Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэгэн модноос болсон мөргөлдөөн буюу “Paul Bunyan” хэмээх ажиллагааУншсан14,678

1976 оны 8 дугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Фордын тушаалаар “Paul Bunyan” хэмээх ажиллагааг хоёр Солонгосыг заагласан 38 дугаар параллелийн цэрэггүй бүсэд эхлүүллээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1976 оны 8 дугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Фордын тушаалаар “Paul Bunyan” хэмээх ажиллагааг хоёр Солонгосыг заагласан 38 дугаар параллелийн цэрэггүй бүсэд эхлүүллээ. Энэ ажиллагаанд АНУ-ын Армийн инженерийн анги нэгтгэлийн хэсэг албан хаагч, тэднийг хамгаалсан Өмнөд Солонгосын тусгай ангийн 64 байлдагч офицер оролцож эхэлсэн бол Хойд Солонгосын хилийн харуулын байр, анги нэгтгэлийг устгах артиллерийн батарей байлдааны бэлэн байдалд орж тэдний дээгүүр бүрэн зэвсэглэсэн, хэзээ ч гал нээхэд бэлэн 27 ширхэг байлдааны нисдэг тэрэг эргэлдэж байв. Энэ газраас холгүй агаарт стратегийн бөмбөгдөгч В-52 нь хэд хэдэн сөнөөгч онгоцоор хамгаалуулан нисэж байсан төдийгүй уг үйл явдал болж байгаа газарт цөмийн онгоц тээгч Мидуэй ойртон ирсэн байлаа. Аймшигтай дайн тулаан дахин эхлэх гэж байгаа юм биш биз? Юу болсон хэрэг вэ?

Нэгэн модноос болсон мөргөлдөөн

Үүнээс дөрөв хоногийн өмнө Америкийн ахмад Артура Бонифас, дэслэгч Марк Барретт нар Өмнөд Солонгосын хэдэн цэргийг дагуулан цэрэггүй бүсэд орж ирсэн ба уг хэсэгт янз бүрийн хилийн элдэв зөрчил байнга болдог байсан, хэдэн удаа НҮБ-ын цэргүүдийг хойд солонгосчууд хулгайлах гэж оролдож байсан бүс байлаа. Тухайн газар нэгэн саглагар улиас ургадаг байгаад навч цэцэг нь дэлгэрэхээр орчны юм хаагаад харахад хүндрэлтэй болдог байж. Тиймээс америкчууд буюу НҮБ-ын цэргүүд тэрхүү улиасыг огтолж хаяхаар шийджээ. Ахмадын дагуулсан цэргүүд бүгд зэвсэггүйгээр улиас дээр ирээд огтолж эхэллээ.

Үүнийг харсан Хойд Солонгосын дэслэгч Пак Чул уурлан ямар нэг зүйл хашгирч байсан нь бодвол ногоон байгаль дэлхийг хамгаалах тухай лекц байсан биз. Зарим нэг нь түүнийг их удирдагч Ким Ир Сений өөрийн гараар тарьсан модыг тайрч байгаад уурлан хашхирч байсан ч гэх юм билээ. Америкчууд юу хэлснийг нь ойлгоогүй юу, тоогоогүй юу цавчсаар л.

Уурлаж бухимдсан Пак 20 цэрэг ачсан ачааны машинтайгаар уг модны дэргэд давхин ирлээ. Хойдууд саваа мод, сүх зэрэг зүйлээр зэвсэглэсэн байв. Дэслэгч Пак хэлж ярьж байгаа "лекц"-ийг нь үл тоох америкчуудыг харан улам бүр уур нь хүрсээр эцэстээ тэсвэр алдан бугуйн цагаа тайлж халаасандаа хийгээд, ханцуйгаа шуугаад, гараа атгаад, новшнуудыг алаад өг гэсэн командыг цэргүүддээ өглөө. Уухайлан хашхирах хойдууд сүх модоор занчиж эхэлсэн ба харь холын америкчуудыг сүхдэж алаад “бараг” нутаг нэгт өмнөдүүдийг нэвширтэл нь зодож балбаад хөөж явууллаа. Ийм баатарлаг гавьяа байгуулсан бүх цэргийг тэр даруй хилийн шугам дээр одон медалиар шагнасан гэх бөгөөд тэдний энэ ялалтаа тэмдэглэж байгааг нөгөө тал сайн харж байсан гэнэ. Харуулах гэж хийсэн юм чинь харалгүй ч яахав.

Энэ сүхээр сүхдэж алсан бөгөөд одоо Хойд Солонгосын нэгэн музейд байдаг гэнэ

Америкийн иргэнийг, тэр тусмаа Америкийн офицерыг алсан ийм явдалд Ерөнхийлөгч Форд хилэгнэн уурлаж хатуу шийтгэнэ гэж амлаж байсан ч байдлыг улам хүндрүүлж дайн дэгдэхээс бас айж байлаа. Гэхдээ зүгээр өнгөрөөж болохгүй.

Ингэж тэрээр нийтлэлийн эхэнд дурдсан их хүчийг тухайн бүсэд бөөгнүүлсэн бөгөөд Америкийн хүүхдийн үлгэрт гардаг аварга том биет модчин хүний нэрээр нэрлэсэн энэ ажиллагаанд нийт 813 хүн шууд оролцож эхэлсэн байна.

Ачааны машинаар ирсэн Америкийн цэргийн инженерүүд машины тэвшин дээрээсээ модны мөчрийг тастаж эхэллээ. Өмнө нь тасдаж, сугалах гэж байсан бол энэ удаа мөчрийг нь л тайрч байв. Үүнийг харсан хойдууд 150-200 цэрэг автобусанд чихээд модны орчимд ирлээ. Бодвол тэд дахин ялалт байгуулж одон медаль авмаар байсан боловч америкчуудыг хамгаалж байгаа хүч, дайн болох эрсдэл дэндүү өндөр байгааг ойлгосон бололтой тойрч зогсон элдэв уриа лоозон хашгирахаас өөр юм хийж чадалгүй байсаар ажил дуусав аа.

Мод тайрах гэж байгаад алагдсан хоёр цэргийг оршуулах үе

Дууслаа ч гэж “айхгүй ч аягүй” байдалд байгаа Америкийн цэргийн инженерийн ангийн хэд бушуу түргэн дуусгасан болоод яаран буцлаа. Тэдний ард мөчир навчгүй, ганцаар бөртийх, 6 метр өндөр хожуул л үлджээ. Хойдууд Ким Ир Сений тарьсан мод нь мөчиргүй ч бөртийсөөр байгаа нь бас нэг ялалт гэж бодсон бололтой бас тэгсхийгээд буцжээ. Уг ажиллагаа 42 минут үргэлжилсэн бөгөөд бас нэг аймшигт дайн эхлэх шалтгаан нь нэг ширхэг улиас байсныг бодоход мөн ч эмзэг цаг үе байж дээ.

1987 онд уг хожуулыг ухаж гарган оронд нь 1976 онд уг модыг огтлох гэж байгаад алуулсан Америкийн хоёр цэрэгт зориулсан дурсгалын жижиг хөшөө босгосон гэдэг.

Нэмээд хэлэхэд “Paul Bunyan” ажиллагаанд Мун Жэ Ин хэмээх нэгэн Өмнөд Солонгосын цэрэг америкчуудыг хамгаалахаар буугаа шагайн зогсож, уг үйл явдлын нэг гэрч болж байсан бөгөөд тэр нөхөр одоо Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч гэдэг ажлыг хийж байгаа гэнэ лээ.

Ерөнхийлөгч тэр үед
 
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 13. 3:48
Зочин

ерөнхийлөгч нь сайхан эр байжээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]