Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн аймшигтай авто осолУншсан61,352

Авто уралдааны хамгийн айхтар осол Ле-Ман хэмээх 24 цагийн авто уралдааны үеэр болсон байдаг бөгөөд 1955 оны 6-р сарын 11-ний энэ өдөр ослын улмаас 84 хүн амь алдаж, 178 хүн хүнд хөнгөн бэртэж гэмтсэн түүхтэй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хөдөлгүүрийнхээ хамаг хүчийг шавхан, асар хурдтай давхиж яваа авто машиныг харсан ямар ч эр өөрийн эрхгүй дуу алдах байх. Тэр тусмаа хамгийн хүчирхэг машинууд, хамгийн шилдэг жолооч-нисгэгч нарын хоорондоо өрсөлдөхийг харах гэдэг бол олон хүний мөрөөдөл байдаг билээ. Чухамхүү ер бусын их хурд, хэзээ юу ч болж болзошгүй аюултай нөхцөл байдал ингэж олон хүний зүрхийг догдлуулдаг бөгөөд аймшигтай гэмээр осол “аваар” бараг л жил болгон гарч, алдар хүндтэй олон тамирчид мөнх бусыг үзүүлсэн байдаг билээ. Алдарт Айртон Сенна, залуу од Жюль Бьянки... зэрэг тамирчид хэрхэн амь үрэгдсэн талаар авто уралдаан, Формула-1 уралдаан сонирхогчид сайн мэднэ. Саяхан Бахрейнд болсон Формула-1-ийн уралдааны үеэр нэгэн уралдаанч (Грожан) 28 секундийн турш машинтайгаа шатаж, амь алдах шахсан тухай яриад ч яахав. Энэ бол авто уралдааны нэг хэсэг. Урьд өмнө ч байсан, цаашдаа ч байх л болно.

Авто уралдааны хамгийн айхтар осол Ле-Ман хэмээх 24 цагийн авто уралдааны үеэр болсон байдаг бөгөөд 1955 оны 6-р сарын 11-ний энэ өдөр ослын улмаас 84 хүн амь алдаж, 178 хүн хүнд хөнгөн бэртэж гэмтсэн түүхтэй.

Ле-Маны 24 цагийн уралдаан аль 1920-иод оны үеэс зохион байгуулагдаж байгаа нэр хүндтэй уралдаан бөгөөд олны анхаарал татах талаараа Формула-1-ийн дараа орох том тэмцээн юм. Энэ нь автомашины том компаниудын хоорондоо өрсөлдөж, хүчтэй хурдтай тамирчид өөрийгөө хэн болохыг харуулах, тэсвэр тэвчээрээ шалгах гэж үзэлцдэг дэвжээ гэхэд буруудахгүй тийм л уралдаан.

1955 оны Ле-Манд уралдахаар ирсэн машинуудын зарим нь 300 км/цаг-аас илүү хурд гаргах боломжтой аймшигтай “араатнууд” байсан бөгөөд оролцогчдын тоо ч урьд өмнөхөөс улам бүр их болсон байж. Хамгийн харамсалтай нь уралдааны дүрэм аль 1920-оод оных хэвээр буюу тэр үеийн уралдааны машин дөнгөн данган 100 км/цаг хурд гаргадаг байсан үеийн зохицуулалтаар л өрсөлдөх байв. Бас Ле-Маны тойрог замыг энэ 30 жилд хоёр л удаа өөрчилсөн ба энэ нь аюулгүй байдлыг хангахад зориулж биш зөвхөн тойргийн хэмжээг багасгаж, үзэгчдэд аль болох уралдааныг ойрхноос үзэхэд л зориулсан өөрчлөлт төдий.

Ингээд уралдаан эхлээд... анхны пит стоп хийх цаг боллоо (элэгдсэн дугуй солих, шатахуун нэмэх, техникийн жижиг үйлчилгээ хийх зэрэг үйлдэл хийдэг тусгай зогсоол).  Jaguar D-Type машины жолооч Майк Хоторн өмнөө яваа машиныг ихээхэн хүч гаргаж байж гүйцэж, урд нь гарахдаа пит-рүү орох тоормосны замаас өнгөрч байгаагаа анзаарч. Одоо пит орохгүй бол дахин нэг тойрох ёстой болно, өрсөлдөгч нар нь энэ хооронд шинэ дугуйтай тасарч эхэлнэ гэж тооцсон Майк шууд л огцом тоормослож эхлэхэд яг ард нь явсан Austin-Healey 100 машинтай Лэнс Маклин мөргөхгүйн тулд бас л огцом тоормослон хажуу тийш дарлаа. Энэ үед араас нь явсан Mercedes-Benz 300 SLR машинтай Пьер Левег яаж ч чадалгүй өмнөх машинаа мөргөж, мөргөлтөөс болж машин нь замын хашлага руу шидэгдсэн байна. 240 км/цагийн хурдтай явсан машин ингэж шидэгдэх үедээ агаарт эргэлдэн хөрвөж байсан ба бутарч салсан эд ангиуд нь яг л бууны сум шиг замд дайралдсан юм болгоныг зад татжээ. Ядаж байхад яг осол болсон тэр газар үзэгчид хамгийн их суудаг тэр хэсэг байв. Бутарч задран нисэж байгаа машины моторын хаалт (капот) асар том цаазын сүх шиг нисэж, олон хүнийг тас татсан бол, хөдөлгүүрийн цилиндр, радиатор, урд хойд тэнхлэгийн хүнд эд ангиуд нь их бууны сум шиг дайралдсан бүхнийг цөм цохин, 100 гаруй метр ниссэн байна.

Гай ганцаар дуусдаггүй жамтай хойно мөргөлдөж гэмтсэн нэг машины шатахууны сав цоорч дэлбэрсэн ба гал сөнөөгч нар усаар унтраах гэж оролдсон биш бүр ч галын хүч, хамрах талбайг нэмж байсан нь уралдааны машинуудын олон эд ангийг магнийн хайлшаар хийсэнтэй холбоотой байж.

Мерседес машины жолооч Левег машинтайгаа цуг шидэгдэх үедээ өнгөрсөн бол мөргүүлсэн Лэнс Маклин замын зүүн хашлагыг мөргөн ойрхон байсан цагдаа, хоёр зурагчныг дайрсан байна. Эдгээр хүмүүс болон жолооч эр бүгд маш хүнд гэмтжээ.

Дараа нь хийсэн тооцоогоор ослын улмаас 84 хүн амиа алдаж, 178 хүн аймшигт гэмтэл авсан гэдэг. Энэ бол авто спортын төдийгүй бүх л спортын хувьд хамгийн том осол байсан бөгөөд багахан тулааны хэмжээний хохирол учирсан гэхэд буруудахгүй биз.

Хамгийн сонирхолтой нь энэ ослын улмаас олон хүн нас барсан ч уралдааныг зогсоосонгүй. Уралдааныг зогсоовол хүн болгон гарах гэж зүтгээд эмнэлгийн машин тойрогт орж ирэхэд саад болно гэж зохион байгуулагчид тооцсон юм гэсэн. Магадгүй зөв шийдвэр байж ч болох. Ямар ч байсан маргааш өдөр нь энэ уралдаанд ялагч болох Майк Хоторн шагналын оргилуун дарсаа буудуулж байх тэр үед олон хүний буяны ажил зэрэгцэн болж байсан юм гэнэ лээ.

Энэ явдлаас хойш авто уралдааны дүрэм журам тэр чигээрээ өөрчлөгдөж, олон улс орон авто уралдааныг хориглож, зарим томоохон багууд өөрсдөө уралдаанд оролцохоос татгалзах зэрэг үйл явдлууд болж байсан ба хаа байсан Америкт хүртэл нөлөөлж, Америкийн автомашины ассоциацыг татан буулгаж байсан юм. Гэхдээ энэ мэтийн зарим хязгаарлалт огт удсангүй буюу ёстой л нэр төдий зүйл болон өнгөрсөн байна. Жишээ нь ослын дараа авто уралдааныг хамгийн түрүүнд хориглосон, энэ айхтар осол болсон Франц улс гэхэд л намар нь хоригоо цуцалж элдэв уралдааныг зөвшөөрч эхэлсэн байдаг. Европын эдийн засгийн нэгэн чухал цэг болох автомашины зах зээлийн нөхцөл байдал иймэрхүү уралдаантай холбоотой болохоор арга ч үгүй юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 28. 8:44
Зочин

Arilsan dotortoi shunaliin shulamnuud shuu.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]