Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Коронавирус ба булганы өшөө авалтУншсан4,549

Данийн судлаачид коронавирусийн генетикт гарч буй өөрчлөлтийг олж илрүүлсэн ба уг өөрчлөлт нь ирээдүйд үйлдвэрлэгдэх ковид-19 вакцины үйлчлэлийг сулруулж болзошгүй хэмээн зарласны дараа Засгийн газраас хэсэгчилсэн хөл хориог улсдаа тогтоогоод байгаа юм.

Б.Нямдолгор


Хүмүүс яагаад булга хэмээх амьтныг сая саяар нь фермд үржүүлдэг вэ. Хариулт нь хэнд ч амархан. Арьсаар нь үслэг эдлэл хийхийн тулд. Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүс хөөрхийлөлтэй тавилант энэ амьтдын арьсаар хийсэн эдлэлээр гангардаг. Тэгвэл коронавирусийн цар тахлын үед “булга хэмээх азгүй энэ амьтан хүмүүсээс өшөө авч эхэллээ”, “Европ тивийг лав хангалттай айдаст автуулж байна” хэмээн бичих боллоо.

Данийн судлаачид коронавирусийн генетикт гарч буй өөрчлөлтийг олж илрүүлсэн ба уг өөрчлөлт нь ирээдүйд үйлдвэрлэгдэх ковид-19  вакцины үйлчлэлийг сулруулж болзошгүй хэмээн зарласны дараа Засгийн газраас хэсэгчилсэн хөл хориог улсдаа тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн булганаас коронавирусийн халдвар аваад байгаа ба англичууд Даниас ирэх жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг нэн даруй гаргасан. Данийн эрдэмтэн, судлаачид хамгаалалтын эсрэг биет сайн үйлчилдэггүй коронавирусээр 12 хүн өвчлөөд байгаад туйлын ихээр санаа нь зовж байгаа ажээ. Булганаас халдварлахдаа генийн дарааллаа өөрчилж, улам аймшигтай болж буй коронавирусийг одоо бүтээгдэж байгаа вакцинууд дарж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болоод байгаа юм.

ДЭМБ-аас булга ба коронавирусын талаархи Данийн судлаачдын тайлантай танилцаад ихээхэн санаа зовж байгаагаа мэдэгдсэн ч цааш цаашдын судалгаанууд нь эмчилгээ болон вакцины үр дагаврыг ойлгож мэдэхэд хэрэг болно хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Бид ямар үр дүн гарахыг нь харах хэрэгтэй ч коронавирусийн мутаци вакцины үйлчлэлд нөлөөлөх эсэх талаар ямар нэгэн дүгнэлтийг одоохондоо хийхгүй байсан нь дээр гэж бодож байна” хэмээн ахлах эрдэмтэн Сомиа Сваминатан ярьсан юм. Коронавирус нь бусад бүх вирусийн нэгэн адилаар цагийн уртад мутацид орж улам хүчирхэгжих ба Дани улсаас илэрсэн булганы мутаци нь хүмүүст илүү их хэмжээний аюул учруулна гэсэн нотолгоо одоогоор яг таг алга.

Францын “Кирад” судалгааны хүрээлэнгийн эпидемиологич доктор Мариса Пейре “Бид яг юу болоод байгааг бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа болохоор санаа их зовж байна. Коронавирус амьтадын дунд тараад, эргэж хүнд халдварлахдаа танигдахын аргагүй өөрчлөгдөж байна. Хэрэв одоо хүмүүсийн биед байгаагаас огт өөр болж хувирах юм бол удахгүй хэрэглээнд нэвтрэх ямар ч вакцин, эмчилгээ үр дүнтэй  болж чадахгүй байж мэднэ” хэмээсэн нь багагүй шуугиан дэгдээсэн.

Зэрлэг амьтан, магадгүй сарьсан багваахайнаас гаралтай гэгдэх энэ вирус нь ямар нэгэн амьтнаар дамжин хүний биед орж цар тахал болтлоо хүрээгээ тэлээд байгааг бид мэднэ. Дани улсын булга үржүүлгийн газарт тоо томшгүй сая, саяараа амьдардаг булганууд коронавирусийн халдвар авсан ажилчдаас энэ вирусийг авсан гэдэг нь тогтоогдсон.

Үүгээр ч зогсохгүй эрүүл байсан хүмүүс коронагаар өвчилсөн булганаас дахин халдвар авч, ингэх замдаа генетикийн өөрчлөлт гарсан тохиолдолууд ч бүртгэгдээд байгаа юм. Булганы биеэс илэрсэн коронавирусийн мутацид оролцож байгаа S уурагт зориулагдсан вакцинуудыг  өдгөө хөгжүүлж байна. “Хүний биен дэх дархлааны хариу урвалыг өдөөх зорилгоор вакцин үйлдвэрлэгчдийн хамаг анхаарлаа хандуулаад байгаа S уургаас болж мутаци явагдаж байгаа бол энэ нь булганаас халдсан вирус эргээд хүнд халдана, вакцин хийлээ ч гэсэн хүмүүс өвчнийг тарааж эхэлнэ. Энэ нь вакцин хүмүүсийг вирусээс хамгаалж чадахгүй гэсэн үг болж таарч байна” хэмээн доктор Пейре BBC сувагт ярилцлага өгчээ. Хятад, Дани, Нидерланд, Польш улсууд үсийг нь ашиглах зорилгоор 50 гаруй сая булгыг үржүүлдэг гэсэн тооцоо бий. Нидерланд, Дани, Испани, Швед, Итали болон АНУ-ын үсний чиглэлээр булга үржүүлдэг фермүүдэд коронавирус тарсан талаар мэдээлэл цацагдсаар байгаа ба олон сая булгыг хэдийнэ устгалд оруулжээ. Өмхий хүрэнгийн ойрын төрөлд тооцогддог булга нь корона вирусээр өвчлөхдөө амархан байгаа ба хүмүүс бидэнд түгээмэл илэрч буй шинж тэмдгүүд булганд ч бас илэрч байгаа юм байна. Ямар ч шинж тэмдэггүйгээс авахуулаад уушигны хатгалгаа зэрэг төрөл бүрийн хүнд шинж тэмдгүүд булганд илэрч байгаа гэнэ. Халдвартай шүлс, идэш тэжээл, хэвтэр, нунтаг ялгадас агуулсан тоос тоосонцороор дамжин булганы фермд коронавирус дэгдсэн гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Булга  энэ вирусыг хүнээс авсан, гэвч генетикийн хувьд хөөж үзвэл цөөн хэдэн тохиолдолд хүнээс коронавирус туссан  булга эргээд хүнд вирусээ халдаасан тохиолдол гарчихаад байгаа юм.

“Булга корона вирусын үүр уурхай” болоод байгаа ба коронавирусээр амархан өвчлөх магадлалтай зэрлэг болон тэжээмэл амьтдыг судлах зайлшгүй шаардлага гараад байна. “Булганд яг юу тохиолдоод байгааг бид мэдэхгүй байгаа болохоор сайн судлах хэрэгтэй байна. Бидний мэдэж байгаа зүйл гэвэл булга хүнээс коронавирус тусч байгаа, тэд коронавирусээр өвчилдөг, өвчилсөн булга бусдыгаа өвчлүүлж, энэ бүхэн яван явсаар эцэстээ хүн ахиад л булганаас коронавирусийн халдвар авснаар дуусч байна” гэж Лондонгийн коллежийн Их сургуулийн профессор Жоанне Сантини хэлсэн юм. Данийн эрдэмтэд булганы коронавирусийн тархалтад генетикийн судалгаа хийж байгаа ба судалгааг цаашид ахиулахын тулд өнөөг хүртэл хийсэн генетикийн судалгааны материалаа бусад эрдэмтэдтэй хуваалцаж байгаа ажээ.  Профессор Сантини “Энэ мутациуд хаана байгааг бид мэдэх хэрэгтэй байна. Вирусын тархалтад мутаци ямар нөлөө үзүүлдэг, хэр халдвартайг нь бид мэдэж авах шаардлагатай. Яагаад гэвэл хэрэв мутаци өөрчлөгдөж, илүү халдвартай болон хувирч, цар хүрээгээ тэлвэл энэ үнэхээр аймшигтай зүйл болон хувирах болно. Гэхдээ тэгэхгүй ч байж мэднэ. Бид үүнийг одоохондоо мэдэхгүй байгаа шүү дээ” гэсэн юм. Зарим эрдэмтэд булга үржүүлгийг “Цар тахлаас салах бидний хариу үйлдэлд саад болж байна” хэмээн эрс шүүмжилж булга үржүүлэгт шинээр хязгаарлалт тавихыг шаардаж байна. Science сэтгүүлд нийтлэгдсэн Дани, Хятад, Малайзын гурван эрдэмтдийн захидалд “Булга үржүүлэх ажлыг хориглож, нэн яаралтай хяналт тавин хязгаарлалт хийх хэрэгтэй” гэжээ. ДЭМБ-аас дэлхийн бүх улс орнуудад булганы талаархи судалгаагаа эрчимжүүлэн булганы ферм дэх био аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгахыг сануулсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]