Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Усан цэргийн Сэм муурУншсан692

"Жившгүй Сэм", "Үхэшгүй Сэм" зэргээр нэрлэгдсэн энэ муур нацистын Германы нэгэн хөлөг онгоцонд анх "ажиллаж" эхэлсэн гэлцдэг.

Б.Нямдолгор

"Жившгүй Сэм", "Үхэшгүй Сэм" зэргээр нэрлэгдсэн энэ муур нацистын Германы нэгэн хөлөг онгоцонд анх "ажиллаж" эхэлсэн гэлцдэг. Гэвч хөлөг онгоцыг торпедоор харвасны дараа Сэм муурыг Британийн усан цэргүүд аварсан юм. Азтай муур уу, эсвэл усан онгоцны сүйрлийг зөгнөсөн муу ёрын амьтны алин болохыг бүү мэд, түүнийг та уншаад өөрийнхөөрөө дүгнэнэ биз.

Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхээс хэдхэн сарын өмнө Германы Бисмарк хэмээх аварга том байлдааны хөлөг онгоцны нэгэн усан цэрэг хар цагаан судалтай нэгэн муурыг усан онгоцны харх устгах "ажил"-д даргынхаа зөвшөөрөлтэй томилжээ. 2200 багийн гишүүнтэй аварга том Бисмаркийг жившгүй, ялагдашгүй хэмээн германчууд суртал ухуулгадаа ашиглаж байв. Үнэн хэрэгтээ Бисмарк онгоц жившгүй биш, тэр онгоц дээр явсан муур л...

1941 оны 5-р сарын 27-ны өдөр урьд хожид үзэгдээгүй хамгийн хүчирхэг энэ хөлөг онгоц тэнгисийн тулааны үеэр сүйрсэн юм. Хүчит давалгаа Германы тэнгисийн цэргийн флотын бахархал болсон байлдааны хөлөг онгоцыг залгихад ойролцоо байсан HMS Cossack хэмээх Английн онгоц Бисмаркийн багийнхныг аварчээ. Олзлогдсон далайчдын нэг нь амьд үлдэхээр зүтгэн хөвж буй азтай муурыг анзаарч, англичуудад нэг юм хэлжээ. Ингээд муур аврагдаж усан цэргүүд Оскар хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Хэдэн сарын дараа Оскарын хөлгийг тэнгисийн нэгэн тулаанд Германы шумбагч онгоц торпедо харван живүүлэхэд багийнхныг нь онгоц тээвэрлэгч  HMS Ark Royal-ийн багийнхан аврахад мөнөөх азтай муур дунд нь байж таарчээ. Ингэж Оскар муур “Жившгүй Сэм” гэсэн хочоо олж авсан түүхтэй ажээ. Хоч нэр нь үнэхээр өөрт нь тохирсон гэдгийг батлах гэж байгаа юм шиг 1941 оны 11-р сарын 14-нд Ark Royal хөлөг онгоц торпедод өртөж сөнөв.

Сэм дахиад л эсэн мэнд үлдэв. Нэг ч суманд оногдсонгүй, дэлбэрэлтэд өртсөнгүй, живсэн онгоцтой хамт тэнгисийн гүнд одсонгүй. Дараагийн удаад өмнөх тохиолдлууд дахин давтагдаж Британийн тэнгисийн цэргийн HMS Legion хөлөг түүнийг аврахад муур хэд дэх удаагаа аврагдаж байгааг гэрчлэх цэргүүд ч цөөн үлдсэн байжээ.

Дараа нь Сэмд юу тохиолдсон  бол?  Сэмийг хуурай газарт тавьж, Гибралтарын хоолойн захирагчийн албан газарт амьдарч байгаад хожим нь Белфаст хотод оршин суудаг нэгэн далайчинд үрчлэгдэж эзэнтэйгээ хамт амьдарсаар 1955 онд үхсэн гэх мэдээлэл Гринвичийн Эзэн хааны нэрэмжит музейд үлджээ. Бисмарк хөлөг онгоц руу муур авчирсан гэсэн баримт, нотолгоо байхгүй гэж амьд үлдсэн зарим хүмүүс гэрчлээд байгаа. Дээрээс нь Оскарын гадаад байдлын талаар ярихад мөн л эргэлзэхээр зүйлс гарч ирж байгаа юм. 2 өөр хөрөг зурган дээрх Оскар гэх муур хоёулаа л алаг (хар, цагаан) зүстэй байдаг. Нэр нь үл мэдэгдэх зураачийн шохойгоор зурсан зурган дээрх муур хөвж яваа модон дээр суучихсан байдаг юм.

Харин нөгөө хөрөг зурган дээрх "Жившгүй Сэм" гэгддэг алаг муур “HMS Amethyst 1949” гэсэн хүзүүвч зүүчихсэн байгаа юм. Эл муурыг дайны үед Amethyst хөлгийн тавцан дээр амьдарч байсан Саймон гэх муурны хөрөг зураг болов уу гэж таамагладаг хүмүүс ч бий. Судалт мууртай гурав дахь зургийг Оскарынх мөн гэж хүмүүс үздэг юм.

Дайны үед өөр бусад амьтад ч цэргүүдэд хань болдог байв

Живдэггүй муурын түүхийг сонсоод эргэлзэх шалтгаан үгүй ч гэлээ сонссон түүхэндээ итгэх шалтгаан бас ч гэж байгаа юм. Дайны цагт амьтан тэжээх нь тийм ч шинэлэг зүйл байсангүй. Тулалдааны цагт сэтгэлзүйн хүнд цохилтод орсон цэргүүдийг тайвшруулах зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайнаас ч хамаагүй өмнө муур, нохой гээд гэрийн тэжээмэл амьтдыг дайны бүсэд байлгадаг байв. Жившгүй Сэм далай дахь цорын ганц муур байгаагүй юм. 20-р зууны эхээр гурван удаа Антарктид руу экспедицээ удирдан явж байсан Эрнест Шэклтон бар шиг алаг эрээн судалтай Хатагтай Чиппи  хэмээх мууртай байжээ. Британийн Эзэн хааны хөлөг онгоц болох HMS Hermione дээр Конвой нэртэй өхөөрдөм хөөрхөн мий байсан бол Английн Ерөнхий Сайд Уинстон Черчиллийг Америкийн Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельттэй хийх нууц уулзалтад хүргэж өгсөн HMS Prince of Wales хөлөг дээр Блэки нэртэй муурыг тэжээдэг байв. 

Ноход ч бас цэргүүдийн фронт дээрх сайн анд нөхөд нь байсан билээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн АНУ-ын 102-р хорооны явган цэргүүдэд Стабби хэмээх цовоо сэргэлэн Бостон терриер нохой хань болдог байв. Удахгүй довтолгоон болох гэж байгааг цэргүүдэд анхааруулж, үнэрлэх ер бусын чадвараа ашиглан аврах ажиллагааг амжилттай явагдахад тусалсан Стабби салааныхаа шүтээн болж, нэр хүндтэй болж байв. Баавгай, тахиа, хулгана, сармагчин зэрэг зэрлэг амьтадыг ч цэргүүд салаандаа авчирдаг байсан мэдээ дуулддаг. Тэдний зорилго ямар ч байлаа гэсэн эдгээр амьтад тулалдаж буй цэргүүдтэй хамт байснаараа тэдэнд тав тухыг мэдрүүлж, ёс зүйн үнэт чанаруудаа алдахгүй байхад нь хэрэг болдог байлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]