Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Англичуудад ад болсон алдарт Бенни ХиллУншсан11,901

Он удаан жил хошин шогийн хаан байсан Хиллийг ад үзэх, уйдах шинж илэрч эхэлжээ. Бенни Хилл өөрийн шоундаа хагас нүцгэн гоо сайхан бүсгүйчүүдийг олноор гаргадаг явдлыг феминистүүд үзэн ядах зэргээр олон ч явдлууд болж байв

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Түмэн олны инээдийг бардаг хүмүүс дараа нь өөрсдийнхөө энэ хошин шогийнхоо золиос болон дуусах нь элбэг гэдэг. Олон хүний үзэж байснаар дэлхийн хамгийн шилдэг комик Бенни Хилл нь чухам өөрийнхөө хошин дүрийнхээ золиос болсон хүний нэг тод жишээ юм.  30 жилийн турш дэлхий дахиныг инээлгэн хөгжөөж байсан энэ хүн бараг л нэг өдөр хэнд ч хэрэггүй болон, сэтгэл санааны гутралд орж, ганцаардан байж нас барсан билээ.

Алдарт Бенни Хиллийн жинхэнэ нэр нь Альфред Хоторн Хилл. Саутгемптон хотын хамгийн эгэл жирийн айлд төрсөн энэ хүү өвөөтэйгөө адилхан амьтан хүнийг янз бүрээр хэлчихдэг, дооглочихдог, янзын амьтан байж. Аав ээж нь амьдрахын тулд жирэмслэхээс хамгаалах эм зардаг жижиг бизнес эрхэлдэг байсан гэдэг бөгөөд үүнээс болж түүнийг сургуулийн ангийнхан, найз нөхөд нь бас л хангалттай дооглож, доромжилдог байжээ. Бенни энэ бүхнийг огт тоохгүй, мөн л алиалж, тоглож, амьтан хүнийг янз бүрээр хэлж хариугаа авч байсан мэт боловч үнэндээ тэрээр түмэн олноос айдаг хүн болж өссөн байна. Энэ бүх айдас, аягүйцлээ даван туулах цорын ганц арга олсон нь алиалах. Тийм ч учраас энэ хүн өөрийнхөө амьдралыг “насан туршдаа нүүрэндээ хиймэл баг зүүж амьдрах нь миний хувь заяа байсан юм” гэж тодорхойлсон байдаг.

Нэр амжилтад хүрэхийн тулд, жинхэнэ жүжигчин хүн болохын тулд түмэн янзын ажил хийж, театр, кинонд хамгийн жижиг ч гэсэн дүр бүтээх гэж оролдож байсан ч хүрэх гэсэн тэр алдар хүндийн оргилын бэлд ч ойртсонгүй. Ингээд зорилгодоо хүрэх ээлжит нэг оролдлого хийсэн нь өөрийн гэсэн шоу бүтээх, тэр шоундаа өөрийн хамгийн сайн чаддаг хүн элэглэх, хошин шогийн жижиг үзэгдлүүд оруулах санаа байсан бөгөөд өөрөө зохиож, өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Бенни Хиллийн шоу”-ны анхны дугаар 1955 оны 1-р сарын 15-нд телевизээр гарчээ. Хүсэн хүлээж байсан өнөөх амжилт нь. Бенни Хиллийн тухай маргаашаас нь сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллээр ихээр гарч дараагийн шоу хэзээ гарах тухай нэгнээсээ сурагласан хүмүүс.

Удалгүй алдар хүндийг даган мөнгө төгрөг ч арвин ихээр олдог болсон ба ядуу зүдүү айлд өссөн хүний энэ хүүхэд баян тансаг амьдралыг тоосонгүй. Бүр сүүлд дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болоод байхдаа ч тэрээр хуучин хувцсаа оёж нөхөж, ингэх боломжгүй бол хуучин хувцасны дэлгүүрээс хямд хувцас авдаг байсан бөгөөд тэрээр хэзээ ч өөрийн гэсэн машинтай, орон байртай байсангүй. Гэтэл 1980-аад оны үеэр түүний дансанд 10 сая фунт стерлинг байсан гэдэг. Энэ өнөөгийн дүнгээр хэд болох бол...

Он удаан жил хошин шогийн хаан байсан Хиллийг ад үзэх, уйдах шинж илэрч эхэлжээ. Бенни Хилл өөрийн шоундаа хагас нүцгэн гоо сайхан бүсгүйчүүдийг олноор гаргадаг явдлыг феминистүүд үзэн ядах зэргээр олон ч явдлууд болж байв. Ядаж байхад шинэхэн жүжигчин болох гэсэн нөхөд Беннигийн бүх л үйл хөдлөл, нүүр амны хувирлыг зүгээр л дууриан, болсон болоогүй элдэв шоу гаргадаг болсноор цагтаа хамгийн сайн жүжигчдийн нэг байсан эр маань аажимдаа жирийн л нэг маазрагч болж харагдаж эхэлжээ. Гудамжинд түүнтэй хамаа намаагүй харьцах, бүдүүлэг заваан үг хэллэгээр дуудах нь улам бүр элбэг болсноор мань эр ч ууж эхэллээ. Хар багаас олон түмнээс айдаг айдас, тэдний дооглон жуумалзах харцыг үзэн яддаг эрийн дотор гал асч жирийн нэг гэм хор багатай, аливаа үйл явдлыг элэглэн дууриадаг байсан Бенни нь шоундаа улс төрийн өнгө оруулж, элэглэн дууриах аяс нь ч өширхсөн шинж тэмдэгтэй болж эхэлжээ.

Нэг удаагийн шоундаа тэрээр “Төмөр хатагтайг” нэлээд ширүүн “авч өгсөн” гэдэг. Төмөр хатагтай Маргарет Тетчер үүнийг нь зүгээр өнгөрөөсөнгүй. Бенни Хиллийн бүх л шоунд дээд зэргийн цензур тогтоохыг энэ хатагтай өөрийн биеэр тушаасан гэдэг бөгөөд ингэснээр Беннигийн олон арван шоуны өч төчнөөн хэсэг хориотой зүйл болж хувирлаа. Урьд өмнийн зүйл нь хоригдож, устгагдаж байхад шинэ бүтээл нь ямар болох нь ойлгомжтой.

«Thames Television» компани Бенни Хиллийн шоуг цаашид гаргахгүй болсноо зарлалаа. Шалтгаан нь энэ шоу үзэгчдийг татаж чадахаа байсан, ашиг орлого олохоо байсан гэв. Гэтэл тухайн үед Беннигийн шоуг 9,5 сая хүн үзэж байсан ба дээр нь «Thames Television» компани Беннигийн шоуг дэлхий дахины өөр олон улсуудад зарж ихээхэн ашиг олсоор байсан юм. АНУ, Австрали зэрэг олон улсад Бенни Хиллийн шоу мөн л амжилтад хүрч олон сая үзэгчдийг байлдан дагуулжээ. Харин эх орондоо Бенни нь алиа салбадай, үл бүтэх амьтан... хэмээгдэж байв. Бенни өөрийг нь сайн муу ч хамаагүй жүжигчин гэж л нэрлэж байвал өөр бусад нэр хочийг тоохгүй өнгөрөөхөд бэлэн байсан боловч түүнийг жүжигчин гэдгээс л бусдаар нэрлэж байсан билээ.

Амьдралдаа ганц ч удаа эхнэр авч үзээгүй энэ эрийг ихээхэн хүүхэмсэг, завхай эр гэж яриа гарах үед Бенни үүнийг огт үгүйсгэхгүй харин ч хүч нэмж байсан гэдэг. Яагаад эхнэр аваагүй юм бэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Танд бүхэл бүтэн номын сан байхад, ганцхан ном л тэврээд хэвтээд байх хэрэг байна уу” гэж өөрийн хошин зангаар хариулж байж. Гэтэл үнэндээ Бенни Хилл нь хүүхэмсэг эр гэхээс олон түмнээс айдаг л хүн байсан юм. Ганцхан жүжиглэж байхдаа л тэр хэнээс ч айдаггүй, инээд гэрэлтсэн эр байж чадна.

Түрээсийн байранд амьдардаг, дандаа үнэ хямдарсан, хуучин юм авдаг Бенниг шуналдаа хатсан эр гэж нэрлэх ч үнэндээ тэр тийм хүн байсангүй. Тэрээр өөрийн хамтран тоглогч Жеки Райтыг (байнга л толгой дээрээ алгадуулж байдаг нэг халзан өвгөн байдгийг санаж байна уу) өвдөж, хөгширч шоунд оролцож чадахгүй болсон нөхцөлд ч нэрийг нь шоундаа оруулж, боломжтой бол хуучны дүрсээс нь шинэ шоундаа оруулах замаар хамтрагч асандаа маш их цалин мөнгө олгосоор л байсан юм. Иймэрхүү түүх олон л байдаг юм гэнэ лээ.

Хэдийгээр Бенни Хиллийг Англи даяараа ад үзэж байсан ч (сүүлийн шоуг нь 9,5 сая хүн үзэж байхад англичууд бүгдээрээ ад үздэг байсан гэж хэлэх хэр зөв юм бол...?) дэлхий дахинд Бенниг хайрлах, хамгаалах хүмүүс байсаар байлаа. Чарли Чаплин үхэн үхтлээ Беннигийн үнэнч фэн байсан бөгөөд түүний гэрт Бенни Хиллийн бүх шоуны бичлэг хадгалагдаж байв.

Бенни Хиллийн бие муудан эмнэлэгт хэвтэж байх үед Майкл Жексон “Чи бол дэлхийн номер нэг комик шүү” гэдгийг өөрт нь хэлэхийн тулд эмнэлэг дээр нь эргэн очиж байжээ.

  Олон түмнээс зугтан гэртээ бүгэх болсон Бенни архи ууж, хэт их идэж зурагт харахаас өөр ажил хийхээ больсноос удалгүй бие муудаж эмнэлэгт хэвтсэн ба эмч нар яаралтай хагалгаа хийхгүй бол удахгүй үхэх магадлалтай болсон гэдгийг дуулгахад Бенни юу ч хэлэлгүй зүгээр л эмнэлгийг орхин явсан байна. Тэрээр гэрээслэл ч бичсэнгүй. Өөрийнх нь дараа үлдэх олон сая фунтын төлөө тэр хамаатан саднууд нэртэй нөхдүүд хоорондоо алалцаг гэж л албаар тэгсэн гэмээр.

1992 оны 4-р сарын 18-20-ны хооронд алдарт комик Бенни Хилл үгүй болжээ. Цагтаа олон түмний хайр хүндлэлийг хүлээж байсан энэ хүн цор ганцаараа гэртээ байсаар таалал төгссөн нь энэ бөгөөд чухам яг хэдний өдөр тэнгэрт хальсан бэ гэдгийг нь яг таг тогтоож чадаагүй юм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]