Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Айн Жалудын домог: Увайгүй баронуудын урвалтУншсан3,457

Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.

Уншигчдадаа зориулж "Айн Жалудын домог" түүхэн найрууллыг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ дашрамд түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Цувралын Нэгдүгээр хэсгийг энд дарж уншаарай: Айн Жалудын домог

 

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увайгүй Баронуудын урвалга

 

Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалийн зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, тамплер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч Монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд, орон нутгийн Загалмайн шашинт баронуудын хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха.

 

Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, Монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ.

Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа, зарчимгүйгээрээ зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.

Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд Монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.

Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, агтыг нь туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө Монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн шогийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Урвах урвахдаа Загалмайт шашны нэг салаа салбар болох нестор шүтлэгт Хит Бухагаас урваж, дайсан лалынхны талд үйлчлэн, шашин номоосоо, андгай тангаргаасаа нүүр буруулсан нь бүр ч хачирхалтай. Исүс эзнийх нь шарил орших Иерасилум хот хажууханд нь байхад шүү. Үүн шиг тэнэг явдал гэж баймгүй.

Тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт Монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь.

Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ. Энд ямар юмных нь ялгууртан барон байхав.

Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ноёнтон ихэд хилэгнэн цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. “Урт хөлт” Жульен хэдийгээр балмад, журамгүй, жудаггүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ. Хохь нь гэж энийг л хэлдэг байх. Хэдэн адууны төлөө хотоо шатаалгаж байдаг. Их ч үнэтэй адуун сүрэг. Энэ адуун сүргийн үнэ үүгээр зогссонгүй. Загалмайтнууд баатар эрс биш, адууны хулгайч шиг аашилсныхаа төлөөсийг зөвхөн ганц Сидоныг шатаалгаад зогсохгүй, төд удалгүй Сирийг алдаж, сирийн загалмайтнууд толгой дараалан хядагдаад зогсохгүй алс хэтдээ Ойрхи дорнод дахь түшиц газраа бүрмэсэн алдсан юм. Энэ тухай хойно өгүүлсү. Ойрхи Дорнод дахь Христийн шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.


Мамлюк-түрэгүүдийн эцсийн эрс шийдвэр

Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан ирж нүглээ наминчлахыг зарлигдсан байна. Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон Монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч Монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.

Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Эмх цэгцэд оруулсан Монголчуудын шинэ дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар Монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж. Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын Монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн Монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж.

Ингээд Күтүз Сири, Палестинаас Монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад Монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон Монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ. Газаас 260 орчим км зайтай Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв.

Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ. Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ Монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг.

Ийнхүү Монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс Монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалга, увайгүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий. Их Чингис хааныхаа үзэл санаан дор Монголчууд урвалт гэдгийг мартаад даруй жарныг элээгээд байсан цаг. Харин загалмайт баронуудын хувьд урвалт бол амьдралынх нь салшгүй хэсэг болж, зарим тохиолдолд урвалтаасаа таашаал авч, цэнгэдэг байж. Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол   (130 гаруй км) аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Үргэлжлэлтэй.

Б.Номинчимэд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]