Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Т.Намжил: Монголчууд хүүхдийг эв нэгдэлтэй болгож хүмүүжүүлэхийн суурь нь удам угсаагаа мэдэх явдал гэж үздэг байсанУншсан1,437

Шинжлэх ухааны доктор, профессор, Гэр бүл судлаач Т.Намжилтай уламжлал, шинэчлэлийн талаар ярилцлаа.

 Шинжлэх ухааны доктор, профессор, Гэр бүл судлаач Т.Намжилтай уламжлал, шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Монголчууд бол арвин их түүх, ёс уламжлалтай үндэстэн. Гэвч одоо үед уламжлалыг хоцрогдсон гэж үзэх хандлага байдаг. Та үүний талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

- Төв Азийн энэ сайхан нутагт одоогоос 5000-аад жилийн өмнө манай өвөг дээдэс хос гэр бүлийг үүсгэсэн түүхтэй. Үүнээс нааших хугацааны туршид манай өвөг дээдэс ёс заншил, соёлын өв уламжлалын бүтээн хэрэгтэйг нь хойч үедээ үлдээсэн учиртай. Өнөө цагт анхаарал татаж байгаа гол асуудал бол уламжлал, тэр дотроо дэвшилт уламжлал (нэг үеэс нөгөө үед дамжиж байгаа, нэг хэсэг нь жам ёсоор гээгдэж байгаа) анхаарагдахгүй байдалтай болж байна. Шинжлэх ухааны үүднээс үзэхэд нийгмийн ямар ч үзэгдэл заавал уламжлал, шинэчлэлтэй холбоотой байдаг.

Өнөөдөр Монгол суурьшил-нүүдлийн амьдралд орчихлоо. Хүн амын 70 гаруй хувь нь хотод, үлдсэн 30 хувь нь хөдөөд амьдарч байна. Тэгэхээр хөдөөд амьдарч байгаа малчдын гэр бүлд Монгол өвөг дээдсийн сайхан уламжлал, ахуйгаас нь хамаараад ерөнхийдөө хадгалагдаж байна.

Харин хот суурин газарт алдагдах тал руугаа орсон. Нөгөө талаараа энэ өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн явцад олон шинэ хүмүүжлийн арга барил, ёс заншил, соёлын чиглэлүүд гарч ирлээ. Өнөөдөр Монголын ард түмэн хосолмол соёлын орчинд хөгшин, залуугүй амьдарч байна. Яагаад “хосолмол” гэж байгаа гэхээр, нэг нь бол Монголын уламжлалт дэвшилт соёл, хоёр дахь нь 100-аад жилийн өмнө нэвтэрсэн Европоос гаралтай Оросын соёл, гурав дахь нь сүүлийн жилүүдэд нэвтэрсэн Азийн орны нөлөө багтаж байгаа.

2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзвэл Монголын хүн амын дотор 0-14 насныхан 37 хувийг эзэлж байна. Хүн амын өсөлтийн суваргыг хараад байхад энэ хувь цаашдаа өсөх хандлагатай болжээ. Одоогоос 20 жилийн дараа гэхэд л эдгээр залуу үе Монголыг авч явах хүмүүс болно.

Өөр нэг асуудал бол өвөө, эмээ эсвэл настайхан ээж, аавуудтай гэр бүлийн хүрээнд уламжлалт гэр бүлийн ёс байна. Харин залуувтар, ойролцоогоор 30-40 насны гэр бүлийн хувьд орчин үеийн ёс заншил давамгайлсан. Энэ хоёрын хооронд зөрчил гарч байна.

Нэг нь бол ямар байсан түүгээрээ явна гээд нөгөө нь “за” гэчихээд өөрийнхөөрөө явах гээд байгаа юм. Энэ нь уламжлал ба шинэчлэлийн холбоо, түүний ач холбогдлыг хөндөж ярих үндэслэл мөн. Үүнийг ярихгүй бол болохгүй. Аливаа түүх урьд, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээнд явж ирсэн. Энэ гурвын холбоонд явах ёстой. Хэрэв манай залуучууд одоо цагаасаа орчин үежээд урьдах уламжлалаасаа хөндийрөөд байвал цаашдын чиг хандлага өөрийнхөөрөө явахгүй байдалд хүрнэ.

Уламжлал гэдэг бол ард түмний бий болгосон дэвшилт соёлыг үеэс үед дамжлуулах хэрэгсэл юм. Монгол философи гэдэг юм уу эсвэл мэргэдийн сургаж ирснээр энэ нь арга-билгийн ухаанд түшиглэж ирсэн. Одоо цагт билэг нь уламжлал, арга нь барууны, бидний ойлголтоор орчин үеийн гэх соёл нь юм. Билэг бол хуримтлагдсан юмыг хадгалж явдаг. Харин арга бол билгийг өөрчилдөг зүйл.

-Та сая арга, билэг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр үүний аль нэг талд туйлшрал явагдвал яах вэ?

- Туйлшрал гэдэг их осолтой. Өвөг дээдсийн бүтээсэн дэвшилт уламжлалыг нүүдэлчдийн хоцрогдсон, бүдүүлэг мэт залуучууд үзэхэд хүрвэл энэ бол туйлшрал. Юуны туйлшрал вэ гэвэл, хуучнаа үгүйсгэн одоогоос хойш явна гэсэн ийм ойлголт бий болж байгаа юм.

-Уламжлал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ та дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхгүй юу?

- Уламжлал гэж их том зүйл яриад байдаг. Уламжлалт ёс, соёл, заншил гэж яг юуг нь авч явах юм? яг юуг хэлэх юм?,  залуучуудад “үүнийг л уламжилж үлдээх ёстой, тэрийг л уламжлал гэнэ” гээд хэлчих тодорхой зүйл байхгүй байна. Үүнийг тодорхой болгох ёстой.

-Монгол гэр бүлийн хүрээнд ямар уламжлал авч явах ёстой юм бэ?

- Өнөөдөр 900 мянган өрх айл байна. Монгол уламжлалаар бол эд нар 3-4 үе эх гэрт амьдарч ирсэн. Тэгэхээр 200-300 мянган эх гэр бүлд харьяалагдаж байна. Өөрөөр хэлбэл залуучууд нэг гэрт, тэр дотор аав, ээж, өвөө, эмээ, нагацтайгаа гэх мэтээр амьдарч ирсэн. Энэ ёс дорно дахинд элбэг л дээ. Эх гэр гэдэг нь олон ханатай гэрийг хэлж байгаа юм биш. Харин тухайн айл гэрийн голомт хадгалагдаж байгааг хэлж байгаа юм. Эх гэр бүл дотор ёс уламжлал хадгалагдаж байдаг бөгөөд эх гэр бүлээс үр хүүхэд нь нас бие гүйцээд өрх тусгаарлахаар түүнийг “бага гэр бүл” гэж нэрлэдэг. Залуучууд та нар бодох хэрэгтэй хоёулхнаа, гурвуулхнаа энэ хорвоо дээр гарч ирээгүй шүү дээ. Тэгэхээр би ард түмэндээ юу гэж хэлэх вэ гэвэл, цусан төрлийн холбоонд үндэслэсэн тухайн овгийнхоо эрхэмлэж ирсэн дэвшилт ёсыг хэвээр нь юм уу, засаж залруулаад л авч явах хэрэгтэй.

-Гэр бүлийн дунд зөрчил их гарч байна. Энэ нь ёс уламжлалаа алдаж байгаатай уялдаа холбоо байна уу?

- Нэг талаас бол мэдээж хүн амын насжилттай холбоотой, нөгөө талаараа залуу хүмүүс эх гэр бүлээсээ хөндий болчихсон. Тухайлбал эх гэр бүл нь Архангайд байхад, үр хүүхдүүд нь хотод юм уу, хаа нэг газар байна. Тэгээд болох, болохгүй юм таарахад өөрөө туулах учиртай болж байна шүү дээ.

Мөн юмыг сайн нягталж үзээгүйгээс болж алдаа гаргаж байна. Жишээлбэл, насаараа ханилах ханиа яарч сонгон, царай хараад л, нэг хоол идээд, нэг юм үзчихээд л “Би чамд хайртай, чамгүйгээр амьдрахгүй” гээд суудаг. Уг нь үүнээсээ өмнө ядаж ахмадуудаасаа асууж, зөвлөлддөг байх хэрэгтэй. Ахмадууд нь тэдний эрхэнд халдах биш, сайн талаас нь зөвлөмж өгнө шүү дээ. Тухайлбал, “Миний хүү тийм үйлдэл хийсэн хүн нэг ийм байдаг шүү. Тэгж харагдсан шүү, тэрийг нь анхаараарай” гэх мэт. Энэ нь эрхийн үүднээс хэн нэгэнтэй суух эрхийг нь хааж байгаа хэрэг биш юм шүү. Үр хүүхдээ алдаа битгий гаргаасай гэж л хайрлаж, зөвлөж хэлж байгаа юм. Өөрсдөө үзээд туулчихсан юм чинь.

-Сүүлийн үед дэлхий дахинд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх гэх мэтчилэн давлагаалж байна. Энэ нь манай Монгол гэр бүлийн уламжлалт хэв маягт нөлөөлж байгаа харагддаг. Үүнийг талаар та хэлэхгүй юу?

- Одоо дэлхий дахинд бол оюун санааны хүрээнд хана хэрэм байхгүй. Байх ч ёсгүй. Хаана юу үүсэж байна, Монголчуудад нөлөөлнө. Тэгэхээр гаднын соёл хэзээ хаагуур орж ирж байгаа нь ганцхан Монголд ч биш дорно дахинд ч бас хамаарч байгаа шүү дээ. Ийм нөхцөлд ялангуяа залуучууд “Би Монгол хүн шүү, би Монгол газар нутгийн төлөө амьдрах ёстой хүн шүү” гэдгийг хаана ч явсан, хэнтэй ч амьдарсан бодох ёстой гэж бодож байна. Ингэж чадвал бусдын соёлыг шууд даган дуурайхгүй өөрсдийн үндэсний үнэ цэнийг ухамсарлана. Эхийн хэвлийд байхаас нь авхуулаад л хүүхдэд нас насанд нь тохирсон зан үйлийн хүмүүжлийг мэдүүлж байх хэрэгтэй.

Энэ зан үйлийн зангилаа нь  Монголын тоонотой, толгойтой болгоны хамаардаг Сар шинийн баяр буюу цагаан сар юм. Ямар ч ядуу хүн байсан хэд хоног мууг бодохгүй, амар амгалангаа айлтгаад ёсыг бодоод тэмдэглэдэг. Энэ сар шинийн ёслол тэмдэглэлд Монголын ёс уламжлал, төрт ёсны бэлгэдэл шингэж байдаг юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Одоо бол хийнэ, хийхгүй гээд яриад байна. Угтаа бол энэ чинь хүмүүс уулзаад, идэж уугаад явахдаа бус төрт ёсны баяр юм шүү дээ. Монголчууд айл гэр төр улс, төр улс айл гэр гэж сургаж ирсэн. Тэр цаана байгаа мөн чанар, улс төрийн утгыг нь ойлгуулах хэрэгтэй байна.

-Шинэчлэлийг бид өөрсдийн суурь үндсийг эвдэхгүйгээр зөв хийх вэ?

- Судлаачийн хувьд хэлэхэд хувь хүн, гэр бүл, төр улс гэх гурван чиглэлийг л барих хэрэгтэй. Нэгдүгээрт, өвөг дээдсээс өвлүүлсэн дэвшилт ёс уламжлалыг хэвээр нь авч явах. Хоёрдугаарт, шинэчлэлтэйгээ уламжлалыг хослуулах. Жишээ нь цагаан сараар заавал ууц тавиад, боов өрөөд байх ёстой юу. Ёсыг нь алдахгүй нь тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэх мэт. Гуравдугаарт, ерөөсөө энэ шинэ цагт нийцэхгүй ёс байна. Жишээ нь 1925 он хүртэл “сүй тавих ёс” гэж байсныг ардын засгийн газраас халж байсан. Учир нь сүй тавина гэхээр инж өгөөд л хүнийг худалдаж авах утгатай адилхан байжээ.


 

Т.Намжил: Хүүхдийг өөрийнхөөрөө биш өөрийнхөөр нь өсгөх чухал

Шинжлэх ухааны доктор, профессор, Гэр бүл судлаач Т.Намжилтай хүүхэд хүмүүжлийн талаар ярилцлаа.

-Ер нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн суурь хэдэн наснаас тавигддаг юм бол?

-Манай улсын хувьд хүүхдийн асуудлыг ойрын 30 жилд анхаарч үзэх шаардлага тулгарч байна. 0-14 насныхан нийт хүн амын 40-өөд хувийг эзэлж байна шүү дээ. Хүүхдийн асуудалд анхаарал хандуулах хамгийн гол зангилаа нь эцэг, эхчүүдийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх юм. Тиймээс мэдээллийн шугамаар эх, эцэгт мэдлэг олгох, тэд өөрсдийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Энэ асуудалд анхаарахдаа ардын уламжлалд тулгуурлах хэрэгтэй. Өвөг дээдсийн бий болгосон маш үнэтэй сурган хүмүүжүүлэх арга зүй өвлөгдөж ирсэн нь орчин цагт гээгдэх хандлагатай байна. Ажиглаад байхад сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд уламжлалт болон орчин цагийн сурган хүмүүжүүлэх аргын алийг нь ч мэдэхгүй байна. Тийм ч учраас эцэг, эхчүүд уламжлалт арга барил буюу өөрийн эцэг, эх хэрхэн хандаж байснаар хүүхэддээ хандаж байна.

Гэтэл орчин цагийн хүүхдүүд сэтгэлгээний хувьд маш их өөрчлөлттэй болсон. Хүүхдийн энэхүү өөрчлөлтөөс эцэг, эхчүүд хоцрох хандлага ажиглагдаж байгаа тул орчин үеийн арга барилыг дагахгүй бол болохгүй биз. Ингээд энэ хоёр аргын зохицлыг гаргаж ирэх асуудал тулгарч байгаа юм. Монгол гэр бүл үүсээд 3-4 мянган жил болж байна. Тэр цагаас янз бүрийн цаг үед өөрчлөгдөөгүй ирсэн ёс бол хүндэтгэх ёсон. Хүндэтгэх ёсыг хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрэглэвэл хүнийг үл хүндэтгэх, юмыг үл ойшоох, үл ойлгох асуудал буурч, анхаарал халамж дээшилнэ.

Монгол уламжлалаар сайн үр хүүхдийн асуудал нь сайн ханийг олж ханилахаас эхлэлтэй гэж үздэг. Сайн ханийг олвол сайн үр заяана. Тэгэхээр эхийн хэвлийд ураг тогтох тэр үеэс хүний хүмүүжлийн суурь тавигдана гэсэн үг.

Эхийн хэвлийд бойжих хугацааг монголчууд “хий нас” гэдэг. Тэр бол ямар хүн болж төлөвших вэ гэдэг хүмүүжлийн хугацаа юм. “Хавиргатай гэдсэндээ багтахгүй бол ханат гэртээ багтахгүй” гэсэн сургааль байдаг шүү дээ. Эхийн хэвлийд бойжиж байхад ямар орчин үйлчилнэ тэр нь хүүхдэд шингэж гарч ирдэг. Монголчууд худалчийн хүүхэд худалч, хулгайчийн хүүхэд хулгайч гэж ярьдаг. Тэр чинь гэр бүлийн орчин хүүхдийн тархинд суучихсан л гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн орчин гэдэг бол хүүхэд хүмүүжлийн уламжлалт нэгэн арга болж ирсэн юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хүүхдийн хүмүүжлийг үечлэн авч үзвэл?

-Монголчууд хүүхдийн хүмүүжлийг үечлэн авч үзэхдээ эхийн хэвлийд бойжих үе буюу “хий нас”,  1-3 нас буюу мэдээ орох үе, 4-6 нас буюу ухаан орох үе, 10 нас буюу ухаан орж дуусах, 16-18 нас буюу бие цэгцэрч, гэрлэлтэд бэлтгэх, 18-25 нас буюу гэр бүл зохиох гэсэн ангиллаар авч үздэг уламжлалтай. Орчин цагт энэ үелэлийн хугацаа наашилж байна. Хүүхэд бараг нэг насандаа мэдээ орж эхэлж байна шүү дээ. Энэ бол хүүхдийн өсөлт, хөгжилд маш их өөрчлөлт орж байгаагийн илрэл юм.

Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нь хүүхдийг төрсөн хойно биш эхийн хэвлийд байх үеэс эхлэлтэй гэдгийг онцолж хэлмээр байна.

Залуу эцэг, эхчүүд үүнийг мэдэрч эхэлж байна л даа. Зарим жирэмсэн эхчүүд хөгжим сонсгох, бясалгах зэрэг аргуудыг хэрэглэдэг болж. Зөв шүү.

 -Хүүхдийг ямар арга ухаанаар хүмүүжүүлэх нь зөв бэ?

-Монголчууд эртнээс эв эеийг эрхэмлэж, удам угсаагаа дээдэлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас хүүхдийн хүмүүжлийн гол чиглэл бол эв нэгдэлтэй болгож хүмүүжүүлэх. Эв нэгдэлтэй болгож хүмүүжүүлэхийн суурь нь удам угсаагаа мэдэх юм. Худ ураг, авга, нагац гээд удмын сүлжээ дундаа эвийг хичээх нь нийгэмд эв нэгдэлийг хангах суурь болж ирсэн байх нь. Цаашид энэ уламжлалыг авч явахын тулд төрөл саднаа сайн мэдэрсэн байх нь чухал.

Хоёрдугаарт, хүүхдийг зөв сэтгэлгээтэй болоход анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зөв ярих, зөв харилцахад сургадаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг шиг дотоод сэтгэлийг анхаарч хүмүүжүүлж иржээ.

Гуравдугаарт, хүндэтгэх ёсон. Хүнтэй мэндлэхээс эхлээд бие, хэл, сэтгэл бүхий л талаараа хүндэтгэж ирсэн онцлогтой.

Хүмүүжлийн аргын хувьд гэвэл хамгийн чухал нь юмыг ойлгуулах, үлгэрлэн дагуулах, итгүүлэх. Өөрөөр хэлбэл, хүмүүжүүлэн сургадаг тогтолцоотой ард түмэн.  Үүнийг хэрэгжүүлэх олон арга барил бий л дээ. Хамгийн гол нь гэр бүлийн орчинд эцэг, эх бие, хэл, сэтгэл, үйлдлийн хувьд зөв байх ёстой. Өөрсдөө үлгэрлэлгүй байвал хүүхэд яг л тийм болж өснө. Эцэг, эхчүүд буруу үлгэр дуурайлал болсноо өөрсдөө ойлгодоггүй учраас хүүхдээ буруутгадаг. Тиймээс хүүхдийнхээ хүмүүжлийг ярья гэвэл өөрийгөө эхлээд тольдох хэрэгтэй.

Манай өвөг дээдэс хүүхдээ сайн мэддэг байсан. Ухааны уртай, нүдний уртай, гарын уртай зэрэг шинжүүд тодордог, аль чиглэлд хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдгээ мэдэрдэг байж. Хүүхдээ мэднэ гэдэг чинь эх, эцэг өөрсдийгөө, удмаа мэдэж байна л гэсэн үг.

Өөр нэг чухал асуудал бол өвөг дээдэс маань хэлэх үгээ ихэд бодож тунгаадаг байсан. Үг нь их ончтой байсан нь зүйр цэцэн үг, үлгэрээр илэрдэг. Монголчууд бэлгэдэлтэй ард түмэн гэдгийг нэг илрэл нь бүтнэ, бүтээнэ гэдэг үгийн илрэл юм. Тийм ч учраас бие биедээ урмын үгсийг хэлсээр ирсэн.

Мөн Монголчууд их тусч ард түмэн. Бурханы сургаальд ч байдаг шүү дээ. Хүн яах гэж төрсөн юм гэдгийн хариуд “бусдын төлөө төрсөн юм” гэж. Энэ бүх уламжлалыг л орчин үед авч хэрэгжүүлэх, өвлүүлэх нь чухал байна.

Зэмлэх, урамшуулах арга мэдээж байна. Үнэхээр урамшуулмаар зүйл бүтээчихсэн бол урамшуул, үнэхээр хэрэг төвөг тарьсан бол түүнийг нь олж шийтгэх л хэрэгтэй.

-Зарим хүмүүс хүүхдээ хатуу гараар өсгөдөг, зарим нь хэт бөөцийлж өсгөдөг шүү дээ. Мэдээж энэ нь эерэг, сөрөг аль аль талтай л байх?

-Энэ чинь тухайн эцэг, эхийн ямар орчинд төрж өссөн, хүмүүжсэн бэ гэдэг нь үргэлжилж байгаагийн шинж. Хатуу гараар өссөн хүн хүүхдээ тэгж л хүмүүжүүлнэ. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй. XXI зуунд хүүхэд өөрөө асар их өөрчлөлттэй байна. Өөрөө хэдий хатуу гараар өссөн ч хүүхдээ өөрчлөгдөж байгааг мэдрэх, цаг үетэйгээ нийцэх л шаардлагатай. Зарим өвөө, эмээ, эцэг, эх хүүхэдтэй хэт уламжлалт арга барилаар харьцаж, бүхнийг өөрийн санаанд нийцүүлэх гэдэг нь буруу.

-Хүүхдийг өөрийнхөөр нь өсгөх нь л зөв гэж та хэлээд байна уу?

-Орчин цагт хүүхдийг өөрхийнхөөр нь, юу хүсч, мөрөөдөж байгаад тулгуурлаж хөгжүүлэх нь чухал болсон. Хүүхдийн шинжийг чухалчилдаг уламжлалтай байсан гэж дээр дурьдсан. Тэгэхээр хүүхэд математикийн хичээлдээ сайн, нийгмийн ухааны хичээлдээ тааруухан сурлаа гэж бодоё. Үүнд аав, ээжүүд нийгмийн ухааны хичээлдээ "яагаад тааруухан байна вэ, онц сур" гэдэг харьцангуй хууч ойлголтоор хандаад байдаг. Гэтэл тэр хүүхэд математикдаа сайн учраас математиктай холбоотой бүхий л зүйлсийг хэний ч шахалт шаардлагагүйгээр хийгээд байж чадна. Тиймээс хүүхдийг тэр чиглэлд нь дэмжиж, өөр шаардлага тавих хэрэггүй.

Сурган хүмүүжүүлэгчид “даалгавраа хийсэн үү” гэж байнга шаардахыг болихыг зөвлөж байгаа. Хүүхэд өөрөө өөрийгөө авч явах хэрэгтэй. Харин хүүхдийнхээ чадварыг мэдэж, түүнийг нь хөгжүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Өөрийнхөөрөө гэдэг чинь гэр бүлийн орчин, эхийн хэвлий, удам судраас үүдэлтэй шүү дээ. Удам дамжсан авьяас чадварыг дэмжих л хэрэгтэй. Өөрийнхөөрөө явж байгаа хүүхэд өөртөө хэрэгтэй зүйлийг олж чаддаг, юуг нь авах, авахгүйг ч мэддэг. Хүүхдийг бага гэж бүү гол. Эхийн хэвлийгээсээ л чиг зүгтэй болж төрөх гээд байна. Үүнийг үгүйсгэж болохгүй. Чиг баримжааг нь зөв олгочихвол хүүхэд түүнийгээ л хөөнө, тэр чиглэлийнхээ хүүхэдтэй нөхөрлөнө. Технологийн үйлдвэрлэл олон талтай хөгжиж байгаа өнөө цагт нэг чигтэй байх нь чухал болоод байна.

  -Төрөлтийн эрэмбэ хүүхдийн зан чанарт чухал нөлөөтэй байх?

-Тэгэлгүй яахав. Айлын хэд дэх хүүхэд гэдгээс шалтгаалаад өөр өөр байна. Айлын ууган хүүхэд л гэхэд ил хайрыг мэдэрч өссөн тул эрх дураараа зантай байна. Дунд хүүхэд өөрийгөө авч явах чадвартайн дээр ажил хэрэгч, самбаатай нэгэн. Харин отгон хүүхэд аав, ээжийн хамгаалалтанд өсдөг. Айлын ганц хүүхэд өмгөөлөл хамгаалал, ил хайранд өссөн хүн шүү дээ. Өвөө, эмээ дээрээ өссөн тавиул хүүхдийг анхаарахгүй бол болохгүй. Учир нь тэр хүүхэд хүмүүжлийн аргын зөрчил дунд өсч байна. Эмээ, өвөө өөрийнхөөрөө хүмүүжүүлсэн. Хожим нь эх, эцэг өөрийнхөөрөө хүмүүжүүлнэ. Ингэхээр уламжлалт болон орчин үеийн ялгаа, зөрчил гарна.  

Энэ бүгд онцлогийг мэдэж байж хүүхэдтэйгээ харьцах хэрэгтэй. Хүний муу ч, сайн ч шинж гурваас дөрвөн үедээ өвлөгддөг гэж дээдсүүд ярьдаг. Нэг үеийг 25 жил гэж үзвэл 100 жил өвлөгддөг учиртай.

-Аав, ээжийнхээ үгнээс гарахгүй байх нь сайн хүмүүжлийг илэрхийлэх үзүүлэлт мөн үү?

- Тэр бол ахмад үеийнхний л асуудал. Эх, эцэг өөрсөддөө нийцсэн чиглэлд л хүүхдийг оруулах гээд байгаа хэрэг. Орчин цагийн хүүхэд ийм хязгаарлалтад орохгүй. Эцэг, эхийнхээ хэлсэн зөвлөмжийг хүлээн авахдаа гадна талдаа “за” гэж хүлээн авч байгаа ч дотроо хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг судалгаа байна. Энэ чинь бид өөрөөр сэтгэдэг болсон гэдгийн л илэрхийлэл. Гэтэл үүнийг аав, ээжүүд ойлгодоггүй, өөрийнхөөрөө л явуулах гээд байдаг. Америк сургуульд англи хэл, математикт сургана л гэж байна. Хүүхдэдээ тийм чадвар байгаа эсэхийг эхлээд анзаараарай. Чадваргүй бол хий дэмий мөнгө төлж, хүүхдээ зовоож байгаа хэрэг. Заавал хотын сургуулийн, нэгдүгээр сургуулийн хүүхэд онц сурдаг биш шүү дээ. Энэ мэдээллийн зуунд хүүхэд сайн сурахад хил хязгаар гэж байхгүй. Хөдөөгийн олон хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагсаныг сая харсан л байх.

- Эцэг, эхчүүд “Чамайг тэрийг хийчихвэл тэгж шагнана” гэдэг болзол тавьдаг. Тэр хэр зөв бэ?

-Буруу. Тэр чинь эцэг, эх өөрийн шаардлагыг л гүйцэлүүдлэх гэсэн арга. Гэтэл хүүхэд өөрөөр бодож байна. Хүүхдийн сэтгэлгээний онцлогт л тулгуурлаж ажиллах хэрэгтэй. Нэгдүгээр ангийн хүүхэд л гэхэд асар их зүйлийг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдээ сонс. Ер нь манай эцэг, эхчүүд хүүхдээ сонсдоггүй дээ. Хүүхдийнхээ санал, бодлыг долоо хоногтоо нэг удаа сонсчихож байх хэрэгтэй. Санал бодлыг нь сонсохгүйгээс л болж аливаа нэгэн хүчирхийлэл үүснэ.

-Анхаарал халамж дутагдсан хүүхдэд ямар шинж илрэх вэ?

-Анхаарал халамж дутагдсан үед үл ойшоох, үл ойлгох асуудлууд хүүхдэд үүсдэг. Тэгэхээр л нөгөө болохгүй зүйлс үүснэ. Анхаарал, халамж гэдгийг харилцаа талаас нь ойлгох хэрэгтэй. Энэ хувцас хунар, эд хэрэглэлийн асуудал биш.

Ярилцсан О.Цэцэгсүрэн, Т.Билгүүн

History.mn, Zaag Media Content-ийн редакцид бэлтгэв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]