Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уотергейтийн хэрэгУншсан9,563

1972 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Вашингтон дахь Ардчилсан намын төв байранд сонсох төхөөрөмж байрлуулах гэсэн оролдлого гарчээ

Өнгөрсөн зууны 70-аад онд АНУ-ын улс төрийн хүрээнийхэн Уотергейтийн хэрэгт анхаарлаа хандуулаад байлаа. 1972 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Вашингтон дахь Ардчилсан намын төв байранд сонсох төхөөрөмж байрлуулах гэсэн оролдлого гарчээ. Энэ хэргийг илрүүлж, шүүн тасалсаныг америкийн түүхэнд Уотергейтийн хэрэг гэж нэрлэсэн байна.

1972 он. АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн байлаа. Вашингтон хотын “Уотергейт” зочид буудалд байрлаж байсан Ардчилсан намын үндэсний хорооны төв байранд сонсох төхөөрөмж байрлуулсан таван хүнийг саатуулаад байв. Хууль бус энэ хэрэгт холбогдох эзнийг олох даалгаврыг Холбооны мөрдөх товчооны Тусгай хороонд үүрэг болгожээ. “Уотергейтын” хэмээн нэрлэгдсэн энэ хэргийг мөрдөн шалгах үйл явц бүтэн хоёр жил үргэлжилсэн юм.

 

“Вашингтон Пост” сонины сэтгүүлч Боб Вудвард, Карл Бернстайн нар хэргийн талаар өөрсдийн эх сурвалжийн дамжуулсан бүхнийг нийтэлж байлаа. 1972 оны 11 дүгээр сард Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ричард Никсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. 1973 оны турш “Вашингтон Пост” болон бусад сонин хэвлэлээр Уотергейтын хэргийн талаар ноцтой мэдээлэл байнга цацагдах болжээ. Ингээд АНУ-ын Сенатын танхим сонин хэвлэлийн мэдээлэлд үндэслэн Уотергейтын хэрэгт анхаарлаа хандуулсан юм. Сенатын танхим Уотергейтын хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч Никсон болон түүний засаг захиргааны хүмүүс оролцсон байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний засаг захиргааныхан Уотергейтын хэргийг судлах ажлыг зогсоохын тулд хүчин чармайлт гаргасан ч санасандаа хүрч чадаагүй юм. Цагаан ордны эзэн тагнуулын баг байгуулж өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг тагнаж, чагнаж байсан нь мөрдөн байцаалтын үеэр тодорхой болсон байна.

“Уотергейт” зочид буудалд чагнах төхөөрөмж байрлуулсан хүмүүст холбогдох шүүх хурлыг АНУ даяар телевизээр шууд дамжуулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны ойр дотны зөвлөх, АНУ-ын Ерөнхий прокурор, сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж байсан санхүүгийн асуудал эрхэлсэн дарга гээд өндөр албан тушаалтнууд хүний эрх зөрчсөн хэрэгт буруутай болсон нь нотлогджээ. Ардчилсан намын хүсэлтээр Бүгд найрамдах намын зарим өндөр албаны түшмэдийн ажил байдлыг ч мөн шалгасан байна. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын тэргүүн Боб Хэлдеман, Ерөнхийлөгчийн дотоод бодлогын зөвлөх Жон Эрлихман, АНУ-ын Ерөнхий прокурор Ричард Клейндист нар албан тушаалаасаа огцорч, шоронд хоригджээ.

1974 оны хоёрдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчид байгаа Ардчилсан намын байранд нууцаар хийсэн бичлэгийг өгөхийг тушаасан байна. Энэ үед Ерөнхийлөгч Ричард Никсон тус бичлэгийг үзүүлэхгүй байх дархан эрх Төрийн тэргүүнд бий хэмээн тайлбарлажээ. АНУ-ын Дээд шүүх 1974 оны долдугаар сард Төрийн тэргүүн ийм давуу эрхгүй гэсэн шийдвэр гаргаснаар Никсон бичлэгтэй хальсыг шүүх байгууллагад өгсөн байна. Ингээд бүтэн хоёр жилийн турш Никсон худал хэлж байсан нь нотлогдож, 1974 оны наймдугаар сарын 8-нд тэрбээр Төрийн тэргүүний албан тушаалаа орхиж буйгаа мэдэгдсэн юм.

“Вашингтон Пост” сонины хоёр сэтгүүлчид мэдээлэл өгч байсан АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны орлогч дарга 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд Калифорни мужид 95 настайдаа таалал төгссөн аж. Дуудиант хэргийг мөрдсөн сэтгүүлчийн нэг Роберт Боб Вудвард нь 1971 оноос “Вашингтон Пост” сонинд ажилласан төдийгүй Уотергейтын хэргийн дараагаар олныг шуугиулсан бас нэгэн бүтээл гаргасан нь тухайн үед Холбооны мөрдөх товчоог даргалж байсан Уильям Кейсийн тухай “Тагнуулын даргын үнэн” нэртэй ном бичсэн явдал байв.

Вудвардын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр туурвисан 12 ном нь бестселлер болжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард хэвлэгдсэн “Обамагийн дайн” хэмээх Афганистан дахь Америкийн цэрэг дайны бодлогын талаар өгүүлсэн түүний ном мөн л ихээхэн шуугиан тариад байгаа юм. Боб Вудвард нь өнөөгийн дэлхийн сэтгүүл зүйд хамгийн алдартай эрэн сурвалжлах сэтгүүлч билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]