Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Онгоцоороо онгоц түрж, амиа аварсан түүхУншсан18,776

Шилэн бүхээгийнхээ төмөр хүрээнд тэрхүү гогцоог тааруулаад аажуухан түлхэж үзэхэд болж байсан ч мултарч хуягт шилийг нь цөм цохиж орж ирэх гээд байхаар нь тааруулж байгаад бага зэрэг түлхээд үлдэж, дараа нь дахин түлхэх байдлаар нисэж өглөө

Чалчаа саарал бичиж байна.

Өмнө нь нисгэгчгүй “Миг-23-ын дайралт буюу Зөвлөлтийн хариу” гэсэн нэгэн нийтлэл бичиж байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Энэ удаа мөн л байлдааны онгоцтой холбоотой нэгэн хачирхалтай гэхүү сонирхолтой нэгэн түүх сонирхуулъя.

Дайн байлдааны цагт гэмтэж шархтсан нэгэндээ тусалж, амь насыг аварна гэдэг баатарлаг явдал олон л тохиолддог зүйл. Нисэх хүчинд ч гэсэн ийм зүйл олон тохиолдох бөгөөд Халх голын дайны үеэр Зөвлөлтийн болон Японы нисгэгч нар онгоц нь гэмтэж унасан нөхдөө газар буун авч дайсныхаа хамар дороос аван ниссэн нэлээд хэдэн тохиолдол бий. Гэхдээ энэ удаа газар унасан онгоцноос нөхрөө аврах тухай биш харин ёстой санаанд багтамгүй буюу агаарт гэмтсэн онгоцыг нь онгоцоороо түрэн явсан нэгэн үйл явдлын тухай сонирхуулах билээ.

Энэ явдал 1967 оны 3-р сарын 10-нд Вьетнамын тэнгэрт болсон гэдэг. Төрсөн өдөр нь тохиож байсан хөтлөгч ахмад Роберт Пардо болон дагуул Эрла Аман нар өөрсдийн Фантомдоо орж суун төмөрлөгийн үйлдвэрийг бөмбөгдөхөөр ниссэн бөмбөгдөгч нарыг Вьетнамын сөнөөгчөөс хамгаалах, боломж гарвал далавчинд зүүсэн ганц нэг жижиг бөмбөгөө бас уг үйлдвэр дээр хаях даалгавартай нисжээ.

Энэ дайны тэнгэр америкчуудад ээл муутайхан байсныг бүгд мэдэх бөгөөд Вьетнамын нисэх хүчний хурдтай, жижигхэн шаламгай Миг-үүд гэв гэнэт гарч ирэн сүйд хийх нь элбэг. Дээр нь зенитийн пуужингууд гэж бас нэг аймшиг.

Энэ өдөр ч бас л бөмбөгдөхөөр ниссэн бүлэг  байндаа хүрч амжилгүй мөн л зенитийн пуужин, агаарын их бууны дайралтад өртөж хэд хэдэн онгоц унасан боловч байлдааны даалгавраа биелүүлэхээ зогсолгүй цааш явсаар комбинатын дээр ирэх үед Миг-үүд тослоо. Миг-ийн дайралтын үеэр Аманы машины түлшний сав гэмтэж ихээхэн хэмжээний түлшээ алдсан бол Пардогийн онгоц ч гэсэн 37 мм-ийн агаарын их бууны суманд оногдож, мөн л бага хэмжээний түлш алдаж, цахилгааны янз бүрийн саатал бий болж эхэлж. Гэхдээ аль аль онгоц одоогоор нисэх чадвараа алдаагүй л байлаа.

Онгоц нь буцаж буудалдаа хүрэх боломжгүй хэмжээний шатахуунтай болсон эдгээр онгоцыг агаарт цэнэглэгч онгоц руу чиглүүлсэн боловч цэнэглэгч онгоц хүртэл нисэж чадахгүй нь тун удалгүй ойлгомжтой болж. Одоо яах вэ? Ер нь л шүхрээр үсрэх цаг болж. Саяхан дээрээс нь бөмбөг хаясан тэр газар дээрх  вьетнамчуудын зэрлэг ааш араншин... гээд янз бүрийн юм л бодогдсон байх.

Энэ үед алдах юмгүй болж ирсэн Пардогийн толгойд нэгэн тэнэг санаа төрж. Энэ нь арай илүү дээр удирдлагатай байгаа өөрийнхөө онгоцоор улам бүр “тамирдаж” өндрөө алдах дээрээ тулж байгаа нөгөө онгоцоо дороос нь тулж, аажуухан түлхэж үзвэл болох юм биш биз гэсэн солиотой бодол байв. Оролдоод үзтэл болохгүй бүтэхгүй юм их гарч аягүй бол өөрийгөө зэвсгийн оператортайгаа цуг няцалж мэдэхээр байлаа. Арай өөрөө үзэхээр шийдэж Аманыг тормоосны гогцоогоо (нисэх онгоц тээгч дээр буух үедээ хөндлөн татсан троссыг гогцоодон буудаг тэр хэрэгсэл) буулга гэснийг өнөөх нь ч ёсоор болгов.

Шилэн бүхээгийнхээ төмөр хүрээнд тэрхүү гогцоог тааруулаад аажуухан түлхэж үзэхэд болж байсан ч мултарч хуягт шилийг нь цөм цохиж орж ирэх гээд байхаар нь тааруулж байгаад бага зэрэг түлхээд үлдэж, дараа нь дахин түлхэх байдлаар нисэж өглөө. Түлшгүй болсон онгоцны хөдөлгүүрийг унтраан шүхэрлэн нисэж явсан бөгөөд түлхэж байгаа онгоцны хөдөлгүүр ч бас аюултай хэмжээнд халж байсан учир нэг хөдөлгүүрээ унтраасан байна. Ингээд хоёр онгоц дундаа ганц хөдөлгүүртэй ниссээр бараг 100 гаран км явж (140 гэдэг тоо бас бий) Лаосын нутагт орж ирэн шүхрээр үсэрцгээсэн байна. Америкчууд болсон хойно аврах ангийнхан дор нь нөгөө хэдийг олж авалгүй яахав.

Сонирхуулахад Пардог хийсэн хэргийн төлөө буюу байлдааны үнэт техникийг өөрийн буруу үйлдлээрээ гэмтээж жагсаалаас гаргасан гэж үзээд бүр шийтгэх дээрээ тулж байсан гэдэг. Эрүүл ухаан ялсан уу яасан шийтгэлгүй өнгөрч, мөнгөн од шагналаа хүртсэн байна.  Гэхдээ энэ одонг 1989 онд л авсан гэж байгаа.

Уг агаарын дайралтад Америкийн 8 онгоц унаснаас дөрөвхөн хүн л амьд мэнд буцаж ирсний хоёр нь ийм гайхалтай түүхтэй юм байна.

Үнэмшихэд бэрх явдлын тухай үнэн худал гэсэн юм олон байдаг бололтой учир сонирхоод энд тэндээс харж хайтал өөр бас нэг адил тохиолдол Солонгосын дайны үеэр болж байсан юм байна.

Мөн л Америкийн нисгэгч Жеймс Риснер өөрийн дагуул Жозеф Логаны гэмтсэн онгоцыг (сейбр) түрсээр аюулгүй газарт дөхөж ирэх үед өөрийнх нь онгоцны хөдөлгүүр унтарсан учир шүхрээр үсэрсэн ч харамсалтай нь шүхрийн утсандаа орооцолдож амь алджээ. Харин Риснер ослын буултыг амжилттай хийж газарт эсэн мэнд буусан байна.

Энэ түүх ч гэсэн бас л маргаантай байдаг бололтой.

P.S

Youtube болон бусад хайлтын ситемээр Pardo’s Push гэж хайгаад дээрх түлхэлтийг компьютер графикийн аргаар хийсэн байхыг үзэж болно. https://www.youtube.com/watch?v=-5J-WQFdWn0

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 25. 16:22
Зочин

Сэргэлэн авхаалжтай бас дээр нь аймшиггүй чинь зоригтой нисэгчид байжээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]