Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөлдийн домогт бөх Буян-Өлзийн домгуудУншсан13,339

Буян-Өлзийн эцэг Шагдар үр хүүхэдгүй байж. Нэгэн удаа нутгийн нэгэн ламаас эхнэр бид хоёрт үр хүүхэд хайрлаач гэж гуйж лам ээ болохгүй байхаа гэж Шагдар гуйж ядаад морио гэрээс нь уячихаад нарийн дээс аваад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхчихжээ.

Ноён цорос овгийн Чүлтэмийн Батхүү Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга Н.Агваандоржоос сонссон түүхүүдээ багцлан Бөх сонинд хэвлүүлж байжээ. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд их л олон домог мэт зүйлийг ярьдаг нь ийнхүү бидний үед тэмдэглэн ирсэн ажгуу.

”Долоон чоно"

Буян-Өлзийн эцэг Шагдар үр хүүхэдгүй байж. Нэгэн удаа нутгийн нэгэн ламаас эхнэр бид хоёрт үр хүүхэд хайрлаач гэж гуйж лам ээ болохгүй байхаа гэж Шагдар гуйж ядаад морио гэрээс нь уячихаад нарийн дээс аваад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхчихжээ. /Тэр үед ламын гэрээс морь уях цээртэй байв/ Лам гэрээсээ гарч ирээд хэний морь вэ? Юу болов гээд бөөн юм болов. Шавь нар нь тэр хүн танай гэрээс морио уяихаад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхаж явна гээд зааж. Энэ даруй лам, хүн явуулж авчруулаад За Шагдар минь “дарж л чадах юм бол 7 чоно ав” гээд явуулчихжээ. Төдий удалгүй тэр айл 7 хүүхэдтэй болжээ.

Энэ хүүхдүүд нь ер хувцас хунар өмсөхгүй, өвлийн 3 сараас бусад өдөр нүцгэн шалдан гэр орондоо ч тогтдоггүй айл амьтнаар явж байж өсөж торниж том болцгоож. Нутгийнхан эдний 7 хүүхдийг “Долоон чоно” гэдэг байв. Эдний дотроос нэг л хүүхэд их бадируун, сэргэлэн байрын хүүхэд байв. Эцэг нь энэ л хэн хүнд дийлдэхгүй юм шиг байна гээд лам болгож сахил хүртээжээ. Энэ нь Буян-өлзий байв.

Олзны бага нь дээр

Нэгэн залуу лам /нэр нь Чүлтэм/Буян-Өлзийг Алтайгаас адуу хөөхдөө намайг хамт дагуулж яваач гэж олон өдөр гуйж. Гуйгаад байхаар нь Буян-Өлзий “чи явдал дааж чадах юмуу” гэж нөгөө залуу “чадна чаднаа л” гэж. За тэгвэл “сайн морио унаад төдийд хүрээд ир” гээд явуулчихаж. Залуу бөөн баяр хөөр болж товлосон өдөр нь жаал жуул идэх уух юм бэлдэж аваад сайн морио унаад яваад очиж. Тэгсэн Буян-Өлзий нас бие гүйцсэн эр хонь төхөөрчихсөн махыг нь чанаад сууж байна гэнэ. Залуу за энэ хүн хоол хүнсээ бэлдэж байгаа юм байна гэж бодож суув. Гэтэл Буян-Өлзий чанаж буй махаа гаргаад идэж гарч, залууг “махнаасаа ид” гэж залуу ганц нэг мөч идэж, харин Буян-Өлзий ганзалгаа хэрэггүй моринд халтай нэг мөсөн идэж авсан нь дээр гээд махаа гэдэс дотортой нь бүгдийг идчихээд яваад өгчээ.

Хоёр гурван хоног явж замдаа нэг ч удаа хооллож ундалсангүй гэнэ. Нөгөө залуу ядарч нойрмоглон мориноосоо ч унаж. Буян-Өлзий “ийм байж юун дэмий дагаж явсан юм” гэж зэмлэж явж. Явсаар нэгэн уулын оройд ирж “за сайн цадаж авна” гээд тэр, чулуун дороос “тийм юм бий гаргаад ир” гээд туламтай ус, чанасан мах, тогоо цагаан тос зэргийг гаргаж хоол цай хийж иджээ. Өдөр нь ийш тийш адуу малаа нүдлэж аваад шөнө үүрээр /адуу үүрээр унтдаг гэнэ/ хөөнө шүү гэж залууд хэлж.

Ингээд 1 хоног бие болон унаа морьдоо амраагаад үүрээр адуугаа хөөж мөн л 2-3 хоног явж нутагтаа иржээ. Буян-Өлзий залууд хэлэхдээ “хирэндээ тохирсон адуу хөөнө шүү” гэж хэлж явсан гэнэ. Нутагтаа ирээд нөгөө залуудаа “олзны бага нь амттай байдаг юм” гээд 1 гүү 1 морь өгч өөрөө юу ч авалгүй үлдсэнийг нь хүмүүст тараагаад өгчихжээ.

Нөгөө залуу “ингэж ядарч явж байж иймхэн юм авах ч гэждээ” гэж гомдонгуй байсан гэнэ. Буян-Өлзий нөгөө залуугаа “дахин явах уу” гэж асуухад “ёстой үгүй” гэж. Энэ явдлаас хойш нөгөө залуугийнх адуу маллаж олон сайхан адуутай болж гэнэ. Олзны бага нь амттай гэдэг энэ байжээ.

Хасаг сайн эрийг морьтой нь чирсэн нь

Алтайн цаанаас адуугаа хөөгөөд явж байтал “мончуурга” /сэнжтэй мод сайн эрс чадамгай эзэмшсэн байдаг тул тун хэцүү мод/ барьсан хасгийн сайн эр хойноос нь хөөгөөд ирж явна гэнэ. Хасаг эрийн мончуургаар сугандаа нэг цохиулаад хавчаад авч. Мань эр мончуургаа сугалж авч чадахгүй байна гэнэ. Тэгэхээр нь хавчсан чигээр нь морьтой нь чирээд давхичихаж. Хасаг эрийн хойноос ирсэн бусад хасгууд нь энэ Өөлдийн Буян-Өлзий байна гээд буцаад явчихсан гэдэг.

Xовд-27 наадам

Ховд 27 хошуутай байснаас 12 хошуу нь Далай ханых, 15 хошуу нь Зоригт ханых гэдэг байжээ. Ховдын 27 наадамд цол олгодоггүй байж л дээ. Ховд-27 хошууны наадам болдогоороо болж хасагаас лут сайн бөх Өөлдийн Буян-Өлзийтэй барилдахаар ирж гэнэ. Буян-Өлзий хасгийн бөх хоёр ч түрүү үзүүр булаалдахаар үлдэж, тэд маш удаан барилдаж түр тавилцаж. Буян-өлзий хэсэг харж зогссоноо “би буруу барилдаж байгаа юм байна зодогтой нь биш биетэй нь барилдах юм байна" гэдгээ анзаарч. Учир нь мань хасаг бөх үхрийн ширээр хийсэн зодог шуудагтайг анзаарч дахин барилцаж авахдаа 2 хуруугаа эгэм мөрний мах руу шигдтэл оруулж сэнжигдэж барьж аваад хаясан гэдэг. Ингэснээр Зоригт хан “за Буян-Өлзий минь би чамайг адуу мал хөөлөө гэж шийтгэхээ больё чамайг дархаллаа, харин хүний амь бүү бүрэлгэ" гэсэн гэдэг. Үүнээс хойш Буян-Өлзий хүний амь биед хүрэхээ больсон гэнэ. Харин нэгэн удаа адуу хөөж ирээд түүнийгээ жасын хүрээнд өгсөн гэдэг.

 Хоёр хунз цай

Ховд-27-н наадам болж Буян-Өлзийтэй барилдуулахаар Манж хаан хятадаас бөх авчруулж. Тэр бөх их л даалгавартай байсан юм байх. Үзүүр түрүүнд ч мань хоёр үлдэж Буян-Өлзий засуул дээрээ дэлээд /дэвээд/ гараад ирж. Гэтэл нөгөө бөх 2 гартаа нэг нэг хунз цай /39-ын хунз/ бариад дэлээд гарч байна гэнэ. Үүнийг харсан Буян-Өлзий энэ намайг сүрдүүлж байна гэж бодоод 2 засуулынхаа дээлийн захаас бариад дэвчихэж. Гэтэл нөгөө Хятад бөх энэ ямар хүчтэй хүн бэ би уурыг нь хүргэчих шиг боллоо. Энэ хүний гарт үхсэнээс эзнээсээ амь гуйяа гээд барилдаагүй гэдэг. Гэтэл нөгөө 2 хунз нь хоосон байсан гэнэ лээ.

Хоёр хүчтэн бие биеэ таньсан

Увсын Галзуу тэмээ нэртэй асар их бяртай хүн байсан гэдэг. /Увс аймгийн Өмнөговь сум Шар цахиагийнх/ Буян-Өлзий, Галзуу тэмээ хоёр бие биеэ үзээгүй сургаар л мэддэг байж. Энэ хоёр хүчтэн Хөх хөтөл дээр тааралджээ. Бие биеэ ч тааварлаж мэнд усаа мэдэлцээд тамхилцгааж. Галзуу тэмээ тэмээ хөтөлж явсан юм санж. Тэмээ нь бурантагаа гишгэчихсэн байна гэнэ. Бурантгаа татаад авчихын оронд босоод тэмээнийхээ цээжийг өргөөд бурантгаа авч байна гэнэ. Үүнийг харж суусан Буян-Өлзйй «за энэ Шар Цахиагийн Галзуу тэмээ мөн байна» гэж таньж.

Буян-Өлзий сууж байгаад яргай тэнзэн ташуураа бяц базаж байна гэнэ. Галзуу тэмээ «Энэ Өөлдийн Буян-Өлзий мөн байна» гэж бие биеэ таньсан гэдэг. Жич: Увс аймгийн Өмнөговь сумын Шар цахиад Дамбийжаа төвлөрч байсан гэдэг. Дамбийжааг нутгийн зарим хүмүүс

Галзуу довын аман дээр

Гозон толгойн орой дээр

Шав шарилжин түлээтэй

Шаарх гуншаа багштан гэж шоолдог байж.

Галзуу тэмээ

Галзуу тэмээ гэгч хир зэрэг бяртай хүн байсныг дараах домгоор ярьдаг. Нэгэн цастай өвөл нутгийн нэлээн олон тэмээтэй баян айлын тэмээнүүд нь хэвтэртээ хоножээ. Гэрийн эзэн өглөө босоод тэмээнүүдээ нүдэлж харж байтал 1 тэмээ дутуу байгааг мэдэж. Цас орсон байсан тул тэмээ босч явсан мөр ч алга. Харин хүний мөр ирээд тэмээн дотор нь ороод буцсан байх юм гэнэ. Тэмээний хэвтэр хоосон байх юм. Нөгөө баян бүр гайхаад тэр хүний мөрийг дагаад явж. Тэр хүн явсаар Галзуугийн даваанд очоод замдаа байсан том чулууг зайлуулж замаа чөлөөлөөд явсан мөр үлдээж. За «Энэ Галзуу тэмээ байж таарлаа» гэж бодоод гэрт нь очжээ. Гэтэл Галзуу тэмээ гэртээ ирчихсэн нөгөө тэмээг аль хэдийн эд бад хийчихсэн /төхөөрчихсөн/ байж гэнэ.

Нөгөө баян «За залуу энэ тэмээгээ чи ав харин дахин миний тэмээнүүдээс битгий аваарай чиний бяр тэнхээг бишрэн шүтэж байна» гээд хэл амгүй өнгөрөөсөн гэдэг. /Галзуугийн даваа гэж Увс аймгийн Өмнөговь суманд байдаг гэнэ лээ/

Чинзаны худаг

Чинзаны худаг гэж Ховд аймгийн Ховд сумын нутагт байсан /1990-ээд оны үед энэ худагны ором суурь байсан/ Тэр худагт тэмээ уначихсан хэсэг хүмүүс гаргаж ядаад байж байхад нь Буян-Өлзий тааралдаж «олуулаа байж» ...гээд зэмлэсэн аятай харьцаж. Тэд ч «тийм юм бол та гаргачих л даа» гэж басангуй хэлж «гаргах нь ч гарганатанай худаг л эвдэрчих байх» гэвэл «Таныг гаргачихвал бид худгаа янзалчихнэ» гэж. Буян-Өлзий ханцуйгаа шамлан хормойгоо бүсэндээ хавчуулчихаад тэмээний хоёр бөхнөөс ганхуулж байгаад худагны хашлага мод юутай хээтэй нь ховх татан гаргажээ. Тэд Буян-Өлзийг таниагүй юм байх.

Атан тэмээ авсан нь

Толбо нуурын хөвөөнд нэгэн атан тэмээ шаварт шигдчихсэн Урианхайчууд гаргаж ядаад байж байхад нь Буян-Өлзий тэдэн дээр ирээд «Энэ тэмээг гаргачихвал яах бол» гэж. Тэгвэл та гаргачихаад «Энэ тэмээгээ өөрөө ав даа» гэж ам гарцгааж. Тэгэхээр нь Буян-Өлзий гутлаа баглаж аргамжаар тэмээгээ хүлж 2 тал руу нь ганхуулж байгаад ховх татаж гаргажээ. Нөгөө хүмүүс ч арга буюу уг тэмээг өгөх болж Буян-Өлзий ч авч явахынхаа өмнө «Энэ хэн гэгч ямар хүний тэмээ вэ» гэж асууж:

-Ядуу хүний ганц тэмээ

-За тэгвэл хэрэггүй гээд эзэнд нь үлдээгээд явсан гэдэг.

Бураагийн аман тамгат

Буян-Өлзийг Уриахайд явж байхад нэгэн гэрт найр болж байна гэнэ. Найрчид «Бураагийн аман тамгаг» гэдэг дууг дуулж байв. Буян-Өлзий энэ дуу яасан сайхан дуу вэ? гээд гэрийн хаяанд нь сууж байгаад сурч авч нутагтаа ирж өөрөө дуулж бусдад зааж өгсөн гэдэг. Энэ нь Буян-Өлзийг олон талын авьяастайг гэрчилж ийв. Ийнхүү "Бураагийн аман тамгат" гэдэг дуу Урианхай, Өөлд хоёрын нэг аятай дуу юм байх. Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга ах Н.Агваандорж 1995 онд надад доорхи зүйлүүдийг ярьж өгсөн юм. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд их л олон домог мэт зүйлийг ярьдаг юм билээ.

Тэлүүлсэн 4 гадасаа суга татсан нь

 Нэгэн хасаг эр Өөлдөөс нэг хүүхнийг хулгайлж аваад явчихжээ. Хүүхний ар гэрийнхэн түүний хойноос Буян-Өлзийг гуйж явуулж. Нөгөө хасаг эр найр хийгээд сүйд байна гэнэ. Буян-Өлзий явж очоод хулгайлж авч болохгүйгээ мэдээд өрийн биеэр тэр айлд явж очоод хасгуудад баригджээ. Хасгууд ч Буян-Өлзийг барьчихаад 4 мөчийг нь ширгэн /зүлэг/ дээр тэлээд гадаслачихаад найрлаж гарч. Буян-Өлзий энэ гадас ч яахав нөгөө эмэгтэй хаана байгаа бол ямар морь авч гарахаа бодоод хэвтэж байж. Нэгэн шарга морь нүдэнд нь тусаж. Нөгөө эмэгтэйг нэгэн гэрт оруулж байна гэнэ. Оройхон тийш эмэгтэй дагуултайгаа гарч бие засчихаад орж байхыг харж. Шөнө дунд болж хасгууд ид найрлаж байхад нь 4 гадсаа суга татаж хаяад найрлаж байгаа хүмүүсийн морьдыг дөрөөгөөр нь холбоод сав суулга зүүгээд тавьчихаж. Гэрт найрлаж байсан хүмүүс пижигнэлдэж бужигнаж байх зуур нүдэлсэн шарга морио авч өөлд эмэгтэйгээ дүүрч аваад нутагтаа ирсэн гэдэг.

 Хятад жинчинд мэхлэгдсэн нь

 Буян-Өлзий Зэрэгийн хүрээний эхэнд Хятад жинчинтэй тааралдаж дээрэмдэх санаатай тэмээ хөтөлж яваа хятадын далан дээрээс өргөөд авах гэтэл ер хөдлөх шинж алга гэнэ.. Үгүй ийм хүчтэй ямар хүн байдаг юм бол гэж бодоод хүч чадлаа сорьж үзэхээр шийдэж эхлээд нойтон хус мод мушгихаар мөрийцөж. Хятад эрийг мушгихад хуснаас шүүс гарч байна гэнэ. Буян-Өлзийг мушгихад бяцарч байна гэнэ. Хятад эр хэлж байна гэнэ “Чи надад хүрэхгүй юм байна би ядуу зарц хөлсний хүн гэвч чамд 1 ачаа /1 тэмээн ачаа/ бараа өгье Монгол хүн нарийн нандин үнэтэй цайтай бараагаа гартаа хөтөлдөг биз дээ. Иймд чи эхний ачаатай тэмээг ав» гэж.

 Буян-Өлзий юм ч бодсонгүй “За” гээд авчихаж. Гэтэл нөгөө ачаа нь хүнд хэрэгцээ болохгүй дандаа хуучин хувцас байсан гэдэг. Энэ нь гэнэн цагаан сэтгэлтэй Монгол хүний сэтгэхүйг судалсан Хятад хүний заль байж. Нөгөө мушигсан хус нь хуурамч байсан бөгөөд морин дээр морьтойгоо хүлүүлчихсэн байсанг хожим Буян-Өлзий мэдээд “Даан ч тийм байхаа, өчүүхэн амьтан санагдсан юм” гээд инээгээд сууж байсан гэдэг.

 Зам хаасан нь

 Буян-Өлзий Алтайн давааны цаанаас адуу хөөж явжээ. Гэтэл хойноос нь адууны эзэд хөөгөөд ирж явна гэнэ. Эзэнд нь баригдахгүйн тулд нарийн хавцал руу орохыг бодож нэгэн хавцалын нарийн зөрөг зам руу орж хажуугаас нь том чулуу өргөж тавиад замаа хаачихаж. Хойноос нь хөөж явсан хүмүүс тур замаар гарч чадалгүй буцсан гэдэг.

Буян-Өлзийн гутал

 Буян-Өлзий нилээд нас ахисан хойно Баадайн Пунцагдаш /Одоо ахмад багш/-ын ээжээр гутал оёулжээ. Гуталын ул нь 2 төө илүү. Гутлыг хэлбэхэд 5-6 хормой өтөг бууц орж байсан гэж Пунцагдаш багшийн ээж ярьж байжээ. Жирийн хүний гутлыг хэлбэхэд 1-2 хормой өтөг бууц ордог бөгөөд ул нь 1 төө гаран л байдаг гэнэ.

 Унаагаа сонгосон нь

 Буян-Өлзий 70 гаруй насалсан болов уу гэдэг. Өдий насандаа Нямжавын Гончигжав гэдэг нэлээд олон сайн адуутай айлд байж байгаад хэлсэн нь “Би ер нь хэд хэдэн давааны зам хааж нүгэл хийсэн хүн чи надад хөл нэг унаа өгөөч би нүгэлээ арилгаад ирье” гэж. Гончигжав ч “За үй” болж хэд хэдэн сайн морь зааж барьж өгөх болж. Гэтэл Буян-Өлзий тэр морьдыг харж “Өө дөнгөхгүй байх” гэж. “Тэгвэл адуун дотор орж та өөрөө хараач” гэж. “За” гээд адуун дотор нь явж байгаад бүдүүн шарга гүүг зааж “Үүнийг бариад өг” гэж. Гончигжав “Би энэ гүүг барих гэж хэд хэдэн цалам  /бугуйл/ алдаж, уурга хугалсан юм шүү дээ” гэж.

 Ямар ч байсан чи “Толгойд нь нэг юм оруулаад үзүүрийг нь миний гарт бариулаадах, би ойролцоо чинь зогсож байя, тэгвэл учир нь олдох байхаа” гэж. Гончигжав арай гэж шарга гүүний толгойд цалмаа оруулж үзүүрийг нь Буян-Өлзийд атгуулж амжиж. Гэтэл Буян-Өлзий хурга ишиг барьж байгаа юм шиг татаж зогсоогоод хазаарлаж аваад унаад явчихаж. Хэдэн хоногийн дараа буцаж ирэхэд шарга гүү бүүр номхорчихсон байсан гэдэг. Нөгөө зам хаасан чулуунуудаа онгойлгочихоод ирсэн байх л даа гэж Гончигжав ярьж байсан удаатай.

 Гэндэнгийн Цэндээ ярьсан нь

 Миний аав Дандайн Гэндэн аймаг руу мод түлээ зөөдөг байж. Нэгэн удаа түлээ модоо хотод /аймгийг хот гэдэг байв/ оруулчихаад буцаж яваад хавцалд хоножээ. Тэнд Буян-Өлзий тааралдаж хамт хоноцгоож. Аав тэмээнүүдээ “шөнө явчих вий яаж уяж хонодог билээ” гэж. Буян-Өлзий “зүгээр байхаа би аргалчихья” гээд гарч бүдүүн саглагар улиасыг тэмээ явах замд хөндөлдүүлээд тавчихаад унтацгааж. Өглөө босоод 2 тийшээ явцгааж. Буян-Өлзий арай түрүүлээд явсан юм байх. Гэтэл аав нөгөө моднуудыг зайлуулж чаддаггүй гэнэ.

 Явах өөр замгүй юм чинь /аав ганцаараа яваагүй байх л даа/ Ингээд Буян-Өлзийн хойноос хагас өртөө хирийн газар явж байж буцааж авчирч замаа чөлөөлүүлж гарч явсан гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]