Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн дайн дэгдээх шахсан Карибын хямралУншсан16,557

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди анхны алхам болгож Кубыг тэнгисээр бүслэн хаахаа зарлаж, пуужингаа тус арлаас даруй гаргахыг Зөвлөлт Холбоот Улсад тулган шаардан шаарджээ.

Одоогоос 45 жилийн өмнө 1962 оны 10-р сарын 22-нд АНУ-ын засгийн газар Кубад Зөвлөлтийн пуужингууд байрлуулсныг илрүүлжээ. Ийнхүү АНУ, ЗСБНХУ-ын  харилцаанд хямрал үүссэн байна.  Энэ нь "Карибын тэнгисийн хямрал" нэртэйгээр түүхэнд үлджээ. Турк, Италид америк пуужингаа байрлуулсны хариуд, бас Америкийн цэрэг Кубад халдан довтлох аюул нүүрэлсний хариу арга хэмжээ болгож Кубад Зөвлөлтийн баллистик пуужинг байрлуулав гэж Зөвлөлтийн удирдлага тайлбарласан байна. Энэ асуудал үүссэн түүхээс уншигч танаа товчхон танилцуулъя. АНУ-ын хатгаасаар Кубын хувьсгалын эсэргүү хүчин 1961 оны дөрөвдүгээр сард Плайя-Хиронд буух гэж оролдоод бүтэлгүй болсны дараа, түүнчлэн АНУ Кубын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа нь Зөвлөлт засгийн газарт тодорхой болсны учир ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо Кубад пуужин байрлуулах тухай шийдвэрийг 1962 оны тавдугаар сарын 24-нд гаргажээ. Кубын эсрэг АНУ-ын болзошгүй халдлагаас ердийн зэвсгээр сэргийлэх боломжгүй, зөвхөн цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин болзошгүй түрэмгийллийг тогтоон барих найдвартай хэрэгсэл болно гэж тэр үеийн Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрущев үзсэн байна.

Энэ зорилтыг биелүүлэхийн тулд дунд тусгалын Р-12  пуужингийн гурван хороо /24 харвах төхөөрөгтэй/,  Р-14 пуужингийн хоёр хорооны /16 харвах төхөөрөгтэй/ бүрэлдэхүүнтэй пуужингийн дивизийг Кубад байрлуулах болжээ. Пуужингуудын тусгал нь АНУ-ын нутаг дэвсгэр дээрх нэн чухал объектуудыг сөнөөхөд хүрэлцээтэй байв. Куба дахь зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн нийт бие бүрэлдэхүүнд 43 мянган хүн байжээ. Бие бүрэлдэхүүн, зэвсэг техникийг 1962 оны долдугаар сарын 12-ноос эхлэн Куба руу тээвэрлэж эхэлжээ. Үүний тулд ЗСБНХУ-ын тэнгисийн цэргийн флотын 80 хөлөг онгоцыг дайчилжээ.

АНУ-ын эрх баригчид Кубад зөвлөлтийн "мэргэжилтнүүдийн" тоо нэмэгдэж, тэд тус арал дээр "үл ойлгогдох, шинэ үйл ажиллагаа" явуулах болсон тухай мэдээллийг тагнуулын албаныхаа шугамаар хүлээж аваад АНУ-д цохилт өгөх бололцоогоо өргөжүүлж байгаа нь ноцтой уршиг зайлшгүй тарих болно гэдгийг ЗХУ-ын засгийн газарт анхааруулжээ. Кубад зэвсэг, байлдааны хэрэгсэл нийлүүлж байгаа нь "зөвхөн батлан хамгаалах" зорилготой гэж Зөвлөлт засгийн газар хариу мэдэгджээ.

Аравдугаар сарын 14-нд Америкийн тагнуулын У-2 нисэх онгоц Кубад байрласан зөвлөлтийн пуужинт цэргийн гарааны байрлалуудыг илрүүлэн зургийг нь авч, Тагнуулын төв газар 1962 оны 10-р сарын 16-нд энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедид илтгэсэн нь хямралыг даамжруулжээ. Тэр үед пуужингуудын заримд нь цөмийн цэнэгт хошуу угсарсан байсан бөгөөд тэдгээрийг хэрэглэх тухай шийдвэрийг газар дээр нь гаргах бүрэн эрхийг Зөвлөлтийн цэргийн командлалд олгосон нь байдлыг цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гуравдугаар дайны ирмэгт авчирчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн 1962 оны аравдугаар сарын 22-нд телевизээр хэлсэн үг хямралыг оргил цэгт нь хүргэсэн юм.  Тэрбээр анхны алхам болгож Кубыг тэнгисээр бүслэн хаахаа зарлаж, пуужингаа тус арлаас даруй гаргахыг Зөвлөлт Холбоот Улсад тулган шаардан шаарджээ. Кеннеди флотын анги нэгтгэлүүдийг Карибын тэнгист оруулах, тэрчлэн стратегийн нисэх хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн билээ. Кубыг бүслэн хаах ажиллаганд 238 хөлөг онгоц оролцжээ. Зөвлөлт засгийн газар хариуд нь "хамгийн хүчтэй цохилт өгөх болно" гэж мэдэгджээ.

Зөвлөлтийн бүх зэвсэгт хүчин, юуны өмнө стратегийн зориулаллтай пуужинт цэргийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Хямрал үргэлжилсэн хэдэн өдөр дэлхий цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гуравдугаар дайнд маш ойртож очсон байв. АНУ, ЗХУ-ын аль аль нь эцсийн арга хэмжээ авахад бэлэн байгаагаа харуулахын сацуу суртал нэвтрүүлгийн кампани эрчимтэй өрнүүлж байв.

АНУ ямар ч үнээр хамаагүй зөвлөлтийн пуужингуудыг зайлуулах шийдвэр төгс байгаа нь тодорхой болмогц аравдугаар сарын 26-нд Хрущев  Кеннедид илүү эвлэрэнгүй илгээлт явуулж, Кубад зөвлөлтийн хүчирхэг зэвсэг байгааг хүлээн зөвшөөрөөд ЗСБНХУ АНУ-д довтлохгүй гэж ерөнхийлөгчид батлан  илэрхийлжээ.

Олон улсын байдлыг дэлхийн шинэ дайн үүстэл хурцатгахаас зайлсхийхийн тулд Зөвлөлт засгийн газар  Кубын нутгаас пуужингаа гаргах тухай АНУ-ын шаардлагыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Үүний хариуд Америкийн засгийн газар Кубын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, түүний дотоот хэрэгт үл оролцохыг батлан илэрхийлжээ. Америкийн пуужинг Турк, Италийн нутгаас татах тухай нууцаар тохиролцсон байна. 11-р сарын 2-нд АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди ЗХУ Куба дахь пуужингуудаа буулгасан тухай зарлажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]