Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Лавсан аваргад гэдсээ хага хаяуулах учиртай хүү байж дээ"Уншсан25,795

Тэгээд Самдан зүүн байранд ирж барилдах болсонд бөхчүүд “Лавсан аваргад гэдсээ хага хаяуулах учиртай хүү байж дээ” гээд Самданг "Сайн барилдана шүү” хэмээн ихэд доог тохуу хийцгээн инээлдэж байв.

Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

Сэцэн хааны шүхэр бээсийн нутаг одоогийн Саригийн эхэнд 1887 оны дэлгэр сайхан зуны эхэн сард Ганжууржавын их охин Буяндэлгэрээс хүү төржээ. Өвгөн эцэг Ганжууржав,ах Шарав, Чүлтэм нар болон ах дүү нар нь бага хөөрхөн хүү гарсанд бөөн баяр хөөр болон газар хүрэлгүй,гар дамжуулан долоон нас хүргэсэн байна.

Ах Шарав, өвөг эцэг Ганжууржав нар Самданг сахил хүртээлгэж лам болгон,Сэцэн хааны цагаан эргийн Гүндүгаварлин хийдийн Чогчин дуганд шавь болгон суулгажээ.

Самдан Чогчин дуганы олон шавь нартай танилцан төвд ном заалган суухдаа багачууд,банди нартай барилдавчиг нэг ч хүүхдийг хаяж чадахгүй байсаар Чойрын ном заалгаж, Чогчин дуганаасаа их дуганын хуралд сууж 12 нас хүрсэн ч мөн л банди нартай барилдсаар нэг ч хүүхдийг хаядаггүй байжээ.

Самдан 12 насандаа хурал ном сонирхол буурч, харин хөдөө гадаа гарч аянчин, жинчний хөтөл хийж,айлын эмнэг догшин адууг сурган унадаг болов. Самдан ингэж бие бялдар өсөж булчин чангарсаар ямар ч эмнэг догшин адууг барьж сургаж, унадаг болжээ.

Самдан 15 нас хүртлээ цагийн хурлаас бусад цагт хөдөө байж, аян жин хийж, адуу мал сурган унаж, хэн бүхэнд гайхагдахаар бие нь чангарч байгааг хуучин бөхчүүд, настангууд ажиглан мэдэж, ”Ганжууржавын зээ хүү сүрхий эр хүн болох нь ээ. Ер нь энэ маань бөх болох юм биш байгаа”гэж ярьдаг болов. Самдантай үргэлж барилдаад хаядаг банди нар ч чангарчээ. Гэсэн чиг тэд Самдантай барилдаад хаях байтугай барьж авч чадахгүй болсноо мэдээд ер барилдахаа байжээ. Самданг аян жинд явж, ачаа бараа өргөх, эмнэг догшин адуунд эрмэг чадалтай болсныг нутгийн бүдүүн Шарав гэгч мэдээд өөрөө зүүн Сөнө, Авга хошуу орж адуу малын арилжаагаар явахдаа Самданг гуйсан аж. Гэтэл Самдангийн ах лам Чүлтэм Самданг “хар” болчих вий гэж их айдаг болов. Олон хүүхэдтэй Ганжууржав өвгөн зээ хүүгээ ажилд сайн, ам тосолно гээд их сайн байдаг боловч хатуухан захиргаатай хүмүүжүүлнэ. Үүнийг Шарав сайн мэдсэн учир Самдангийн өвөг эцэг Ганжууржав, ах Шарав нарт “Самданг эрэлд авч явья” гэж худал хэлж, гуйгаад зөвшөөрүүлэн, Самданг дагуулан зүүн Сөнөдөд адуу худалдахаар явсан аж. Шарав Самдан нар адуу малаа худалдаж дуусаад буцах гэтэл Авга хошууны их наадам таарчээ.

Тэд наадам үзэхээр очсон байна. Самдан тэр үед адуу, тэмээ, агт морь, хүнтэй ноцолдохгүй бол хамаг бие нь амрахгүй байсан тул тэр хошууны наадамд барилдах хүсэл мөрөөдөлд автжээ. Самдан хамт яваа Шаравтаа энэ тухайгаа хэлэхэд Шарав нь “Зодог шуудаг олоод,чамайг зөвшөөрч барилдуулах юм бол барилдахад яадаг юм бэ” гэжээ. Тэгээд бөхийн газар очиж, бөхийн даамал нарт барилдах тухайгаа хэлсэнд тэр ихэд тохуурхан шоолох маягтай “Хүү минь чадлаараа л барилд” гэсэн учир баярласан Самдан барилдах гэтэл өмсөх зодог шуудаг олдохгүй байжээ.

Гэтэл өрөвч сэтгэлтэй нэгэн бөх өөрийн бөхийн хэрэгслээ өгсөнд Самдан урьд нь өмсөх байтугай үзэж хараа ч үгүй шарын сураар бөхөлсөн, хадаг яндар болсон тэр зодог шуудгийн өмсөн, зүүн байрнаас хоёр удаа гарч, тэр улсын өсөж яваа нэлээд сайн хоёр залуу бөхийг хаяжээ.

Гэтэл тэдний бөхчүүд болон үзэгчид Самданг бараг барьж авч зодох шахан, ”Чи аль газраас яваа хар хүзүүт маам бэ? Ер нь энэ хар хүзүүт маамыг дээш нь ноёдод хэлж хасуулъя” хэмээн хуйвалдаж, ноёдодоо мэдээ хүргэжээ. Тэгээд Самданг их асраас дуудсан байна.

Самдан Шараваасаа “Одоо би юу гэх вэ?” гэж асуухад “За чи голын том асарт байгаа маймаа маягийн махлаг тарган ноёны өмнө нь сөгдөөд асуусан зүйлд нь үнэнээрээ хариулаарай” гэжээ.

Тэгээд зүүн байрын даамал дагуулан их асарт ормогц Шаравын хэлсэн хүний өмнө Самдан яаран сөгдөн унажээ. Монгол ноён хэрэг учир, хэт нутгийг нь асуусанд өөрийн үнэн байдлаа хэлэхдээ “Би барилдах дур хүрэхдээ хоёр бөхийг хаясан юм. Ноёнтон минь өршөөгөөрэй” гэжээ. Тэр Монгол ноён “Аан чи манай хошууны миний албат хүн байжээ” гээд Авга ноён руу харсанд Авга ноён Монгол ноёнд тал засаж, “Их тайжтан та албатан бөхтэйгээ ирсэнд тун таатай байна, Барилдуул, барилдуул” гэжээ.

Тэгээд Самдан зүүн байранд ирж барилдах болсонд бөхчүүд “Лавсан аваргад гэдсээ хага хаяуулах учиртай хүү байж дээ” гээд Самданг "Сайн барилдана шүү” хэмээн ихэд доог тохуу хийцгээн инээлдэж байв.  Тэгээд Самдан олон сайхан бөхчүүдийг нь хаяж үзүүр түрүүнд үлджээ. Тэр газрын настай боловчиг алдартай аварга бөх Лавсантай барилдаж, том биетэй хадаг яндар болсон аваргыг шууд дайран өргөөд тонгорон хаяжээ.

Ингэж зүүн Сөнөдийн их аваргыг хаяж морь, шарын шагнал аваад баяртай нутагтаа ирсэн боловчиг гэрээс оргож гарсан тэр наадамд нутгаас хүн байсангүй зэрэг харин Сэцэн хааны Дэнцэвээс өөр хүн мэдэхгүй учир энэ тухайгаа хэнд ч хэлсэнгүй байсаар 16 насандаа Даншиг долоон хошуу наадмын бөх, сур, морьдын хөтөлчөөр хүрээ орж Даншиг долоон хошууны наадамд барилдсан юм байжээ. Үүнээс эхлээд л Самдангийн алдар нэр гарах буй за.

Босоо Г.Самдан аварга Буур хэмээх Жамьян аваргын хамт

Жич: Хэнтийн Баянхутаг сумын олонд “нохой гэдгэр” гэж алдаршсан Шарав хэмээгч нь Самданг бага наснаас нь эхлэн алдартай бөх болтол нь сайн мэдэх ба ялангуяа адуу тууж, Авга хошуу орж, Лавсан аваргыг хаясан тухай 1955 онд ярьсан нь энэ юм.

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]