Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Апполон 8" ба сансар дахь ариун цэврийн бэрхшээлүүдУншсан5,431

Гэсэн ч газарт, бүр дэлхийг тойрох тойрог замд ч харж, мэдэх аргагүй зүйл энэ нислэгийн үеэр гарч, айх нэгийг нь айлгаж, зовох нэгийг нь зовоосон явдал болсон гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Хүн төрөлхтний хувьд "Апполон-8" нь харийн од эрхэс рүү чиглэсэн анхны нислэг байсан билээ. Туршилтын нислэг болох "Апполо-7"-гийн дараа эрдэмтэд инженерүүд зохих олон өөрчлөлтийг энэ төрлийн хөлөгт хийж сайжруулсан ба жинхэнэ нислэгийн үеэр аливаа нэг гэнэтийн хэцүү бэрхшээл зовлон гарахгүй гэдэгт итгэж найдаж байсан юм. Гэсэн ч газарт, бүр дэлхийг тойрох тойрог замд ч харж, мэдэх аргагүй зүйл энэ нислэгийн үеэр гарч, айх нэгийг нь айлгаж, зовох нэгийг нь зовоосон явдал болсон гэдэг. Гэхдээ энэ удаа зөвхөн хөлгийн жорлонгийн тухай, энэ нь нислэгт хэрхэн яаж нөлөөлсөн тухай сонирхуулъя.

Урьд өмнө бичсэн "Суултуураас болж живсэн хөлөг" нийтлэлийг маань зарим нэг хүн бузар муухай юм, б**с, ш**с бичлээ гэж харааж загнаж байсан тохиолдол бий. Энэ удаа ч тэгэх байх. Гэхдээ хүний амьдралын нэгээхэн чухал хэсэг болсон ялгадсаа гадагшлуулахтай холбоотой асуудал бол зарим нэгний үздэг шиг жижиг сажиг, балиар муухай юм биш бөгөөд техникийн хувьд ихээхэн нарийн төвөгтэй шийдэл шаардсан эд байсаар ирсэн, одоо ч байгаа, цаашид ч байх зүйл гэдгийг нэг дурдаад өнгөрье.

Америкийн сансар судлалд энэхүү жорлонтой холбоотой олон томоохон асуудлууд тулгарч байсан бөгөөд тэдний нэг болох Алан Шеппардтай холбоотой явдлыг ("Өмдөндөө авсан" сансрын нисгэгч нийтлэлийг үзнэ үү) өмнө нь бас бичиж байсан бол Гас Гриссомд тохиолдсон явдлыг дараа нь бичих санаатай байгаа билээ.

"Апполо-8" хөөрөх үед бие засах системийг ерөнхийдөө бэлэн гэж үзэж байсан ба урьд өмнөх зүйлүүдийг багахан хэмжээгээр өөрчилж сайжруулаад л орхисон байна. "Хэдхэн хоногийн юм гайгүй биз" гэсэн зарчмаар хандсан бололтой. Энэ нь шээс хураах сав, дараа нь хөлгийн гадагшаа цацах систем, “хүндэрсэн” эд зүйлсийг хураах сав төдий зүйлс байв. Энэ бүхэн нь хөлөг доторх ариун цэврийн асуудалд ямарваа нэг бэрхшээл учруулахгүй байхад хангалттай гэж үзсэн ч бодит байдал дээрээ бүх юм өөрөөр эргэсэн байдаг. Энэ нь гурван шалтгаантай байсан юм.

Эхнийх нь

Хөлөг нисч явахдаа янз бүрийн маневр нэлээд хийх учир хөлгийн доторх халуун, хүйтнийг тодорхой хэмжээгээр зохицуулж болно гэж тооцож байжээ. Гэсэн ч бодит байдал дээрээ энэ маневр нь бүхээгийн доторх дулаанд ямар ч нөлөө үзүүлээгүй ба хөлөг дотор тогтмол 26-28 (цельс) хэмийн халуун байв. Ийм халуун, битүү жижигхэн саван дотор гурвын гурван бүдүүн эр хувцсаа сольж, усанд орохгүйгээр долоо хононо гэдгийг нэг төсөөл дөө.

Дараагийнх нь

Хөнгөн байдлаар бие засах асуудал гэв гэнэт маш хэцүү зүйл болж хувирсан байна. Учир нь астронавтууд тусгай хоолойг нөгөөхдөө углаж хөнгөрөөд, (Ээ дээ энэ америкчууд уу буюу том, маш том, аварга том... нийтлэлийг үзнэ үү) тэр нь саванд хураагдаж дүүрэх үед даралтаар хөлгийн гадна шахаж цацдаг байж. Хэл ам нь дийлдэхгүй астронавт Уолли Ширри нь ингэж цацах явцыг “Сансарт шинэ галактик үүсгэх” гэж нэрлэж байсан гэдэг.

Энэ энгийн гэмээр ажиллагаа дэлхийг тойрох хөлөгт ямар нэг асуудалгүй ажиллаж байсан бол харин сарыг чиглэн шулуун нислэг хийх үед болохгүй зүйл гэдэг нь мэдэгдлээ. Учир нь хөлгөөс шээс цацах үед үүсэх өчүүхэн импульс ч нислэгийн чиглэлд хүчтэй нөлөөлж, чиглэлийг хэд хэдэн хэмээр өөрчилж магадгүй байв. Яаралтай арга хэмжээ авахгүйгээр ингэж үргэлжлэх юм бол сарны тойрог замд оролгүй орчлон ертөнцийн гүн рүү тэр чигээрээ алга болж болох нь. Тиймээс нислэгийг удирдах төвөөс шээс цацахыг зөвхөн зөвшөөрсөн үед, тодорхой графикийн дагуу, маш цөөхөн удаа хийж болохыг хатуу анхааруулжээ. Ингэснээр хураах сав нь дүүрч, гадуур асгарч янз бүрийн юм болох ба “хүндэрсэн юмнуудынх” нь жижиг сажиг хэсэг нь бүхээг дотор хөвж явсанд “Энэ хэнийх вэ? Чинийх, минийх” гэсэн маргаан болж байсан олон тохиолдол бий.

Сүүлийнх нь

Сансарт гарах үед далайн өвчин шиг өвчин тохиолддог гэдгийг өмнө нь бичиж байсан ба  (Чалчаа саарал: Валентина Терешкова ба туршилтын үр дүнг устгасан алдаа нийтлэлийг үзнэ үү) "Апполо-8"-ын дарга энэ өвчний хамгийн хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Дарга Фрэнк Форман байнга бөөлжиж, суулгаж (тэр гаргах юмыг нь хадгалах сав хэмжээтэй гэдгийг санаарай) байсан ба төвийнхөн энэ явдлаас болж нислэгийг зогсоох тухай ярилцаж эхэлсэн гэдэг. Харин хоёр дахь өдрөөс гайгүй болсон учраас нислэгийг үргэлжлүүлсэн билээ.

Одоо нэг төсөөлөөд үзье. Жижигхэн битүү, маш халуун саван дотор гурван хүн хөлстэйгөө хутгалдаад, угааж цэвэрлэж чадахгүй, дээр нь шингэн болон өтгөн ялгадас нь савнаасаа халиад гадуур дотуур асгарч, бүр хөвж явсан, бөөлжис болон элдэв юм бүхээгээр нэг үнэртэж тараад... Долоо хоног шүү.

Чухам ингэж гурван астронавт сарыг тойрон ниссэн бөгөөд долоо хоногийн турш хамар амаа чимхэн байж энэ хариуцлагатай нислэгийг гүйцээсэн тэд нарыг баатар гэхээс өөр юу гэхэв.

P.S.

Энэ асуудал америкчуудын хувьд одоо ч бас үе үе гарч ирсээр л байгаа. Олон улсын сансрын станц дахь Америкийн хэсгийн хоёр суултуур үе үе эвдрэн Оросын суултуурыг ашигладаг тухай, оросууд ч цөөн тооны хүнд зориулсан манай суултуурууд эвдэрчихвэл яах юм гээд ууртай, дургүй байгаа тухай юмс үе үе харагдсаар. Харин хамгийн сүүлд оросуудын суултуур эвдэрч америкчуудыг царайчилсан тухай мэдээ нэг гарсан байсан санагдана.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]