Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Польшийг хамгаалсан ньУншсан13,783

1939 оны 9-р сарын 1. Данциг. Өглөөний 4 цаг 48 минут. Германы байлдааны хөлөг онгоцууд Польшийн Данциг дахь хамгаалалтын бүс рүү галлав

 Түүхийн чиглэлээр сонирхон судалдаг Б.Батмөнхийн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

1939 оны 9-р сарын 1. Данциг. Өглөөний 4 цаг 48 минут. Германы байлдааны хөлөг онгоцууд Польшийн Данциг дахь хамгаалалтын бүс рүү галлав. 11 инчийн сум Польшийн цэрэг байрлаж буй бэхлэлт рүү мөндөр мэт бууна. Польшийн бэхлэлт сэтрэв. Тус сэтэрхийгээр нь Герман цэргүүд гүйлдэж орж ирэх аж. Польшийн цэргүүд гал нээв. Энэ буудалцаан дунд нэгэн Польш цэрэг амь үрэгдлээ. Дэлхийн 2-р дайн албан ёсоор эхэлж, анхны цэрэг Польшоос амь үрэгдэв. Бэхлэлтэд гарсан нүхээр Герман цэргүүд гүйлдэнэ. Энэ бэхлэлтийг Польшийн 182 цэрэг л хамгаалж байгаа бөгөөд тэдний эсрэг Германы хүнд артиллери, байлдааны хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоцууд бас бараг л бүтэн дивиз цэрэг довтолж байна. Германы армийн цэргүүдээс гадна Германы цагдаа нар хүртэл энэ довтолгоонд оролцож байна. Польш цэргүүд тэднийг хувцсаар нь таних ажээ. Польшууд германуудыг чадах чинээгээрээ тогтоон барих гэж хичээнэ.

Польшийн өмнөд хэсэг. Мокра тосгон. Өглөөний 6 цаг 30 минут. Мокрагийн дэргэд байрлаж байсан Польшийн морьт цэргүүд германууд довтолсон талаар мэдээлэл авлаа.

Тиймээс тэд Германуудын гол гатлаад хүрээд ирэхийг нь хүлээж байв. Польшийн армийн 10% нь морин цэргүүд билээ. Мооин цэргүүд нь нэг газраас нөгөөд хурдан шилжинэ, мөн хүнд даацын их бууг бартаатай газар зөөхөд хамгийн найдвартай унаа нь морь гэж тооцогдож байлаа. Польшийн морин цэрэг Мокра хотын орчим явган цэрэг, хэдэн ТС танкуудынхаа хамтаар Германы цэргүүдийг довтлохыг нь хүлээж байв. Удалгүй мотоцикл бүхий Германы армийн тэргүүн ангиуд гарч ирлээ. Польшийн явган цэрэгтэй буудалцав. Удалгүй цагийн дараа Германы танкууд гарч ирлээ. Энэ бол Панзер 1 болон Панзер 2 загварын танкууд бүхий Танкийн 4-р дивиз байв. Германууд 25 Панзер 1 болон 2 загварын танкуудаар Польшийн байрлал руу, Мокра руу довтолжээ. Польшийн танк эсэргүүцэгч буунууд, автоматууд галлалгүй Герман цэргүүдийг ойрхон зайнд орж ирэхийг нь хүлээнэ. Германы танкууд Иокра руу ойртмогц Польшийн танк эсэргүүцэгч буунууд галлаж, 10 гаруй Германы танкуудыг устгав. Польш цэргүүдийн автомат буу тачигнана. Эхний 3 довтолгооныг Польшууд ямар ч байсан няцаалаа. Гэсэн ч Германууд хотод орж ирж чадав. Мокра хотод байшин бүрийн төлөө тулалдаан Польш болон Герман цэргүүдийн хооронд өрнөв.

Германы моторт механикжуулсан ангиуд байрлалаа эзлэн хотыг зүг галлана. Польшууд хариу гал нээнэ. Энэ зууралдсан тулалдаанд Польшууд Германы 12 танкийг устгажээ. Германы нисэх хүчин Польш цэргүүд байрласан хамгаалатын бүсэд агаараас цохилт өгнө.

Өглөөний 8:00 цаг. Варшав хот. Германы бөмбөгдөгч онгоцнууд Варшава хотыг бөмбөгдөж байлаа. Польшийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч маршал Эдвард Ритц-Шмигли өөрийн шатбдаа байх газрын зургийг харна. Тэрээр Германы довтолгооныг тогтоон барьж, Англи болон Францын цэрэгт гол найдлага тавьж байлаа. Одоогийн байдлаар Польшууд сайн хамгаалж байв. Герман Польштой харьцуулахад хамаагүй хүчирхэг, цэргийн тоо олон, дээрээс нь орчин үеийн зэвсэглэлтэй байлаа. 1935 ооос хойш Германуудын агаарын цэргийн хүч буюу Люфтваффегийн жилийн төсөв нь л гэхэд Польшийн батлан хамгаалах зардлаас илүү байлаа. Германууд Польшид 3 чиглэлээр халдаж байна: баруун, өмнөд, хойд. Германууд нийтдээ 53 дивиз цэргээр орсон бол Ритц-Шмиглид 40 дивиз цэрэг байв. Өглөө гэхэд Мокрагаас авсан мэдээллээр Польшийн хамгаалалтын гарнизон Германы 100 орчим танк, өөрөө явагч их буу, машиныг устгажээ. Польшуудад нэг давуу тал байлаа. Тэд Германуудыг заавал дийлэх албагүй, харин довтолгооныг нь тогтоон барьж, Англи болон Францад Герман руу цөмрөх боломжийг нь олгох байв. Ритц-Шмигли Польшууд Германыг ганцаараа ялах ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байлаа.

Польшийн дипломатууд дайн эхлэхээс өмнө тодорхой арга хэмжээг авсан байв. Польшууд эхлээд ЗХУ-тай харилцан үл довтлох гэрээг байгуулав. Ингэснээр Польшууд зүүн хилээ амгалан болгож, цэргийн ихэнх хүчээрээ Германуудтай тулах байв. Нөгөө гэрээ нь Англи болон Францтай байгуулсан холбоотны гэрээ юм. Хэрвээ Гитлерийн Герман Польш, Франц, Их Британий аль нэг рүү нь халдвал холбоотны хүчин цэрэг, зэвсгийн хүчээр туслахаар гэрээнд заагдсан байв.

Гитлерийн хувьд ч гэсэн Польш руу довтолно гэдэг нь том эрсдэл байлаа. Учир нь Германууд Польшид орохын тулд гол хүчээ зүүн хил рүүгээ буюу Польшийн талд төвлөрүүлнэ. Ингэснээр баруун талдаа бараг хүчгүй болох бөгөөд Франц, Их Британи 2 довтолсон тохиолдолд ямар ч боломжгүй байх байлаа. Үүнийг тооцсон Польшийн дипломатууд Германы нууц кодыг буюу энигмаг тайлж, Англи, Францчуудад өгчээ. Энэ бол маш үнэ цэнэтэй бэлэг байсан юм. Гэхдээ Польшууд Германы хил дагуу хүчээ тараан байршуулсан нь хэдийгээр сайн хамгаалалт мэт боловч яг үнэндээ бүх хэсэгтэй хүчирхэг бус, тарамдсан байдалдтай байв. Маршал Ритц-Шмиглигийн гол тактик нь аль болох удаан хугацаанд эсэргүүцэл үзүүлж, Францыг Герман руу довтлуулах, улмаар Герман Францтай дайтахын тулд хүчээ татмагц, Варшавын дэргэд цугларсан Польшийн цэргүүд сөрөг довтолгоонд орох ёстой байв. Гэхдээ Ритц-Шмиглид хангалттай олон цэрэг байсангүй. Энэ нь түүний холбоотнууд болох Франц, Их Британий буруу. Учир нь Гитлер Польшийг заналхйлэх бүрт Ритц-Шмигли цэрэг цуглуулах тушаал өгч байв. Харамсалтай нь түүний холбоотнууд Гитлерийг бүр ч илүү уурлуулж магадгүй гээд цэргээ тараахыг шаардаж байв. Энэ үед Гитлер Польшийн партизанууд Германы холбооны штабыг устгасан гэх шалтгаанаар давшилтаа үргэлжлүүлсээр л байв.

Аз болоход Ритц-Шмигли цэрэг цуглуулах тушаалыг дайн эхлэхээс 2 хоногийн өмнө өгчихсөн, тэдгээр нь цуглаад эхэлчихсэн байжээ. Маршал Ритц-Шмиглигийн тооцсоноос бага цэрэг цугласан бөгөөд тэдгээрийн хагас нь л байлдааны бэлэн байдалд, цэргийн бэлтгэл сайтай цэргүүд байжээ. Ийнхүү тооны хувьд Польш цэргүүд герман цэргүүдээс цөөн болж таарав. Германууд дээр өгүүлсэнчлэн цэрэг нь олон, бэлтгэлтэй, дээрээс нь илүү орчин үеийн сайн зэвсэгтэй байсан бол Польшууд эсрэгээрээ байв. 1938 онд Германууд 800 танк үйлдвэрлэсэн бол Польшууд 50 танк л үйлдвэрлэжээ. Гэхдээ Польшийн 50 танккууд бүгдээрээ сайн танкууд байсан юм. Харин Германы танкуудын 87% нь Панзер 1, Панзер 2 гэсэн танкууд байв. Польшийн 7ТП загварын танк нь Германы панзер танктай бууны хувьд, бас хуягны хувьд дүйж байв.

9-р сарын 2 гэхэд байдал эвгүй тийш эргэв. Германуудын Испанид иргэний дайны үед туршсан тактик нь Германуудад үр дүнгээ өгч эхэлжээ. Польшийн хамгаалалтыг Германууд сэтэлж, давшилт нь хурдсав. Польшууд өдөр нь алдсан газраа эргүүлэн авах гэж шөнө давшилтанд ордог байжээ. Гэсэн ч өдөр шөнөгүй тулалдаж буй Польшууд туйлдаж эхлэв. Ийм маягаар Польшууд 3 өдөр, шөнө тасралтгүй дайтаад эцэст нь ухрав. Германуудын бас нэг арга нь энгийн иргэдийг Польшийн цэргүүдийн эсрэг нүүлгэж байв. Дүрвэгсэд Польш цэргүүдийн замыг хаан хөндөлсөнө. Германы бөмбөгдөгч онгоцууд Польшийн энгийн иргэдийг цэргүүдийн адил бөмбөгдөнө. Энэ их бөмбөгдөлтөөс болж эмх замбараагүй байдал Польшуудын дунд үүсэв. Холбоо харилцаа тасарч, танкууд хоорондоо тугаар дохио өгч ойлголцоно.

9-р сарын 3-нд Их Британи, Франц улсууд Германд дайн зарлав. 9-р сарын 5. Пиотриков тосгоны дэргэд Польшийн 7ТП танкууд Германы танкуудтай халз тулав. Танкийн бригадын хошууд Карпов өөрийн мэдлийн танкуудаа Пиотриков тосгоны ойролцоо ойд нууж байгаад Германы танкуудыг ойртмогц гэнэтийн цохилт өгөв. Энэ үед Германы их буунууд галлаж эхэлсэнээр Польшууд ухарчээ. Пиотриков тосгоны ойролцоо болсон тулалдаанд Польшууд Германы 17 танк, 14 ачааны машиныг устгав. Польшууд өөрсдөө 7 танкаа алдсан юм. Польшууд гол хүчтэйгээ нэгдэхийн тулд Варшавын зүг ухарчээ.

9-р сарын 7. Польшууд Варшава хотыг бэхлэлт болгон ашиглаж, Польшийн удирдлага Брест руу нүүв. Энэ үед Францын цэрэг Германы баруун хил дээр тулж ирлээ. Францууд Германы хил дээр нийт 40 дивиз цэрэгтэй ирсэн бол Германуудад 15 дивиз цэрэг л байжээ. Польшууд Варшавыг үхэн хатан хамгаалахаар болсон бөгөөд иргэд нь шуудуу ухаж, цэргүүд нь танк эсэргүүцэгч буунуудыг энд тэндгүй зооно.

9-р сарын 7-ны энэ өдөр Данцигт байрлах Польшийн цэргүүд хориглон тулалдсаар л байв. Германууд агаараар, газраар, бас тэнгисээс цохилт өгнө. Гэвч Данцигт байрлаж байсан Польш цэргүүдийн сум нь дуусаж, мөн хоол хүнсгүй болсон учраас бууж өгөхөөс өөр арга байсангүй. Угаасаа ч Данцигт байрлаж байсан Польш цэргүүд Германуудыг аль болох удаан тогтоон барих л үүрэгтэй байсан. Тэрнийгэ ч сайн биелүүлсэн гэж үзэх үндэстэй. Энэ үед Францын 11 дивиз довтолгоонд орж 7 хоногийн дотор 12 суурин, гацааг эзлэв. Гэвч Францчууд үүнэс цааш явсангүй. Польшууд Германуудтай ганцаараа үзэлцэхээр үлдэв.

9-р сарын 8. Варшава. Германы танкууд хотод нэвтрэв. Хотын иргэд болон цэргүүд улайран эсэргүүцнэ. Германы бөмбөгдөгч онгоцуудВаршавыг бараг бүхлээр нь сүйртэл бөмбөгдсөн юм. Варшава хот Дэлхийн 2-р дайны үед хамгийн их сүйдсэн хот болсон юм. Дараа нь Филиппины нийслэл Манила хот ордог билээл. Хотыг бөмбөгдсөнөөрөө Германууд өөрсдөндөө гай дуудсан юм. Учир нь хотын иргэд байшингийн нуранги дотроос их буу, галт зэвсгээр галлаж, Германуудыг сандаргаж байлаа. Энэ үед Герман цэргүүд хотод хэрхэн тулалдах талаар ямар ч бэлтгэлгүй байжээ. Хожин Германууд энэ алдаагаа Сталинградад давтсан юм.

Энэ бүхнийг Варшавт байрлаж байсан АНУ-ын сэтгүүлч Жулиан Брайн зургийг нь авч, кино хальсанд буулгажээ. Хожим тэрээр энэ баримтуудаараа кино хийсэн бөгөөд олон ч нэр хүндтэй шагналыг авч, хамгийн гол нь нацизмын аюул ямар бодитой вэ гэдгийг дэлхийд харуулсан юм. Тэрээр Германууд Варшав дахь төрөхийн эмнэлэгийг бөмбөгдөж байгааг, бас тариа хурааж байсан эмэгтэйчүүд рүү Германууд шүршүүр буугаар хэрхэн буудаж байгаа дүрс бичлэгийг авчээ.

Хотын гадна талд Панзерийн 4-р дивизийн эсрэг Польшийн танкууд тулалдав. Тэд Варшав руу ухарч байгаа Польшийн явган болон морьт цэргүүдийн ар талыг хамгаалж байсан юм. Тулалдаан ширүүн өрнөж байв. Германы давшилт зохион байгуулалт сайтай, хурдан байсан бол Польшууд системтэй ухарч чадахгүй, эмх замбараагүйгээр зугатаж байлаа. Польшийн танкууд эвдэрч, нэг танкийг засахын тулд нөгөө танкийг эвдэх хэрэг гарч байв. Шатахуун дуусаж, энгийн машинуудаас шатахууныг нь авч танкууддаа хийж байлаа. Польшийн гол хүч Вистула голыг гаталж, нөгөө эрэгт нь төвлөрөхийг хичээж байв. Цаана нь Брест цайз байсан юм. Польшийн 7ПТ танкууд Германы танкуудыг аль болох удаан барьж тогтоохыг хичээнэ. Ингэснээр ухарч буй цэргүүдэд цаг хожиж өгөх ажээ. 7 хоногийн өмнө 50 танктай байсан Польшууд 7 хоногийн дараа гэхэд 20 танктай л үлджээ. Германууд санаснаас хамаагүй хурдтай давшиж байв. 1920 онд Польшийн арми хүчээ зөв төвлөрүүлж чадсаны хүчинд Улаан армийн цэгийг Варшавын гадна тогтоон барьж, улмаар Оросын зүгт буцаан хөөжээ. Хэрвээ Францууд цэргээ оруулвал Польшуудад хүчээ дахин зохион байгуулж сөрөг довтолгоо хийх боломж байлаа. Маршал Ритц-Шмигли цэргээ төвлөрүүлэн аль болох Варшавыг алдахгүй байхыг хичээж байв. Польшийн армийн морьт цэргээр дэмжүүлсэн явган цэргүүд Бзура голыг гаталж, Германы явган цэргийн 2 дивизийг шахав. Бүтэн өдрийн турш ширүүн тулалдсан бөгөөд Германууд ухрав. Гсэсэн ч энэ нь хангалттай байсангүй. Варшава руу дайрч байсан панзерууд Бзура голын эрэгт ирж Польшуудад цохилт өгчээ. Баруун талаас Германы бусад хүч ч гэсэн цохилт өгч, Польшуудыг Бзура голын эргээс зүүн тийш шахав. 9-р сарын 16 гэхэд бзурад байрлаж байсан Польшийн томоохон хүчийг Германууд бүрэн бүсэлжээ.

9-р сарын 17-нд Польшуудын бүх найдварыг тасалсан үйл явдал болов. Зөвлөлтийн цэрэг Польшийн зүүн талаас нь довтлов. 9-р сарын 16-нд Халхголын дайныг дуусгаж, Японтой гал зогсоох гэрээ хийсэн улаан арми яг нэг өдрийн дараа Польшийн дорнод хилд халдав. Баруун талдаа Герман, зүүн талдаа ЗХУ гэсэн 2 том цэрэгжсэн, өөрөөс нь хамаагүй хүчирхэг 2 улстай зэрэг дайтах бодит потенциал Польшид үнэндээ байсангүй. Зөвлөлтийн улаан арми орж ирээд Польшуудыг шууд л алж эхэллээ.

Молотов-Риппентропын гэрээний дагуу зүүн Европыг ЗХУ, Герман хувааж авах байсан бөгөөд гэрээний дагуу Оросууд Польшийн зүүн талаас нь довтолжээ. Маршал Ритц-Шмигли Францууд довтлохгүй гэдгийг мэдэж авсан бөгөөд одоо байгаа бүх хчээ аваад Румыны хил рүү ухрав. Түүнд өөр боломж үнэндээ байсангүй. Польшийн үлдсэн цэргүүд Румын, Унгарын нутаг руу ухрав. Зугатаж гарч чадсан цэргүүд Францын нутагт цугларан Германы эсрэг дахин дайтах болноо. 9-р сарын 18-нд Бзура голын эрэг дагуу бүслэгдсэн Польш цэргүүд 8 хоногийн турш эсэргүүцэв. Польшийн армийн ¼ хэсэг нь устав. Польшийн үлдэгдэл танкууд Румын руу ухарсан боловч зөвлөлтийн танкуудтай тулалдав. Тэнцвэргүй тулалдаан болж, Польшууд танкуудаа шатаагаар явганаар Румын, Унгарын хилийг давжээ.

Польшийн танкийн хамгийн шилдэг АС энэ үед тодорсон юм. Түүнийг Роман Орлик гэх ба өөрийн танкаа Крестов уулын модтой хэсэгт нуужээ. Алсад Германы панзерууд байгааг хараад ойртохыг нь хүлээв. Хангалттай зайнд ортмогч тэрээр 20 мм голчтой буу бүхий танкаараа галлаж хормын төдийд 3 танкийг жагсаалаас гаргажээ. Тэрээр нийтдээ Германы 10 танкийг устгасан юм. Орлик хилийн зүг зугтсангүй. Варшавыг хамгаалахаар үлдлээ.

9-р сарын 28. Варшава эзлэгдлээ. Варшавын дэргэд Польшууд Германы олон ч дайралтыг няцаасан гэдэг. Харамсалтай нь ус, хоол, сумгүй болсон цэргүүдэд бууж өгөхөөс өөр сонголт байсангүй. Варшавыг хамгаалахад Польшууд 50000 цэргээ алджээ. Үлдсэн зарим хотуд эсэргүүцэж байсан боловч энэ нь цаг хугацааны асуудал байсан бөгөөд 10р сарын 6 гэхэд Польшийг эзлэн авах байлдааны ажиллагаа дуусаж, Герман, ЗХУ Польшийг хуваав. Ийнхүү Польш улс 4 дэх удаагаа хүчирхэг гүрнүүдэд газар нутгаа алдсан байна. Өмнө нь Автрийн эзэнт улс, Прусс, Орос нь Польшийг 3 удаа хувааж байсан юм. Герман болон ЗХУ-тай хийсэн энэ дайнд Польшууд 70000 цэргээ алуулж, 130000 цэрэг нь шархдаж, эсвэл тахир дутуу болж, 750000 цэрэг олзлогдов. Олзлогдсон цэргүүдийн ихэнх нь хорих лагерьт, эсвэл Зөвлөлтүүдийн залхаан цээрлүүлэлтийн золиос болон үхсэн юм. Энгийн иргэдийн хохирол цэргүүдийнхээс ч их. Польш нь Герман болон ЗХУ-ын үрэмгийллийн эсрэг таван долоо хоногийн турш эсэргүүцжээ. Польшийг эзлэх дайнд Германууд 16000 цэргээ алуулж, 32000 цэрэг нь шархаджээ. Польшийг эзлэх дайнд Германууд 674 танкаа алдав. Польшууд Германы 319 ачааны машин, өөрөө явагч их бууг устгажээ.

Польшийн явган цэргүүд эргэн зохион байгуулалтанд орж Франц, Их Британий армид алба хаах болов. Польшууд ялагдсан ч гэсэн бууж өгөөгүй юм. Польшийн цэргүүд Францад, умард Африкт бас газар дундын тэнгист ч Германуудтай тулалдсан юм. 1940 онд Британий төлөө тулалдаанд Польш нисгэгчдээс бүрдсэн 303-р нисэх анги бусад анги нэгтгэлүүдтэй харьцуулахад Германы онгоцуудаас хамгийн олныг устгасан юм. Польшийн танкчид Америкийн Шерман танктай нормандын эрэг дээр газардсан бөгөөд мөн л эрэлхэгээр тулалдав. Варшавт ч гэсэн Польшууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм. Польш ялагдсан ч гэсэн бууж өгөөгүй юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]