Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“За ах нь Төрбатыг тонгорчихно оо”Уншсан27,365

Ямартай л 1938 оны 1024 бөхөөс их шөвөгт Завхан аймгийн арслан Я.Дорлигт дэгээ хийж эргүүлэхдээ хариу дэгээнд орж бараг л урьтаад шорооджээ.

Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

1924 онд Халхын арван засгийн отгон наадамд Цэцэрлэгмандал уулын хошууны бөх Цэдэвийн Банди, Хантайшир уулын аймгийн хошууны бөх "Босоо" хэмээх Сосорын Шагдар аваргатай үзүүрт үлдэж уул шиг том биетэй, лут бяртай Шагдар нь баруун гараа өргөн, хөлөө өгөн өртөл шагай шиг шаамал лагс багахан биетэй Банди сөрөн дайрч, хоёр тахимаар хаман гүйж, зайлж мушгиад хаяж түрүүлжээ. Энэ бол Богдын арван засаг наадамд арслан цол хүртсэн сүүлчийн бөх. Монгол Улсын ахмад арслан, эрийн дээд эрхмийн чимэг байжээ.

“Арвайхээрийн” хэмээх улсын арслан Ц.Банди нь 1903 онд одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт, тухайн үеийн Сайн ноён хан айм­гийн Ахай бэйл, Агь-Үйзэн гүний хошуунд Санги тайжийн есөн хүүх­дийн отгон хүү болон мэн­дэлжээ. Бага­даа өөрийн хамаатан Цэдэв тайжийнд үрчлэгдэж, хүүхэд ахуй ца­гаасаа Монгол бөхийн ба­рилдааныг үнэнхүү шам­дан сонирхож, орон нут­гийн овоо тахилгын болон бусад наад­муудын барил­даанд байнга оролцож, ахмад бөхчүүдийн сургам­жийг сонсож арга ба­рилыг нь нэг бүрчлэн судлаж, барилддаг хүнийг үзэхээ­рээ ажиглаад дагаад явах нь олон­таа байжээ. Энэ гярхай байдал нь хожмын алдарт бөх болох эхлэл болжээ.

Тэрээр 1921 оны Уул тайл­гын наадамд 18 нас­тай анх удаа зодоглож 136 бөхөөс хоёр давсан, 1922 онд тав давж начин цол, 1923 оны наадамд хоёр давсан, 1924 оны уул тайлгийн отгон наадамд барилдсан 136 бөхөөс найм давж тү­рүүлж 21 насандаа Богд хаант Монгол Улсын арслан цол хүртжээ.

Ийнхүү Ц.Банди заан Богд хаант Монгол улсын сүүл­чийн алдар цолтой бөхчүү­дийн нэг болсон юм.

Тэрээр цааш үргэлж­лүүлэн Ардын төрийнхөө наадамд барилдсаар заан цол авса­наасаа хойш 14 жилийн дараа Монгол Улсын арс­лан цол хүртсэн байдаг. Энэ нь бөхдөө үнэнч, олон түмэн наадамчдаа хүндэтгэж, уйгагүй хүчин зүтгэл, шан­таршгүй тэв­чээр гаргахын үлгэр дууриал, үнэтэй сургамж юм.

Тэрбээр биеэр том биш боловч мах бул­чин шөр­мөс тэнцүүхэн ер нь зассан шагай шиг бөх байсан гэж үеийн бөхчүүд нь ярьдаг бай­жээ. Хэнтэй ч барилдсан барь­цандаа хүрч дадсан хоёр талын дархан ташаагаараа суга­даж тонгорох мэхийг ча­дамгай хийдэг, эсрэг бө­хийнхөө хий зай, алдааг сайн мэддэг, тэв­чээр ха­туу­жилтай, цуцахыг мэ­дэх­гүй зоримог дайчин барил­даантай бөх байжээ. Энэ та­лаар Т.Балсан арс­лан дурсах­даа “Тэрээр аргагүй хүчээр дутаж уна­хаас биш, хий гар­гаж унаж байгаагүй бөгөөд өөрийн хүч, ур ухаан бүх­нээ бүрэн дүүрэн ашиг­лаж барилд­даг бөх байсан” тухай өгүүл­жээ.

Монгол улсын дархан аварга, үндэсний спортын ууган гавъяат мастер "Буур" хэмээх Нацагийн Жамъян гуай, Банди арслантай барилдсанаа ийн ярьдагсан.

-Нэгэнтээ Улсын наадам Яармагийн ташиланд болж байхад, аварга Жамъян, арслан Бандийг амлан авчээ. Тэгтэл Банди,

-Аваргаа би тонгорно, та тогтоно шүү гэж аархаад гарчээ. Наадамчид хараа билчээв, амьсгаа даран ширтэхүйд, арслан Банди ухасхийн урт гараараа аваргын далбааны араас давуулан атгуут л солгой, зөвгүй шаламгайлан сэлгүүлэн тонгорч, тачигнан түрэмгийлэхдээ нэг..хоёр гурав...гээд тоолон бужигнаж, аварга ч тогтож тогтож, хорин зургаа дахь бухалтад ташаан дээгүүр нь сунан зоогоороо унахад Богд уул тасраад явчих шиг нүд бүрэлзэж билээ гэж Жамъян гуай ярьж үлдээжээ.

Улсын арслан Бадамсэрээжид гуай нэгэнтээ бөхчүүдтэй хүүрнэн хөгжилдөн байснаа, Ц.Банди арслангийн толгойг илж энхрийлэн аядсанаа, өвчүү хоолойн билчир хонхорхой руу нь долоовор, дунд хуруугаа далдартал оруулснаа,

-Та нар хар даа! Ийм шувуун өвчүүтэй, чээж урагш түрсэн галбиртай бөх, их бяртай байдаг юм гэнэ лээ. Бидний чээж хэнхдэг ч юу ч биш юмаа хөөрхий, гэж байж билээ...

Ц.Банди арслан улсын баяр наадамдаа 60 га­руй насан­даа зодоглож хоёрын даваанд цэргийн бөхтэй цаг шахам барил­даад цуцсан шинжгүй өвдөг шороодож байсан тухай бөх тайлбарлагч Г.Баяр­цэнгэл гуай “Монгол ул­сын арслангууд” номон­доо дурдсан байдаг. Ц.Банди арслан айм­гийнхаа баяр наадамд 1933, 1939 ,1944 онуудад түрүүлж, 1931, 1934, 1938 онд үзүүрлэж байсан бай­на.

Ц.Банди арслан нас ахиж харих цагтаа зарим барилдааныг ухааны цараар хийдэг байж. Ийм гүйлгүүр ухаан гаргадаг бөх ховор байсан байж мэднэ. Арслан амласан бөхөө биш нөгөө талын хамгийн том биетэй залуу өөд дэвээ шаваагаа дуусгангуут шуугиад хүрдэг байж. Засуулууд “Хүүе Банди гуай наадах чинь таны ам биш” гэлцэн сандран чанга дуугаар хэлэхэд “Тэгээд, аль нь юм бэ” гэж шавдуулна. Амлуулсан бөх нь “Банди арслан намайг зориуд амлаагүй юм байна. Зүгээр л нэр гарахаар” гэж тайвшрах хоромд ганцхан дайрчихаад дэвчихдэг байжээ.

Ямартай л 1938 оны 1024 бөхөөс их шөвөгт Завхан аймгийн арслан Я.Дорлигт дэгээ хийж эргүүлэхдээ хариу дэгээнд орж бараг л урьтаад шорооджээ. Хоёр засуул хөлийн цэц рүү гүйлдээд “Дахиулах” шийд сонсоод хоёр бөх өөдөө гүйх хоромд Дорлигийн хацрыг шахан ойртуулж духан дээр нь үнсчихээд “За ах нь Төрбатыг тонгорчихно оо” гэж хэлээд боорцгоо авахаар дэвээд оджээ. Нэгэнт тахим буулгасан учир юун дахиулах.

1962 оны 4-р сарын эхээр “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд 128 бөхийн барилдаанд 60 хэтэрсэн настай улсын арслан Ц.Банди, улсын заан С.Цэрэн нар зодоглон арслан нэгийн даваад амны залуугаа тонгороод газардахын хоромд өөрөө сөхөрчихөөд халзан духаа илэн, том амаа даран гайхшрахыг харж байлаа.

Харин мөн л 60 давсан настай улсын заан С.Цэрэн нь арсланг хаясан залууг гуравт амлаж даваад, дөрвийн даваанд саарал н.Ядмаа гэдэг бөхийг орхин шөвгийн наймд үлдэж байсан түүх бий. Одоо ийм насны бөхчүүд ингэж барилдахад хүнд болжээ.

Эргэн санаваас өвгөдөө зөнд нь хаяад хайхардаггүйн харгайгаар Халх дөрвөн аймаг, шавь таван хошууны засаг наадмын манлай бөх, арслан Ц.Банди гуай халамцуу явж байгаад хөхөө өвлийн хүйтнээр голын цэнгэлдэхийн хашаа түшээд босоогоороо хатан Туулын жавар тачигнасан шуурганаар тэнгэрт хальсан гэдэг билээ.

Ц.Банди арслан,

1925 оны цэр­гийн наадамд дөрөв,

1926 онд улсын баяр наадамд долоо,

1927 онд 960 бөхөөс тав,

1928 онд 1024 бөхөөс зургаа,

1929 онд 1024 бө­хөөс зургаа,

1930 онд 1000 шахам бө­хөөс тав,

1931 онд 960 бөхөөс тав,

1932 онд 1000 шахам бө­хөөс тав,

1935 онд 720 бөхөөс тав,

1937 онд 896 бөхөөс тав,

1938 онд 1024 бөхөөс ес давж үзүүрлэж “Бат суурьт” арслан цол хүрт­жээ.

1940 онд 512 бөхөөс долоо давж “Харилтгүй зоригт” чимэг

1942 онд 512 бөхөөс зургаа,

1948 онд 512 бөхөөс тав давжээ.

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]