Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жолооч Гончигтой таарсан хөх торгон дээлтэй хүүхэнУншсан48,373

1979 оны өвлийн эхэн сард Тээврийн жолооч Гончиг Улаанбаатараас ачаа аваад Говь-Алтай хүрэхээр явж гэнэ. Баянхонгор аймгийн нутагт ороод Байдрагийн голыг гатлаад явж байжээ.

Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номын хэсгээс


ЖОЛООЧ ГОНЧИГТОЙ ТОХИОЛДСОН НЭГ ЯВДАЛ

1979 оны өвлийн эхэн сард Тээврийн жолооч Гончиг Улаанбаатараас ачаа аваад Говь-Алтай хүрэхээр явж гэнэ. Баянхонгор аймгийн нутагт ороод Байдрагийн голыг гатлаад явж байжээ. Нар оройхон болж байжээ. Шөнө яваад Гуулин орж хоноё гэж бодож гэнэ. Нар шингэж харанхуй ч болжээ. Машинаас бууж нуруугаа тэнийлгэж жаахан зогсож байгаад машиндаа орсон чинь хөх торгон дээлтэй залуухан хүүхэн кабинд нь сууж байж гэнэ. Гончиг цочоод хүүхнийг харсанд тэр нааш харахгүй, ямар ч үг хэлэхгүй дув дугай сууж байжээ. Царай нь зэвхий нэг л зэвүүн харагдаж гэнэ. “Энэ чинь хулгайч дээрэмч л байж таарна даа. Хутга сугалаад намайг хатгаж алаад машиныг жолоодож нэг тийшээ яваад ачааг авч ашиглах хэрэг байх” гэж Гончиг бодож гэнэ. Гончиг машинаа галлаад хөдөлж дээ. Хулгай нүдээр хүүхнийг харсан чинь ажиггүй суугаад л байх юм гэнэ. Хэдийд яаж хөдлөх юм бол гэж айж болгоомжилж явж дээ. Гончиг сэмээрхэн хөлөөрөө манивилаа ойртуулж аваад суудал дээр тавьж гэнэ. Хүүхэн хутга гаргаад ирвэл манивилаараа цохино гэж бэлтгэж байв.

Тэгээд явж байсан чинь машины гэрэлд хэдэн үхэр мал харагдаж гэнэ. Гончиг “Айл байна” гэж их баярлаад замаас хажуу тийш гарч малын байгаа чигт явбал нэг айл хэдэн гэр харагдав. Айх баярлах хоёр нийлээд машины хурдыг нэмэгдүүлж айлын хонь мал дундуур хар хурдаараа орж айлын гэрт машинаа тулгаж зогсов. Унтсан айлаас хүн гарч ирээд “Ямар галзуу жолооч вэ!” гэж загнаж байв. Гончиг гэрт ороод айсан зүрхээ жаахан намжаагаад гэрийн эзэн Очирбатад хэлэв: “За нөхөр минь, Миний машинд нэг хүүхэн сууж байгаа. Тэр хулгайч дээрэмч болохоос зайлахгүй. Хоёул зэвсэг багаж аваад гаръя” гэв. Очирбат хувцсаа өмсөж жижиг калибрийн буугаа цэнэглэж бариад гарав. Гончиг маневильтай хоёул очиж машины кабиныг онгойлгосонд тэнд юу ч байхгүй байв. Машин доогуур гэрийг тойрч хашаа хороогоо нэгжиж үзсэн боловч юу ч байсангүй. Хүүхэн зугтаад алга болсон байжээ. “Сүүлд бодоход энэ бол хүн чөтгөр байсан бололтой” гэж Гончиг дүгнэлт хийж байв.

Гончиг бас ярив. Би түүнээс хойш тэр замаар явах дургүй болсон билээ. Гэвч мөн өвөл, түүнээс хэдэн сарын дараа бас л ачаа зөөгөөд тэр замаар явах хэрэгтэй боллоо. Тэгэхлээр би ханьтай явъя гэж бодоод Баянхонгор дээр зориуд саатаж нэг нөхрийгөө хүлээж байгаад ирэхлээр хамт Баянхонгороос хөдлөв. Өнөөх замаар бас л шөнө явах боллоо. Заавал тэгж тэгж таарах юм. Гэвч хоёулаа яваа болохлоор би овоо зоригтой явлаа. Би түрүүлээд манай нөгөө жолооч миний хойноос ойрхон дагаад явлаа. Би түүнд хэлэв: “Энэ замд нэг чөтгөр хүүхэн байдаг юм. Тэр дайралдвал би машинаа зогсооно. Чи хурдан миний хажууд гүйцэж ирнэ шүү” гэв. Нөгөө жолооч “За” гэсэн боловч ер нь огт итгэхгүй байдалтай инээмсэглэж байв.

Тэгээд Гончиг түрүүлээд нөгөө жолооч дагаад хоёр машин шөнө явж байжээ. Өнөөх сэжигтэй газар хүрээд явж байжээ. Тэгээд Гончиг нэг хажуу тийш харсан чинь өнөөх хөх торгон дээлтэй хүүхэн чинь дэргэд нь кабинд сууж байв. “Кабины хаалгыг онгойлголгүй явууд ороод суучихсан юм байна. Тэгэхлээр энэ хүн биш, чөтгөр мөн нь лав” гэж Гончиг бодож байв. Гончиг машинаа хурдан тоормослож зогсоогоод газар буув. Нөгөө жолооч хүрч ирэв. Гончиг түүнд хэлэв: “Хөөе. Чи нааш ир! Үүнийг хараач” гэж өөрийн кабин руу заав. Гончигийг харахад тэр хүүхэн нь тэнд сууж байв. Нөгөө жолооч өнгийж хараад хэлэв: “Чи юу хэлж байгаа юм бэ? Чиний кабинд хэн ч байхгүй байна” гэв. Тэр хүүхэн Гончигт харагдаад нөгөө жолоочид харагддаггүй юм болж байна. Хоёр жолооч жаахан маргалдаж байгаад явах болов. Гончиг кабиндаа ороод суухад нөгөө хүүхэн алга болсон байв. Ийм хачин хэрэг болсон юм даа. Үүнийг Гончиг өөрөө над ярьсан юм. Бие муутай, өвчтэй буюу өвдөх шинж орсон, хийморь нь доройтсон хүнд л чөтгөр харагддаг гэдэг үнэн байх шүү. Хийморьтой, цогтой, эрүүл саруул яваа хүнд чөтгөр харагддаггүй юм гэнэ билээ. Гончигийн хийморь доройтсон учир чөтгөр түүнд харагдсан, нөгөө жолооч хийморь сайтай явсан учир чөтгөр түүнд харагдаагүй байх. Гончигийн хийморь буурч хэдэн сарын дараа өвдөөд удалгүй нас барсан юм. Хожим сураглавал Байдрагийн голоос баруун тийш тэр чөтгөр тохиолддог газрын ойр 1979 оны зун нас барсан нэг залуу хүүхнийг хөх торгон дээл өмсгөж тэнд оршуулсан юм гэдэг. Түүний сүнс чигээ олж чадаагүй чөтгөр болж тэнэж явсан байх гэж боддог юм.

 

ҮХСЭН ХЯТАД

Говь-Алтайн Бугат сумын мал туугч Дүгрээ ярив: Миний таньдаг найз залуу жолооч байдаг юм. Тэр Махкомбинатаас зүүн хойш Толгойтод хашаа аваад тэнд байдаг гэж хүнээс сонсоод би эрсээр олж очлоо. Хашаанд нь хоёр гэр байна. Орлоо. Аав ижий нь том гэртээ сууж байна. Хүү жолооч нь бага гэр бариад гэрлэх гэж байгаа юм байна. Би цай ууж жаахан ярьж байгаад явлаа. Намайг хуримандаа ир гэж урьж байв.

Түүнээс хойш сар шахам болоод мөн жолоочийнд дахиж очлоо. Тэгсэн чинь хашаа нь хов хоосон байна. Зөвхөн хоёр гэрийн бууц харагдаж байна. Тэгэхлээр хавийн айлаас сураглавал тэднийх өөр хашаанд буусан гэж байна. Тэднийхийг олж очив. Ярилцав. “Танайх яагаад өвлийн хүйтэнд өөр хашаанд нүүж ирээ вэ? “ гэж асуувал “А тэр явдалтай хашаа” гээд өөр юм ярихгүй байна. Би өөр юм ярьж байгаад явчлаа. Дараахан нь өнөөх жолоочтой би дайралдлаа. Тэр надад хашаанаас нүүсэн учраа ярьж байна.

Гэрлэсний дараахан эхнэр нь ганцаараа гэртээ унтах гэж байжээ. Нэг харсан чинь баруун орон дээр нь нэг залуувтар хүн буруу хараад хэвтэж байж гэнэ. Гайхаад харсан чинь хурхираад унтаж байж гэнэ. Айж сандраад гүйн гарч аавындаа орж “Манай орон дээр нэг хүн унтаж байна” гэж хэлэв. Аав нь гайхаад бэрийн хамт гэрт нь оров. Гэрт нь хүн юу ч байхгүй хоосон байжээ. Тэр хүн босоод гараад явчив бололтой гэж бодоод гадуур эрсэн боловч хүн байсангүй. Жолоочийн эхнэр айгаад аавындаа унтжээ. Маргааш нь бэр хүүхнээ гэртээ унтаж чадахгүй гэхлээр нь аав нь зэмлээд “Дэмий юмнаас айж байх юм. Айхад аргалын толгой хөдөлнө гэдэг энэ шүү” гээд гэрт нь унтуулах гэж явуулжээ. Хүүхэн гэртээ унтах гэж байтал баруун орон дээрх хөнжил улам улмаар гулгаад шалан дээр ойчиж гэнэ. Хүүхэн айгаад хадам аавдаа хэлжээ. Хадам аав нь орж үзвэл нээрээ хөнжил нь газар хэвтэж байжээ. Түүнээс хойш энэ мэт явдал хэд хэд гарсны учир тэднийх нүүсэн байна.

Сүүлд сонсвол тэр хашаа бол ганц өвгөн хятадын хашаа юм байжээ. Өвгөн хятад үхээд буг болсон юм гэнэ. Тэр хашааг хэдэн айл удаа дараа хямдхан аваад гэрээ барьж суусан боловч сэжигтэй явдал олон гараад цөм нүүцгээсэн юм гэнэ. Манай жолооч тэр түүхийг мэдэхгүй болоод түүнийг авсан юм байжээ.

Үүнийг Говь-Алтайн Бугат сумын малын аварга туугч Дүгрээ ярив.

1981.3.18.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]