Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япон дахь өөр тивээс ирсэн самурай нарУншсан4,176

Самуэль Жексон шиг төрхтэй хар арьст самурайн тухай Анимэ хүүхэлдэй байдаг, тэгвэл уг анимийг Японы түүхэнд бодитоор амьдарч байсан хар арьст Самурай Яасукэгээс сэдэвлэж зохиосон дүр юм байна.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Ясукэ

Афро Самурай хэмээх нэгэн хүүхэлдэйн киног мэдэх нэг нь мэднэ. Самуэль Жексон шиг төрхтэй хар арьст самурайн тухай анимэ байдаг ба энэ нь Японы түүхэнд бодитоор амьдарч байсан хар арьст самурай Ясукэгээс сэдэвлэж зохиосон дүр юм.

Ясукэгийн уг гарал болон жинхэнэ нэр нь тодорхойгүй ба 1627 онд François Solier-ийн бичсэн “Histoire Ecclesiastique Des Isles Et Royaumes Du Japon” хэмээх тэмдэглэлд Ясукэг Мозамбикаас гаралтай гэж бичсэн байдаг. Ясүкэг анх 1579 онд Мозамбикаас Португалийн худалдааны усан онгоцоор ирсэн христийн номлогч нарын боол байсан гэж үздэг бөгөөд түүний нэрийг тайлбарлахдаа, Ясүкэ нь Мозамбикийн Яао овгийн хүн бөгөөд португаличуудад боолоор худалдаалагдаж Японд ирснийх нь дараа “Яао хүн” буюу "Яао-сүки" гэж нэрлэсэн гэсэн таамаг байдаг. Мөн Мозамбик Иссүфо гэсэн нэр нь япон хэлэнд хувирч Ясүкэ болсон ч гэж таамагладаг. Ямартай ч Яасүкэ бол Португалийн худалдааны хөлгөөр христийн номлогчдыг дагаж Японд ирсэн хар арьстан гэдэг нь маргаангүй юм.

Ясүкэг 1581 оны 3 сар орчим Японы нийслэл орчимд аялж явах үед нь нутгийн хүмүүс том биетэй, булчинлаг, хар арьстай хүнийг машид гайхан шагширч үзэцгээж байсан нь тухайн үеийн Японы нэгэн том удирдагч Нобунагагийн чихэнд хүрчээ.

Уг мэдээг ихэд сонирхсон Нобунага Ясүкэг өргөөндөө авчирч биеэ будсан байна хэмээн цээжин биеийг нь арчиж шалгаж үзсэн боловч яах аргагүй тас хар арьстай хүн байж таарч. Уг үйл явдлыг 1581 онд Luís Fróis гэгч хүн Lourenço Mexia гэгч рүү бичсэн захидалдаа дурдсан байдаг ба мөн Luís Fróis нь 1581 оны Христийн сүмийн тайландаа уг явдлыг тэмдэглэн үлдээсэн байна. Luís Fróis-ийн бичсэнээр 1581 оны 3-р сарын 23-ны өдөр Нобунага эзэнтэн Ясүкэг хүлээн авсан бөгөөд түүний арьсны өнгийг шалгаж үзсэний дараа хүч чадлыг нь сорьж үзсэн ба уг үйл явдалд ихэд баяссан Нобунагагийн зээ Ясүкэг мөнгөөр шагнасан хэмээжээ. 1581 оны 5-р сарын 14-нд Ясүкэ өөрийн эзэн Фройсийн хамтаар Эчизэн (Echizen) аймгаар аялсан бөгөөд 5-р сарын 30 хавьцаа эргэж ирснийхээ дараахнаас Нобунагад алба хааж эхэлсэн гэж үздэг аж.

Ясүкэг Нобунагад ихэд таалагдсан учир түүнийг албандаа аваад зогсохгүй цугтаа зоог барихийг зөвшөөрдөг байсан нь тухайн үедээ маш цөөхөн хүнд олддог хүндлэл байж. Ингээд Нобунага Ясүкэд Катана гардуулж албан ёсоор самурай болгосон бөгөөд тухайн ёслол дээр түүнд “Ясүкэ” нэрийг өгсөн гэж үздэг. Ясүкэ Нобунагагийн албанд зүтгэж байсан цорын ганц гадаад хүн бөгөөд албан ёсоор самурай болсон анхны гадаад хүн гэж бас үздэг юм байна. Нобунага Ясүкэд цол өгөөд ч зогсохгүй эдлэн газар, цалин пүнлүү олгохоор болсон байна. Ийнхүү хар арьст боол тухайн үеийн Японы хамгийн хүчирхэг лордын зэвсэг баригч болон дэвшжээ.

Такеда овгийн эсрэг хийсэн Нобунагагийн дайнд Ясүкэ оролцон тулалдаж байсан бөгөөд бас ч үгүй сайн тулаанч гэгдэж байж. Такеда овгийг буулгаж авсан Тенмокузанийн (Tenmokuzan) тулалдаанаас буцаж явсан Ясүкэ Токугава Ияасу, Мацудайра Иетада хэмээх алдартай самурай нартай тааралдсан бөгөөд уг уулзалтын дараа Токугава нь бичихдээ Ясүкэ нь нүүрснээс хар арьстай бөгөөд 6 шаку 2 сун өндөртэй (188 см) булчинлаг эр байсан хэмээн бичсэн байдаг нь тухайн үеийн дундаж Япон хүнээс даруй нэг толгой өндөр байжээ.

1582 оны 6-р сард Акечи Мицухиде хэмээгч Нобунагатай тулалдаж ялсан бөгөөд Нобунага сеппүки үйлдэж өөрийгөө егүүтгэсэн ба  Ясүкэ Нобунагагийн өв залгамжлагч Ода Нобудататай нийлэн эсэргүүцэн тулалдсан ч ялагдаж олзлогдсон байна.  Акечи Мицухиде олзлогдсон Ясүкэг хараад энэ бол хүн биш амьтан тул түүнд нэр төртэй үхэл буюу сэппүки хийх шаардлага байхгүй хэмээгээд Киото дахь христийн сүмд хүргүүлсэн байна. Үүнээс хойш Ясүкэгийн хувь тавилан яасан нь үл мэдэгдэн сураггүй болжээ.

 
Юлес Брунет

Юлес Брунет 1838 оны 1-р сарын 2-нд Францын Белфортд төржээ. Тэрбээр кинон дээрх шиг Америкийн иргэний дайны баатар биш харин Францын Мексик рүү хийсэн аян дайнд оролцож явсан баатар байжээ.

Тэрбээр сургуулиа төгсөөд 1859 онд үргэлжлүүлэн артиллерийн сургуульд суралцаж 1861 онд дэслэгч цолтойгоор төгсжээ.

Юлес Брунет 1862 оны 8-р сараас 1864 оны 6-р сард Францын Мексик рүү дайрсан аян дайнд оролцож Хүндэт Легионы одонгоор шагнуулсан бөгөөд 1863 оноос эхлэн эзэн хааны хамгаалалтын морин цэргийн их бууны (Horse Artillery Regiment) ангид оржээ.

3-р Напалеоны буюу Японы Мэйжигийн шинэчлэлтийн үед хэсэг франц офицерийг Япон руу сургагчаар илгээсний нэг нь Юлес Брунет байсан бөгөөд их бууны сургагч, зааварлагчаар томилогджээ. 1867 оны эхээр Японд ирсэн Юлес Брунет Шогуны армийн сургагчаар жил орчим ажилласны дараа 1867 оны 8-р сард ахмад цолтой болжээ. Энэ үед Мэйжигийн шинэчлэл Японд явагдаж 600 жилийн Шогуны засаглал нуран унаж Эзэн хаан нь эрх мэдлээ бүрэн авах тэмцэл өрнөж эхэлсэн бөгөөд “Бошины дайн” нэртэйгээр иргэний дайн эхэлсэн байна. Францын эзэн хаан өөрийн сургагч нарыг иргэний дайнд оролцохыг хориглон татсан боловч Юлес Брунет болон хэсэг офицер өөрийн сугасан цэргүүдийн хамтаар Шогуныг дэмжин эзэн хааны эсрэг тулалдахаар Японд үлджээ.

Тэрбээр 3-р Напалеонд бичсэн захидалдаа “Хэдийгээр Франц өөрийн хүмүүсээ татсан ч би энд ганцаар үлдэж өөрийн сургасан мянга мянган цэрэг офицер болон шинээр цэрэгт татагдсан 50000 залуусыг сургаж одоогийн өмнөд Японы засагт Франц улсыг төлөөлөн туслах хүсэлтийг хүлээн авч үлдэхээр боллоо” хэмээжээ.

Брунет болон ахмад André Cazeneuve нар Шогуны талд идэвхитэй тулалдаж байсан бөгөөд Toba–Fushimi-гийн тулаанд ихээхэн гавья байгуулсан байна. Шогуны цэрэг эзэн хааны цэрэгт ялагдсаны дараа Брунет, ахмад Андре Казанова болон Шогуны адмирал Эномото Такияаки нартай байлдааны усан онгоцоор Фужисанаар Эдо руу явжээ. Эдо эзлэгдэх үед тэд Хоккайдо руу зугтсан байна. Хоккайдод тэд Эзогийн Бүгд Найрамдах улс байгуулснаа зарласан бөгөөд Ерөнхийлөгчөөр нь адмирал Эномото сонгогджээ. Эзо улсын армийг Франц-Японы холимог арми маягаар байгуулж ерөнхий захирагчаар нь Отори Кэйсүки томилогдож орлогч даргаар нь Брунет томилогджээ. Эзогийн арми нь 3000 орчим цэрэгтэй байсан бөгөөд 4 хороо болгон хувааж тус бүрийг Фортант, Марлин, Казанова, Боуффер хэмээх офицерууд даргалж байсан байна.

Эзогийн 3000 цэрэг Эзэн хааны 7000 цэргийн эсрэг тулалдаж 1869 онд ялагдсан бөгөөд Брунет болон бусад зөвлөхүүд Хакодэтийн эргээс Францын цэргийн хөлөгөөр зугтан гарчээ. Японы эзэн хаан Брунетийг дайны үед Шогунд тусалсан хэмээн шийтгэхийг Францын засгийн газраас хүссэн боловч өөрийн үйл хэргээрээ Францад ихээхэн алдартай болсон Брунетийг шийтгэхээс Франц улс татгалзсан төдийгүй эргүүлэн армид авсан байна. Брунет цэрэгт он удаан жил алба хаасан бөгөөд хамгийн сүүлд Цэргийн яамны сайд Чаноны (Японд өөрийнх нь туслах байсан) зөвлөхөөр бригадын енерал цолтойгоор алба хааж байгаад чөлөөндөө гарчээ.

Түүний Японыг орхисны дараа Эзогийн армийн адмирал Эномото нь Эзэн хааны цэргийн усан флотын зкахирагч болсон бөгөөд Брунетийн Японы армид хийсэн шинэчлэлтийн талаар Эзэн хаанд тайлбарлаж өгснөөр Брунтетийн хийсэн үйлдлийг Японы эзэн хаан өршөөсөн төдийгүй 1881 оны 5-р сард Мандах Наран улсын одонгоор (Японы анхны төрийн дээд шагнал) шагнасан ба 1883 оны 3-р сард дахин нэг удаа уг одонгоор шагнаж Парис дахь Элчин сайдын яам уг одонг нь гардуулжээ. Зарим эх сурвалжид Эзогийн цэргийн сүүлчийн тулаанд 800 Шогуны цэрэг 8000 Эзэн хааны армийн цэргийн эсрэг тулалдсан гэдэг нь яг л Сүүлчийн самурай киног санагдуулам гэх ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]