Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүдүүлэг хүн сүрэг эзэнт гүрэн байгуулдаггүйУншсан3,737

Үнэндээ бол Монгол ба бусад цусны ялгаа гэж үгүй, хүмүүс бүгд нэг төрөл зүйлийн амьтад. Харин соёлын ялгаа гэж бий.

Үнэндээ бол Монгол ба бусад цусны ялгаа гэж үгүй, хүмүүс бүгд нэг төрөл зүйлийн амьтад. Харин соёлын ялгаа гэж бий.

Энэ нь ихэнхдээ нийгмийн антропологийн байдлаар ялгардаг гэсэн үг. Удамшлын хүчин зүйл бол харьцангуй бага ялгаа юм. Тиймээс зарим Монголчууд өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, бусдаас гайхамшигтай угсаатан гэж хөөрцөглөх нь ч буруу. Бид бол угсаатны хувьд ч, улс орны хувьд ч байдаг л нэг улс. “Монгол цус” гэж ирээд л туйлшрах нь заримдаа ажиглагдах юм.

Үндэсний үзэлгүй улс орон гэж байхгүй л дээ, харин үндсэрхэг хэрцгий үзэл бол буруу хандлага. Үндэсний үзэл, даяаршлын үнэт зүйлсийг зохицонгуй өөртөө шингээж, тэдгээрийн давуу чанаруудыг зүй зохистойгоор ашиглаж чадсан улс орон гэж бий. Эд баялаг, шинжлэх ухаан технологийн давуу талыг амжуулж, үндэсний зүйлсээ ч дээдэлж буй жишээнд Япон, Саудын Арабыг тооцсон судалгаа бий.

Даяаршилд хэт хөөрцөглөөд өөрийгөө эрчимтэй гээж алдаж буй орнуудад Өмнөд Солонгос, Тайван, Сингапурыг оруулсан нь бас байна. Тэгэхээр уламжлал, шинэчлэлийг хослуулж чадах нь сүрхий үндэстний шинж бололтой. Түүнээс биш даяаршилд хөл алдаж бусдыг сохроор шүтээд өөрсдийгөө үгүйсгэх, голж чамлах нь нэг талаасаа юм үзээгүйн шинж.

Бидэнд “айлын хүүхэд”-ээс илүү нь ч бий, дутуу тал ч байгаа Өнөөдөр Монгол маань уламжлал, шинэчлэлийн зөрчил сорилтод тулгараад байгаа. Ийм л цаг үед бид амьдарч байна. Монголоо гэх үзэл, даяаршлыг дээдлэх итгэл хоёр далдуур мөргөлдсөөр байгаа. Монголчуудыг угаас бүдүүлэг харанхуй нүүдэлчид “юу ч үгүй амьтад” гэж төсөөлдөг суурин иргэншлийн дээрэнгүй үзлийг дэмжигчид манайд ч бий. Тиймээс тэд даяаршлыг аврал гэж эндүүрдэг. Угтаа бол даяаршил нь зохицон аж төрөхүйн энгийн л үйл явц юм. Бид үндсэрхэж туйлшраад сүйд болоод байх, даяаршсан хүн болох гэж онгироод байхын аль нь ч оновчтой юм биш.

Ер нь боловсролтой хүн бол уламжлал, шинэчлэлийг хослуулах, зүй зохисыг танин мэдэх, түүнд нийцсэн шийдлүүдийг олж, хөгжлийг түүчээлэх учиртай. Барууны алдартай сургуульд суралцаж шилдэг онол, мэдлэг эзэмшсэн ч гэлээ шилжилтийн үедээ яваа бүх, зүйл нь сорилтод орсон манай улсад тэр сурсан онол, мэдлэгээ яаж ашиглах вэ гэдэг нь л хамгийн чухал ур чадвар юм.

Монгол гайхалтай орон. Олон сайн зүйл бий. Энэ цөөн хүн амын хэл соёлын дархлаа нь нэлээд хүчтэй, бие даасан иргэншлийн уг шинжтэй.

Дэлхийд ийм улс ховор. Үндэсний хэв маяг, суурь чанар, ёслол цэнгэл нь ч нэлээд өөр. Ижил төс, орлуулагдах байдлаараа бүс нутагтаа илт ялгарна. Тэгсэн хирнээ нийтлэг соёлоос цэрвэдэггүй, заримыг шингээх хирнээ өөрийнхөөрөө үлддэг байж. Бас манай ахас ихэс, нялхсыг хүндлэх, асрах заншил нь ахуй, ёс суртахууны гол хэмжүүр байв, хүнлэг тусч, шударга сэтгэл Монгол хүний уг чанар байлаа… гэх мэтээр ярьж болно. Биесээ хүндлэх, хүнлэг байх энэ сайн хэвшлүүд өдрөөс өдөрт алдагдах болсон нь эмзэглүүштэй. Бүр аав, ээжээ хүндлэхгүй, хүний эрх ярьж заалддаг үрс олширч байх шиг. Өөрчлөгдөж байна.

Шулуухан хэлэхэд соёлын эрлийзжил саармагшил ихэссэнээр бид үнэт зүйлээр бус зөвхөн эрх ашгаар харьцдаг гэр бүлүүдтэй болно. Энэ мэтээр нийгэмд хэврэгшил, элдэв бүтэхгүй ээдрээ, үл ойлголцол, явцуу итгэл үнэмшил арвижна. Ёс суртахууны үнэлэмж буурснаар зөвхөн эрх ашгаар харьцдаг цэвдэг соёл давамгайлна. Төр улсад ч эрх ашгийн бүлэглэлүүдийн эрэмгий түрэмгий шинж илрэх болсон нь энэ бүхний үр дагавар байхыг үгүйсгэхгүй. Түүх соёлын мэдлэг бол боловсролын нэг гол хэмжүүр юм. Боловсролтой хүн бүр нийгэм-соёлын уг үндсийг өөрт шаардагдах хирээр мэдэж авах шаардлагатай. Улс орнууд уламжлал, түүхэн мэдээлэлд үндэслэж статусаа тогтоодог.

Ингэж одоогийн улс орнууд ч түүх соёлд үндэслэсэн байхад “түүх бол юу ч биш” гэж хэлж зүрхэлнэ гэдэг бол боловсролгүй бүдүүлгийн жишээ. Ийм харанхуй байдлаараа Монголын түүх соёлыг үгүйсгэдэг биз. Бүдүүлэг “хүн сүрэг” эзэнт гүрэн байгуулдаггүй. Хэсэг болхи нүүдэлчдийн аз гэнэт шовойгоод XIII зуунд нэг улсыг санамсаргүй байгуулчихсан юм шиг хялбар төсөөлөл бол инээдтэй зүйл.

Олон орны эрдэмтэд, шилдгүүд Монголын эзэнт гүрнийг ямар нэг хэмжээгээр судалжээ. Тэд Монголчууд тогтолцоот төрийг тогтоож, засаглалын онцгой хэлбэр, засаг захиргааны бүтэц, хууль цааз, худалдаа арилжаа, эрдэм мэдлэгт амжилт олсон төдийгүй “дэлхийн түүхийн үзэгдэл” болсон эзэнт гүрэн гэдэг. Ийм түүхийг Монгол хүн бүтээжээ.

Зүгээр нэг эмх замбараагүй арьс хөдөс нөмөрсөн малчид, цусанд цангаж илд далайсан дээрэмчид “Эзэнт улс” -ыг бүтээж чадахгүй, тийм түүх дэлхийн хаа ч байхгүй. Харин Монголчуудын дунд тодорхой бодлого, оюун санаа, ёс суртахуун байсан учраас л аугаа эзэнт гүрэн бүтээгджээ.

Монголын үндэс бол их түүх. Үүнд л Монгол хүний ирээдүйн хөгжил, урам дэмийн түлхэлт, алдаа оноо бий.

Бүгд түүх мэдэх албагүй. Гэвч түүх сонирхох нь таны боловсролд тустай.

Сэтгүүлч Г.Бадамсамбуу

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 4. 17:52
Зочин

Зөв шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]