Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжийн төрийг атгаж, мөхөлд нь ойртуулсан Цы Ши хатанУншсан31,375

Монголын түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн гадны эмэгтэйчүүдийн нэг нь яах аргагүй Манж Чин улсын төрийг барьж байсан Цы Ши хатан юм.

Монголын түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн гадны эмэгтэйчүүдийн нэг нь яах аргагүй Манж Чин улсын төрийг барьж байсан Цы Ши хатан юм. Чухам энэ хүний эхлүүлж хэрэгжүүлсэн “Шинэ засгийн бодлого” нь Монголын XX-р зууны эхэн үеийн түүх, цаашдын үйл явдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ удаа зөвхөн Ци Шы хатан гэж хэн болох, хэрхэн ямар арга замаар төрийн эрхийг барьж байсан тухай.

Манж Чин улсын Монголыг хариуцсан нэгэн жижиг түшмэл өөрийн охин Цы Ши-г 17 насанд хүрэх үед нь Түгээмэл Элбэгт хааны татвар эмийн тоонд оруулахаар хөөцөлдсөөр ямар ч байсан бүтээлээ. Гэхдээ охин нь хамгийн доод ангиллын буюу 5-р зэргийн татвар эм болсон байна. Ийм зэрэглэлийн эмс нь бусад өндөр зэрэглэлийн эмсийн туслах гэмээр үүрэгтэй, хэзээ нэгэн цагт, ядаж нэг удаа хааны таалалд өртөж, өврийг нь дулаацуулах  байх гэж итгэж найдсаар дуусдаг байсан тийм л хүмүүс юм.

Гэсэн хэдий ч ухаалаг, зальтай Цы Ши дөрвөн жилийн дотор 3-р зэргийн татвар эм болтлоо өөдөлж дэвшсэн ба хамгийн гол нь хааны хатантай тун ойрхон харилцаатай, сайн найз болж амжсан байлаа. Хааны хатан Цыань нь Цы Ши-тэй насаар ойролцоо бөгөөд хаанаас хүүхэдтэй болж чадалгүй удсан хүн байж. Хаан хайртай хатнаа жирэмслүүлж чадаагүй учир хатны оронд хааны үр хүүхдийг төрүүлэх татвар эмийг сонгох эрхийг хатандаа өгчээ. Хатан ч өөрийн сайн найзыг сонгосон ба нэгэн шөнө тайганд үүрүүлсэн татвар эм хааны унтлагын өрөөнд орж ирсэн нь Цы Шы байжээ. Хэсэг хугацааны дараа Цы Ши жирэмсэлж хүүхэд гаргасан нь ирээдүйн бас нэг хаан Зайчунь (Бүрэн засагч хаан) болж, хуучин татвар эм маань одоо И хатан хэмээх том хэргэмтэй боллоо.

Зарим түүхчдийн үзэж байгаагаар Цы Ши дэндүү амархан жирэмсэлсэн нь сэжигтэй гэдэг бөгөөд магадгүй өөр хэн нэг эмэгтэйн хүүхдийг өөрийн төрүүлсэн үр, хааны мах цусны тасархай гэж зарласан байж болох талтай гэж үздэг байна. Иймэрхүү явдал тухайн үеийн түүхэнд элбэг ба ийм явдлын дараа хүүхдийн жинхэнэ эх нь чив чимээгүй усанд хаясан чулуу шиг алга болдог... , болгодог байсан гэдэг.

Цы Ши хатан гоё ганган хувцастай фото зураг авахуулах дуртай хүн байжээ

Зайчунийг 6 нас хүрэх үед 30-аад насны Түгээмэл элбэгт хааны бие муудаж үхэх нь тодорхой боллоо. Энэ үед ордны нөлөө бүхий зүтгэлтэн, тайган нар хааны хайртай эм болох Цы Ши, түүний хүү нарыг мөн хаантай цуг үхэх ёстой, нөгөө ертөнцөд хаанд хань болж чадах хүмүүс бол тэд гэж хаанд итгүүлэн зарлиг гаргуулах гэж оролдож эхэлжээ. Хаан ч зөвшөөрсөн бололтой. Харамсалтай нь хааны зарлигийг баталгаажуулах тамга дарах гэтэл тэр тамга нь Бяцхан цахирмаад л (Цы Шигийн нэр) байдаг болсон байв.  Тамга ч олдохгүй, Цы Ши ч харагдаж үзэгдэхгүй байсаар хаан талийгаач болжээ.

Энэ явдлын дараа Зайчунийг хаан ширээг эзлэх ёстой цорын ганц хүн, энэ хүн Бүрэн засагт нэрээр төр барих болно гэсэн хааны тамгатай зарлиг гэнэт гарч ирсэн төдийгүй мөн бяцхан хааныг насанд хүртэл түүний эх Цы Ши хатан, Түгээмэл элбэгт хааны хатан Цыань нар нь төрийн тэргүүнд тусалж байх,  эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь гол түшиг тулгуур нь болох ёстой гэсэн байлаа. Ингэж Цы Ши нь хатан хаан хэмээх эрх мэдэлтэй болж авсан байна.

Түүнтэй адил хэргэмтэй, эрх мэдэлтэй өөр бас нэг хатан байгаа ч одоогоор энэ хүн Цы Шид хэрэгтэй... Харин тэр талийгаач хаантай цуг Цы Шиг нөгөө ертөнцөд явуулах гэж байсан нөхдүүд бол үхэх ёстой. Үхэх ч болно. Ингэж шинэ хатан хаан нь хүн цаазлах зарлигаар өөрийн хаанчлалыг эхлүүлжээ.

Удалгүй хатан хааны эсрэг янз бүрийн олон хуйвалдаан болж, илэрч байсан бөгөөд тэр бүх хуйвалдагчид бүгд л хатан хааны тушаалаар толгойгүй болж байв.  Ер нь энэ ордонд үхэл шүглэсэн гэж хэлж болохоор байсан ба учир нь үл олдох шалтгаанаар янз бүрийн хүмүүс үхэх, алга болох нь цөөнгүй.

1873 онд Бүрэн засагч хаан ширээндээ заларч, улсын алба хэргийг өөрийн ойлгосноор хөтлөн явуулах болсноор Цы Ши хатны эрх сүр суларч эхэллээ. 17 настай залуу хаан нь задгай завхай явдалтай, улс орны сан хөмрөгийг үрэн таран хийсэн нэгэн байгаад 2 жилийн дараа гэнэт нас баржээ. Өвчний шалтгаан нь цагаан бурхан (бэлгийн замын халдварт өвчин гэсэн яриа ч бас бий). Залуу хаан архи дарс, завхай зайдан явдлаасаа болж бие нь суларсан байлаа ч 19 настай залуу хүн, тэр тусмаа хаан хүн, өч төчнөөн эмч, сувилал асаргааны дунд байгаад ийм өвчнөөр гэнэт үхсэн нь хачирхалтай. Магадгүй хэн нэг нь “тусалсан” байж болох уу?

Хаан хүүхэдтэй болж амжилгүй үхсэн болохоор (Бүрэн засагч хааны жирэмсэн хатан, Буян хэмээх Монгол эмэгтэй бас л учир битүүлгээр үхсэн) Цы Ши нь өөрөө хайж байж хааны удам судартай холбогдсон, өөрийнх нь хамаатан болох 3 настай бяцхан хүүг олж хаанаар (Бадаргуулт төр) өргөмжлөөд,  өөрөө Цыань хатантай хамтран дахин төр барьж эхэлжээ. Гэсэн ч Цыань хатан бас л удалгүй нас барсан бөгөөд үхлийн шалтгаан нь хоолны хордлого. Зүв зүгээр байсан энэ хатан үхэхийнхээ өмнө Цы Ши хатны урилгаар очиж найрлаж наадаж, идэж ууж байсан юм байх...

Хатны гэнэтийн үхлийн тухай ордноор янз бүрийн шивэр авир яриа тархаж, үүнээс улбаалан Бүрэн засагт хааны түргэн үхлийн учир шалтгааны тухай ч мэр сэр яриа байдаг тухай нэмэн шивнэлдэж эхэлсэн байна. Бүр Түгээмэл элбэгт хааны үхэл ч бас сэжигтэй, халууцаж үхнэ гэж байдаг юм уу гэсэн яриаг дээрээс нь нэмэрлэж байсан хүмүүс бас байсан юм гэнэ лээ.  (30 настайдаа үхсэн энэ хааны үхлийн шалтгааныг зуны халуун бүгчим цаг агаараас болсон гэж ордны эмч нар тайлбарлаж байсан юм гэдэг) Энэ бүх үхлийн цаана дандаа л нэг нэр яригдаж байсан нь Цы Ши.

Ямар ч байсан Цы Ши хатан төрийн эрх мэдлийг гартаа бүрэн авч, шинэхэн хааныг өсгөж хүмүүжүүлсээр нэлээд хэдэн жил боллоо. Бадаргуулт төр хаан 19 нас хүрэх үед Цы Ши хатан албан ёсоор эрх мэдлээ залуу хаанд шилжүүлэн Зуны ордонд амар тайван байх болсноо зарласан байна. Өөрөөр хэлбэл бүхнийг хянаж, удирдсан хэвээр байна гэсэн үг. Их хатан зөвшөөрөөгүй бол ямар ч зарлиг тушаал гардаггүй, хэрэгждэггүй тийм үе байж.

Улс орны сан хөмрөг доройтож, хээл хахуульд идэгдсэн тухайн үед Япон Манжийн дайн болж Япончууд ялалт байгуулан асар их газар нутгийг нь булаан авсан төдийгүй олон тооны боомт, стратегийн ач холбогдолтой газар нутгийг хяналтдаа авлаа. Дээр нь энд тэнд олноор гарах бослого хөдөлгөөн...Ийм нөхцөлд залуу хаан өөрийн гэсэн бодлого хэрэгжүүлэх гэж оролдож эхэлсэн бөгөөд яваандаа түүний хаан ширээний гол дайсан нь Ци Ши хатан гэдэг ойлголттой болж хатанг баривчлан төрийн хэргээс зайлуулахаар шийдэж байсан боловч ордны хор найруулгад хэнээс ч илүү туршлагатай, уран аргатай Цы Ши хатан өрсөж, хааныг өөрийг нь барьж авсан байна. Үүнээс хойш Бадаргуулт төр хаан “Хаалттай хотын” нэгэн цайзад хоригдох болжээ.

1900 оны үеэс Ихэтуанийн бослого эхэлж Бээжин хотыг эзлэх үед Цы Ши хатан Бадаргуулт төр хааныг авч зугтахаар шийдэн байхад нэгэн татвар эм “хааны амь нас үрэгдэх бий, ордондоо үлдээч хаантан минь” гэж уйлж дуулан гуйхад Цы Ши  “энийг усанд живүүл” гэсэн үг хэлж, тушаалыг нь ч ёсоор болгосон байна. Хаан, хатдын амьд явах үгүйг шийддэг гэмээр хүнд нэг муу татвар эмийн амь сохор зоосны үнэгүй биз.

Цы Ши хатан анх бослого гарахад дэмжиж байсан боловч дараа нь Европын бусад улсуудтай нийлэн байж Ихэтуанийн бослогыг их цус урсган дарсан, Бадаргуулт төр хааны хэрэгжүүлэх гэж байсан тэр шинэчлэлийг хийлгэхгүй гэж хааныг барьж, хорьж байсан хатан маань дараа нь өөрөө энэ шинэчлэлийн (энэ шинэчлэлээр Монгол улс Хятадад уусах нөхцөл байдал үүсэх байв) гол тэргүүлэгч болсон гээд янз янзын л юм бий боловч энэ бүхэн нь тусдаа ярих ёстой сэдэв болов уу.

Гадаадын элчин сайдуудын эхнэрүүдтэй хамт

Ямар ч байсан Цы Ши хатан үхэхээсээ өмнө Бадаргуулт төр хааныг хордуулж амжсан бөгөөд ямар зорилготой ингэсэн байж болох тухай олон таамаг бий. Харин хөгшин хатан хааныг хордуулсныхаа маргааш л өөрөө нөгөө ертөнц рүү явсан ба тэрээр насны эцэс болж “явсан уу”, эсвэл хэн нэг нь “явуулсан уу” гэдэг нь одоо хүртэл маргаантай байдаг юм байна.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 19. 20:09
Зочин

Муу гичий!Нохойн үхлээр үхсэн!

9 сар 16. 14:21
Зочин

сувдан том хэлхээг ам руу нь чихэж алсан. улмаар хожимын үймээний үед уг сувдыг авах гэж япон цэргүүд шарил бунханг нь ухаж тоносон байдаг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]