар Сүхбаатарыг мөшгөх болсныг гадарласан эцгийн нь зүрхний хууч хөдөлж муудаад удаж төдөлгүй өөд боллоо. Яндаг эцгээ “тэнгэр” болсны дараа Цэрэн гүнгийн сүүдэр болж хувираад “Хойт хормой, хорт хушууг” нь орлох болов. Яндагийн эцэг Цэрэн гүнтэй нэг нутаг, нэг голынх боловч үзэл бодол таардаггүй учраас нүүр нүүрээ харахаа больсон аж. Тэгээд Хүрээнд Ардын засгийнхан ирснээс хойш  Яндаг “Даугава” гуанзыг сахих болсон юм. Нэг орой Яндаг халамцуухан ирээд Зундуйг гэрээс хөөж,

-Чи айлаар явж байгаад ир гэлээ. Зундуй ахынхаа үгэнд эгдүүцээд орон дээрээ буруу харан хэвтэв.

-Зундуй бос. Бос... дуулж байна уу гэж Яндаг зандарсан атал Зундуй ахынхаа үгэнд гөжиж, дуугүй хэвтэхдээ унтаж байгаа дүр гарган худлаа хухирчээ. Яндаг арга нь барагдсан янзтай,

-Энэ үхээрийг яана. За яршиг. Унтаж байг. Тарваганаас дутахгүй нойртой амьтныг яаж сэрээх вэ? гээд өврөөсөө жижиг шомбонз архи гаргаж хөнтөрч суутал гаднаас хэдэн хүн орж ирлээ. Яндаг тэдэнтэй шивнэлдэх учир Зундуйд тэдний үг бүдэг бадаг сонсогдоно.

-Яндаг аа! Дүү чинь гэтэл Яндаг,

 

-Цаад маанагаасаа айх хэрэггүй. Нэг унтвал ичээний баавгайнаас давна уу гэхээс дутахгүй гээд яриагаа үргэлжлүүлэв.

-За тэгвэл ингэж тохирьё! Монценкопын арын хашаа намхан тул түүгээр давна. Хэрэгтэй юмаа аваад галдчихвал хэрэг түвэггүй гэж нэг хүнийг хэлэхэд нөгөөдүүл нь ам тохирлоо. Чингэж хуйвалдсан хүмүүс шинээр байгуулагдсан хоршоог тонохоор шийдээд тарцгаалаа. Хуйвалдагчдыг тарснаас хойш нэлээн удаад Зундуй босож хоол ундаа хийхчээн аядаад бүрэнхий болмогц унтахаар хажуулсан тул Яндаг сэжиг авсангүй.

Яндаг шөнө дунд өнгөрөөгөөд гэрээс гарахад Зундуй босож ахынхаа араас дагасаар Монценкопын хашаагаар давж ороод хураалттай барааны дэргэд халз туллаа. Яндаг дүүдээ хууртагдсанаа мэдээд,

-За муу шулам, чи ангайсан байдаг болов уу гэж зандарлаа. Зундуй эцгийнхээ үгийг санаад уур хилэндээ шатан,

-Ингэж амьд явахаар үхсэн чинь дээр! Наад хулгай дээрмээ зогсоо гэж хэлээд Яндаг руу дайртал Зундуйн толгойд хүнд муна тусахыг мэдээд ухаан балартлаа. Зундуй ухаан ороод өндийвөл арван тавны цагдаа нар ирчихсэн агаад Яндаг бараа сураггүй болсон байлаа.

...Хэдэн сарын өмнө болсон явдлыг Зундуй ер мартахааргүйгээр сэтгэлдээ хадгалжээ. Тэрээр Баруун хороо дамнуурчин  орох тоолондоо өнгөрсөн бүхнийг сэтгэлдээ боддог байлаа. Зундуй, Чойжин ламын сүмийн араар өнгөрч явтал дэргэдүүр нь ангарсан нэг морь тэрэг төдий холгүй зогсов. Морь тэрэгний жуузнаас буусан нэгэн дэгжин эмэгтэй Зундуйг тосон алхахыг хараад “Жаргал уу даа” гэж өөрөөсөө асуулаа. Жаргал Зундуйг угтаж уулзаад мэнд амар эрээд ганц үгний зөрөө гаргалгүй сажилснаа сая ам нээж,

-Чи чинь ойрдоо Хүрээ хотоор үзэгдэхгүй яачих аа вэ? Эхнэр аваад авгайнхаа хормой сахиа юу гэж дооглонгуй хэлээд ёжтой жуумалзлаа.

-Гутлаа чирсэн хүний гэргий болоод өрхний оосор татах заяа нь харласан бүсгүй байхгүй байлгүй гэж хэлээд Зундуй Жаргалын царай өөд ширүүн харахад Жаргалын нүүрээр халуу шатах шиг болов.

-Үгүй ер дөө. Их даажигнах нь шив дээ. Энгэр зөрүүлснийхээ хормойг сэгсэрчихдэг харчуулыг бодвол овоо нүнжигтэй эр байх нь. Тийм үү? гэснээ Зундуйн үгийг сөргөж хөгжүүлхсэнээ цагаатгахын тулд:

-Дэмий юм донгосчихлоо. Чи үг даах биш. Нэг үгэнд гомдчихоороо хэдэн сар, жил дуу гардаггүй хэвээрээ юү гэж өгүүлэв. Тэгээд хэсэг дуугүй гэлдэрснээ,

-Зундуй! Авгайтай болохоосоо өмнө хэг ёг, хэдэр ёдор гэсэн ам хэл, хөшүүн хойргоо татахгүй бол сэтгэл чимхэж, хор малтдаг үгэнд чинь дасаад хаяаа хатавчинд чинь хоргодоод байх эмэгтэй хүн олдохгүй шүү гэлээ.

-Сэтгэл байвал, санаа тохирдог ёстой гэж хэлэхэд Жаргал хэдэн шазруун үг хэлэх гэснээ “Үгээр мэтгэлцээд яах вэ! Эмэгтэй хүн яахаар гөжиж мэтгэх, хөшиж гэдийх, зөрж зүтгэх, хордож мөчөөрхөх, сэрдэж сонжих, ягьж янших, уйлж мэлзэх зантай байдаг юм бол! Би хүн хүнээс зөрүүд ааштай юм болов уу. Надаас бусад эмэгтэйчүүд ийм зантай байдаг юм санагддаг. Тэгэхээр ганц миний ааш адаарь биш бололтой” гэж бодсоор алхана. Жаргал, Зундуйг дагаж “Даугава” гуанз чиглэх хооронд,

-Чи Дурдасын шавраар орох нь уу гээд “Муу ах нь Дурдасын гуанзнаас салдаггүй байсан. Талийгаачаа бодохоор тийшээ очдог байх нь” гэж бодоод газар ширтэж, харц бурууллаа.

-Тиймээ. Тэгээд юу гээ вэ? гэж Зундуйг ууртай асуухад Жаргал гэмээ ухаарч дуугүй явсаар Даугава” гуанзны ойролцоо очсоноо үүдний довжооны дэргэд отож буй зурагчныг хараад “Өнөө гайхал лүд” гэж амандаа шивнээд Зундуйгаас холдохоор шийдэж,

-Би явлаа. Маргааш энд хүлээж байгаарай. Би чамтай уулзмаар байна гээд Зундуйгаас салж Баруун Сэлбэ уруудан төмөрчингийн гүүрийг чиглэв. Зундуй, Дурдасын гуанзанд удсангүй. Цагаан гэгээ тасрахаас өмнө гэрээ зүглэхдээ Жаргалын хэлсэн үг, байр байдал, харьцаа зэргийг хэдэнтээ бодно. Зундуй өглөө эртлэн ажилдаа ирээд Цэргийн яамны бичиг хэргийн өрөөнд сууж төлөвлөсөн эхүүдийг засаж янзалсны зэрэгцээ хэдэн бичгийн хуулга, тулгаж, таран тартлаа толгой өндийлгөсөнгүй. Тэгээд ажил тарангуут гэрээр орж хувцсаа солиод Дурдасын гуанзыг чиглэв.

Тамхины утаа манантсан уужим өрөө бүхий гуанзанд хүн цөөн аж. Зундуй европ маягаар зассан гуанзны баруун өмнө талын нэг ширээн дээр суугаад орос архи хоол захилаа. Төдий удалгүй Зундуйн захисан зүйлийг авчирсан үйлчлэгч, өндөр шилбэтэй цүндгэр бөөртэй хундага дүүргэсэн архи, гуанзны хятад тогооч нарын хийсэн, буцламгай тосонд чанасан бөөрөнхий мах, гахайн өөх алагласан люванз, хялгас шиг нарийхан хирчсэн байцаа, манжингийн шанцуй, саримастай цуунд дарсан дийхулуу тэргүүтэнг ширээнээ өрлөө.

Үйчлэгчийг гал тогоо руугаа эргэсний дараа лүү Сандаг Зундуйн дэргэд очиж суулаа. Тэгээд согтуу нүдээр архитай хундагыг харж инээмсэглээд,

-Нөгөө шар Бандийн яатуу, чамайг сураглаж намбиганаад явсан. Чи дайралдав уу? Гээд шүлсээ гуд гуд залгилна. Лүү Сандаг ийм үед ширээн дээрх архийг шүүрдэг гэмтэй. Гэсэн ч Зундуй, Сандагаас болгоомжлохыг бодсонгүй. Тэрээр Сандагийг ахтайгаа зүйрлэдэг болохоор “Муу ах минь ийм явсан” гэж бодоод хааяа Сандагт аяга тагш юм авч өгдөг байлаа. Өчигдөр Зундуй сэтгэл санаа тавгүй болохоор авсан архиа Сандагт өгөөд явсан тул хардаж сэрдэхийн хэрэггүй байлаа. Сандаг ширээн дээрх хундагатай архийг нүд гүйлгэн хялам хялам ширтэж, хааяа гараа хундага руу явуулснаа үл зүрхлэн татаад хуруугаараа ширээ тогшин, бүтээлгийг имэрч сэтгэлээ тайвшруулж ядан суух ажээ.

-Сархадаа гэж. Их нөхөрлөх эх биш дээ. Дүү минь ажил төрөлтэй хүн, гашуун усанд шохоорхох хэрэггүй. Болж өгвөл Дурдасын энэ шавар нүхэнд толгой шагайлгасны хэрэггүй. Эндэхийн тоотой хэдийг харахад инээж, мэхэлзсэн сайхан ааш зантай улс шиг харагддаг байх. Эд нар чинь золбоотойхон хүнийг ашиг хонжооны золионд гаргаж мөрийн дэнчин болгож, архи уулгадаг юм. Нэг үгээр хэлэхэд эд нар хүнийг зоосны нүхээр гаргаж чадах зальтай улс. Сархданд толгой мэдүүлж, эдэнд тэгж шулуулах хэрэг байхгүй. Сайн бодоорой. Чи ер нь эндээс салахаа байгаад байна шүү! Ер нь чи архины пян даахгүй гээд хэсэг дуугүй сууснаа яах ийхийн зуургүй ширээн дээрх архийг нь аваад хөнтөрчихлөө. Зундуй, Сандагийн ханцуйнаас шүүрснээ,

-Сандаг гуай! Та яаж байна аа? гэснээс цаашгүй.

-Зундуй минь миний үгэнд орж үз! Архи чамд зохихгүй. Мэдэв үү? гээд гуанзнаас гарахаар хаалга чиглэхдээ бас хоёр хүний хундагыг хоосолчихоод гудиггүй алхсаар гуанзнаас гарахад Сандагийн аашийг гадарлаагүй хоёр, гайхсан нүдээр бие биенийгээ харлаа. Зундуй Сандагийг явсны хойно хэлсэн бүхнийг эргэцүүлэн бодож “Намайг энүүгээр эргэлдээд байхаар архинд орж, Дурдасын мөрийтэй архи уудаг болчих вий гэж бодоод сая сэтгэлийнхээ үгийг хэлж уужрав бололтой” гэж өөртөө сануулж суутал гаднаас Жаргал орж ирлээ.

-Чи эрт ирэв үү? гээд Жаргал Зундуй өөд сүрхий харснаа:

-Хүүш чи чинь гоёж гоодоод янзтай байх чинь гэлээ.

-Саяхан ирсэн гээд Зундуй үйлчлэгчийг дуудаж хоол, дарс захилаа.

-Би хөдөө явах болоод байна. Тэр нь дээр байхаа даа! Энд ганцаараа юу хийх вэ? Аягүй бол замаа алдаж мэднэ. Ганц бие эмэгтэй хүнийг Хүрээнийхэн баллаж тавина уу гэхээс өөд нь татах юм биш гэтэл үйлчлэгч Зундуйн захисан зүйлийг авчирч ширээн дээр өрлөө. Жаргал хятад дарс шимж хэсэг дуугүй сууснаа,

-Аа тийм. Би чамтай уулзаад нэг худалдаачин орос дагаад гэсэн байхаа. Тэгсэн чинь уржигдрын цаад өдөр нэг зурагчин орос миний зургийг авах гэж самбаганаад, арайхийж салсан шүү гээд тас тас хөхөрч нүдээ онийлгооод, Зундуй өөд намжирдан жуумалзана.

-Одоо удахгүй лам, хужаа хоёр дагах байлгүй.

-За яршиг. Эр дагуулах дон шүгэлчихэж гэж бодоо юу? Лам хужаа хоёр ч юу билээ. Би амьдарлдаа нэг удаа алдсан үнэн. Тэгэхдээ аальгүйдээ тэгээгүй. Хүнд итгэж, найдсан итгэл, цагаан цайлган сэтгэлээ анзаараагүй юм шүү гээд Зундуйг нүдний булангаар ширэв татан харснаа гуанзны хаалгаар орж ирээд суух газраа харж зогссон татар байрын ширвээ сахалтай зурагчинг хараад харц буруулж ширээ ширтэв.

-Зундуй! Хоёулаа эндээс явъя.

-Жаахан сууя. Одоо удахгүй алиа шар баян хуураа татаж орос, Монголоор хольж марзаганана. Муу талийгаач, алиа шарын хошин наргианд дуртай байсан юм гэж Зундуйг хэлэхэд Жаргал хариу дуугарсангүй. Тэгээд хэсэгхэн зуур түгдэрч, чичирхийлсэн хоолойгоор

-Өнөө зурагчин ороод ирлээ. Намайг харчихвал яана гэхэд Жаргалын царай ягаарчихсан байлаа. Жаргал ингэж сандарч тулгамдаж байтал зурагчин оросын дүртэй Очир мэл гайхаж, үл мэдэг балмагдсанаа мэдлээ. Тэгээд өөрийгөө эвгүй байдалд орж магадгүйг гадарлаад шууд Зундуй, Жаргал хоёрын ширээг чиглэв.

Гуанзны баруун өмнө ханын ширээн дээр сар бүрийн хоёр, дөрөв дэхь долоо хоногийн пүрэв гаригт хөх чисчүү тэрлэг өмсөж, ухаа ягаан дурдан бүс өргөн ороосон нэгэн залуу сууж, оройн арван цаг хүртлэх хугацаанд Озакурагийн төлөөний хүнийг хүлээх ёстой. Тэр хүн Яндаг билээ. Гэтэл Яндагийн оронд түүний дүү энэ пүрэв гаригт болзсон хугацаанд тэмдэгт ширээнд сууж байгааг хараад Очир “Нууц дохиогоор танилцах уу? Ерийн тохиолдол байвал яана. Тиймээс бэлдсэн төлөвлөгөөгөөр уулзъя” бодоод ширээний дэргэд очсон Очир,

- Аа гүнтний охин сайн байна уу? Танай ширээнд суувал хөөхгүй биз гэж хэлэхэд Жаргал, Зундуйгаас урьтан,

- Суу... суу гэсэн мөртлөө Зундуй өөд хараад, гайхсан янзтай дал мөрөө хавчигнуулав.

- Залуу минь, яасан нүүрэмгий орос вэ? гэж бодов уу заа. Манай эцэг гүнтэнтэй танил юм. Тэгээд Жаргалыг таньдаг юм байхгүй юу гэхэд Зундуйн сэтгэлд “Жаргал энэ оросыг танихгүй гэсэн. Гэтэл их талархуу байдаг нь юу билээ? Жаргал таньдаг хүнээ танихгүй болж маягладаг сонин оо! За эмэгтэй хүний зан биз. Тэгээд Жаргал шүү дээ” гэж бодогдлоо.

- Танай эцэг хүрээнд байдаг уу гэж асуухад Зундуйн шинэ танил,

- Үгүй шүү! Бид Улиастайд суудаг. Өнгөрдөг өвөл гүнтэн манайд зочлохдоо “Манай охин хүрээнд бий. Намар тийшээ очно. Хүрээ орвол манайхаар очоорой гэдэг байсан юм”, Харин өнөөдөр би азтай, баяртай явна. Миний төрсөн өдөр. Та намайг хэдтэй гэж бодож байна гэснээ:

- Залуу минь... Таныг хэн гэдэг вэ? гэлээ.

- Намайг Зундуй гэдэг. Харин та, хорин долоо наймаас хэтрээгүй байх.

- Намайг зурагчин гэж хүндэлдэг юм, Зундуй! Чи намайг арван насаар залуу болгочихлоо гэтэл үйлчлэгч ирж зурагчингийн захиалгыг аваад гал тогоо руу эргэлээ.

- Зундуй... Зундуй гэснээ яриа өдөж: -Гүнтэн гуайн магтаад байдаг залуу, ер нь чи болох нь ээ? Чамайг дандаа ярьдаг. Ахыг чинь тун золбоотой эр гэдэгсэн. Ингэхлээр би чинь чамайг сургаар таньдаг, хэзээ язааны танил байх нь гэж баруун Монгол аялгуугаар үгээ бодож хэлнэ. Чингэтэл удаж төдөлгүй үйлчлэгч ирж идээ ундаа засаж, ширээнээ янзлахад сайхь зурагчин хайлсан тугалга шиг намбигнаж, зочломтгой байдлаар тал засна. Тэрээр байн байн хундага өргөж, Зундуйг шахаад дэвэн дэлхийн есөн жорын юм хаман, ам мэдэн ярихыг сонсож суугаа Зундуй “Сонин хэрэг. Энэ сахалт орос Жаргалыг таньдаг хүн шиг ханхалзаж, худлаа чалчихыг яана! Гүнтэн намайг магтах ёсгүй. Харин муу муухайгаар дуудаж, долоон булчирхайг найм болгож давсалж чадна” гэж бодоод нэлээн согтож байгаагаа мэдлээ. Гуанзанд цугласан оросууд цагаан будааны хорзонд зүрх сэтгэлээ тушаагаад баян хуурын аяыг дагаж бүдүүн нарийн хоолойгоор орилон, сархадын дээжийг өргөсөөр хэн хэнгүй больжээ. Зурагчин оросын шахалтаас мултарч чадаагүй Зундуй, хундага өргөсөөр хятад архинд согтоод үг хэл нь олшроод, ам үл хамхина.

- Жаргал аа! Чи яагаад намайг тоодоггүй юм бэ? Тэгэхэд жанжин намайг бусдаас илүү хүндэлдэг. Тэр суут хүн шүү дээ! Тэгэхэд чи юу вэ? гэхэд зурагчин архи хундагалаад

- Зундуй! Чиний авьяас чадварын төлөө ууя гэхэд Зундуй,

-Тэгвэл уулгүй яах вэ? Энэ оросыг хар! Ухаантай, юм мэддэг хүн, хүнийг хараад таньдаг. Тэгэхэд чи, намайг гөлөгний чинээтэй бодож явсан уу? За яах вэ? Жанжин намайг тагнуулын сургуульд явуулна гэсэн. Тэгэхэд  чинь наад омог, шалчийх вий гээд ширээн дээрх архийг гуд гуд залгих нь олдсон үед «ахиухан сэржимдчихъё» гэсэн янзтай. Харин зурагчин болж маягласан Очир согтсон дүр гаргаж дуу аялахчаан болж хааяа Зундуйг нүдний булангаар сэм ширтээд «Жолоогий нь тааруулбал овоо чамбайхан цуурахна. Мань хүн Сүхбаатартай ойр дотно гэдэг юу бол? Ийм задгай, хөөрүү хүнийг Сүхбаатар ярианы төрхөөр амархан мэднэ. Тэгэхээр яагаад ч чухал ажилд тавихгүй. Яндагийн дүү гэдгийг мэдвэл дор нь цааш харуулчих байх! Яндаг гамингийн үеэс Сүхбаатарыг шиншилж давхиад барьж чадалгүй алдсан. Энэ залуу яахаараа амны зоргоор донгосдог байна? Есгүй ёс баймааргүй. Гэтэл Зундуй ёсгүй горим, ёозгүй байдал бий болгочихоо юу? Шалгахаар гууль нь цухуйна» гэж бодсоор Жаргалын янзыг хүлээнэ.

— Жаргал аа! Чи намайг цэнгэл хөөж энд ирдэг гэж бодож байна уу? Би тэр хоосон, ханхай гэрт тогтож ядаад, аргаа барж байна. Миний ах бол... гэснээ хэсэг түгдэрч, Жаргалыг хүзүүдэх янзтай чих рүү нь тонгойтол залуу бүсгүй хажиглаад,

— Зүгээр суугаач. Далбиганаад яасан давьтаргүй юм бэ? гэлээ.

-Манайд очъё! Чамтай ярих юм байна. Энэ зурагчин унтчихлаа гэж шивнээд орос руу сүрхий харж, харц тогтоосноо: — Яг тийм байна. Согтоод уначихсан байна гэж өөртөө хэллээ. Согтож унасан хүний дүр үзүүлсэн Очир ширээ тохойлдон, хөдөлгөөнгүй, хэвтэхдээ өвдгөөрөө Жаргалын хөлийг ёворч «Аваад гар» гэсэн дохио өглөө. Жаргал, Зундуйг түшиж, гуйвсаар гуанзнаас гарч, хурын чийглэг салхи сэвэлзсэн агаар шуналтай амьсгалж цээжээ уужруулаад, гуанзны хаалганы довжооны дэргэд буй тэрэгчинг дуудлаа. Гуанз хаахыг хүлээж нойрмоглосон тэрэгчин Жаргалын дэргэд ирээд,

-Яасан их согтоо вэ? гэж сулхан хэлээд суга таягаа тулж догонцсоор Зундуйг тэргэнд суулгалцлаа. Тэрэгчин суудал өөдөө авчирч, жолоогоо авч, суудалдаа тухлах тэрхэн үед гуанзнаас гарч ирсэн нэг хүн яах ийхийн зуургүй тэрэгний жуузанд суусныг тэрэгчин анзаарсан шинжгүй. Сар саруул шөнийг цочоосон хонх жингэр жингэр хангинан, хааяа тэрэгчин бүдүүн дуугаар хашгирч, ташуураа тас няс дуугаргасаар зүүн тийшээ шогшуулахыг ажиглаж зогссон хоёр хүн нөгөө талын гудамжинд байгаа тэргэнд сууж хойноос нь хөдлөв. Тэр хоёр цэргийн тагнуулын газрын орлосон дарга Рагчаа, түүний туслах Нацаг хоёр байлаа.

x x х

Зундуй ухаан ороод өндийх гэснээ толгойгоо даасангүй. Тэгээд хэсэгхэн зуур нүдээ аньж хэвтсэнээ зовхио алгуур нээж байдлыг ажвал орос тавилга, засалтай өрөөнд байгаа ажээ. Зундуй өндийж өврөө уудалтал, суган дахь эрихнээс бусад нь алга болжээ. Чингээд хэрхсэнг бодож суутал зэргэлдээх өрөөнөөс орж ирсэн Монгол дээлтэй хүн өөд эгцлэн хартал, өчигдрийн зурагчин орос байлаа. Харин ширвээ сахал, алтан хүрээтэй нүдний шилээ зүүгээгүй байлаа.

-Залуу хүн яс заадагсан. Зундуй, чи яасан доожоогүй эр вэ? гэж халхаар хэлээд үг өдөж, хорыг малтах янзтай еглөө.

— Миний үнэмлэх, бичгүүдийг минь өгчих.

— Манай ёсонд алтыг нь авдаггүй! Авдар савыг нь сонирхдог. Хэрвээ үг яриа тохирохгүй бол маргааш гэхэд үнэмлэх бичгүүдийн хамт энэ баримт Сүхбаатарын гарт орно гэж мэдээрэй гээд Зундуйн гарын хээтэй бичгийг үзүүлж сүрдүүллээ.

—Би ийм бичгийг мэдэхгүй!

-Гэхдээ Цэрэн гүн, Яндаг, Жаргал, та дөрвийн хурууны хээтэй энэ баримтыг мэлзэж болохгүй. Гарын үсэг бол өөр хэрэг. Тэгээд өчигдөр хурууныхаа хээг өөрөө дарж байгаа гэрэл зураг бий.

-Худлаа! Энэ бол бузар гүтгэлэг!

-Үнэмшихгүй бол Жаргалаас асуу гээд гарынхаа хурууг шад нуд дугаргатал нөгөө өрөөнөөс Жаргал нэгэн бүдүүн оростой орж ирлээ.

- Жаргал аа! Зундуй ямар бичгэнд хурууны хээ дарснаа ухаарах сөхөөгүй шартжээ. Чи тайлбарлаад өгнө үү.

— Яндаг ах, аав хоёр Богд хааны засагт үнэн байхаа илэрхийлсэн бичгэнд хурууны хээ дарсан. Бид хоёр ах, эцэг хоёрынхоо даалгаврыг биелүүлэхээр шийдэж андгай тангарга өргөсөн юм гэж хэлтэл,

— За одоо орой руу чинь оров уу? Яндагийг хэн алсан бэ? гэж захирангуй шаардлаа.

-Ухай... Хаяагаа хадарсан новшнууд! Ахын минь толгойг залигаад ханаагүй юү? гээд Зундуй Монгол дээлтэй зурагчин өөд дайрлаа.

Очир нүд ирмэхийн төдийхөнд байраа өөрчлөн зогсохдоо Зундуйн далайсан гараас огцомхон бултаад, баруун гарын зангидсан нударгаар Зундуйн зүүн шанаанд буулгаж, нөгөө гараараа аймхайн дороос өлсөж цохитол ухаан балартсан Зундуй шалан дээр нугдасхийн уналаа. Зундуй хэсэгхэн хугацаанд шалан дээр хэвтээд өндийхдөө, хүчтэй цохилтонд, хэгз хазсан уруулаас гарч буй цусыг шал руу нулимаад,

—Бие биенийхээ дусанд ханадаггүй «хэрээнүүдийг» итгэж явахаар шилд гардаг байж гээд сугандаа бэхэлсэн эрихийг авч хаалга руу чулуудав.

Очир, Яндагийн дохионы эрх газар хэвтэхийг хараад нөгөө орос руу нүд ирмэж «гарах» дохио өгтөл өнөө орос, Жаргалыг дагуулж өрөөнөөс гарлаа. Багтарч ядсан уурадаа бухимдан, цонх түшиж зогссон Зундуйн дэргэд ирсэн Очир, ая тал зассан дуугаар,

-Зуун найм дахь хэрэгтэй юу гэж зөөлөн асуулаа.

— Зуун найм дахь байтугай арван хоёр дахь шүрэн толгой хэрэггүй гэж Зундуйг хашгарах шахам хэлтэл Очир,

-Зундуй уурласны хэрэггүй. Ахыг чинь ийм ухаан зарна гэж санасангүй. Бидний ажил хэцүү. Тэгээд цаг ширүүн байна гэж аргадлаа.

— Сонжино гэнэ ээ! Аргаа олж хуурамч бичиг хийж

дээ. Итгэхгүй бол эргэж ирэх ул мөргүй тонилбол дээр

байж. Бие биендээ гай тарилгүй мөр мөрөөрөө довоо шарлуулж явбал дээр! гэж Зундуйг зөрөхөд Очир энгэрийн халааснаас нүдний шилний гэр гаргаж, дотроос нь шүрэн толгой авч,

— Эрихний арван хоёр дахь шүрэн толгой энэ! Гэхэд Зундуй дурамжхан эргэж хараад, итгэл муутай харцаар зурагчинг ширтэхэд Очир шүрэн толгойг өглөө. Зундуй түүнийг авч, эрихний толгойг нарийвчлан үзсэнээ,

-Үүний бөөр өрөөсөн талаасаа эмтэрчээ гэж нууц дохиог хэллээ.

— Тиймээ! Бүтэн болгох гэж хүрээнд ирлээ.

-Үнэхээр зорьж ирсэн бол хэрэг чинь бүтнэ гэж Зундуй хариу дохионы дэс дарааллыг хэлсний дараа: — Озакураа ноёнтны лагшин ямар вэ? Хоосон аманд цадсан хүн, яаж амиа алддагийг мэддэг болов уу гэж хорон үгээр Очирыг утлаа.

—Талийгаач яаж осолдсон хийгээд ямар сэжиг байгааг хэлж, өгөхгүй юү? Зундуй минь үүнийг заавал мэдэх ёстой гэхэд Зундуй, Яндагийг хөлжүүлж дэвшүүлэх жинхэнэ эзэнг орлосон «Арван хоёр дахь шүрэн толгой» хэмээх нууц нэртэй хүнийг ширтэн зогсохдоо «Зуун найм дахь» бол холбоочин байх ёстой. Гэтэл холбоочин ирэлгүй, жинхэнэ эзний шадар туслах иржээ» гэж бодоод, эгдүүцэж уурласан царай гаргаж,

-Танай европ ёсонд дургүй юмандаа «Уучлаарай» гээд хуурамчаар инээдэг биз! Тэр аймшиг, гутамшиг, гай түйтгэр бүхний чамд тоочих байтугай бодохыг хүсдэг гэж санаагүй биз! Өшөө хонзон авах гэвэл хэнтэй яаж тооцоо хийхээ би, өөрөө мэднэ. Хөндлөнгөөс сайрхах хэрэггүй гэлээ.

 Очир, эрсхэн шулуун зантай Зундуйн үгийг сэтгэлдээ болгоож «...Омог шарандаа шатсан ийм хүнийг дэвэргэхэд амархан! Тэгэхээр Зундуйн хор шарыг сайн хөндөж, буцалгаж чадвал ямар ч баталгаа, сүрдүүлэг, далайлгалт хэрэглэхгүйгээр зорьсондоо хүрч болно. Үүнийг аятайхан ашиглавал ёстой хонжоотой наймаа гарна» гэж бодсоор үгээ цэнэж,

- Чиний хувийн хэрэгт оролцох эрх бидэнд байхгүй. Бүх зангилааг гадарлаж, эзнийг нь мэдэхээс хойш чиний дур! Гэхдээ хүнд доромжлуулж сэтгэл санаа, ахуй амьдрал, амь биеэрээ хохироод дуугүй байхгүй гэдэгт чинь итгэж байна. Ер нь Сүхбаатарын дураараа дургиж, сагадаг цагийг эцэслэх хэрэгтэй. Сүхбаатар муу талийгаачийг гамингийн үеэс оролдож, Хатанбаатараар бодийг нь хөтлүүэх дөхсөн дөө гэж ятгахдаа Зундуйн сэтгэлийг дэнсэлгэхийг аль болохоор мэрийж байлаа.

— Тиймээ! Цэргийн яаманд шургаж, Сүхбаатарт ойртож, нүүр тал олох нь тийм ч хямдхан байгаагүй. Түүн дээр Озакурагийн хоосон аманд итгэж, оготны нүх сахисан мягуу шиг арьс ясандаа хатах шахсанг нэмбэл юу болох вэ? Ёстой авслуулаад дотроос нь өндийж гардаг боломж байсансан бол түүнийг бие сэтгэлээрээ амсвал хамаагүй дээр байхсан.

- Зундуй! Сэтгэлийн чинь зовлонг мэдэж байна. Гэхдээ ганцаараа биш.

- Та нарын энэ үг олон үе дамжаад маанийн уншлага болжээ. Тэгээд үр дүн гэвэл «Бардам ам, шалдан гуянаас» цаашгүй.

- Хүрээнд хэзээ хэзээгүй бослого гарах гэж байна.

Чам шиг хүрээ хотын хамгаалалт, зохион байгуулалтыг мэддэг хүн, тэдэнд хэрэгтэй. Ингэж тус тусдаа саланга байхаар хамтраад хөдөлбөл ардын засгийг хэдхэн цагт унагаж чадна. Сүхбаатарын нүд, чих болсон Нанзад, Улиастай явсан энэ завшааныг алдвал оройтно.

Зундуй гүн бодолд орсон янзтай хэсэг дуугүй сууснаа ширээн дээрээс тамхи авч асаагаад хэд хүчтэй сорсноо дутуу татаж хаяад, дахин тамхи асааж, утааг xүд хүд залигаад хамар амаараа савсуулна.

Очир Зундуйн нүүр царайны хувьсал өөрчлөлтийг ажаад түүний сэтгэлийн эмзгийг хөндөж чадсанаа мэдэж «Учгийг нь олоод татчихлаа. Одоо жаахан давс нэмчихвал үү! Татаж байгаа тамхиныхаа цог шиг халуун сэтгэлтэй залуугийн өшөө хорсол нь халсан давс шиг зад буудах юм» гэж бодсоор ашигтай мөчийг хүлээнэ.

-Таны хэлдэг тэр хүмүүст ямаршуухан боломж байгаа юм бэ? гэж Зундуйг хаширласан янзтай асуухад Очир,

-Чамайг шийдвэл танилцуулж болно. Ярилцаад үз! Санаа нийлэхгүй бол лай чирэгдэлгүй хөндийрчих гээд Зундуйн бодлыг мэдэх гэсэн шиг царай өөд нь эгцлэн ширтлээ.

x x x

Өглөөинй нар өөдлөх чацуу хүрээний баруун хороодын захын гудамжнаас гарсан хул морьтой нэгэн хүн, бөг, бөг шогшуулсаар голын цагаан сүмийг чиглэжээ. Гунгаадэжидлингийн хэрмийн урдхан талд Туулын эрэг дээр буй  жижиг гэрийн гадаах морины уяан дээр буусан тэр хүнийг ажвал Очир аж. Тэрээр хул морио уяад богцоо ганзаганаас авч мөрөн дээрэ хаяад хэрмийн гол хаалгыг зүглэв. Очир асарт хаалганы дэргэд ирээд гинжээр нь цохитол,

-Хэн бэ, гэж нэгэн жижиг банди болгоомжлон шалгаав.

-Сүмд заларна. Донир гуайтан дуулгасан биз гэхэд өнөө бандь явган хаалгаа онгойлгож Очирыг хашаанд оруулаад царай өөд нь сүрхий ажсанаа,

-Ламба гуай гол сүмд байгаа гэхэд Очир богцоо авч нөгөө мөрөн дээрээ тавихыг ажиглаж буй баньд  «Богц нь харваас жижиг мөртлөө яасан хүнд юм бэ?» гэж бодсоор гол сүмийн хаалганы чулуун довжоо өөд онгонцон өгсөж байгааг ажаад «Гакамоку» гэж боджээ. Очирыг гол сүмд орсны дараа өнөө бандь найман талтай сүмийн зүүхэнтээ барьсан давхар жижиг сүмд орж, модон шатаар дээш гарч нэгэн жижиг өрөөнд оров. Дорж, гаднаас орж ирсэн. Авирыг угтаж,

-За бандь гуай минь гийчин маань юутай ирэв дээ гэж шивнэн асуухад,

—Холбооны хэрэгслэлтэй ирсэн бололтой байна гэхэд Дорж дэргэдээ байсан цэргийн холбооны мэргэжилтэнгүүдийн дэргэд ирж,

-За та хоёрын ажил эхэлж дээ гэлээ. Рагчаа, японы тагнуулын ирсэн зорилгуудыг нарийвчлан тогтоохоор зохион байгуулсан «Танихгүй танил» гэдэг сөрөх үйл ажиллагаа ийнхүү эхэлснийг үл анзаарсан Очирыг сүмд ороход сүмийн тахилч лам түүнийг угтаж,

— Жаа духтай морилоорой. Манж, цав барих уу гэж лавлав.

-Хэрэггүй. Би өглөөнийхөө цай ундыг хүртчихсэн. Тэгээд ч энд удаж шалихгүй гэснээ: -Танай энд аль зэрэг тухтай вэ? Сүмээ сонирхуулаач гэлээ. Очир ийнхүү тахилч ламыг дагуулан гол сүмийн онгорхой цоорхой бүхнийг шагайн биечлэн шалгав.

Тэрээр гол сүмийн гол шүтээний дэргэд ирээд эгц дээшээ харж, сүмийн хоёр давхрын адраас доош унжуулсан гурван хос алд урттай дүгийг (таван өнгийн даавуугаар хийсэн жанцан буюу чимэглэл) ажиглаад,

-Тахилч гуай! Дээд давхарын гонхны салхивчин салхивчны саравчийг онгойлгочихоорой гэхэд тахилч шүтээний өрөөнөөс гарахдаа «Ай лам, гончигсүм минь! Энэ бүхнийг хэнч мэдэхгүй өнгөрөөсэй» гэж сэтгэлдээ сэм наманчилжээ. Үнэндээ Богдын хатан Цагаан дарь эхийн энх амгалангийн найман сүмд Богд хаантны лүндэг зарлиггүйгээр ардын засгийнхныг орогнуулсандаа, тахилч лам болгоомжилж, айж байлаа. Тахилч лам Богдын ордонд байдаг Жаарай гүнгийн шадар, сайн таних Пааралвангийн захисныг чингэж биелүүлэхдээ «толгой дээрээ» хуримталж буй аюулыг юунаас ч илүү ойлгож байлаа. Очир, сүмийн тахил шүтээнийг дахин шалгаж, үзээд, сүмийн дээд Гонхоны адраас унжуулсан дүгний саравчийг онгойлгож буй, өнөө бандийг хайнгадуухан ажигласнаа «ер нь бандь нар адтай, элдэв юм сонирхоод хожим бурдаг зантай, цайлган хүүхдүүд! Тэгэхээр энэ бандийг сүмээс холдулах хэрэгтэй гэж бодсоор шүтээний өрөөнөөс гарч, сүмийн дээд давхараас бууж байгаа бандийг тосон уулзаад,

—Бандиа! Тахилч гуай яасан вэ? гэж асуув.

— Ламба гуай гэрт морилсон гээд сүмийн дотор хэрэмний баруун буланд барьсан том цагаан гэрийг заав.

— Бандиа. Лам гуайд цай, чанаад хэдэн бууз чимхээдэх гэж хэл. Аа тийм чи өөрөө ламба гуайд туслаарай. Би бурамтай чихрээр шагнана шүү гэхэд бандь ламба гуайнх руу чавхдан гүйв.

Очир, бандийг ламба гуайнд орсноос хойш гадаа хэсэгхэн зогсож, гол сүмийн хоёр талын жижиг сүмийг ажиглан, гол хаалганаас дүүжилсэн олон түлхүүртэй том Монгол цоожийг очиж үзэв. Очир, сэтгэлийнхээ сэвийг арилгаад хэрмийн үүдэн дэх жалцаншийн (дөрвөн зүгийн сахиус) сүмд орж, улаан, цэнхэр, цагаан, шар дөрвөн өн гийн баатрын баримлыг үзэх зуур сүмийн доторхийг ажиглаад буцав.

Очир гол сүмийн хоёр талын сүмийг онгойлгуулж үзмээр санагдсан авч холбоо барих цаг нэгэнт болсон байв.

Очир гол сүмийн хаалгаар орж бурхан шүтээн, тахил зул ярайсан уужим өрөөний гол жавдангийн дээд талын суудалд суугаад богцноос хүлээн авах ба дамжуулагч хэрэгслэлийг гаргаж бүх залгуурыг шалгангуут цагаа харвал өглөөний таван цаг болж байв. Очирын хүлээн авах дамжуулагч нэвтрүүлэгийн хэрэгслэлийг япон, германы зохион бүтээгчид хийсэн ажээ. Очир, Зундуйтай нүүр учраад төлөвлөсөн хэрэг бүтэмжтэй болсонд баярласангүй. Яндаг амиа алдахаа урьдчилан мэдээд дүүдээ итгэж, нууц нэр, дохио, түлхүүр, үлдээсэн нь сэтгэлд буумгүй тэнэг хэрэг.

Тэрээр Зундуйн араас шиншилж, сүүл, сүүдэр хоёрыг зэрэг дагуулж хэдэнтээ шалгавч сэжигтэй зүйл гарсангүй. Тэгээд төвийн удирдамжийн дагуу Харбинд мэдээлээд, хэрхэх шийд сонсох гэж байгаа нь энэ билээ.

Очир, дуудлага авч, урьдаа тавьсан цаасан дээр жирийсэн олон тоонуудыг хайрцаглан тэмдэглээд холбооны хэрэгслэлээ хураалаа. Тэгээд ярайсан тоонуудыг нүдлэн харж сууснаа хэрэгцээтэй үгээр орлуулбал «Ахыгаа алсан сэжиг бий. Гэвч баталгаагүй. Үүнийг шалгаад хэрхэхээ өөрөө шийд. Гогцоог удирдамж ёсоор шинийн 6-нд эхлүүлэхийг хүлээ. Хариуг жич өгнө. Гурван баян бэлтгэлтэй!» гэжээ.

Очир, үг бүрийг нарийвчлан нягтлаад хүлээж авсан мэдээ бүхий баримтаа шалгаж шатаагаад үнсийг нь сангийн бойпорт хийлээ. Очир юм бүхнийг хирсүүлэн бодоод «Хүний зөн адтай! Надад итгэл төрөхгүй байсан учир ийм шалтгаантай байж. Яндаг яагаад дүүгээ итгэсэн бэ? Гарцаагүй шахалтанд хэлэх болсон уу? Бүх нууцыг мэдсэний дараа Зундуй ахыгаа нударсан хэрэг үү? Зундуйг яаралтай шалгах хэрэгтэй. Ямар ид шид далдын сэжиг, сэжим хоёрыг давхарлан зангидсан бэ? Тэр ээдрээг олох хэрэгтэй» гэж өөртөө сануулаад холбооны хэрэгслэлийг хураах, зуур, сүмийн хойт ханын дагуу байрлуулсан гүнгэрваатай, босоо хүний хэмжээтэй суумал гуулин бурхнуудыг ажиглан, зүүн талын гүнгэрваатай бурхныг харна. Энэ бурхны гүнгэрваатай ширээн дээрх тахилийг урагшлуулаад гүнгэрвааг хөшиж хананаас хөндийрүүлж болох ажээ. Очир үүдний баруун талын олбог түшлэгийг түшүүлсэн ган бэрээг авч, гүнгэрвааг хананаас хөндийрүүлэв. Гүнгэрвааны арын тагийг өөд нь татаж онгойлгодогийг мэдсэн Очир, тагийг өөд нь сөхвөл, Бурхны жaвдoнгийн (тавиур банз) доогуур хөндий зай байхыг хараад «ийм байх ёстой. Тэгээ баримталж байрлуулсан гүнгэрваа ийм л байх ёстой гэж өөртөө сануулаад хүлээн авагч, нэвтрүүлэгч хэрэгслэлээ бурхны жaвдoн доогуур шургуулж нуугаад хуучин янзаар нь засаж тавив. Чингээд Очир сүмээс гарч, тахилч ламынд ортол,

-Аа... Та шүтээнд мөргөж даллага авчихав уу! Дээшээ суу, цай барь. Одоо хоол болно гэхэд Очир,

—Би, одоо дээрхийн гэгээнд бараалхах ёстой. Гэгээнтнийг хүлээлгэвэл алдас болно гээд гэрээс гарав. Тахилч, Очирыг гаргаж өгөхөөр суудлаас өндийхөд,

-Миний ажил үйлс бүтэмжтэй гэж донир гуайд айлтгаарай. Би хэд хоноод ирнэ гэж Очирыг захихад хаалгач,

— Жаа... болгоон хичээе. Харин та хувцасаа солих ёстой шүү гэлээ.

-Хар өглөөгүүр гайгүй байлгүй!

-Сэтгэл сохор бол нүд харалган гэж дээрхийн гэгээнтэн айлдсан. Бас энд эчнээ хөхүүлэн, хишиг хүртээн шагнасан гүнгийн янбаны хувцас, хэргэм бий.

Очир тахилч ламын үгээр орж «Богдын шагнасан гүн, хувцсыг өмсчихвөл анасан отсон хүнд сэжиггүй» гэж бодсоор тахилчийг даган явсаар гол сүмийн хажуугийн сүмд орж хувцасаа солиод гарч ирэхэд тахилч түүнийг эргүүлж тойруулж хараад, лабрингийн баруун жотханы дэргэд зогсож байсан бандийг дуудтал тэрээр хээр морь хөтлөн, Очирыг түшиж мордуулаад шавар хэрмийн зүүн хаалганы түгжээг мулталж, хаалганы завсраар шагайн хэрмийн гадаах байдлыг ажаад хаалгаа нээлээ.

 Очир хээр морины эмээлд ташисхийн сууж, хүрээг чиглэхдээ Гунгаадэжидлингээс төдий холдож гавилгүй ордны зүг санамсаргүй эргэж хартал Туулын хөвөөн дээрхи гэрийн гадаах уяан дээр буй хул морь эзнийхээ хойноос толгой хаялан зогсох аж.

Очир, энх амгалангийн найман сүм хэмээх цагаан ордноос эргэж ирсний дараа Зундуйд холбогдох бүх сэжгийг дүйцүүлэн бодлоо. Тэрээр Дорлигийн дан модон байшингийн адар ширтэн хэвтэхдээ «Хашир суусан Яндаг, хорь шүргэж яваа залуу хоёрт улс төрийн зөрөлдөөн баймааргүй.

Бүх зүйлийг тодруулах нэг боломж байна. Яндагийн архины нөхдийн амыг ангийлгах, тэднээс үг сонсох боломж гаргах хэрэгтэй» гэж бодоод орны өмнөх ширээн дээрээс хонх авч хангинуултал зэргэлдээх өрөөнөөс Дорлиг орж ирлээ.

—Ламба гуай! Яндагийг сайн таних, дотно үерхдэг байсан хүмүүсээс хүрээ хороогоор үзэгддэг үү?

-Үгүй шүү! Хүрээний сангаа Сатар, янгиа Мятав хоёр нэлээн ойр байсан. Тэр гурав хоршоо тонож, байгаад илэрч, Яндаг амиа алдсан, Нөгөө хоёр нь бат гүнд түгжүүлсэн байх.

— Тэднийг сураглах хэрэгтэй. Та арга бодно байгаа, Бат гүнгийн харгалзагч, хуяг нарын дотроос гарыг нь цайлгачих хүн ол! Яндаг бууны суманд уу? мэсний үзүүрт өртсөн үү гэдгийг тогтоо!

—Лам базарваань. Мэсээр бүлүүлсэн чимээ гарч байсан. Үнэндээ таалал төгссөнийг нүдээр үзсэн биш. Харин Дурдасын гуанзны лүү Сандаг нэлээн юм багцаалах ёстой хүний нэг дээ...

Очир, хэрэг явдлыг түрэглэхээр шийдээд «Даугава» гуанзанд тусгай өрөө бэлдүүлээд үйлчлэгчээр лүү Сандагийг дуудуулав.

 Ясархаг том биетэй, дөч гаруй насны энэ хүн, хамрынхаа батгыг хамаа намбагүй шахсанаас ягаан, гөвдрүү шавж, бэрсийж улайсан хамартай агаад согтуу байрын нүдээр, орчин тойрноо сэм ажиглаж, хирсүүлдаг зан хэвшжээ. Дурдас нэг удаа Сандагт шомбонзтой архи (1 литр) өгөөд согтож унахгүй бол шагнана гэж мөрий тавьжээ. Гэтэл Сандаг түүнийг нь хэнэггүй уучихаад «Шар чөтгөр өө! Гар чинь татаагүй бол дахиад нэг шомбонз өгчих. Би танай шарвар нүхнээс гуйвахгүй гарна шүү» гэхэд Дурдас шарлахжээ. Сандаг хэлсэндээ хүрсэн нь дурдаст далд бодол төрүүлж Сандагийг архиар эрхлүүлэн түүний хонжоонд мөрийний орлого олохоор шийдэж, бинчинтэй хүмүүстэй мөрий тавьж ашиг гаргадаг болжээ. Сандаг ширээн дээр ярайсан идээ ундааныг ажин зурагчин хэмээгдэх Очирын ширвээ, сахал, нүдний шилийг харснаа,

— Та, Монголоор ярьдаг уу гэж лавлав. Дурдастай мөрий тавьсан хүн эхлээд шомбонзоор мөрий тайлж, дараагаар нь нэг, нэгээр ахиулдаг заншилтай. Тэгээд гурван шомбонз архи гаргах үедээ мөрийгөө нэмдэг гэмтэй ажээ.

—Монголоор жаал зугаа ярина шүү гэхэд Сандаг,

—Бодвол хүрээ хотынх биш биз. Мөрийгөө аль зэрэг амлачихсан бэ? гэж асуугаад ширээний хажуугийн сандал дээр суулаа.

-Таныг шомбонз архи нэг амьсгаагаар уудаг, гурван шомбонз архинд согтож унадаггүй гэдэг сураг дуулаад атаархах сэтгэл төрөөд санамсаргүй их амалчихсан юм. Би Улиастайгаас ирээд удаагүй байна.

— Би чамайг голгүй гонсойлгохгүй. Чи Дурдастай уулзаад дөрөв юм уу? таван шомбонзоор мөрийгөө ахиулчих Тэгэхдээ таван шомбонз архи уучихаад унахгүй бол өдрийн чинь орлогын аравны нэг хувийг өгнө. Тэр лүү чинь унавал энэ мөрийг Дурдасаас авна гэж хэл гэлээ. Сандаг өнөө өглөөнөөс хойш сэтгэл тавгүй болохоор аяга тагш юм сэржимдсэнгүй. Тэгээд сэтгэлд «ахиухан уучихаад нэг сайн унтья» гэдэг бодол төрсөн тул өврөөсөө том хар хулаа гаргалаа. Очир, бараг литрийн багтаамжтай хулыг харж сууснаа нэгэн зурвас бичээд үйлчлэгчээр Дурдаст явуулж мөрийгөө нэмжээ. Чингэж эхэлсэн танилцалт цаг мөч өнгөрөх тусам сунжирч, архины ааганд халсан хоёр ам мэдэн цуурна. Очир, Сандагийн хар хулаар тав уусны дараа,

-Танаас өөр ямар хүн ингэж сайхан уудаг вэ? гэж асуулаа.

-Яндаг гэдэг хүн байсан. Гэхдээ мөрийний архи уудаггүй хүн!

-Одоо хаана байгаа юм бэ?

-Байхгүй. Бурхан болчихсон юм.

-Өө... хөөрхий минь архинд түлэгдээ юү?

-Үгүй ээ? Юу гэх вэ? Хүнд хорлуулчихсан юм. Цаадуул нь тун өөдгүй новшнууд байсан юм. Сандаг үлдсэн шомбонзныхоо нэгийг аваад бөглөөг нь мултлах зуур гүнээ санаа алдан харамссанаа шомбонз архийг шилээр нь тонгойлгож ганц амьсгалаар уухад, хоолой руу нь архи хол хол урсахыг ажаад Очир гайхжээ. Сандаг шомбонзоо ширээн дээр тавиад согтуу нүдээр Очирыг харж хэсэг дуугүй сууснаа яриагаа үргэлжлүүлж: —Муу эр, хүний амиар өөрийгөө авдаг юм? Яндагийн амины гарз болж амьд үлдсэнээрээ сангаа Сатар, янгиа Мятав хоёрын зол болсон юм гэхэд

Очир өөртөө хэрэгтэй ярианы сэжим цухуйсанд олзуурхан, Сатар оргочихсон хэрэг үү? гэж шамдан асуулаа.

-Чи чинь хаашаа саваагүй орос байна? Хэл ам сугалчих шахсан. Ийм хүмүүс өөдтэй байдаггүй юм. Ер нь анжгайгаа архиар халааж үг сонсох гээгүй биз! Чи явж явж хүний адаг шаарнуудын нэг, өрөөсөн нь байхнаа аа гээд шомбонзонд үлдсэн архийг сэгсэрч зайлаад нэгч амьсгаа авалгүй холхол холхол залгиад: -Би янз үзсэн хүнд хэзээний дургүй. Сахалт минь илүү зангийн хар гайгаар мөрийгөө алдаж дээ.

Би Монгол хүн. Тэгэхдээ танил нөхрөө мэрж, ходоод дүүргэж үзээгүй хүн шүү гээд гээд гарахдаа хаалгыг тас саван хаяжээ. Чингэхэд Дурдас халзан толгойгоо илсээр орж ирээд хаалганы хатавч налан зогсохдоо,

— За ямар байна! Түншээ, одоо мөрийгөө яах вэ? гэж ёжтой асууж өрөө нэхэж шалгаалаа.

—Баталгаагаа аваад ир! Гэхдээ тэр лүүгийн чинь барааг харна.

—Түншээ! Дэндүү хартай байгаа юм биш үү! гэхэд Очир,

-Хардах гэдэг бол шалгахын нэг хэлбэр. Тэгэхээр танай лүү унаж уу? Хоёр хөл дээрээ гозойж байна уу гэдгийг нүдээрээ харах хэрэгтэй биз гэв.

Дурдас, Очир хэмээгдэх хуурамч дүртэй гийчинг дагуулж зэргэлдээх өрөөний хаалганы дэргэд ирээд хаалгыг зөөлөн тогтштол Сандаг гарч ирээд,

—Ноёдууд аа! Баячууд аа! Та нар надгүйгээр ясаа хэмэлцгээ! гэж хашгирлаа. Дурдас, Сандагийг аргадаж, зөөлөн дуугаар,

-Сандаг аа! Дахиад мөрий тавиагүй шүү. Айлчин маань чамайг магтаж, бахархаад талархлаа дэвшүүлэх гэнэ гэж аятайхан зулгуйдлаа.

-Амьд арзайж, мэнд мэлтийж байгааг харав уу. Одоо тэгээд тонилцгоо гээд өрөөний хаалгыг хахад Очир «Аргагүй гайхмаар уудаг эр ээ! Ердөө ёроолгүй торх шиг. Гайхмаар юм шиг. Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Ер нь сайхан юмаа даа» гэж бодоод халаас руугаа гараа явуулжээ.

x x x

Хаалга цохих чимээнээр сэрсэн Зундуй харанхуйд тэмтэрч шүдэнз олоод асааж гэрэл гарангуут,

-Жаахан хүлээгээрэй. Лаа асаагаадахъяа гээд босонгуут лаагаа асааж тавиуртай лаагаа барьсаар үүдэндээ очоод,

-Хэн бэ? гэлээ. Гэтэл хаалганы цаанаас сөөнгө дууraap,

-Арван хоёр гэхэд Зундуй хаалганы түгжээг мултлаад онгойлготол Очир нөгөө бүдүүн оросын хамт орж ирлээ.

-Чамайг хэдэн хүнтэй танилцуулна гэсэн байхаа гээд Очир гэрийн баруун хоймрын орон дээр суухдаа: — Зарим нь надтай хамт ирээд хашаанд хүлээж байгаа. Гэхдээ чамаас магадалж тодруулах юм багагүй гэлээ.

— Чи сонжиж дуусаагүй юү?

-Одоо жинхэнэ үнэнээ ярилцана. Яндагийг чи алсан. Гэрчлэх улс амьд бий гэдгийг чамд урьдчилж анхааруулъя!

— Сатарыг олоо юу? Түүнд барих бэлэг, шан хоёрыг зэхчихсэн гээд Зундуй орны толгойны шургуулганаас мухар тохой хиртэй хутга гаргаад Очирт үзүүлэнгүүтээ: — Би улаан нүүрээрээ уулзана. Мэдэв үү! гэж чанга хашгиртал нүүр, дух, хамрын үзүүрээр чийхарсан хөлсний дусал, лааны гэрэлнээ гялтганан, шүүдрийн ус шиг бөнжигнөн, цайрагнана.

—Урьдаар учрыг дуулъя. Тоглоход учир бий. Цэргийн яамны тагнуулын газрын ажилтан гуай! Сонсоход эвгүй, зэвүүн байгаа биз? гээд Очир суудлаасаа өндийж, Зундуйн дэргэд ирээд: -Хэн үнэнээ нууна. Би түүнийг мэдэж чадна. Энэ бол миний төрөлхийн авъяас юм. Ардын цэргийн тагнуулын газар биеэ худалдсан чинь илэрхий болсон. Одоо сорьж, сонжих албагүй. Сонжих гэдэг аюултай. Аюул бүхэн амьтай холбоотой байдаг гээд хуурамчаар мушилзана.

— Үнэнээ ярьж болно. Харин Сатарыг олсон уу?

-Зундуй минь! Ийм үед маяглах гэдэг хор уршигтай гэхэд Зундуй хацар, духаараа чийхарсан хөлсийг дээлийн ханцуйгаар арчаад яриагаа эхлэв.

...Хоршоог ухаад гарахын өмнө барааг шатаах ёстой байсан. Барааг галдах гэж байтал Мятав Сатар хоёр ирээд «Хашаанд баахан хүн ороод ирлээ гэлээ. Бид барааны сүүдэрт нуугдаад хүмүүсийг хартал тэд хоршоонд орцгоолоо. Тэр чөлөөнд хашаа давахаар ухасхийв. Би хашаа давахын өмнө хашааны оройнд элгээрээ тэгнээд ах руу хартал тэрээр хашаа налан доошоо уначихлаа. Би буцаж хашаанд буугаад ахын дэргэд очтол «Сангаа Сатар хутгалчихлаа» гэж арай ядан хэллээ. Цээжнээс нь олгойдсон цусыг гараараа дарж, яах ухаанаа мэдэхгүй байтал хэсэг хүмүүс миний дэргэд ирлээ. Нэг хүн миний дэргэдээс хутга авч, «Хэний хутга вэ?» гэлээ. Сар саруулд ахын хутгыг таниад толгой дохилоо. Ингээд баригдсан. Сатар хашаа давж амьжихгүйгээ мэдээд ахын бүсэнд хавчуулсан хутгыг сугалж бүлжээ. Мятав тэр зуур нам газраар давсан байлаа. Ингээд Сатар, Мятав хоёр оргож амжсан юм гээд Зундуй санаа алдан, дуугүй болоход Очир, хөлсөндөө нэвширсэн Зундуйн царайг ширтсээр,

— Чамд яагаад нууц түлхүүр, нэр дохио өгсөн юм бэ? гэж шалгаалаа.

— Ах, Озакураг хүлээж ядаад сүүлдээ бухимдсан сэтгэлээ архиар тайтгаруулдаг болсон. Нэг удаа согтуу ирээд «Би ингэж явахад миний өстөнгүүд жанжин гэгдээд байна. Хорвоон нар жаргах дөхөөд, аргагүй цөвийн цаг эхэлжээ» гээд уйлж билээ. Хэд хоносны дараа надад аминчилж захихдаа «Ах нь архины цагаан солио тусахаасаа өмнө чамд хэлэх юм бий. Цагаан дээлтийн хүү, Магсаржав хоёроос ахынхаа өшөөг, талхалж дуусгаарай» гэсэн юм. Түүнээс хойш ах минь хэрэг зорилго, санаа бодлынхоо тухай үе үе ярьдаг байв. Би баригдсаны дараа ахынхаа захисанг биелүүлэхийн тулд өчгөө хувиргах хэрэгтэй байлаа. Тэгээд мэдүүлэг өгөхдөө «Ахынхаа санаа бодлыг эсэргүүцдэг болохоор тэдний хуйвалдааныг ганцаараа илрүүлье гэж шийдээд ахдаа мэдэгдэнгүүт түүнийг хутгалчихсан юм» гэв. Ингэж мэдүүлэхгүй бол би санасандаа хүрч, ахынхаа гэрээслэлийг хэрэгжүүлж чадахгүй байсан. Хэргээс гарсны дараа нэг хүнд хээл өгч цэргийн яаманд бичээчээр орж Сүхбаатарыг анасан. Тэгээд хоёр сарын дараа бичиг үсэгтээ нямбай сайн гэгдэж үнэлэгдээд тагнуулын сургуульд орсон гээд Зундуй итгэж ядсан харцаар Очир өөд харлаа.

-Чи, үүнийгээ анх уулзахдаа ярихгүй яасан бэ?

-Үүнийг эхлээд хэлбэл хан үнэмших байсан вэ? Дурдасын гуанзанд зах сэжмээс нь зухуйлгахад ойшоосон шинж танд байгаагүй шүү дээ.

Очирын төлөвлөсөн бүхэн санаснаас өөрчлөгдлөө. Тэрээр төвөөс авсан зааврын дагуу Зундуйг Сатар гэгчтэй нүүрэлдүүлээд хэрэг явдлыг мухарласны эцэст Зундуйг ашиглахгүйгээр шийдсэн. Тиймээс огцомхон цохилтоор гэнэ алдуулж унагаад, ухаан орохоос өмнө хортой тариагаар тарьж амжихаар тооцоолсон. Чингээд өөрийгөө хорлосон баримт болгож аяганд хортой цай үлдээгээд мөр үнэрээ цэвэрлээд хашаанаас гарах төлөвлөгөөтэй ирсэн. Зундуй хэсэгхэн дуугүй сууснаа цээжний багтралыг үл тэвчсэн янзтай,

-Очир оо! Сатарыг надтай уулзуулаад аль! Би түүний улаан голыг өөрийнхөө гараар таслахаас нааш санаа амрахгүй гэж шаардлаа..

— Зундуй! Сатарыг орж ирэхэд тайван байгаарай! Чиний нүүрэн дээр асууж лавлах хэдэн юм бий.

Би биеэ барихыг бодно. Гэхдээ удаан тэсэхгүй л байх.

— Сатарыг дууд! гэж Очирыг тушаангуй хэлэхэд үүдний дэргэд зогсож байсан орос гэрээс гарлаа. Очир Зундуйн сэтгэлийг тайвшруулахыг хичээн тал засаж, хэлж ярих үгээ зөөллөөд,

— Зундуй! Сатарыг орж ирэхэд буруу хараад сууж байсан дээр! Намайг ханиаж дохио өгөхөөр эргэж хараарай. Би үүнийг яамаас гуйж байгаа юм шүү гэж зусардан бялдуучлах аялгуугаар гуйна. Зундуй Очирын гуйлтыг зөвшөөрөөд буруу харж суутал гаднаас хоёр хүн орж ирлээ. Зундуй орж ирсэн хүмүүсийн хөлийн чимээг чагнаж суутал Очир

-Сатар аа! Яндагийг алсан хүнийг мэднэ гэл үү? гэж асуулаа.

—Жа тийм. Зундуй ахынхаа араас хутгаар бүлснийг нүдээрээ харсан гэж хариу өчихөд,

-Хутгыг таних уу? гээд Очир урт хутгыг өгөхөд лааны гэрэлд ажснаа,

— Зундуйн хутга байна. Энэ хутгаар ахыгаа бүлсэн юм гэхийг сонсоод суудлаасаа ухасхийн өндийсөн Зундуй,

— Муу новш! Намайг нарсанд хатсан гэж бодоо юү? Тэгээд улаан нүүрээрээ уулзахгүй юм гэж бодоогүй биз гэж хашгирсаар зуухны өмнө сөхөрч суусан хүнийг заамдан өндийлгөөд өөртөө ойртуулж царай руу нь сүрхий харснаа зуухны ард тавьсан шалны өрөн дээрхи лааг авч,

-Очир оо? Юу болж байгаа нь энэ вэ? гээд өнөө хүнээ үүд рүү түлхээд лаагаа далайсаар Очирыг заамдлаа.

— Чи Сатартай уулзуулна гэсэн биш үү? Ёс горимгүй даажин тохуунд чинь хязгаар байна уу гэж хашгиртал өнөө хүн гэрийн шалан дээрээс босоод Очир, Зундуй хоёрын хоорондуур орж салгахыг хичээхдээ

-Бурхаан... Юун гээш болобшье. Болигты... болигты. Мийн ушраа хөөрэсэгээ гэж буриадаар үглэж Зундуйн гарыг тавиулав.

Зургаа

Зүүн умарт хятадын цэргийн эрхтэн Чжан золин, ардын засаг төрийг түлхэн унагааж, Монголд хязгааргүй ноёрхлоо тогтоохыг улайрч байхад түүнтэй өрх тушаал булаалдан өрсөхийг хичээсэн маршал Упэйфуг атман Семенов, Японы ятгалгаар өөртөө дасгаж, тэгснээрээ Чжан ноёны эсрэг сөргүүлэх зам засжээ.

Хятад, япон хоёр тийнхүү бие биенээсээ өрсөхийг мэрийж байхад Америкийнхан Монголын зарим нөлөө бүхий феодал, нам төрийн байгууллагад шургасан хүмүүсийг өөртөө татахын тулд Чуулалт хаалганд сууж буй консулаараа ашигтай нүх сүв хайлгаж байлаа. Монгол орныг цэрэг зэвсгийн хүчээр эрхэндээ оруулахыг чухалчилсан, цэрэг улс төрийн бодлогын аль аль нь цагаантны оргодлуудыг тухирч, Богдыг ашиглахыг бодсон учраас нууц хүмүүсээ хүрээнд илгээх явдал цөөнгүй. Хэрэг явдлын түгшүүр, засаг, төрийн эсрэг чиглэсэн хуйвалдааныг газар авахуулахгүйгээр илрүүлэх шаардлагаар Дотоодыг хамгаалах газрыг даруй байгуулах тухай төслийг Сүхбаатарын санаачлагаар Намын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлаар хэлэлцээд цэргийн зөвлөлийн дэргэд дотоодыг хамгаалах газар байгуулах тогтоол гаргалаа. Дотоодыг хамгаалах газрын эрхэлсэн даргыг тохоон томилоогүй учир цэргийн тагнуулын Рагчааг, орлосон дэд даргаар дэвшүүлж, түүний мэдэлд цэргийн яамны онцгой суманг шилжүүллээ.

 Рагчаа өглөө ажилдаа ирэхэд цэргийн яамны үүдний дэргэд Лхүндэв өвгөн тосон уулзав. Арав гаран жилийн өмнө манлай вангийн тусгай даалгаврыг олонтоо биелүүлж явсан Лхүндэв,

-Дэд сайд, жанжин бий юү гэж лавлалаа.

— Хатанбаатар гуай, хөдөө явсан. Удахгүй ирэх байх гэтэл Лхүндэв хэсэг бодолхийлж, мод толгойгоо нэрж зогссоноо,

—Ер нь чамтай уулзсан ч болох юм гээд гаансныха цогийг унагааж түрүүллээ. Рагчаа, Лхүндэв өвгөнийг дагуулж цэргийн яамны уужим хашааны зүүн талыг эзэлсэн дүнзэн байшинг чиглэн гэлдрэхдээ

—Лхүндэв гуай! Та залуудаа Сангийн хотын хэрмэн дээгүүр дүүжингээр давсан гэдэг билүү? гэхэд өвгөн зэвүүрхэх янзтай.

— Үгүй ээ! Харин нэг лүдийг андуурч, молигодуулсан юм гэлээ.

Лхүндэв, Рагчаагийн өрөөнд орж ирээд Сангийн хотын хэрэмний дэргэд болсон явдал, амбаны сан тоногдсон хэрэг. Гандан дээр санамсаргүй тохиолдсон учирлыг дэс дараалан ярилаа.

— Дорлиг, Очир хоёртой дайралдсанаас хойш арван дөрөв хонолоо. Би янз янзаар сорьж үзсэн.

Нэг өдөр Дурдасын гуанзанд зүсээ хувилгасан Очир, орос хувцастай, ширвээ сахал тавьж, нүдэндээ саравч хийчихсэнг ажаад дагатал консулын орос сүмд ороод гарч ирээгүй. Тэр нохойг сангийн хот эзэлсний дараа хайгаад олоогүй юм. Гэтэл манлай ван сургийг нь нутгийн Жамсран тайжийн хүү Жаарайгаас гаргаад намайг илгээлээ. Би түүнийг мөшгөж хөөгөөд Булганы хүрээн дээрээс барьж чадалгүй хил давуулчихсан юм. Тэр үхээр одоо Дорлигийнд бүгээд байна. Гадагшаа гарах тоолондоо орос хүн шиг хувцасладаг. Бас нэг залуу лам түүнийг алсаас бараадан явдгийг бодвол Дорлигийн түлхээсээр түүнийг хамгаалж явдаг бололтой.

Та сэжиг авахуулчаагүй биз?

— Ах нь нэг сайн дөнгүүлсэн. Одоо яалаа гэж гоомой хөдлөх вэ? гэж Лхүндэвийг хэлтэл гаднаас онцгойн Нацаг, Авир хоёр орж ирлээ. Рагчаа, арван цагт явцыг ярилцахаар хүмүүсээ цуглуулахаар өчигдөр шийдсэн ажээ. Лхүндэв хэд хоног цээжиндээ бөглөрч шаналгасан тээглээг нэгд нэгэнгүй ярьж, сэтгэлээ уужруулаад өрөөнөөс гарах гэснээ Авирыг хараад хирдхийн гайхаж зогтусан зогсосхийгээд Рагчаа өөд сүрхий харлаа. Рагчаа өвгөний санааг түвэггүй гадарлаад түүнийгээ ойлгуулах гэсэн шиг нүдээр инээмхийлтэл Лхүндэв учир явдлыг мэдээд өрөөнөөс гарчээ. Худас үсгийг гоёмсог янзтай эвхэж “Танихгүй танил” гэж бичсэн хавтсыг нууцын шүүгээнээс авч ширээн дээр тавьсан Рагчаа,

-Авир аа! Чи түнхэлийн Дашчойнхорлин хийдэд шавилж байсан гэхэд лам болох авъяасгүй юм гэдгийг саяын өвгөн мэджээ. Гэхдээ хэд хоног лам болж, Дорлигийн гудамж сахиж, гийчний араас дагасан паянг сонсохоос гэж хошигнолоо.

-Дорлигийнд бүгсэн нууц хүн, өөрийгөө Улиастайн Говориловын хүү гэж «Даугава» гуанзныханд ярьжээ. Эцэг Говориловтой түнш явсан, германы худалдаачдын «ВОСТОВАГ пүүсний Гунтер, Говориловын хүүг Харбинд байгаа «ОРОСЫГ ТӨВХНҮҮЛЭХ НИЙГЭМЛЭГИЙН»генерал Мицеевский адъютантаар ажилладаг гэж тодорхойлж байна. Дорлигийн гийчинг Очир гэдэг. Богдын тахилч Очирыг баргын сүмд суудаггүй, Хайлар, Харбины хүн гэж байна. Очир, Дорлигийнд байх хугацаандаа гадагшаа зургаан удаа гарсан бөгөөд консулын хар ламын сүм, эмийн сан, Туулын хөвөөн дээрх Гунгаадэжидлинд хэд хэд очлоо. Цагаан сүмд байрлуулсан нэвтрүүлэгч хэрэгслэл бүхий, хүлээн авагчийг Жагшжанрайзэг (Дөрвөн гартай суумал бурхан) бурхны гүнгэрваанд нуусан байна гэж ярьтал гаднаас Дорж нэлээн сандруу орж ирлээ. Рагчаа, Нацагийг өчигдөр орой Пааралвантай холбоо бариулахаар явуулсан.Гэтэл Жаарай гүн өчигдөр Богдод бараалхахдаа түүнийг дагуулжээ. Авирыг ажиглалтаа ярьж дууссаны дараа Рагчаа,

-Өвгөн (Пааралвангийн нууц нэр) юу гэж байна гэж асуухад Дорж сэтгэлийн хөдлөл, ичнээний бачимдал, яарч тэвдсэн байдлаа барьж сурсан ерийн зан араншингаар илтгэлээ эхлэв.

— Богдын ордон хөл ихтэй. Нөгөөтэйгүүр Богдтой уулзсан Дорлигийн айлчныг Жудаг гэдэг. Жудаг 1921 онд Ховдын консулын нэг ажилтны түлхээсээр хаант Оросын тагнуулынханд биеэ худалджээ. Тэрээр манж амбаны нууц хадгаламжийг (архивыг хулгайлах даалгавар авсан боловч амбаны санг ухаад оргосон байна. Үүнийг мэдсэн манлайван, Лхүндэв гэдэг хүнд тусгай үүрэг өгч илгээжээ. Харин Жудаг, Лхүндэвийн арванд баригдалгүй хил давж амжсан бөгөөд Өрөмч рүү зугтжээ. Ил тарвагатай, Чулуун хот (Ташкент)-ын ойролцоо нутагладаг цахар Монголчуудын эд хөрөнгө, малыг дээрэмддэг болсон Жудагийг цахарууд баривчилжээ. Жудаг, сибирийн шоронгоор үүрлэж явтал Барон Унгерн түүний сургийг гаргаад суллуулах талаар атман Семеновт илтгэжээ. Атман Семенов Жудагийг сонирхохохоор шийдээд түүнийг дундач азиар дамжуулан Японд авчруулж, мэргэжсэн тагнуул болгосон юм. Японыхон Жудагийг төрөлхийн тагнуулч заяатай төрсөн хүн гэж үздэг учраас түүнийг өвөр Монгол, манжуурт томилжээ. Жудагийн энэ паянг сайн мэдэх, Сумъяа бэйсийн хошууны нэгэн тайжийн охин Yжнээ хүрээнд байгаа юм гэж тогтуун тайван ярьтал, хүмүүс түүний ярианд шимтэн анхаарлаа төвлөрүүлжээ.

Очирыг Богдод бараалхсан тэр өдөр гүн Жаарай барааг нь харжээ. Жаарай гүн угаасаа баруун Монголын дөрвөд далай ханы итгэмжит бэйсийн хүн. Тэрээр Ховдод олон жил суухдаа Номттой дотно танилцжээ. Номтын чунчаагаас Жудагийн сургийг дуулаад түүний хойноос нууц хүн тавьжээ. Тэгээд Синьцзянаас хөдөлсөн цэргийн сургийг Жудагийн амнаас дуулсан нууц хүнээ хар усны ертөө рүү илгээж манлай танд хэл дуулгасан. Жаарай манж амбаныхаар чих тавихдаа Жудагийг хоёр удаа харж, сайн нүдэлжээ. Түүнээс хойш арван жилийн нүүрэнд Жудагтай Богдын ордонд нүүр учирч, хоёр хоногийн дараа хурандаа Котляровынд айлчлахдаа Жудагийн байр байдлыг ажаад хурандаагаас лавлаж «Төвийн хүн» гэдгийг мэджээ.

Дорж хүрээний нууц хүний удам судрыг нарийвчлан уудалсан тул ажиглалтыг цааш үргэлжлүүлэхийг зогсоож хуйвалдагчдыг баривчлахыг санал болгоод ярианы төгсгөлд,

-Бидний өмнө тулгарч байгаа хамгийн хүнд үүрэг бол жанжны амь насыг аюулгүй байлгах асуудал юм. Гэтэл гол зорилго бол жанжныг устгуулж, ард түмнийг сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулж, засаг төрийн эсрэг чиглэсэн зэвсэгт бослогыг эхлүүлээд, зүүн хязгаараар гадаадын цэрэг оруулах боломжийг хангах үүрэгтэй байна гэлээ.

Рагчаа хүрээний нууц хүний зорилго «гогцоог» эхлэх хугацаа, тэдний хамсаатны байдал төлөвийн талаар ажилтангуудтайгаа ярилцаад «Танихгүй танил» ажиллагааны явцыг дүгнэж, зарчмын зарим асуудлыг дахин лавшруулж хянахаар шийдэж, зарим зүйлийг яаралтай тодруулахыг Доржид даалгав. Рагчаа, Өвгөнөөс (Пааралвангаас) явуулсан захидлыг дахин уншлаа.

“...Жаарай, гүн консулын дэнж дээрх европ эмийн санд хоёр удаа очлоо. Манай засгийг унагахаар хүрээнд эхлэх зэвсэгт бослогыг «Гогцоо» гэж нэрлэжээ. Эд нар жанжин Сүхбаатарыг хорлохоор төлөвлөж байгаа гэдгийг Жаарай гүн Богд айлтгаж зөвшөөрүүлэв. Эмийн санд хоёр удаа ирсэн хүмүүсийн дунд найман хүн цэргийн дарга нар байна... өвгөн,» Рагчаа, «танихгүй танил» ажиллагааны гол зорилтыг тогтоосон учраас «золголт» ажиллагааг эхлэхийг яаравчлав. Рагчаа бүх баримтуудыг харьцуулаад Нацагийн саналыг зөвшөөрч  «Гакамоку»-ийн уулзах хурандаа орос сүмд үүрлэж, ажиллагааг урьдаж байгааг гадарлав.

—Хурандаагийн «гогцоо» хэзээ эхлэх ёстой вэ? гэж Рагчааг магадлав.

Бидний тооцоогоор бол шинийн долооноос хэтрэхгүй гэж Нацаг хэлээд даргынхаа шийдийг хүлээнэ.

-Зуны сүүл сарын шинийн долоон бол Богдыг улсын хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн өдөр! Тэгэхээр «гогцоог» шинийн тавны шөнө, зургааны үүрээс өмнө эхлэх боломжтой. Бүх баримтыг тунгаавал бидэнд хэд хоног үлджээ. Бидний зорилго бол шинийн найманд Ардын эрхт засаг байгуулсны ойг тэмдэглэх бүх бололцоог хангахад чиглэх (1921 оны 7 сарын 9-нд Ардын эрхт Засаг байгуулж, 7 сарын 11-нд Богдод мэдэгдэв.) Хаантан, Очиртой ороолдсон хэргийг мэдэгдэлгүй өнгөрөөе! Одоо ардын засаг өшөөрхсөн хуучны эрх дархтангууд орон нутагт цөөнгүй байна. Тэд бидэнд мэдэгдэлгүйгээр ямарч хуйвалдаан дэгдээж мэднэ. Тийм хүмүүс өөртөө дэм үзүүлэх түшиг тулгуур хайдаг жамтай. Энэ бүгдийг хараанаасаа гаргаж болохгүй. Тэгэхээр Богд зэрэг хань хамсааны нь хүмүүсийг зохих газруудаас хөдөлгөж болохгүй. Энэ бол цэрэг, улс төрийн уран нарийн ухаан! Ойрын хоёр хоногт Гурван Эрдэнийн сүмд ордог нүх сүвийг тогтоосон байх хэрэгтэй.

Хамгийн чухал нь хурандаа Жудаг болон хуйвалдааны удирдлагад орсон нэр бүхий найман офицерүүдийг алдаж болохгүй гэдгийг Рагчаа ажилтнууддаа, хатуу үүрэг болгож, тус тусынхаа ажиллагааг, үргэлжлүүлэхийг зөвшөөрч тараагаад Нацагийг үлдээв. Одоо Рагчаа, Нацаг хоёрт юм бүхэн ил боллоо.

Ардын нам, засаг төрийг түлхэн унагахаар хуйвалдсан эсэргүү хөдөлгөөнийг Богдын хүсэлтээр япон-цагаантныхан зохион байгуулж, маш нууц байдлаар хүрээнд бүгсэн Бароны цэргийн найман офицерууд оролцсоны зэрэгцээ тэрхүү хуйвалдааныг Колчакины дээрмийн отрядыг толгойлж явсан туршлагатай хурандаа Котляров удирдаж байлаа. Бослогонд хуучин, цагаантны цэрэгт алба хааж явсан хүрээний худалдаачдын хамсаатангуудаас гадна, Богдын түлхээсээр хүрээний лам нарыг зэвсэглэж гандан, занхан сүм, дүнжингарабын хашаанд хуарагнахаар байлаа. Тиймээс Рагчаа бослогын удирдлагыг дайчлах ажлыг нарийвчлан төлөвлөх ёстой. Тэрээр «Золголт» үйл ажиллагааг хоёр хувилбартайгаар төлөвлөөд Нацагтай зөвлөхөөр үлдээсэн ажээ.

Рагчаа хүмүүсийг гарсны дараа шууд ажил төрлийн ярианд орлоо.

-Нацаг аа! “Золголт” ажиллагааг маргаашнаас эхэлэж урьдчилсан арга хэмжээ авъя. Нөгөөдрийн маргааш зуны сүүлийн сарын шинийн дөрвөнд Цэргийн Зөвлөлийн хурлаар Ардын цэргийн анхны наадам тэмдэглэх тухай хэлэлцэнэ. Бидний зорилго бол шинийн зургааны өглөө хурандаагийн удирдаж буй хуйвалдаанд оролцсон бүх хүмүүсийг дайчилж, зэвсэгт бослогынхныг хөдлөх боломжгүй болгох ёстой. Жанжин цэргийн яамны онцгой суманг бүрэлдхүүний хамт бүрмөсөн манайд шилжүүлсэн. Ингэхээр асуудлыг маш нарийн боловсруулж бэлтгэх хэрэгтэй.

-Энэ чинь лут шахамдуу даалгавар байна. Гэхдээ үүрэг бол үүрэг. Тэгэхээр шантраад яах вэ? Бололцоотой бүхнийг хийе. Харин «Гакамоку» жанжныг хорлуулах хүнийг хэрхэн бэлдсэн вэ? гэдгийг тогтоох нь чухал.

-Нацаг аа! Би энэ талаар хэд хэдэн боломж гаргаад байна. Янз янзаарч бодож үзлээ. Очир, хурандаа, хоёрын аль аль нь Жанжныг хорлох ажиллагаанд оролцохгүй. Харин тэр ажиллагааг нарийн хянана. Бидний ганц боломж Жаргал, Зундуй хоёр байна. Тэр хоёрт хурандаагийн энэ төлөвлөгөөг мэдэх арга бий юу? Үгүй юу гэдгийг хэнч мэдэхгүй нь аюултай байна. Гэхдээ надад ийм хоёр боломж байна гээд Рагчаа нууцын шүүгээ рүү эргэж «золголт» төлөвлөгөөг гаргалаа.

XXX

— Би, ойрын үед эхлэхээр бэлдсэн танай ажил төрөлтэй танилцаж, хүн хүч зэвсгийн талаар Артур Максимовичаас сонсоод сэтгэл хангалуун байна гэж оросоор цэвэрхэн хэлээд угийн сэрдэмтгий хартай нүдээр өрөөнд байгаа хүүсийг толгой дараалан ажиж зогссон Очир:

-Манай ажлын чигийг та нар гадарлаж байгаа, <<Гогцоог>> бүтэмжтэй эхлэнгүүт зүүн хязгаараар цэргийн их хүч нэвтэрнэ. Харин та бүхэн ямаршуухан бодол санаатай байгааг сонсмоор байна гэх нь хүн бүрийн сэтгэлийг мэдэж, шиншлэх гэсэн сонжилт байлаа. Уужим өрөөний ханаар тавьсан зөөлөвчтэй сандалд шигдэж суусан гүн Жаарай, Очирыг нүдний булангаар сэм харж сууснаа,

-Бид цагаан хаант Оростой хэзээний барилдлагатай билээ. Тиймээс Богд эзнээ эрдэнийн ширээнд залахын ерөөлийг бодож, Монгол туургатнаа төвхнүүлэх хүсэл, эрмэлзлэл төгс учраас Се (Семенов) ноёнтонд элч зараад гар хоосон суугаагүй. Харин бидэнд оногдох үүргийг чирэгдэл, цар хүрээ юү билээ. Хүн хирээрээ тэмээ тэнгээрээ гэж хирсүүлэв.

Жудагийг Очир гэдэг нэрээр хүрээнд ирснээс хойш Жаарай гүнгийн сэтгэл гонсойж, Котляров, Лихачев хоёрт царай өгөхгүйг мэрийлээ. Гэтэл Богд, Жаарайг ордондоо дуудаж уулзаад «Өшөөг барах цаг болжээ» гэж өөрөө ятгасан болохоор яаж цааргалахаа ухаарсангүй. Тэгээд хүрээний ойролцоох хийдүүдийн мяндагтан нарт хэл өгүүлж, лам нарыг зэвсэглүүлээд дүү Өлзийн хамт удирдахыг дээрхийн гэгээн зарлиг болгожээ.

— Зэвсэглэсэн лам нар бүхий цоохор цэрэг, улаан цэргийн хуаранг бүслэнгүүт хөдөлгөхгүй байлгах нөхцөлийг хангана. Тиймээс бууны ам, мэсний үзүүр зөрүүлэхгүй. Зөвхөн бууж өгөх, тулган шаардах бичгийг Богдын нэрийн өмнөөс өгөх үүрэгтэй. Тэр хугацаанд манайхан ажлаа амжуулж дуусгана гэж Очир, Жаарайд учирлав.

— Улаантан бол Монголын засаг төрийн дотоод өөрчлөлтөнд хушуу дүрэхгүй болзолтой. Тиймээс та нарын эсрэг зэвсэг барьж хөдлөхгүй гэж Котляров Очирын үгийг дэмжиж Жаарай гүнг ятгалаа. Жаарай, хураадаа, Очир хоёрын байр байдлыг эргэцүүлээд «Энэ зөнөг орос, намайг молигодох санаатай. Тэгээд хамгийн ярвигтайг надаар бүтээлгэх бодолтой. Хөгшин ч гэсэн хар толгойгоо зүгээр дэнчин болгохгүй. Сүхбаатарынхантай яс үзнэ гэдэг нэг хэрэг!

Улаан орос бол жич юм» гэж бодоод,

-Эрхэмсэг ноёдын санааг тунгаан болгоолоо. Бид хэрхэхийг дан Богдын зарлиг мэднэ гээд Жаарай айлчингаа барагтайхан үгээр таглав.

-Тэр болно. Гэхдээ хий дүлэгнэвэл Саж ламын араас заларч магадгүй. Тэгвэл Богдын зарлиг ч нэмэр болохгүй гэж мэдээрэй гэж Очир ёжтой хэлэхэд Жаарай мөчөөгөө тавихгүйг хичээж хөмхий зууж,

-Сүхбаатар, улааны цэрэгтэй адилгүй гэж үг сөрөглөө.

- Морины урд хөлийг бүдрэхэд, гуя руу нь ташуурддаг. Тэгэхээр улааны цэрэг, Сүхбаатар хоёрын аль аль нь ялгаагүй гэж Очир захирангуй омогдлоо.

-Ямарч гэсэн Богд эзэнтний зарлиг мэднэ. Дээрхийн гэгээн соёрхвол, улаантан байтугай улаан галтай зууралдаж ялах ёстой гэхэд Котляров, Жаарайн саналыг сайшаасан дүр гаргаж,

-Ноёд оо! Та бид Монголд өөртөө засан тохинох автономит төрийг тогтоож, төр шашин хослон барих эрдэнийн ширээнд Богдыг залах үйлст чин сэтгэлээр зүтгэх тухай санал нэгдлээ. Эн эбол цаашдаа орос орны хувь заяаг шийдэж төвхнүүлэх гарааны эхлэл болно. Бид ирээдүйн үйл хэргийг эндээс эхлэхийн тулд юуны түрүүнд Монгол нөхдөд туслах ёстой. Тиймээс «гогцоо» төлөвлөгөөг ойрын үед эхэлнэ. Энэ тухай жич ярья гээд хурандаа яриагаа дуусгав. Хурандагийн энэ шийдийг хэдэн өдөр харсан цагаантны хуучин офицер, худалдаачдын эчнээний зангилаа тайлагдаж, хүн бүрийн царай ер бусын хөөр хөгжөөнтэй тарцгаалаа.

Лихачев, айлчдаа нууц хаалгаар сэм гаргаад мөнгөн тавиур дээр зэрэгцүүлсэн гурван хундгыг архиар дүүргэж авчраад Очир, хурандаа хоёрт барилаа. Очир хундагатай архиа ховх сороод сонинд хуйлсан нэгэн зүйлийг задлаад ширээн дээр дэлгэхийг харвал хүрээний газрын зураг байлаа.

-Артур Максимович аа! Зундуй хүнийг өглөө. Та өөрийнхөөрөө тэмдэглэсэнтэй тулгаж үзээч гэхэд хурандаа улаан хөх харандаагаар дугуйлж зурсан тэмдэгнүүдийг нэг бүрчлэн шалгаад,

-Минийхтэй яг таарч байна. Ямар ч өө алга! Жанжны харуул хамгаалалт маш зөв тэмдэглэгджээ. Би үүнийг жил шахам ажиглаж байгаа болохоор зургандаа тэмдэглээгүй орхисон юм. Ямар ч сэжиг алга гэлээ.

— Шиний долоонд Богдыг хэмжээт хаан болгосныг тэмдэглэхээр шийджээ. Энэ ёслол дээр 1, 2 дугаар хороо, их бууны хороо, пулемёт суман дарга нарын түр сургууль Богдын ногоон ордноос янбаны улаан гүүр хүртэл жагсах юм. Шинийн найманд ардын засаг тогтсоны нэг жилийн ойг маш өргөн тэмдэглэхийн тулд бүх цэрэг, зэвсэгтэйгээ жагсаж магадгүй байна. Хэрвээ дөрөвний шөнө өнгөрвөл даж давахгүй хүчтэй тулгарна. Зундуйн яриагаар баярт бэлтгэхийн тул одоо бүх зэвсгийг арчиж цэвэрлэхээр задалсан гэнэ. Үүнийг Дорлигийн хүмүүсээр шалгуулахад Зундуйн мэдээ үнэн байна гэж Очирыг хэлэхэд хурандаа,

-Маш чухал мэдээ байна. Цэргийн хуаран, харуул хамгаалалт, зэвсгийн агуулахын талаар шаардлагатай зүйлийг Зундуй гаргаж чадвал бид бэлэн байгаа гэж баярлан дуу алдлаа.

-Тэгвэл шинийн тавны үүрээр хөдөлнө. Нөгөөдөр довтолгооны талаар эцсийн шийд гаргаж төвд мэдээлээд зүүн хязгаараар нэвтрэх цэргийг манай хөдөлгөөнөөс хойшлуулалгүй яаралтай хөдөлгөх хэрэгтэй гэж Лихачев санал нэмлээ.

-Надад нэг бодол байна. Сүхбаатарыг цааш харуулах даалгаврыг Зундуйд өгнө. Лихачев! Чи Зундуйгаас салж болохгүй. Зундуй түүнийг нударчихвал Яндаг дүүдээ нууц нэр түлхүүр өгсөн гэдэгт итгэж болно. Хэрвээ Зундуй Сүхбаатарыг устгахгүй бол түүнийг дор нь буудаж устга. Сүхбаатарыг хорлох хүнийг жич олж бэлдээрэй гэж Очир, Лихачевт захилаа. Хурандаа Очирын саналыг зөвшөөрөөд болгоомжтой байхыг сануулж,

-Гүнтэн улаан цэргийн хуаранг бүсэлж зүрхлэхгүйнэ. Тиймээс төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй болохно гэлээ.

—Гүнтэнг дөрөвний шөнөөс үүр цайтал гурван эрдэнийн сүмээс гаргаж болохгүй. Маргааш дүү Өлзийг нь Богдоор дуудуулж тэнд нь байлгаж байгаад улаан цэргийг бүслүүлэх үүргийг гэгээнтнээр өгүүлнэ. Харин зэвсгийн талаар хүрэлцэхүйц бэлтгэлтэй байхыг хурандаа зохицуулна биз гэж Очирын хэлэхэд Котляров инээмсэглэх төдий шоотгоноод

— Тактикийн бодол ийм хурц байх тусмаа үйлс бүтэмжтэй болдог. Би чиний захиснаар давс хужрыг нь тааруулчихна гэж бардамнан өгүүлэв.

—Бид гурваас өөр хүн үүнийг мэдэж болохгүй. Хамаг ажил эхлэхээс өмнөхөн нөхөддөө танилцуулна. Зохицуулалтыг газар дээр нь шийднэ гээд Очир хурандаа, Лихачев хоёр өөд сүрхий харлаа.

Зуны сүүл сарын шинийн гуравны шөнө дөл цэргийн яамны уужим хашааны баруун талыг эзэлсэн дүнзэн байшинд, Цэргийн тагнуулын газрын холбооны мэргэжилтэн, гадаадын нууц түлхүүр тохируулагч хэдэн хүмүүс цугларч энэ өглөө Гунгаадэжидлингийн гол сүмэд хүлээн авсан мэдээ, Очироос эзэндээ өгсөн мэдээ сэлтийг тайлан уншихаар «түлхүүр» тааруулж байлаа. Нууц түлхүүр тохируулагч нар Очирын дамжуулсан мэдээг алдалгүй барьж, түүний нууц түлхүүрийг хүрээнд байгаа улаан цэргийн тагнуулын газрын «нууц түлхүүр» тохируулагчдын тусламжтайгаар илрүүлж чаджээ.

Өндөрдүүхэн туранхайвтар залуу саяхан буулгаж, нууц түлхүүрээр тайлсан мэдээг Рагчаад оруулж өглөө.

Дотоодыг хамгаалах газрынхан «Гогцоо» хуйвалдааныг илрүүлэх «Золголт» ажиллагааг шинийг дөрөвний шөнө эхлэхээр ярилцаж байсан болохоор Рагчаа Очирын хүлээн авсан ба дамжуулсан мэдээг уншаад Нацагт өглөө.

«...Гурван баян төлөвлөгөөг эхлэх боломжгүй гэж үзээд хойшлуулав. Төвийн шийдийг хурандаад дамжуулахыг зөвшөөрнө. Сахалт 1922—7—3»

«...Төвийг шийдийг хүлээн авлаа. Буцах шийд яаралтай өгөхийг хүсье... Гакамоку»

Нацаг эл мэдээг уншаад Рагчаа руу хартал, тэрээр хэсэг зуур балмагдсан янзтай гайхав. Рагчаа, хоёр мэдээнд итгэж «Золголт» ажиллагааг зогсоох нь бэрхшээлтэй байлаа. Тиймээс Доржийг «Өвгөн» рүү яаралтай явуулж, дөрөвний орой сүмд цуглах «уулзалт» хойшлогдсон эсэхийг мэдэх хэрэгцээтэй боллоо.

—Нацаг аа! Төлөвлөгөөг өөрчлөхгүй. Ямарч гэсэн «жанжны хамгаалалтыг» буулгаж болохгүй. Энэ мэдээлэл хэдийгээр яах аргагүй үнэн боловч мэдээний үг бүрийг үнэн гэхэд бэрх. Нөгөө талаар энэ өгүүлбэрийг тонгоруу утгаар төлөвлөсөн дохио байвал» яах вэ? гэж хэлтэл Нацаг яах ч аргагүй мухардав.

Рагчаа, Доржийг «өвгөн» рүү явуулсны дараа ажил төрлийн өөрчлөлтийг ажилтангуудтайгаа ярилцав. Өглөөний нар өөдөлж, хүрэл тогоотын оройг голлож байхад Дорж ирлээ.

Доржийг орж ирэхэд Рагчаа суудлаасаа өндийн, угтан очив.

-Өвгөнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Өнөө орой гүнтэй хамт консулын дэнжид очих гэнэ. Харин гүнгийн дүү Өлзий өчигдөр Богдод бараалхаад эргэж ирээгүй байна. Харин Дүнжингарбин сүмд Дөрвөн гэр, дөрвөн майхан барьчихсан байна.

-Чи яаж мэдээв гэж Рагчаа асуухад,

-Өвгөнийхөөс гараад Сэцэн хорооны зүүгээр тойрч наашаа ирэхэд ойр байдаг юм. Тэгээд Сэлбийн баруун дэнжээр явж байхдаа харлаа. гэхэд Рагчаа,

—Нацаг аа! Консулын сүмийн байрлалын талаар ярилцах уу даа. Бид ямарч гэсэн төлөвлөгөөгөө өөөрчлөхөө хүлээе. Харин Хүрээний сонинд зарлуулах зарлал, Жаргалыг хил гаргах асуудлыг хойшлуулъя гэхэд Нацаг хүрээний зүүн дэнжид байдаг оросын үнэн итгэлт шашны гурван эрдэнийн сүмийн талаар хийсэн судалгааг ярьж өөрийнхөө саналыг тодорхойлов.

X X X

Хүрээний зүүн дэнж, Цагаан давааны өмнөт бэл, Маахуур толгойн зүүгээр буй хэсэг хашаа байшингаас холгүй оросын үнэн итгэлт шашны Свято-Троицкий буюу гурван эрдэнийн гэгээн сүмийг барьжээ. Үдшийн гэгээ тасрах үед хэд хэдэн хүн сүмд орохыг эрэгцүүлбэл жирийн мөргөлчид гэлтэй. Холын бараа танигдах төдий бараантах хирд Лихачев эмийн сангаас гарч, оройн мөргөлд очих янзтай сүмийг чиглэн гэлдэрчээ. Бүр харанхуй болсон хойно нэгэн морь тэрэг ирж, сүмийн хаалганд тулж зогсоход нэгэн хүн буусныг ажил, мэдсэн хүнгүй билээ.

Сүмийн ширээт лам, гол шүтээний шаланд гаргасан дөрвөлжин тагийг онгойлгож, гийчнээ налуу шатаар доош буулгаж, нарийн хонгилоор дагуулж алхсаар сүмийн хажуугийн байшинд оруулна. Ламтан хүмүүсийг ирж гүйцсэн хойно шалны тагийг буулгаж хаагаад шүтээнийг ширээг урагшлуулан засаад сүмээс гарч хаалга цоожлоод байшиндаа орлоо.

Ламтныд энэ үдэш Котляровын төлөвлөгөөгөөр цугларсан хүмүүсийн дотор Жаарай гүн хэлмэрчийн хамт, Жаргал, Зундуй нараас бусад нь орос хүмүүс аж. Хаант оросын үед хэрэглэж байсан албан цол, хэргэмийнхээ хувцасыг өмсөж, ёсорхсон дарга нар цөөнгүй. Ламтны бясалгалын өрөөний шүүгээний дэргэд том самбар тавьж, газрын зураг өлгөөд цагаан даавуу татжээ. Том цонхных хөшгийг битүүлэн татаж, самбарын баруун талд буй ширээн дээр арав арван лаа хатгасан шармал тавиур дөрвийг зэрэгцүүлсэн тул өрөөнд гэрэл гэгээ ихтэй. Чингэтэл өрөөний хажуу ханын хаалга нээгдэж хурандаа Котляров, бүсэндээ буу хавчуулж дүвчирхсэн Лихачев, Богдоос эчнээ хөхүүлэн шагнасан гүн хэргэм янбаны хувцас өмсөж ёсорхсон Очир нарыг орж ирэхэд офицерүүд суудлаасаа босож мэхийн хүндэтгэлээ.

Хурандаа хуучин хэргэм цолоо эдэлсэн агаад хөгжөөнтэй үедээ амнаас салгадаггүй үндсэн гаансаа зуужээ. Тэрээр гаансаа амнаасаа авч,

— Ноёд оо! Хоёр хоногийн дараа генерал Шильниковын цэрэг зүүн хязгаараар довтлох болсонг мэдэгдье. «Гурван баян» төлөвлөгөөг эхлэх болсонтой уялдуулж «гогцоог», зөвшөөрсөн боловч үл ялиг өөрчилсөн. Гогцоог маргааш өглөөний 04 цагт (бар) эхэлнэ. Төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэх явдал, юуны өмнө Сүхбаатарыг устгах, түүний нөхдийг баривчлахтай холбоотой. Тиймээс Жаарай гүнгийн дүү Өлзий Монгол цэргийг удирдан, улаан цэргийн хуаранг бүсэлж, Богдын мэдэгдлийг өгөөд тэдний амь насыг батлан хамгаалах талаар тохиролцоно. Манай тэргүүн хэсэг Сүхбаатарын гэр, холбоо зэвсгийн агуулахыг эзэлнэ гэж хэлэхдээ фронтын цэргийн сэтгэл санаа, урам зоригийг сэргээж, улс төрийн ухамсрыг дээшлүүлэхийг хичээсэн уран илтгэгч шиг урсгана. Ингэж илтгэх авьяасыг орос германы дайны үед оросын цэргийн дарга нарт албан ёсоор тулган даалгаж байсныг хуучин дарга нар санахгүйгээр өнгөрч чадсангүй. Хурандаа Котляров, босолгонд оролцох хэсэг бүлгийн нарийн хуваарийн газрын зураг дээр заалаа. Хурандаагийн яриаг хайхрамжгүйхэн сонсож суусан Жаарай, Очирыг нүдний булангаар сэм харж бодолхийлохдоо Богдын үгийг санаад зүрх шинэ. Жаарай, ардын засаг төрийн эсрэг хуйвалдаанд хүчин зүтгэх сэтгэлтэй авч Очиртой зуузай холбохыг бодоогүй. Тэгээд Богдод түүний хөг паянг ярьтал Богд, Жаарайн ярианд дургүйцэж «Буян, нүглийн зам мөр хүн хүнд адилгүй. Тэр чинь бурхны биелсэн шавь. Түүний буяны мөр чамд нүгэл, муу ёроор үзэгдэх ёстой. Түүнийг ялган харах хувилгаан чадал чамд хэзээ ч заяахгүй. Чамайг туулай шиг үхээнц, үнэг шиг бултамтгайг мэдсэн бол ижилд чинь ихэрлүүлдэг байж. Гэсэн ч цаг оройтохгүй. Таалалд эс нийцвэл, цаазны мэсэнд нийлэх ёс бий» гэж сүрдүүлсэн тул Богдын урт гарыг мэддэг, догьширсон арга залийг гадарладаг Жаарай энэ удаа хаширлажээ. Хурандааг үгээ хэлсний дараа Очир,

—Ноёд оо! Цэргийн яамны ажилтан Зундуйг та бүхэнд танилцуулъя. Бидний хамгийн итгэлтэй, туршлагатай зүтгэлтэн. Одоо босолгонд хамаарах ажил төрлийн талаар саналаа хэлнэ гэлээ. Зундуй суудлаас өндийхдөө Жаргал өөд сүрхий харснаа сэтгэл шулуудсан янзтай,

—Гогцоог хир амжилттай болгох нь миний үгийг аль зэрэг ойлгож, цэргийн хуарангийн харуул хамгаалалт, зэвсгийн агуулахын манаатай солилцох нууц нэр, дохио, сорилтыг хэрхэн хэрэглэснээс шалтгаална гэж бодож байна. Нэг үг буруу хэрэглэвэл ясаа нэг нүхэнд хаях аюулд орно. Тиймээс бослого эхлэхээс цагийн өмнө төлөвлөгөөний дагуу байрласан хүн хүчийг шалгах, дохио түлхүүрийг хэрэглэхэд гарсан алдааг засаж залруулах хэрэгтэй. Сүхбаатар цэргийн уран чадварыг гоц эзэмшсэн хүн гэдгийг мартаж болохгүй. Дохиог өө сэвтэй хэрэглэвэл Сүхбаатарт харуулууд дор нь мэдэгдэх талтай. Чингэвэл Сүхбаатар хэдэн салаа цэргийг хэдэн хорооны эсрэг зөв байрлуулж сөрөх довтолгоо хийж чаддаг хүн гэж Зундуй хэлэнгүүтээ газрын зураг дээр шаардлагатай газруудыг зааж тайлбарлав. Зундуйг яриагаа дуусгасны дараа Очир суудлаасаа өндийж,

Одоо шөнийн 00 цаг болж байна. Зундуйн саналын дагуу бослогыг бэлэн эсэхийг газар дээрнь шалгана. Асууж лавлах зүйлгүй бол одоо ажилдаа орцгооё гэхэд ламтныд цугларсан хориод хүмүүс суудлаасаа босоцгоолоо.

Гүнтэн соёрхвол өнөө шөнө эндээ үлдсэн дээр! Цэргийн хөл үймээн таныг чилээж магадгүй гэж хурандааг хэлэхэд Жаргал,

—Бид эмийн санд хоновол дээр байх! орос сүмд эвгүй санагдаад байна гээд өрөөний булан дахь бурхан тахил өөд харлаа.

—Ёстой цэцэн бэрийн ухаан гарч байх шив дээ гэж Жаарай гүн Жаргалыг магтаж хэлтэл хурандаа хуурамчаар инээвхийлэн,

—Хүн, шашныхаа онцлогийг баримтлалгүй яах вэ? Тэгэхээр Лихачев, айлчдаа хүргүүлэх арга бодооч гэж зөөлөн талархуу хэлэхэд Лихачев хурандаагийн туслахын нэгэн түлхүүрээ өгч тэднийг сүмийн арын хаалгаар гаргав.

Сар саруул шөнийн тэнгэрт шинийн дөрөвний мөлгөр сар мэлтийгээд сүүн цайвар гэгээ хүрээ хотыг нөмөрчээ. Тэд өөр хоорондоо үг ярилгүй гэлдэрсээр сүмийн баруун урдхан байгаа эмийн сангийн хашаа хүрлээ. Хурандаагийн туслах, хаалганы хавтасны том цоожийг түлхүүрээр сурмаг онгойлгоод түүнээс мулталж, өөрөө түрүүлж, ороод нэг жижиг тасалгааны голд ширээн дээр буй дэнг асаагаад шүдэнзээ халаасандаа хийнгүүт,

-За ийшээ орцгоо гэж уриалгахан хэллээ. Шөнийн гийчид өрөөнд орж бараантсан гэрэлд сүүтэгнэсэн тавьц тавилгыг ажиж амжаагүй байтал нэг хүн цонхны хөшигний цаанаас гарч ирээд,

—Хөдөлж болохгүй! Гараа өргө гэж захирангуй анхаарууллаа. Жаарай гүн байдлыг ажаад гэдэргээ ухартал ар нуруунд нь буун ам тулсанд сэтгэл шимширч, голоор хүйт оргихыг ухаарлаа. Тасалгааны шүүгээ, хөшигний араас гарч ирсэн арав гаруй цэрэг, бууны амыг хүнд бүрд оноон чиглүүлсэнг мэдсэн хурандаагийн туслах, гараа өргөх самбаандаа малгайгаа шүүрэн авч ширээн дээрх дэн өөд чулуудаад өрөөний шал руу үсэрч унангуутаа байраа өөрчилж хэд хэдэн удаа өнхрөхдөө бүсэндээ хавчуулсан буугаа аваад өндийх гэтэл дагзанд нь буу тулгачихсанг гадарлав. Нацаг, хурандаагийн туслах залуугийн цамцны захнаас татаж,

-Буугаа хая! Тоглоом хэтрэх аминд халтай. Ухаантай хүн аминаасаа уйддаггүй гэж анхааруулж, оросоор эвлэгхэн хэллээ. Хурандаагийн туслах хий дүвчигнэвэл амь эрсдэнэ гэдгийг ойлгоод буугаа шалан дээр чулуудаад хүн бүрийг сүрхий хирсүүлэн ширтэж, хялалзсаар бослоо.

Та нар сүмд мөргөл хийгээд ирэв үү? гэж Рагчааг асуухад баригдсан хүмүүсийн хэн нь ч дугарсангүй. Рагчаа, Жаргалын дэргэд очоод,

Энэ бүсгүйгээс бусдыг нь хүлээлгэж бай гэхэд Жаарай гүн,

— Наад бүсгүй чинь хийсэн гэм буруугүй хүн! Дорой, бүсгүй хүнийг гоочлох хэрэггүй. Харин биднийг хэмлэвэл нэлээн мөлжүүртэй байж мэднэ гээд нөхөд рүүгээ толгой дохин заалаа.

—Гүн гуай! Бид эрүү шүүлт хэрэглэдэггүй. Ардын засаг өөрийн хуультай гэхэд Жаарай гүн «Тэр хууль чинь даан их удахгүй байхаа.. Эд нар сүмийнхнийг мэдэж байгаа болохоор өнөө бослого нохойн замаар орлоо шүү» гэж бодоод илүү дутуу үг «донгосохгүйгээр» шийдээд эмийн сангийн байшингаас гарчээ. Баригдсан хүмүүсийг гарч гүйцсэн хойно Рагчаа,

—Жаргалаа! Сүмд ямар улс үлдсэн бэ? гэж магадлав.

Жаргал сүмд болсон зүйлийг дэс дараалан тоочоод: —xyрандаа, Зундуй, Лихачев, Очир, дөрвөөс гадна таван хүн бий. Тэд хоёр давхарт байгаа бясалгалын өрөөний хажуугийн тасалгаанд тоглож байгаа гэж хэлэхдээ сүмийн шалан доогуурах хонгилоор дамжин ламтны байшинд ороод дээд давхарт гарахдаа гийчдээс түрүүлж нэг өрөөнд санамсаргүй орсноо саналаа.

Дээд давхарын хонгилд зогсож байсан нэг орос залуу Жаргалын хойноос ухасхийн ороод түүнийг өрөөнөөс гаргахдаа “Энэ өрөөнд орж болохгүй» гэсэн шиг толгой сэгсэрч билээ. Тэр өрөөнд байсан таван хүн, хурандаагийн хуралд суусангүй. Жаргал хурал тарангуут ламын өрөөнөөс гарч нөгөө дарга нарын өрөөний үүдний дэргэдүүр өнгөрөхдөө онгорхой хаалгыг сэм ажихдаа цагаантны дарга нар өрөөнөөсөө хаашаа ч гаралгүй хөзөрдсөнг мэджээ.

— Ямаршуухан хүмүүс байсныг ажигласан уу? Гэж Рагчаг асуухад Жаргал,

— Цөмөөрөө цагаантны дарга хувцастай хүмүүс байсан гэлээ.

-Жаргал аа! Тэдний дунд буурал халимагтай хоёр хүн байсан уу?

— Цав цагаан толгойтой хоёр хөгшин, хөзөр тоглож байгаа залуу дарга нараас зайдуухан ярьж байгаа харагдсан.

Тэд нар бас сүмийн ламын аль аль нь хуралд ороогүй гэхэд Рагчаа Жаргалд талархал илэрхийллээ.

— Жаргалаа! Чамайг эднээс давын өмнө холдуулж болохгүй. Тиймээс түр хорино гээд Рагчаа учир холбогдлыг Жаргалд тайлбарласан ажээ. Жаргалыг өрөөнөөс гарахад араас нь харж зогссон Нацаг сэтгэлдээ «Одоо манай оронд шашин, сүсэг бишрэлд автагдахын эрхээр ардын нам, засаг, төрийн бодлогыг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй Жаргал шиг эргэлзсэн залуус цөөнгүй. Тийм хүмүүс, хамгийн түрүүнд дайсанд ашиглагддаг. Тэгээд эцэстээ амь насаа алддаг учраас тэдний оюун ухааныг буртагласан үзэл санаа, ёс суртхууны хоцрогдол, ухвар мөчдийн харанхуй төөрөгдлөөс ангижруулж, ардын нам, засаг төрд итгэх итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Тэгснээрээ шашны төөрөгдөлд урхидуулсан залуусыг шинэ үеийн, шинэ хүн болгож чадна. Тиймээс Жаргалыг дайсны гарт ашиглуулж болохгүй” гэж хэлсэн Рагчаагийн үгийг санажээ. Нацаг чингэж бодсоор зогстол Рагчаа

— Нацаг аа! Сүмийн тойм зургаа гаргаач гэлээ. Рагчаа зургийг ажиглаж зогсохдоо «Бароны штабын газрын хоёр хөгшин, Сухаревын тусгай сумангийн гурван «Бароны штабын тагнуулын дарга, Котляровтой зуузай холбосон учраас сүмд хорогдож байгаа байхна. Тэд үе үе хүрээний гудамжинд үзэгдээд ор мөргүй алга болчихдог эд шидийн учир одоо олдохно» гэж өөртөө шивнэжээ.

х x x

Очир, хурандаа хоёр цонхны хөшгийг үл ялиг ярж, шөнийн сарны гэрэлт сүүтэгнэсэн эмийн сангийн байшингийн зүг ширтэн хэдэн мөч дуугүй зогстол хурандаа цонхны хөшгийг татаад,

Дэнгийн гэрэл унтарсангүй. Эмийн санд амар жимэр бололтой гэхэд Очир, сая цонхноос холдож, ширээний дэргэд очсоноо,

-Таны хүн ирсэн үү? гэлээ.

-Үүдний өрөөнд байх ёстой гээд хурандаа хонхоо авч жингэнүүлтэл нэгэн намхан орос орж ирлээ. Хурандаа орж ирсэн хүнээс,

-Тэнгэр ямар байна? гэж урд товлосон нууц үгээр лавлахад Зундуй нөгөө хүнийг ажсаар «Эд нар намайг дахиж сонжихно» гэж бодлоо.

-Сүхбаатар ажиг аваагүй байна. Гэр бүлийнхэн нь зуслангаас ирээгүй учир байшиндаа байгаа. Сүүдэр нь оройноос хойш харагдаагүй. Манайхан дүнжингарбын сүмд байгаа гэж илтгэхэд хурандаа мэдээчийн зүг нүд ирэмлээ.Мэдээч хурандаагийн дохиогоор өрөөнөөс гарахад Очир онигор, хартай нүдээ жоотийлгон Зундуй, Лихачев хоёрыг хэсэг ажсанаа сая ам нээж,

— Зундуй! Бослогыг эхлэхээс өмнө Сүхбаатарыг устгах хэрэгтэй. Гэтэл Сүхбаатарын өргөөнд шууд нэвтрэх тийм бололцоо алга. Харуул хамгаалалтанд сэжиглэгдэхгүй нэвтрэх боломж чамд бий! Бид чамд итгэж энэ үүргийг өгч байтаа юм гээд Зундуйн нүүр өөд ширтэн ажив. Очир, хүний сэтгэл санааг түгшээж чадах эгзэгтэй зүйлийг гэнэт асуугаад царайны янз байдал, харцны хувьсалт хийгээд ярианы бнгб өөрчлөлтийг ажигладаг заншилтай. Хүн иймэрхүү асуултанд мухардахад нүдни йхарц өөрчлөгдөж тулгамдах, царайны өнгө хувьсаж ягаарах, түгдэрч самгардахын эрхээр ээрэх,шүлсээ гуд гуд залгих зэргээр сэтгэлийнхээ цочролыг илчилдэг билээ.

-Мэдлээ. Тушаал ёсоор гүйцэтгэе гаж товчхон тодорхой илтгэхэд Зундуй ерийнхөөсөө илүү тайван байгааг хараад гайхсан Очир сэтгэлдээ Зундуй яагаад гэнэтийн асуултанд цочсонгүй вэ? Дотоодын хамгаалахын даалгавраар яваа бол Сүхбаатарыг устгах даалгавар аваад тулгамдаж, самгардах ёстой. Гэтэл Зундуйн нүүр царай, үг ярианд өөрчлөлт гарсангүй. Бүх сорилтын үр дүн ном ёсоор илэрсэн болохоор Яндаг дүүдээ итгэх бүх зүйлээ ярьсан нь үнэн байж таарахна» гэж боджээ.

-Сүхбаатараас өшөөгөө авна гэдэгт итгэж байна. Гэхдээ Сүхбаатарын тасалгаанд ганцаараа орж болохгүй! Лихачевтай хамт орох хэрэгтэй. Хамгаалалтын арваны дарга урд оройноос хойш үзэгдээгүй. Тэр лүд Сүхбаатарын хажууд байгаа бололтой. Тиймээс ганцаараа орох нь чамд осолтой! Лихаченыг улаан цэргийн штабаас жанжинтай уулзах маш чухал ажлаар яваа гэж танилцуулбал сэжиглэгдэхгүй байх гээд Очир дээлийн өврөөс таван сум, буу гаргаж Зундуйд өглөө. Тэрээр Лихачев өөд эргээд,

-Одоохон хувцасаа соль. Та хоёрт маш бага хугацаа үлдлээ гэхэд Лихачев хувцасаа солихоор хажуугийн өрөөний хаалга өөд чиглэв. Тэрээр хэдэн жилийн өмнөөс өөртөө хадгалж явсан улаан цэргийн дарга хувцсаа өмсөж байтал Очир орж ирлээ. Очир, Лихачевын дарга хувцасыг эргүүлж тойруулж харснаа,

— Яггүй догь зохиж байна шүү гээд хуурамчаар инээмсэглэж тал зассан болоод яриагаа үргэлжлүүлж: — Александр Александрович аа! Таны туслах Тимохин үүдний өрөөнд хүлээж байгаа. Түүнийг дагуулж явсан дээр, Хурандаа бид хоёр түрүүхэн заавар өгчихсөн. Зундуйг итгэх итгэл миний сэтгэлд буухгүй байна. Хэрвээ жанжингаа алахаас булзайрч татгалзахад хүрвэл дор нь устгаад хоёр дахь хувилбарыг хэрэглэж Тимохиноор устгуулах хэрэгтэй гэж учирлав. Чингээд Лихачевтай хамт ламтны бясалгалын өрөөнд орж ирэхэд Зундуйтай ажил төрөл ярьж суусан хурандаа суудлаасаа өндийж тэднийг тосон очоод, Хянамгай яваарай! Амжилт хүсье гэлээ. Очир, тэднийг өрөөнөөс гаргаж өгөөд буцаж бясалгалын тасалгаанд орж ирээд том ширээний дэргэд суугаад,

— Артур Максимович аа! Одоо ажлаа эхлэх үү дээ гэтэл хурандаа өөрийнхөө туслахын нэгэнд,

— Цаадуулаа оруул гэж тушаангуй хэлтэл хурандаагийн хамгаалагч толгой дохиод өрөөнөөс гарлаа. Чингээд удаж төдөлгүй орж ирсэн таван офицер, хуучны хэргэм цолоо бүрэн эдэлж зүүсэнг ажвал хэдэн сарынхаа бүгээнээс гарахаар шийдсэн ажээ. Хурандаагийн хоёр туслах өрөөний гурван ханын хаалгыг хааж хөшгийг янзлаад гарцгаалаа.

Хүрээний бослогыг удирдах бүрэлдэхүүнд ордог офицерүүд хурандаагийн үгийг хүлээн номхон зогсож байтал,

-Ноёд оо! Наашаа суугаач гэж хурандааг урьтал бослогыг удирдах хүмүүс ширээний ойролцоох сандлууд дээр суулаа.

Хурандаа Бароны үеийн туршлагатай хүмүүсээр бослогын дөрвөн хэсгийг удирдуулахаар шийдэж, тэдэнтэй төлөвлөгөөгөө ярилцаж хийсэн билээ. Тэднийг чингэж ярилцаж байхад Очир том ширээний арын зөөлөвчилсөн сандал налж, нугдайн суухдаа ширээн доогуур хөлөө жийжээ. Тэрээр хурандаагийн хамааcтaнг толгой дараалан ажиж суухдаа «Өнөө шөнийг өнгөрөөчихвөл үү? Миний нар гарах нь тэр! Одоо дахиад хүрээ зүглээд сайнаа үзэхгүй. Хурдан Банканд байгаа хэдтэйгээ нийлүүлээд далайн тэртээх орны бараа харчихвал болох нь тэр. Алтны үнэ, өнгө хоёроор хүссэн бүхнээ эрхэндээ оруулж чадна. Одоо шалдар булдар хоёрын хооронд бодолд хөтлөгдөж хүүхэд шиг хийсэж, дэвэрдэг нас өнгөрсөн. Би чинь Магсаржавт нүд үзүүрлэгдэж, орос түшмэлд гоочлуулж, нарсанд хатаж яс арьстайгаа сарьсалж явсан Жудаг биш. Нэг ертөнцийг нөгөөгөөр нь арилжиж чадах сүүхээтэй, банкны хөрөнгөтэй эзэн болох зам мөр тодорсон хойно унацтай наймаанд толгойгоо тушаах хэрэггүй» гэж бодсоор хурандаагийн яриаг хайнга сонсох ажээ.

— Ноёд оо! Бид гогцоог «Гурван баянтай» хамтруулах гэсэн боловч генералууд дээд командлалын шийдээр төлөвлөгөөг хойшлуулсан тухай, өчигдөр мэдээ авлаа. Бид төлөвлөгөөгөө нарийн чанд хийсэн гэдэгт санал нэгтэй байгаа тул өөрсдийнхөө хүчинд тулгуурлаж Богдын туслалцаатайгаар хөдлөхөөр шийдвэрлэв. Тиймээс...

-Хурандаа Котляров үгээ хэлж дуусаагүй байтал уужим өрөөнд хэн нэг хүний баргилдуу дуу хүнгэнэн цуурайтав.

—Эрхэм ноёд оо! Суудлаасаа хөдөлж болохгүй гэж оросоор тод хэлэх нь хурандаагийнханд тод сонсогдлоо. Гурван ханын хаалганы хөшигний араас гэв гэнэт гарч ирсэн цэргүүдийн бууны амыг хайнга ажсан хурандаагийн хамсаатангуудад, халаасандаа байгаа буундаа гар хүрэх завдал гарсангүй. Рагчаа, сүмийн ширээт ламын байшингийн өрөө тасалгааг нарийн судалсан Нацагийн зургаар хүмүүсээ байрлуулахдаа хурандаагийнхыг гал нээж, эсэргүүцэх боломжгүй болгожээ. Хурандаа Котляров, тэнгэрээс унасан юм шиг гэнэт гарч ирсэн цэргүүдийг агшны төдий л гайхсангүй. Тэрээр тулгамдсан үедээ уужуу хөдөлж сурсан заншлаар нуруугаа үүрсэн хүн шиг зогсохдоо өмднийхөө арын заханд сул хавчуулсан буугаа авахыг завдаж байгааг Очир ажиглажээ. Тэрээр ширээн доогуур жийсэн хөлөө сэм татан атийлгаад ширээний ирмэг рүү тийрэнгүүт суудлаасаа холби үсрэн шал руу элэгдэн унав. Дөрвөн том тавиуртай лаа, ширээтэйгээ унах тэрхэн зуур харанхуй өрөөнд буун дуу зэрэг нижигнэв.

Очир, харанхуй тасалгаанд гарсан буун чимээг анзаарах сөхөөгүй өрөөний зүүн ханын өөд ухасхийн дайрч гартал Рагчаагийн заавраар нөгөө өрөөнд отсон Нацагтай халз тулжээ. Нацаг өөртөө олдсон боломжийг ашиглан, Очирын зүүн эрүү, аймхайд хүчтэй тулган буулгатал тэрээр ухаан балартан бөхийх тэр хооронд хоёр гарын зангидсан нударгаар дагз руу нь буулгажээ. Хир баргийн юманд эрсдэж үзээгүй, догьширсон айлчин чухам хэрхсэнээ үл ухааран шалан дээр тугдайн унасны дараахан Нацаг түүний чамархайд цочрол өгч ухаан залгууллаа.

Очир, ухаан оронгуутаа орчин тойрноо сэм ажиглавал тэрээр ламтны бясалгалын өрөөний хажуугийн тасалгааны хаалганаас холгүй унаж шалан дээр хэвтэж байгаагаа ойлгоод байдлыг ажиглан, чимээ чагнаж хэсэгхэн хэвтэв.

-Очироо баашлах хэрэггүй! Бос... бос гэж анхааруулсан Нацаг Очирын гүн хэргэмийн хүрэмнээс татахад илүү зан гаргаж хэдэрлээд нэмэргүй болсныг ойлгоод шалнаас өндийлөө. Очир, босонгуутаа хүмүүсийн байдлыг ажвал мэлзэж мэтгэх найдлагагүй болохыг ухаараад шаардлагыг дагахаас өөр замгүй болжээ. Тэрээр Рагчаа, Нацаг хоёрын шаардлагаар тэднийг дагаж гэлдэрсээр ламтны байшингийн доод давхарын нэгэн уужим өрөөнд орж ирлээ. Очир, баригдсан хүмүүсийг толгой дараалан ажиглавал хурандаагийн таван сүлд гэгддэг Бароны дарга нар, мөн тагнуулын ажиллагааг таван хуруу шигээ ойлгодог хоёр хөгшин цөм баригдсан байлаа. Нацаг баригдсан хүмүүсийг нүд гүйлгэж ажсанаа,

Сүмийн ширээт лам алга гэж шивнэн Рагчаад хэллээ.

— Артур Максимович аа! Ширээт ламын цогцос сүмийн зооринд байна. Нэлээн удсан янзтай. Гэтэл өнгөрдөг үдэш ширээт ламтанг сүмээсээ гараад байшиндаа залрахыг олон хүн харжээ. Та, энэ илбэ ухааны учрыг гадарлах байх аа! гэж Рагчааг сануулахад хурандаа харц бууруулав. Чингээд Рагчаа нэг цэргийн барьж байгаа хар ламын хувцас, хиймэл сахал, хууз тэргүүтнийг заагаад,

— Та үүнийг өмсчихвөл ширээт ламыг орлочих юм биш үү? Хурандаа Хомов аа! гэж алдар цол, аав ээжээс заяасан нэр овгоор нь дуудаж лавлав.

...Колчакын үеийн Хомовын намтар түүхийг Рагчаа энэ хугацаанд бүрдүүлээд зэхчсэнийг хурандаа хэрхэн мэдэх аж. Цагтаа Колчакын залхаан цээрлүүлэх, мөрдөн илрүүлэх тусгай газрыг толгойлж явсан Хомов, Омскын засгийн газрынхантай түнш хагарч, яльгүй зүйлээс болж маргалджээ. Учир нь хятадын Сю Шу чжэн, Монголд нэвтэрч автономитыг устгаж дураараа дургисан явдлыг эсэргүүцсэн Омскынхон «Гурван улсын гэрээнд» бүдүүлэг хандсанд дургүйцсэн юм. Чингэж Колчак, зусарч, бялдууч зангаараа алдаршсан хэдэн дипломатчидтай нийлсэнд Хомовын эгдүү хүрч тангараг тасарсан билээ. Омскынхонтой улс төрийн үзэл бодол эс таарсан Хомов, Колчакаас салангуут дээрмийн отряд байгуулав. Тэрээр Сибирийн эгэл жирийн ард түмнийг тонон дээрэмдэж, тосгон гацаагаар нь хүйс тэмтэрч яваад эцэстээ амь тээхийн эрхэнд Троицкосавскад бүгсэн эртний танил Сысоевыг бараадаж ганзага нийлүүлэхийг боджээ. Чингэтэл 1920 оны 2 дугаар сард Хувьсгалт нууц бүлгийнхэн зэвсэг барин босож 1919 онд хүчинд эрсдэн унагаагдсан Зөвлөлт засгийг дахин байгуулав.

Троицкосавкад хоргодож байсан цагаантнууд Монгол Хиагтыг бараадан гамингийн генерал Чен-Игийн асрамжинд орж, Наймаачин хотын шавар хэрмэнд толгой хавчуулсан нь «сэгээ уралцсан хоёр шархтай чоно бие биенийхээ гараар могой барихыг» хичээсэн хэрэг байжээ. Гэсэн ч тэднийг «Бурхан тэнгэр» эвээн таалсангүй. Ардын журамт цэргийн сураг чимээг битүү сонссон Хомов, хар толгойгоо бодон хүрээ бараадсан боловч улаан голоо торгоох хардсаныг ойлгожээ. Тэгээд эцсийн ов мэхээ гаргаж СвятоТроицын сүмийн ширээт ламыг нудраад биеэ далдалсан билээ. Гэсэн ч хурандаагийн биширдэг «Ариун гэгээн бурхан тэнгэр» түүнийг энэрэлдээ багтаасангүй.

Котляров хэмээгдсэн хурандаа Хомов, өөрийнхөө ажиллагааг илрүүлэхэд хүргэсэн буруутанг мэдэхийг бодохдоо,

-Ноён даргаа! Та хэзээнээс сэжиг авсан бэ? гэж Рагчаагаас асуулаа.

Эмийн сангийн эрхлэгчийг тэрэгчинг болгосон таны алдаанаас эхэлсэн гэхийг сонсоод хурандаа гүнээ санаа алдан, сэтгэлдээ «Бүтэн хоёр сар гаран миний мөрийг мөшгөхдөө сэжиг авахуулдаггүй сүрхий дамшгууд байна шүү» гэж бодоод Рагчааг сонжиж,

-Дайнд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг болохоор яая гэх вэ? Харин дайнд олзлогдсон ахлах офицерын хувьд тусгайлан хорихыг шаардах эрхтэй гэж бодож байна гэлээ.

-Олон улсын хэлэлцээгээр бол таныг дайнд олзлогдсон цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэх үндэс байхгүй гэж Рагчааг ноцтой хэлэхэд хурандаа бүлх залгиж хахсан хав гөлөг шиг хөөрхийлөлтэйгээр бүлтэгнэв. Котляров хэмээгдэх нэрээр хүрээнд толгой хавчуулж өдий хүрсэн Хомовтой ярилцаж буй Рагчаагийн үгийг сонсох төдий чагнаж зогссон Очир «Бүтэлгүй өгрүүдээс болж ингэж хөөдөгдөх хэрэг үү! Мөн гайхмаар хачин тохиолдол оо? Наашаа хэрэггүй зүглэжээ. Энэ хэргийг бүтээвэл цадиггүй баяжиж бэлжих хөрөнгө өгнө гэж хэн амалсан вэ? Бүх хадгаламжаа алт болгоод гадаадын банканд шилжүүлээд далайн чанадад гарвал лусын эзэн болно гэж хэн ятгалаа? Одоо Токиогийн хоёр банканд байгаа тэр их хөрөнгө хэний гарт орох вэ?

Озакура, ингэж баларсныг мэдэнгүүт өөрийнхөө гар хөлийн зарц нарыг гүйлгэж тэр хөрөнгө, хадгаламжийг өөрийнхөө нэрэн дээр болгуулахын тулд хуурамч «гэрээслэл» бэлдэж чадна! Өгөр шулам, арлын гoдгoр ингэхийн тулд намайг хүрээ рүү цөлжээ» гэж бодсоор зогсохдоо Озакураг санатал түүний залирхуу овжин цайвар царай Очирын сэтгэлд үзэгдэх шиг боллоо. Тэрээр Токиогийн хоёр банкны эзэдтэй уулзаж жудагийн хадгаламжийг өөрийнхөө нэрэн дээр болгуулах баталгааны өвлөх эрхийн баримтанд гарын үсэг зурахаар зэхэж байгаа мэтээр Очирын нүдний үзүүрт өртсөнд тэрээр нүдээ тас аньж хөмхийгөө зуужээ. Чингэхэд Очирын сэтгэлд айх, гайхах бодол зэрэг төрж, зүрх шимш рүүлсэн бүхэн түүний оюун ухааныг шаналгана. Очир нүдээ аньсаар «Алт... алт! Үнэ өнгө хоёроороо хорвоог хөрвүүлж чаддаг алтны ид шид, нэг шуналтны гарт нөгөө нэгийг нь тушааж, амь биеийг нь түйвээдэг уламжлалаар эзнээ өөрчилдөг жам мөртэй ажээ. Алтны энэ гайхамшигтай бузар булайг өдий хүртэл мэдээгүй явсан минь эцсийн эцэст хар толгойгоо гээхэд хүрэхнэ. Хүний үйл лай нүднээс далд дагадаг гэсэн миний лай нүдэнд ил, дагаж явжээ» гэж бодтол амьсгаа нь давчдаж хоолой нь бөглөрөх шиг санагдсанд аньсан зовхио нээж ойр тойронгоо ажиглан хартал Рагчаа түүний дэргэд ирээд,

— Та тайван бай! Хэтэрхий их сандарч олон юм зэрэг бодох зүрхэнд халтай байдаг. Тийм биз дээ? Жудаг аа! гэхэд эцэг эхээс хайрласан нэрээ сонсолгүй арван жил болсон хойно сая сонсоод зүрх нь зогсчих шиг боллоо.

ххх

Лихачев цаг хугацааг алдалгүй баримталдаг болохоор энгэрийнхээ цагийг байн байн хардаг зуршилтай. Тэрээр энгэрийнхээ халааснаас цагаа гаргаж,

— Одоо цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Та нар холбооны шугамыг заасан газраар таслахдаа болзсон цагаас арван таван минутын өмнө амжсан байх хэрэгтэй гээд Лихачев зүүн харчуулын хооронд байдаг нэг орос худалдаачныд бүгсэн гурван хүнд үүрэг өгснөө байшингаас гарахаар үүд рүү эргэтэл Тимохин сүүдэр шиг дагав. Тэд морьдын хурдаар давхиулсаар Дүнжингарбын сүмийн хашааны үүдэнд буутал Жаарай гүнгийн дүү өлзий нэгэн оросын хамт тосон угтлаа. Лихачев, Өлзийтэй уулзангуут тусгай даалгавар өгч,

-Одоо өөрийнхөө тавинтай явж орос цэргийн хуаранг бүсэлж бар цагт арван таван мөч дутуу байхад Богд хаантны бичгийг гардуулаад бусдыг төлөвлөсөн ёсоор гүйцэтгэнэ. Тиймээс одоохон хөдлөх хэрэгтэй гэж тушаахад Өлзий толгой дохиод хашаанд бөөгнөрсөн цэргүүд рүү эргэлээ. Лихачев, нөгөө оростой уулзаад цэргийн байдал, төлөвийг ажиглаад,

-Их буугаар хоёр удаа буудаж дохио өгөөгүй цагт хашаанаас хэнч гарч болохгүй гэж хатуу тушаалаа. Лихачев урд оройноос хойш уван цуван цугларсан хүмүүсийг ажиглавал ихэнх нь лам ажээ. Тэрээр чингэж бослогынхны байдалтай танилцаад морьдоо хашаанд үлдээгээд хоёр цэрэг дагуулан Дүнжингарбын сүмийн өндөр сургааган хашааны даамингаар гарч баруун тийшээ зүглэв.

Зуны сүүл сарын шинийн тавны үүрийн гэгээ тэмдэгрэхээс нэлээн өмнө сүмийн хашаанаас гарсан Лихачев, Зундуй, Тимохин гурав хоёр цэргийг дагуулан Сэцэн ханы хорооны урд хүрийг бараадан явсаар нэгэн хашааны үүднээ очлоо. Лихачев, энгэрийн цагийг гаргаж харснаа,

— Яг арван таван мөч үлдлээ. Одоо хаалгыг нь цохь гэж тушаангуй хэлэхэд Зундуй явган хаалгыг гинжээр нь балбав. Хаалга цохих чимээнээр жанжны гэрийн арын байшингаас гарч ирсэн нэг хүн,

-Хэн бэ? гэж лавлан шалгаахад Зундуй нууц дохио, нэрээ хэллээ. Дунд зэргийн нуруутай нэг залуу явган хаалгын түгжээ тайлж онгойлгоод,

—...Аа Зундуй гуай юу гэхэд Зундуй Лихачев өөд зааснаа,

-Улаан цэргийн штабаас жанжинтай биечилж уулзах яаралтай хэргээр энэ дарга иржээ. Жанжин нойрсож байна уу? гэхэд нөгөө залуу,

— Жанжин тун саяхан ирсэн. Хойт байшинд байгаа. Би арванд айлтгая гэв.

-Хэрэггүй! Би өөрөө дагаж орно гэхэд өнөө залуу тэр гурвыг хашаанд оруулаад даамингийн хаалгыг түгжихээр завдав.

-Хаалгаа түгжээд хэрэггүй. Бид удахгүй гэхэд хамгаалалтын цэрэг түрүүлж байшингийн зүг эргэлээ. Зундуй байшингийн зүүн талд байгаа үүдний саравчны довчоонд дөхөнгүүд бууныхаа гэрний товчийг мултлав. Хамгаалалтын цэрэг үүдний саравчийг дамжин байшингийн дотор талын өрөөний хаалгыг онгойлготол Зундуй нөгөө хоёроосоо түрүүлж орох гэтэл Лихачев хаалганд хөндөлдөв. Чингэснээ тасалгааны баруун ханын хаалганы өмнөх ширээний хажуугийн сандал дээр сууж буй Авир хамгаалалтын арваны дарга хоёрыг ажиглангуут Зундуйд зай тавин өглөө. Хамгаалалтын арваны дарга, гаднаас орж ирсэн хүмүүсийг тосон угтахад Зундуй,

-Энэ хүн улаан цэргийн штабаас жанжинтай уулзах яаралтай хэргээр ирсэн гэнэ хэмээн товчхон танилцуулав.

Харин Лихачев байдал төлөвийг хүлээхээр шийдсэн янзтай зогсож, нүдний булангаар өрөөний доторхийг хянамгайлан ажина.

Авир, улаан цэргийн хувцастай Лихачевыг гадаад төрх байдлаар ажиглан таниад «ёстой жүжигчин шиг тоглож байна даа. Эмийн сангийн эзэн... өрөөсөн хөлгүй, тэрэгчин... одоо улаан цэргийн дарга ...хөөрхий одоо баригдах цаг чинь болж дээ» хэмээн бодож байлаа. Хамгаалалтын арваны дарга, Лихачевтай амар мэндийн зөрөө гаргаад,

-Та харилцан нэвтрэлцэх орос сумангаас ирэв үү? гэж лавлав. Хүрээнд байдаг цэргийн холбооны сумангаас жанжинтай уулзахаар ирдэг дарга нар тусгай «дохио» хэрэглэдэг болохоор «арван», чингэж магадалж асуусан ажээ.

— Үгүй ээ! Тавдугаар армийн штабаас... Сүхтөмөртэй уулзах асуудлын талаар тохиролцох ёстой юм гэхэд «арван» хэсэгхэн төдий бодсоноо,

- Энэ хүн тантай хамт орох уу гэж асуугаад үүдний дэргэд зогсож байгаа орос өөд толгой дохилоо.

Миний хөтөч байгаа юм гэж Лихачевыг хэлэхэд Зундуй, Авирын царайг ажвал ерийн тайван, ажиггүй байлаа.

Жанжин амрах гэж байгаа. Гэхдээ танилцуулъя. Та нар суугаач. Жаахан хүлээх байх гээд арваны дарга, жижиг өрөөний баруун ханын хаалга өөд алхав. Арваны даргыг гаднаас орж ирэхийг хүлээж байсан Рагчаа, Нацаг хоёр, хаалга онгойх чимээгээр суудлаас өндийв. Рагчаа аравны даргын царайг ажиглан,

-Ямар улсууд ирэв вэ? гэхэд аравны дарга,

— Зундуйтай хоёр орос ирлээ.

-Ямаршуухан байр байдалтай улс байна даа гэж асуухад

— Нэг нь улаан цэргийн дарга хувцастай хүн байна. Тэгээд Сүхтөмөртэй уулзахаар ирсэн гэж байна гэлээ.

Рагчаа «Сүхтөмөр» гэдэг үгийг сонсоод мэл гайхав. Энэ нууц дохиог Тавдугаар армийн тагнуулын хэлтсийн дарга Репин, Блинов нарын бие төлөөлөгч, жанжинтай уулзахаар ирэхдээ хэрэглэх ёстой учраас «Сүхтөмөртэй уулзах асуудал» гэдэг үгийг Рагчаа, жанжин хоёроос өөр хэн ч мэдэхгүй, Рагчаа хэсэгхэн дуугүй зогсон бодолхийлтэл Нацаг,

— Одоо эхлэх юм биш үү гэж лавлав.

— Та, Зундуй, Авир хоёртой нийлж хөтчийг ажиглаж бай. Намайг дохио өгөхөөс өмнө хөдөлж болохгүй. Нацаг бид хоёр уулзъя гэхэд аравны дарга өрөөнөөс гарч,

За ор, Тэгэхдээ Зундуй гуай, Хөтөч та хоёр энд хүлээж бай гэхэд Лихачев, хувцсаа засах зуур Тимохин руу эргэж нүдээр дохио өгөөд жанжны өрөө рүү чиглэх тэрхэн зуур Авир өврөөсөө хайрцагтай хөндий иштэй тамхи гаргаж, нэг ширхэгийг асаасан нь  «хүлээзнэх дохио» байлаа.

Лихачев, гаднаас орж ирээд өрөөг ажиглавал, өрөөнд Сүхбаатар байсангүй. Харин шинэ дутам байгуулагдсан дотоодыг хамгаалах газрын ажилтан болов уу гэмээр хоёр сууж байлаа.

Лихачев, орж ирээд хэсэгхэн дуугүй зогсоход Нацаг, өрөөний хаалганы дэргэдэх сандал дээрээс босож,

— Сүхтөмөрийг ямар хүн сураглаа вэ? гэж Рагчаагийн хэлж өгсөн сорих дохиогоор асуув.

Өвгөн Реблин гуай уулзах юм гэж Лихачевыг хэлэхэд Рагчаа,

-Таны алдрыг хэн гэдэг вэ? гэж лавлав.

—Миний овог нэрийг Феодор Александрович Гришин гэдэг юм гэж тайван хэлэхэд Рагчаа «Реблин» гэдэг үгийг сонсоод өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй энэ дохиогоор улаан цэргийн тавдугаар армийн тагнуулын хэлтсийн дарга Репин, түүний туслах Блинов нарын илгээсэн элч болохыг мэдээд инээмсэглэв.

Феодор Александрович Гришин 1918 онд Фликс Эдмундовичийн даалгавраар Дундат азид очоод эдүүгээ хүртэл тагнуулчаар ажиллаж байгаа хүн. Чингэхдээ эхнэртэйгээ хоёр удаа, захиа бичиж холбоочингоор дамжуулсан билээ. Сүхбаатар жанжин, хэдэн сарын өмнө цэргийн тагнуулын түр сургууль, байгуулахад, туслах ажлаар хүрээнд ирсэн Репин, Блинов нартай уулзахдаа Рагчааг тэдэнтэй танилцуулсан юм. Рагчаа, Сүхбаатар жанжны даалгавраар хүрээнд ирэх ёстой Феодор Александрович Гришны эхнэр хүүхдийг хүрээнд ирүүлэхээр улаан армийнхантай тохиролцсон, Гришины эхнэр хүүхэд хүрээнд ирээд гурав хонож байлаа. Гэтэл Рагчаа Гришинтэй ингэж уулздаг байжээ. Рагчаа Гришинтэй уулзах, танилцах дохиог хэлж

— Би «хүрээ-хаалга» байна гэхэд Феодор Александрович, сая жинхэнэ ажил хэрэгтээ орох болсноо мэдэв.

-Манай эзэн, хурандаа Хомов удирдамжаа өөрчилсөн. Тэгээд намайг жанжинтай уулзахдаа хадагны оронд сум барьж золго! гэж даалгасан болохоор энд ирлээ. Лихачев гэдэг нэрээр онцгой үүрэг гүйцэтгэж байгаа Зөвлөлтийн тагнуулч Феодор Александрович Гришин, хорлон сүйтгэх ажиллагааг удирдаж байгаа «нууц хуйвалдааны» эздийн талаар Рагчаад илтгэж танилцуулав.

-Японы ятгалгаар цагаатны төлөвлөсөн «Гурван баян» гэдэг хуйвалдааны төлөвлөгөө хойшлогдсоныг төвтэй холбоо барьсан Очир, хурандаад илтгэсэн юм. Хурандаа Харбиныханд уурлаж боож үхтлээ багтраад өөрийнхөө хүмүүст тал нүүрээ алдахгүйн тул бослогыг эхлүүлэхээр шийдсэн.

Нөгөө талаар Чжан золингийн мэргэжилтэнүүд «гурван баян» төлөвлөгөөг сонирхож, ашигтай нүх сүв бэлдээд тэр төлөвлөгөөг «ацан шалаанд оруулах аргыг» биднээс өмнө хийсэн нь довтолгоонд муугаар нөлөөлжээ. Мөн Чжан золингийнхон өвөр Монголын ноёдыг, япон Семеновынхноос

холдуулахын тулд Цэрэн гүнд их хөлс өгч, найдлага тавьсан байна. «Гурван баян» төлөвлөгөөний хуулбарыг Чжан ноёныхон авч чадсаны зэрэгцээ Шильников үл мэдэгдэх замаар алга болж, штабын дарга Мицеевскийн машин, штабт бөмбөг, дэлбэрснийг цагааныхан их гайхаж байгаа.

Японы тагнуул Озакура, эздийнхээ даалгавраар генерал Шильниковыг Семновт мэдэгдэлгүйгээр Токиод аваачихаар зориуд дэлбэлэлт хийсэн гэж үзэх таамаглал бий. Японы нууц албаныхан өөрийнхөө гараар үйлдсэн зүйлийг сэжиг гаргуулахгүйн тулд тийм арга хэрэглэдэг нь уламжлал болсон юм.

Феодор Александрович аа! Тэгвэл таныг хэд хоног хар гэрт хорих хэрэгтэй болохно гэж Рагчааг дурамжхан хэлэхэд,

-Хэрэг явдал, санамсаргүй байдал, цаг үе юунд ч хүргэдэг. Тэгэхээр гонсойх юм алга. Үнэндээ цочмог, гэнэтийн аахар шаахар зүйлд дасчихаад тоохоо больчихжээ.

Хэрэгцээтэй цаг тохиолдвол амиа өргөх явдал гарна гэдэгт итгэж, янз янзаар боддог гэж хэлэхэд Рагчаа, Гришинг сэтгэлдээ өрөвджээ. Чингэхэд Рагчаа энэрэнгүй зөөлөн, ухаалаг нүдээр Гришинг ширтэн яриаг нь анхааралтай сонсохдоо «Олон жил эхнэр хүүхдийнхээ барааг хараагүй энэ хүн, маргааш тэдэнтэйгээ уулзаж чадахгүйнэ. Цэрэг эр! Тэр тусмаа тагнуулч хүний хувь тавилан хэцүү, хатуу байдаг. Чухам эх орон ард түмэн гэдэг сэтгэл зүрх хүнийг ийм хатуу, тэсвэр хатуужилтай болгодог дэг журамтай» гэж бодохдоо бараг таван жилийн өмнө Харчин гүнгийн нутгаар тагнуулд явж байснаа санав.

-Феодор Александрович аа! Таны хөтчийг яах вэ? гэхэд,

—Нааш нь оруулчих. Энд учрыг нь олъё гэхэд Нацаг хөтчийг дуудаж, хашаан дахь цэргүүдийг баривчлах дохио өгөхөөр өрөөнөөс гарлаа. Нацаг, Зундуйг нүдний булангаар хайнга хараад,

-Зундуй, та хоёрыг жанжин дуудаж байна гэхэд Зундуй, Тимохиноос түрүүлж босоод алхтал Нацаг,

-Зундуй. Та малгайгаа гэж хэлээд нүдээрээ Тимохины зүг ирмэлээ.

Нацаг, тэднийг өрөөнд орсон хойно хашаанд үлдсэн цэргүүдийг баривчлах дохио өгөхөөр цонхны хөшгийг татлаа. Чингээд Нацагийг орж ирэхэд Тимохины гарыг гавлачихсан байлаа. Рагчаа, Гришинтэй ярилцах зуур,

—Нацаг аа! Айлчингаа аваачаад ижилтэй нь нийлүүлдээ гэхэд Нацаг Тимохиныг дагуулаад явлаа.

— Феодор Александрович аа! Та Зундуйтай танилц.

Хар гэрт байхдаа тухтай танилцаж амжина байх гэлээ.

—Бид хоёр ч бараг зан зангаа мэддэг болсон. Харин үнэнийг хэлэхэд сөрөх тагнуулч гэдгийг мэдээгүй юм. Зундуй хачин гайхмаар тэсвэр, хатуужилтай хүн байна лээ.

Сүрдүүлэлт, далайлгалтанд тийм тэвчээр гаргаж яс заана гэдэг хүний хир хэмжээнээс хэтэрсэн зүйл юм. Хамгийн сонин нь сэтгэлийнхээ цочролыг нүүр царайндаа илрүүлдэггүй нь гайхалтай юм гэж хэлэхэд Рагчаа Зундуйтай анх уулзаж танилцсанаа санав.

...Шинэ дутам байгуулсан хоршоог ухаж, шатаах гэсэн Яндагийн хэрэгт өртсөн Зундуйг Бат гүнд чандлан хорьсныг мэдсэн Рагчаа, түүнийг сулуулж авчруулжээ. Үнэндээ Рагчаа, Зундуйн эцгийг нэлээн эртнээс таньдаг аж. Рагчаа бүх байдлыг Зундуйгаар яриулж мэдсэний дараа нэгэн эрихийг үзүүлсэн нь Яндагийн эрих байлаа.

-Зундуй. Би чиний эцгийг сайн танина. Манлай Баатарын шадар үнэнч шударга цэрэг эр гэдгийг мэднэ. Тиймээс үнэнийг чамаас нуух хэрэггүй гэж бодож байна. Яндаг ,хүрээнд байсан японы нэг тагнуулын туршуул байсан юм. Тэгээд Хатан Баатар, жанжин хоёрыг хорлох гэж мөшигдөг байлаа. Ингэхлээр тэр тагнуулын төлөөний хүн хүрээнд хэзээ нэг цагт ирэхдээ энэ эрихийг баримжаалан Яндагтай уулзаж магадгүй юм. Тэгэхээр чамтай тохиролцох хэдэн юм бий гээд хэргийн учир явдлыг тайлбарлажээ. Рагчаа, Зундуйтай нэлээн ярилцаад,

—Зундуй. Чи дарга нарын сургуулийн дэргэд байгуулсан түр сургуульд ор. Би чамд туслахыг хичээе гэсэн ажээ.

Рагчаа, Зундуйг тагнуулын түр сургуульд оруулж, төгссөний нь дараа эрхний нарийн учрыг ширхэгчлэн тоочиж, Сатарт хутгалуулсан Яндаг нас барахынхаа өмнө амжиж ярьсан бүхнийг Зундуйд тоочжээ. Яндаг хутгалуулаад их цус их алдсан тул түүний амийг аварч чадаагүй юм. Чингээд Рагчаа Зундуйтай ярьж, түүнийг дурдасын гуанзаар орж гарч байхыг зөвлөхдөө суух ширээг нь зааж өгсөн билээ.

Рагчаа, Зундуй хоёр Гришинтэй ярилцаж, хилийн чанадад боловсруулагдсан «Гурван баян» төлөвлөгөөний нууц эзэдтэй холбогдсон асуудлын талаар нэлээн ярилцлаа. Гришин, Рагчаагийн саналыг сонсож эрэгцүүлэн бодсоноо,

-Би хурандаатай хамт хар гэрт чинь хэд хоноё. Болж өгвөл Очиртой хамт хэд хоноход баримжаа нь гарна. Ямарч гэсэн Жаргалыг хилийн чанадад гаргах нь бидний цаашдын ажилд хэрэгтэй. Тиймээс хүрээний сонинд зарлах бэлдэх нь зүйтэй. Хуйвалдааныхнаас оргосон хүмүүсийн талаар зарлал бэлдэхдээ сайн бодох хэрэгтэй. Нөгөө талаар «Гурвай баяны» эздийг илчлэх төлөвлөгөөг нарийн боловсруулвал хилийн чанадад ажиллуулах хэсгийн ажил бүтэмжтэй болно гэж хэлтэл нөгөө өрөөнөөс хотын көмендантын дарга, хотын ерөнхий эргүүлийн ахлагч орж ирлээ.

—Дотоодыг хамгаалах газрын орлосон дэд дарга Рагчаа танаа... Хурандаа Котляров хэмээгч Хомов болон цагаантны хэсэг дарга нарын зохион байгуулсан «Гогцоо» хуйвалдаанд оролцсон 300 гаруй хүмүүсийн зэр зэвсгийг бүрэн хурааж, өгсөн даалгаврыг хугацаанд нь амжилттай биелүүллээ гээд олзлогдсон цэргийн зэвсэг хүчний талаар тодорхой илтгэв.

Улаанбаатар. 1978 он.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]