Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аргагүй авьяастай Доолио буюу Жанцангийн ДорлигжавУншсан8,144

Хорвоо хүссэнээр биш болохоор мөнгөн хуримаа хийхээс нь өмнөхөн түүнийг өөр тийш нь аваад явчихсан юм.

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хө

Эрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хө

Сайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хө

Санасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө... гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй.

Зальжин, зайтай, аатай Гочоо зааны дүрийг үзэгчдийн сэтгэлд тодоор сийлэн үлдээсэн хүн бол жүжигчин Жанцангийн Дорлигжав билээ. Тэр одоо бидний дунд байсан бол 70 насны босго давчихсан, хэзээний танил инээдээрээ үзэгчдээ баясган гялалзах байсан даа. Хорвоо хүссэнээр биш болохоор мөнгөн хуримаа хийхээс нь өмнөхөн түүнийг өөр тийш нь аваад явчихсан юм. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, аймгийнхаа Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлж, арван жил ажиллачихаад 1976 онд Улсын драмын эрдмийн театрт шилжин иржээ. Саяхан Баянхонгор аймгийнхан Хөгжимт драмын театраа энэ хүний нэрэмжит болгосон. Халгиж, цалгисан авьяастнаа хайхралгүй явж дээ гэсэн харууслын үг унагах хүн тэр үед олон байсан.

ОНИГООНЫ ЭЗЭН

Эзэнтэй онигооны дундаас Ж.Дорлигжав агсны нэрийг сонсох тохиолдол олонтаа. Шүрэн хамар нь түүнийг олон ч онигоонд холбосондог оо.

***

Жүжигчин Доолио Драмын театрын шатан дээр ардын жүжигчин А.Очирбат гуайтай таарчээ.

Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ?

Доолио: Та чинь ямар их шуналтай болчихов оо? Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод.

***

Уртын дуучин Баттөмөр, Доолио хоёр хонгилд тааралдав.

Баттөмөр: Хөөе Баянхонгорын балайгаар сонин юу байна?

Доолио: Юу ч алга даа, ясгүй хүн гуай. Үгийн хариуг дор нь барьдаг энэ эрхэм Монголын хошин урлагийн энэ олон хамтлаг, продакшныг байгуулагдахаас өмнө инээдмийн тоглолтыг бие даан хийж явсан.

“Бүсэн түгдэн” үлгэрийн жүжиг

Дөрөвдүгээр сарын 1-нд “Эв эе” нэртэй хошин бүтээлийн тоглолт болдог байсан бөгөөд гол жүжигчний нэг нь Ж.Дорлигжав байв. Театрынхан “бичил бригадын тоглолт” хэмээн аминчлан ярилцах нь бий. З.Жарантав, Д.Цэрэндарьзав, Б.Цэрэнпагма, Ж.Дорлигжав нар энэ бригадыг бүрдүүлдэг байж. “Цэрэнпагма тасалбар худалдаж, Дорлигжав хувцас индүүдэж, би тасалбар хурааж, Цэрэндарьзав тоглолтоо эхлүүлдэг байсан” хэмээн З.Жарантав гуай дурссан байдаг.

Танхим дүүрэн үзэгчийг нирхийтэл инээлгэдэг тэдний тоглолтыг үзэгчид мартаагүй биз ээ. Дунд сургуульд байхдаа би ч бас Ж.Дорлигжав гуайн тоглолтыг үзэж явлаа. Төмөр замын 73 дугаар сургуулийн дотуур байрны биеийн тамирын зааланд манай сургуулийнхан цуглаад, ганцхан энэ хүнийг үзэх гэж томоотой суудаг байж билээ. Дунд сургуулийн хүүхдүүд сахилгагүйн дээр, ийм олуулаа нийлэхээрээ захирлын үгийг ч сонсохгүй. Хөгжилтэй шог гараа бүрийг нь анхааралтай үзэж, юу ч бодолгүй инээсэн тэр өдрийн дурсамж тодхон санагдана.

Ж.Дорлигжав, Г.Мягмарнаран, Ш.Гүрбазар, зохиолч Ц.Доржготов, ерөөлч магтаалч н.Чимэдцэрэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар

Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай хэдэн жилийн өмнө ярилцаж байхад уран бүтээлийн андынхаа тухай нэгэн сонирхолтой түүх хуваалцсан юм.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид баруун аймгуудаар аялан тоглож явтал машины диск нь эвдэрч, жүжигчин Л.Нямсүрэн, Доолио хоёр сэлбэг олж ирэхээр явжээ. Л.Нямсүрэн агсан ч хайсан зүйлээ олоод ирж. Харин Доолио байдаггүй. Сураглаж явсаар ойролцоох нэгэн бааз дээрээс жүжигчнээ олжээ. Жирийн үед хүн бужигнаж, дуу чимээ хангинаж байдаг баазын хашаа нам гүм, харуулаас нь хайсан хүнээ асуухад дотор байгаа гэж л дээ. Яваад ортол тоглолт хийж байна гэнэ. Юу болов гээд учрыг тодруултал баазын дарга “Манайд хайсан сэлбэг чинь алга. Гэхдээ би хоёр хүн томилоод нэг машинаас тэр сэлбэгийг чинь авахуулж байгаа. Тэр хооронд Дорлигжав гуайг ашиглаад тоглолт үзэж сууна” гэж хариулжээ.

Тэр холоос хайгаад олдохгүй сэлбэгийг энэ хүн авьяасаараа хамт олондоо авчирж, тоглолтоо хэвийн үргэлжлүүлэх боломж олгосон аж.

 

ТӨРМӨЛ АВЬЯАСТАН

“Тууврын замд” Хэнчбиш

Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үг энэ хүнд тохирохгүй. Мэргэжлийн сургууль дүүргээгүй ч бусдаас авьяасаараа илүүрхсэн үү гэхээс дутаагүй. УДЭТ-ын тайзнаа 20-иод жил тоглож, 40 гаруй бүтээл амилуулж, 1991 онд Алтангадас одонгоор энгэрээ мялаасан түүнийг төрмөл авьяастан хэмээн олон хүн магтдаг. Дунд охин Д.Оюунбилэг нь “Аав жүжгийн зохиол барьж ирчихээд уншсан үгүй нь анзаарагдахгүй хэрнээ л хэдийнэ тоглоход бэлэн болчихсон байдаг” гэж ярьсан байв.

“Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”-гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд гээд зөвхөн өөрийнхөө тоглолтоор мөнхийн хөшөө босгосон дүр олон.

Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Энэ жүжигчин төрөлхийн авьяастайн зэрэгцээ тоглосон дүрээс нь Монгол үнэр ханхийдэг” хэмээн хэлсэн нь бий. Тэр тоглох хэсгээ өөрийн болгож, найруулагчийн санаанд ороогүй өөрчлөлтийг ч оруулдаг. “Тууврын замд” киноны Хэнчбишд дуртай хүн ховор байх. Айлын жаахан охиныг оролдож, хувийн ашгаа бодож, улсыг хохироохоос ч сийхгүй нөхөр. Тэр киноны голын эрэг дээр Долгортой уулзаж байхад Б.Бадрууган ирдэг хэсгийн сургуулилалт хийж байхдаа Доолио “Хоёулаа сайхан ноцолдож байгаад би хий гишгэсэн болоод чамайг татаад унана шүү” гээд ярьж тохирчээ. Зураг эхэлж, ярьснаараа хий гишгэж уначихаад, уснаас гарангуутаа Б.Бадрууганыг татаж гаргаж гэнэ. Найруулагч “Сайн боллоо” гэж магтаад “Яах гэж түүнийг татаж гаргав аа” гэж асуухад нь “Миний тоглож байгаа Хэнчбишийн дүрд хүн чанар жаахан ч гэсэн баймаар байна” гэж хариулсан тухайгаа хожим нь тэрбээр дурсан ярьсан байдаг.

 

ХИЙЦТЭЙ ЦАЙНЫ АМТ

Ж.Дорлигжав агсныхтай нэг зусланд гардаг байсан залуу түүнийг гэр бүлийнхэндээ халамжтай, найрсаг хүн байсан гэж ярилаа. Доолиог танихгүй хүн ховор болохоор киноны зурганд яваад ихэвчлэн эзгүй байдаг жүжигчинг гэртээ байхыг нь анхааран ажигладаг байсан ч байж мэднэ.

Харин охид, гэргий нь түүний гараа гарган чанадаг хийцтэй цайны тухай үргэлж дурсан ярьдаг. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Л.Жамсранжав, Л.Нямсүрэн, Шаравдоо, З.Шагдаржав, З.Жарантав, Ж.Дорлигжав нар Москва хотын Большой театрын өмнө. 1978 он.

Театрынхан ням гаригт ажиллаж, даваа гаригт амардаг болохоор нэг гэр бүлийн хоёрын амралт үргэлж зөрнө. Гэсэн ч Доолио заавал зав гарган, ням гаригийн амралтыг сайхан цайгаар хачирладаг байж. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл ширүүн хардаггүй байсан гэсэн. Гэхдээ ажилдаа түүртээд тэр үү, эхнэрийнхээ гутлын хэмжээг ч мэддэггүй байсан гэнэ лээ. Томилолтоор явахдаа болж өгвөл Г.Равдантай хуваарилагдаж, түүнд арын ажлаа даалгадаг байж. Энэ тухай нь “Ээжид таяг, эхнэрт “болсон” гэх зэргээр авах зүйлээ нарийн тэмдэглэдэг байж билээ” хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан дурссан.

Ж.Дорлигжав агсан 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Энэ өдөр бас гэргийнх нь төрсөн өдөр тохиодог. 1994 оноос хойш НҮБ-ын санаачилгаар тавдугаар сарын 15-ныг Гэр бүлийн өдөр болгосон юм билээ. Хаврын сүүлийн сарын энэ өдөр Доолиогийн гэр бүлийнхний том баяр болдог. Дэндүү эрт хорвоогоос одсон энэ авьяастныг хүмүүс гавьяат авах хүн гэж ярих нь бий. Гэсэн ч Арслан шиг, “Ангийн байцаагч” шиг бүтээсэн дүрээрээ мөнхөд амьдарч, үр ачдаа үргэлж дурсагдан явах хүндтэй хувь заяаг тэр бий болгоод буцжээ.

Түүний зээ хүү нь энэ жил Санкт-Петербургийн урлагийн сургуулийг төгссөн. Энэ зээгийнхээ нэрийг өвөө нь өгсөн гэнэ лээ. Төрсөн нутгийнхаа хайрхан Булганы нэрийг зээлэн хүүдээ өгч, хожим нь энэ хүү өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн жүжигчин болж буй нь энэ.

Ж.Солонго

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]