Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Өглөөний 9 цагт ордонд...”Уншсан182

Оманы султанатын нэг хэсэг болох Занзибар нь боолын худалдааны үеэс баяжиж, хөгжиж, цэцэглэсэн газар нутаг байгаад 1861 онд гэв гэнэт тусгаар улс болохоор бослого хөдөлгөөн гаргаж амжилтад хүрчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Хүн төрөлхтний түүх гэдэг бол тэр чигээрээ дайн байлдаан, тэмцэл өрсөлдөөн байсан гэдэг. Тэрхүү олон дайны зарим нэг нь өвөрмөц, хачирхалтай байдлаараа өөрийн эрхгүй сонирхол татдаг бөгөөд 330 жилийн дайн, 300 хүнтэй тосгон Европын хүчирхэг гүрэнтэй хийсэн 100 жилийн дайн, модон хувингаас болсон дайн, өөрсөдтэй нь дайтаж байгааг мэдэлгүй өнгөрсөн дайн (Сайхан буудлага хийсэнд баярлалаа, бидэнд жаахан дарь өгөөч!) гэх мэт хачин хачин юм их бий. Энэ удаа Гиннесийн номонд “Хамгийн богино хугацаанд үргэлжилсэн дайн” хэмээн тэмдэглэгдсэн Англи-Занзибарын  дайны тухай та бүхэндээ өгүүлэе.

Оманы султанатын нэг хэсэг болох Занзибар нь боолын худалдааны үеэс баяжиж, хөгжиж, цэцэглэсэн газар нутаг байгаад 1861 онд гэв гэнэт тусгаар улс болохоор бослого хөдөлгөөн гаргаж амжилтад хүрчээ. Ихэнх бослогын адилаар улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн нэртэй тэмцэл нь үнэндээ тээр холын, их гүрнүүдийн хийж байгаа ажил байлгүй яах вэ.

Тухайн үед Англи нь колоничлох бодлогоо ихээхэн идэвхжүүлж байсан тэр цаг бөгөөд Дорнод Африкийн сувд болсон Занзибар ч гараас нь гарсангүй. Хүссэн зүйлдээ хүрсэн буюу шинэ сайн зах зээл олж авсан англичуудын анхаарал бага зэрэг сулраад байсан 1888 оноос германчууд Занзибарыг сонирхож эхэллээ. Нууцаар элдэв яриа хэлэлцээ хийж байгаад бас багагүй газар нутгийг нь түрээсэлж авахаар тохирсон ба үүнийг мэдсэн Англи сануулга болгох зорилгоор Занзибарын өөр нэг хэсгийг өөрийн бүрэн мэдэлдээ авчээ. Ингээд хоёр их гүрэн нэгэн жижиг улсын төлөө муудалцаж байгаад харилцан тохироонд хүрэхдээ Занзибар нь Английн протекторат болж, германууд урьд өмнө түрээсэлсэн газраа худалдаж авахаар болсон байна. Ямар нэг маргаан будлиангүй, зөвхөн бизнес.

Харин занзибарчууд үүнд хэрхэн хандаж байсан нь жаахан ойлгомжгүй. Бодвол дотроо л нэг нэгнийгээ “Муусайн Английн гахай”, “Германы ул долоосон гөлөг“ гэх мэтээр харааж, гутаалцаж байсан байлгүй.

Энэ явдлаас хойш зургаан жил өнгөрч байтал Занзибарын султан Хамад бин Тувайни хэмээх аялгуу сайхан нэртэй залуу хаан нь гэнэт нас барж сандал суудлын төлөөх тэмцэл эхэлжээ. Хамад бин Тувайни цагтаа Английн дэмжлэгээр хаан ба түүний үхлийн шалтгаан нь Германы талыг баримтлагч Халид бин Баргаш хэмээх бас нэг мундаг нэртэй нөхрийн үйлдэл байж болзошгүй юм гэнэ. Ямар ч байсан хуучин хааныг талийсны дараа түүний ойрын хамаатан болох Баргаш суудлыг нь эзэлж хаан болонгуутаа л Германы талын хүн шүү гэдгээ бараг л ил зарлаж эхэлсэн байна.

Англичууд байдал ийм болсныг мэдээд Баргашд ихээхэн зөөлнөөр “Болохгүй шүү нөхөөр!” гэх анзааны анхаарууллаа.

Харин Баргаш үүнийг нь тоосонгүй. Тэрээр “Дайтвал ч дайтаг. 3000 цэрэгтэй намайг тэгж ч амархан дийлэхгүй, ард маань Герман гэж их гүрэн байна” хэмээж байв. Гэхдээ түүний үндсэн тооцоо нь “Англи улсын хувьд эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой газартаа дайн дэгдээж зүрхлэхгүй” гэсэн зүйл байжээ.

Англичууд мань эрд “Хаан ширээнээс татгалзаад, харсан зүгтээ явбал сайн шүү“ гэдгийг дахиад нэг зөвлөж үзлээ. Баргаш хөдөлсөнгүй. Өөрийн  хэдэн цэргээ дайнд бэлдүүлж сүйд майд. Айлгах гэж, бууж өгөхгүй шүү гэж ойлгуулж байгаа нь тэр.

Тэгэхээр нь англичууд эцсийн арга болгож “1896 оны 8-р сарын 27-ны 9 цаг гэхэд Халид бин Баргаш хааны ордныг орхисон, тугаа буулгасан байх ёстой. Үгүй бол хүч хэрэглэнэ” хэмээн тулган шаарджээ.

Баргаш цэргээ бэлэн байдалд орууллаа. Мань эрийн 3000 гаруй цэрэг гэдэг нь үнэндээ дайн байлдаан гэдэг талаар тун ч хол ойлголттой, зэвсэг техник, арга тактикийн хувьд өрсөлдөгчтэйгөө харьцуулах аргагүй тийм юм байж. Гэхдээ хэдэн пулемёт, гурван ч хуучны их буутай байсан ба эдгээр их буунууд нь бүр XVII зууны үед л буудаж байсан эд байжээ. Бас болоогүй нэг байлдааны завьтай. Ер нь бол германууд ирнэ, тусална...

Наймдугаар сарын 27-ны өглөө л Баргаш юу болж байгааг ойлголоо. Нөгөө тусална, ирнэ гэж найдаж байсан германууд байдаггүй, харин эргийн ойролцоо Английн сүрдмээр мундаг байлдааны хөлөг онгоцууд ирчихсэн байж байдаг. Аргаа барсан эр англичуудаас тохироё, ярилцъя гэж гуйхад нөгөө хэд нь тоосонгүй, “Өглөөний 9 цагт ордонд...” гэсэн нөгөө үгээ л хэлнэ.

Товлосон цаг ч болж, Английн байлдааны онгоцууд том амтай буугаар буудаж эхэлснээр Англи-Занзибарын дайн эхэлсэн юм. Эхний ээлжээр эргийн хамгаалалтыг тэр чигээр нь газартай хутгаж, цаашдаа хотын чухал цэгүүдийг ээлж дараалан буудаж, дайсны эсэргүүцлийг дарж байлаа. Энэ үед Занзибарын нөгөө муу завь бут үсрээд далайн ёроолд хэвтэж байлгүй яахав. Англичууд буудсаар... Хааны ордон дээрх Баргашийн туг нэгэн дэлбэрэлтээр унасны дараа англичууд хот руу дайран орохоор шийдлээ.

Хотод орж ирэхэд өөдөөс нь ганц буу дуугарсангүй. Дайсных нь хаан ч, цэрэг ч байдаггүй. Английн байлдааны онгоцны тавьсан эхний сум тэсрэх аймшигт чимээнээр л Занзибарын нөгөө сүртэй цэргүүд тал тал тийшээ бут үсрэн нэг хэсэг нь хааны ордонд чичирч суусаар ордон нурахад дарагджээ. Ордны нуранги дороос 570 хааны цэрэг, 4100 пулемётын, 1000 винтовын, 500 үхэр бууны сум олдсон гэдэг. Их Британийн армийн өөдөөс сөргүүлж байсан юм нь энэ. Англичуудын хохирол нь нэг цэрэг гэмтсэн... усан онгоцноос бууж байгаад унасан ч юм уу, эсвэл хот руу орохдоо чулуунд тээгэлдэж бүдэрсэн ч юм уу... тиймэрхүү л юм болсон бололтой.

Ингэж дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайн дууссан ба нийт 38 минут үргэлжилсэн дайнд Англи ялалт байгуулжээ. Буун дуунаар зугтан алга болсон Баргаш Германы Элчин сайдын яаманд орогнож байгаад Дар-эс-Салам хот руу нууцаар очиж амьдарсан гэдэг. Дараа нь 1916 онд англичууд энэ хотыг эзлэхэд өнөө муу Баргаш тэндээ л байж. Харин англичууд энэ хүнийг бүр яагаа ч үгүй орхисон юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]