Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Үгүй, үгүй би Хужаатай барилдахгүй, Чүлтэмсүрэнтэй барилдана"Уншсан13,827

Ө.Эрдэнэ-Очир арслангийн аав Х.Өлзийсайхан арслангийн эцэг Хас гуай бол Даншигийн заан хүн. Эднийхэн удмаараа бөх улс. Х.Өлзийсайхан арслан нэгэн удаа ховор сонин түүх хуучилжээ.

 Үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Манай алдарт аварга, арслан, хүчит бөхчүүдийн ард түмнийхээ дунд түгэн тархсан хууч яриа болсон явдлууд олон бий

 

Боловсролын зөрүү

Ө.Эрдэнэ-Очир арслан, том хэмээх Санжаа заан хоёр “онол”-ын асуудлаар ихэд маргалдан Санжаа нь дийлдээд Мөнхбат аваргад очиж гомдол мэдүүлсэн нь “Аварга минь энэ арслан намайг юм л бол боловсрол илүүгээрээ түрээ барин дээрэлхэх юм” гэжээ. Мөнхбат аварга “Та хоёр тэгээд ямар боловсролтой болоод мөчөөрхөцгөөдөг билээ” гэхэд Санжаа нь “Эрдэнэ-Очир арслан дөрөвдүгээр анги төгссөн, би гуравдугаар анги төгсөөд сургуулиас гарчихсан юм” гэсэн гэдэг.

 

Хамгийн урт агуй

Дэлхийн болон Монголын шилдэг бөхчүүдийн нэг гавьяат тамирчин А.Энхээ “Монголын хамгийн урт агуй манай нутагт бий” хэмээн нөхөддөө гайхуулжээ. Цаадуул нь “Тэгээд хамгийн урт гэж яаж нотлох юм бэ дээ” гэцгээхэд А.Энхээ “Тэр агуйн нэг амаар үнэг туулай хоёр хөөцөлдөөд ороход гурав хоногийн дараа нөгөө талаар нь гарахдаа бүр турчихсан байдаг юм аа” гэж хошигножээ. Нөгөөдүүл нь энэ тухай X.Баянмөнх аваргад “А.Энхээ худал яриад байна” гэж алтан хошуу өргөтөл, Баянаа аварга “За даа бусдаасаа арай илүү бяртай хүн л хааяа хааяа тэгж хэтрүүлээд байдаг юм даа” хэмээн амыг нь тагласан гэдэг.

 

Би "Хужаа"-тай барилдахгүй, Чүлтэмсүрэнтэй барилдана

Ө.Эрдэнэ-Очир арслангийн аав Х.Өлзийсайхан арслангийн эцэг Хас гуай бол Даншигийн заан хүн. Эднийхэн удмаараа бөх улс. Х.Өлзийсайхан арслан нэгэн удаа ховор сонин түүх хуучилжээ. Тэрээр "хужаа" хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэн арслантай барилдааны эв таардаггүй, ер нь өвдөг шороодчихдог байж. 

Хоёулаа нэлээн харих талдаа орж явсан үе гэнэ. Тэр жилийн наадамд улсын арслан Х.Өлзийсайхан эрэмбээрээ түрүүлж ам авдаг байжээ. Ө.Чүлтэмсүрэн арслан хэлж гэнэ "Өлзийсайхаан, хоёулаа эвээ олоод барилдвал нэг нь үзүүр түрүүнд хүрч ч мэднэ, аль эсвэл хоёулаа үзүүр түрүүнд очиж ч болно. Өлзийсайхан минь, чи амаа эвтэйхэн авна шүү, би ч эвтэйхэн авна" гэжээ. Х.Өлзийсайхан арслан ч за гэж гэнэ.

Гэтэл учраа бөхөө амлах болоход Х.Өлзийсайхан арслан Ө.Чүлтэмсүрэн арслангаа амлаад авчихжээ. Тэгээд л барилдаан эхэлж дээ. Бөхчүүд зүүн баруунаас гарч өрж эхэлж л дээ. Гэтэл Х.Өлзийсайхан арслан уулга алдан "Үгүй, үгүй би "Хужаа"-тай барилдахгүй, Чүлтэмсүрэнтэй барилдана, тэр Чүлтэмсүрэн хаа байна аа" гэж гэнэ. Мань арслан үе тэнгийн нөхрөө хочоор нь дуудсаар байгаад бөх амлах эгзэгтэй чухал үед нэрийг нь ч мартсан байсан болтой. Хэлээд, яриад тохирчихоод яадаг амьтан бэ хэмээн уурссан Ө.Чүлтэмсүрэн арслан мэх хийдэг барьцаараа барьж аваад "Түмэн олны дунд нүүрээ улайлгаад, нүдээ бүлтийлгээд авсан хүн одоо мэхээ хий" гэсэнд Х.Өлзийсайхан арслан "Зүгээр бай чи, зүгээр бай чи" гээд бариулсан гараа тавиулах гэж цаашаа цахдахад нь Ө.Чүлтэмсүрэн арслан тахимдаад давчихсан гэдэг. Ээ дээ энэ бөхчүүд үү.

 

Хатуу ундааны хүчээр

1930-аад оны үед ид сайн барилдаж байсан Сэлэнгийн Боохой хэмээх Данзан арслан бол асар их хүч тэнхээтэй хүн байжээ. Тэрээр аяга тагш юм балгачихдаг нэлээн ч дуртай байсан гэнэ. Нэгэн зун Сэлэнгэ аймгийн наадамд Боохой Данзанг аваачиж барилдуулах, наадам үзэхээр нэг яамны сайд хар машинтайгаа явсаар аймгийн төвийн наахна тэрэг нь эвдэрч яах ч аргагүй болжээ. Ядахдаа усан бороо асгаж байсан тул сайд, авгай хоёр кабинаасаа ч цухуйх аргагүй сууж байтал тэвшин дээр сууж явсан Боохой, машиныг чирэхээр болжээ. Сайд ч нэг шил «хатуу ундаа» задлан Данзанд хэд балгуулсанд мань эр урам орон нарийн олсоор машины урдаас оосорлон хар цээжээрээ зүтгэж гэнэ. Нэлээд яваад л Боохой үе үе эргэн харахад нь жолооч өнөөх “хатуу ундаа”-г аваачин хэд балгуулна. Тэгэх тусам л Боохой их л тааламжтай болж зүтгэсээр наадмаас өмнө амжиж очсон гэдэг.

 

Бууз гурван эрдэнэ

Их монгол хэмээн алдаршсан Даншиг "наадмын аварга Шаравжамц гуай бол 236 см өндөр нуруутай, одоо үеийн бөхчүүдээс хэнтэй нь ч зүйрлэхийн аргагүй том хүн байсан бөгөөд нэг идэхээ хүрвэл гойд их иддэг гэсэн яриа байжээ. 1940-өөд оны үед аваргыг 60 гарч дал дөхөж явах үед нь хэсэг улс хир их иддэгийг нь үзэхээр шийдэн түүнийг урьж 100 бууз хоёр шил архитай өмнө нь тавьж гэнэ. Өвгөн аварга 100 буузнаас гурван буузыг гурван эрдэнийн тоогоор үлдээе гээд бусдыг нь идчихээд хоёр шил архийг залгилж орхисноор барахгүй дээрээс нь хоёр том гуулин данх цай нэмж уучихаад нэг их цадсан шинжгүй гарч одсон гэнэ. Эдгээр хүмүүсийн дотор партизан, зохиолч Ж.Дамдин гуай өөрийн биеэр байсан гэсэн яриа ч бий.

 

Эрүү чилэхийн нэр үү?

Дээр цагт Тавнан вангийн хошуунд нохой Гомбо гэгч цадахыг мэддэггүй их ховдог нэгэн бөх байжээ. Нохой Гомбо Даншигийн ямар нэг цол хүртээгүй ч овор том биетэй, их хүч чадалтай хөл муутай хүн байсан бололтой. Хар багаасаа ядуу зүдүү өсөөд ч тэр үү цадна гэж бараг мэддэггүй, ер нь цадаж үзээгүй гэж ярьдаг байжээ. Тавнан ван нэгэн удаа түүнийг дуудан ирүүлж өмнө нь ихээхэн мах шүүс авчруулан тавиад “Чамайг үнэхээр цадаж үзээгүй гэлцэх юм, үнэн үү хө” гэхэд нь нохой Гомбо “Цадах гэдэг чинь эрүү чилэхийн нэр үү” гэсэн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]